УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Огцруулах уу, итгэл үзүүлэх үү | 64 гишүүн хэний талд нэгдэх вэ

Ардчилсан намынхан Н.Учралын эсрэг бойкотоо зогсоохгүйгээ зарлаж, хэрэв МАН-ын гурав дахь Засгийн газар нь огцорвол дараагийн дараагийн Засгийн газрыг байгуулах эрх нь Ардчилсан нам руу шилжинэ гэх баййр суурийг С.Баярцогт илэрхийлэв. Ямартай ч Н.Учралын Засгийн газрын хувь заяаг шийдэх санал хураалт УИХ дээр болох нь. Санал хураалтын агуулга нь огцруулах уу, эсхүл итгэл үзүүлэх үү гэдгийг О.Цогтгэрэл, Н.Учрал нар шийдэх нь.


Ардчилсан намын улс төрийн зөвлөл баасан гарагт |2026.10.02| Төрийн ордонд хуралдаж, Ерөнхий сайд Н.Учралыг төсөв болон бусад бодлогын асуудлаар өөртөө итгэл үзүүлэх асуудлаа Улсын Их Хуралд оруулж ирэхийг дахин шаардлаа. Хурлын дараа намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдын зүгээс энэ шаардлагыг хүлээж авах байр суурь илэрхийлсэн хэмээн ойлгосон гэв. Харин огцруулах эсэх асуудлыг өнөөдөр бүлэг дээрээ ярих нь. Тэдэнд Н.Учралын Засгийн газрыг огцруулах агуулга бүхий толгойтой, 40 гарын үсэгтэй бичиг буй тухай хаврын чуулганаас хойш ярьсаар буйг энд сануулъя.

Энэ мэдэгдлээс 10 хоногийн өмнө |2026.09.22| Н.Учрал өөр байр суурьтай байв. Итгэл үзүүлэх асуудал оруулах нь Ерөнхий сайдад олгогдсон эрх гэдгийг онцлоод, ажил нь таалагдахгүй бол Ардчилсан нам гарын үсгээ цуглуулж огцруулах бичгээ өргөн барих хэрэгтэй гэж хариулсан юм. Ингэснээр жил гаруйн хугацаанд гурав дахь Ерөнхий сайдын суудал УИХ-ын санал хураалтаас хамаарах нөхцөл бүрдчихлээ.

Үндсэн хуульд Ерөнхий сайдын суудлыг шалгах хоёр зам бий.

  • Нэгдүгээрт, Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн огцруулах саналыг албан ёсоор тавьж болно.
  • Хоёрдугаарт, Ерөнхий сайд төсөв болон бусад бодлогын асуудлаар өөртөө итгэл үзүүлэх тогтоолын төслийг өөрөө өргөн мэдүүлж болно. Аль ч тохиолдолд Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлээд, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэрт нийт гишүүний олонх буюу 64 санал хэрэгтэй.

Гол ялгаа нь 64 саналыг хэн цуглуулах ёстойд оршино. Огцруулах санал хураалтад 64 гишүүн дэмжиж байж Ерөнхий сайд огцорно. Харин итгэл үзүүлэх санал хураалтад Ерөнхий сайд өөрөө 64 санал авч байж суудлаа хадгална. Өөрөөр хэлбэл огцруулах үед хуралдаанд ирээгүй гишүүн Ерөнхий сайдад ашигтай, итгэл үзүүлэх үед хохиролтой. Ерөнхий сайд огцорвол шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой.

Энэ ялгаа өмнө нь бодитоор нөлөөлж байсан. Эргэн сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны зургадугаар сарын 2-нд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд хэлэлцүүлсэн. Нууц санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 нь дэмжсэн бол 38 нь дэмжээгүй. Санал өгсөн гишүүдийн олонх дэмжсэн ч 64-ийн босгод хүрээгүй тул тэрбээр огцорсон юм. Улмаар зургадугаар сарын 13-нд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдож байв.

Харин Г.Занданшатарын үед, Улсын Их Хурал 2025 оны аравдугаар сарын 17-нд түүнийг огцруулах тогтоол баталсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3 хоногийн дараа уг тогтоолд хориг тавив. Аравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэц санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Цэцийн дүгнэлтээр огцруулах саналыг гишүүдэд хугацаанд нь тараагаагүй, санал хураалтыг Ерөнхий сайдыг огцруулах эсэхээр бус байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр явуулсан, оролцоогүй гишүүдийг эсэргүүцсэн мэтээр тооцсон зэрэг зөрчил гарсан гэх дүгнэлт гарсан. Ингэснээр Г.Занданшатар суудлаа хадгалсан юм.

Харин 2026 оны гуравдугаар сард Г.Занданшатар өөрөө огцорсон. Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцохгүй байж, улс төрийн гацаа үүссэн үед Г.Занданшатар гуравдугаар сарын 27-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Уг асуудлын санал хураалтад 73 гишүүн оролцож, 54 нь дэмжсэн юм. Тэрбээр нийт 287 хоног ажилласан бөгөөд суудлаа өгснөөс гурав хоногийн дараа Н.Учралыг 88 гишүүн дэмжсэнээр батламжилж байв.

Тэгвэл жил гаруйн хугацаанд Ерөнхий сайдын суудлыг тойрон өрнөсөн үйл явдал, Улсын Их Хурал дахь хүчний харьцааг дараах инфографикаас харах боломжтой.

Ерөнхий сайдын суудал: 2025–2026
Итгэл үзүүлэх, огцруулах, чөлөөлөх үйл явц
2025.06.02
Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх нууц санал хураалт: 82 гишүүн оролцож, 44 нь дэмжсэн. 64-ийн босгод хүрээгүй тул огцорсон.
2025.06.13
Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон.
2025.10.17
Улсын Их Хурал Г.Занданшатарыг огцруулах тогтоол баталсан.
2025.10.20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тогтоолд хориг тавьсан.
2025.10.22
Үндсэн хуулийн цэц санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Г.Занданшатар суудлаа хадгалсан.
2026.03.27
Ардчилсан нам чуулганд оролцохгүй байх үед Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн: 73 гишүүний 54 нь дэмжсэн. 287 хоног ажилласан.
2026.03.30
Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсон: 107 гишүүний 88 нь дэмжсэн.
2026.09.22
Н.Учрал: ажил таалагдахгүй бол Ардчилсан нам гарын үсгээ цуглуулж, огцруулах бичгээ өргөн барих хэрэгтэй.
2026.10.02
Ардчилсан нам итгэл үзүүлэх асуудал оруулахыг шаардаж, огцруулах эсэхээ бүлгийн хурлаар эцэслэнэ гэв.
126 суудал: хэдэн санал хэрэгтэй вэ
Улсын Их Хурал дахь хүчний харьцаа, 2026 оны аравдугаар сар
64 санал
МАН 68
ХҮН 7
Үндэсний эвсэл 4
Бие даагч 1
Иргэний зориг-Ногоон нам 4
АН 42
32
Огцруулах санал гаргах босго. АН 42 гишүүнтэй тул дангаараа давна.
64
Огцруулах, итгэл үзүүлэх аль алинд шаардлагатай санал. Нийт гишүүний олонх.
47
Засгийн газарт ороогүй бүх гишүүн. 64 хүрэхэд эвслээс дор хаяж 17 санал хэрэгтэй.
79
Эвслийн гишүүд: МАН, ХҮН, Үндэсний эвсэл. МАН дангаараа 68 суудалтай.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурал. Тооцоо: eguur.mn

Энэ удаагийн огцруулах шаардлагын гол үндэслэл нь төсөв. Засгийн газар 2027 онд нэгдсэн төсвийн зарлагыг 43 их наяд төгрөгөөр төлөвлөсөн нь энэ оны тодотголын төсөлд тусгасан 34 их наядаас 9 их наядаар их. Үүнээс гадна 2027 оны төсвийн орлогын өсөлтийн 3 их наяд төгрөгийг Оюу толгойн ногдол ашгаас авахаар тооцсон. Сангийн сайд З.Мэндсайхан өөрөө энэ ногдол ашиг төсвийн байнгын, тогтвортой орлого биш гэж хэлсэн юм.

Тоогоор харвал, УИХ-ын 126 суудлын 68 нь МАН, 42 нь АН, 7 нь ХҮН, 4 нь Үндэсний эвсэл, 4 нь Иргэний зориг-Ногоон нам, 1 нь бие даагч гишүүнийх. Засгийн газрыг МАН, ХҮН, Үндэсний эвсэл хамтран бүрдүүлсэн. Тэд нийлээд 79 суудалтай. Хэрэв АН огцруулах санал гаргавал 42 гишүүнтэй тул 32-ын босгыг дангаараа давна. Гэвч Ерөнхий сайдыг огцруулахад 64 санал хэрэгтэй. Засгийн газарт ороогүй бүх гишүүнийг нийлүүлбэл 47 болох тул эвслийн гишүүдээс дор хаяж 17 нь нэгдэх ёстой. МАН дангаараа 68 суудалтай учраас энэ замын үр дүнг МАН-ын бүлгийн эв нэгдэл шийднэ. Өмнөх хоёр Ерөнхий сайдыг унагах акц бүхэлдээ МАН-ын дотоодоос гарсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу.

Харин Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг өөрөө оруулбал 64 саналыг Ерөнхий сайд цуглуулах ёстой болно. Эвсэл 79 суудалтай ч ирц, нууц санал хураалт хоёр шийдвэрлэх нөлөөтэйг Л.Оюун-Эрдэнийн жишээ харуулсан. Тэр үед 126 гишүүний 82 нь л санал өгсөн. Нөгөө талаас санал хураалт амжилттай болбол Н.Учрал 2027 оны төсвийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлаас итгэл хүлээсэн Ерөнхий сайдын хувиар оролцоно гэсэн үг.

Аль ч замаар явсан Улсын Их Хурал асуудлыг 10 хоногийн дотор шийдэх үүрэгтэй. Энэ хугацаа 2027 оны төсвийн хэлэлцүүлэгтэй нэг үед таарна. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлах хэлэлцүүлэгт Ардчилсан намын гишүүд идэвхтэй оролцоно гэж О.Цогтгэрэл хэлсэн нь гуравдугаар сарын бойкотоос ялгаатай байр суурь юм. Тиймээс Ерөнхий сайдын суудлын хувь заяа ойрын өдрүүдэд гарах хоёр шийдвэрээс хамаарна. Нэг нь Ардчилсан намын бүлгийн шийдвэр, нөгөө нь Н.Учрал итгэл үзүүлэх асуудлыг өөрөө оруулах эсэх. Хэний талд хэн хэн зогсох бол...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button