
Жорж Оруэллийн "Амьтны ферм" жүжгийг нэгэн залуу уран бүтээлч эмэгтэй тайзнаа найруулан тавихаар зоригложээ. Уран бүтээлч хүний хувьд хамгийн чухал нь юу вэ гэхэд торолгүй "эр зориг" гэж хариулах энэ эмэгтэй бол Т.Цэнд-Аюуш. Ингээд СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш, докторант, театрын найруулагч Т.Цэнд-Аюуштай хийсэн ярилцлагаа танд хүргэж байна.
- Эмэгтэй хүн урлагийн замналаар амьдрахыг сонгоно гэдэг амаргүй. Урлаг дотроо тэр тусмаа найруулагчийн замналыг сонгоно гэдэг бүр ч бэрх. Яагаад гэдэг асуултаас ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа.
- Урлагтай анх холбогдсон минь төрж өссөн ахуйтай маань салшгүй холбоотой байх. Төрсөн газар минь Завхан аймгийн Их Уул сум.

Уулсын дунд, өргөн уудам тал нутагт өсч торниж байхдаа төсөөлөл, мөрөөдлийн ертөнцөд их автдаг байсан. Өөрөө өөртэйгээ, үхэр тугалтайгаа тэр тусмаа уулстай бас их ярина. Тэр үед л миний дотор монгол ахуйгаар хөглөгдсөн урлагт тэмүүлэх хүсэл бий болсон гэхэд болно.
Харин найруулагч болохоор шийдсэн минь багштай маань холбоотой. Найруулагч Мөнхдорж багш маань надад “чи бол найруулагч хүн” гэх мэдрэмжийг төрүүлснээс л бүх зүйл эхэлсэн дээ. Сүүлд би Монголын театрын түүхэн дэх эмэгтэй найруулагчдыг нилээн судалсан юм. Гарын таван хуруунд багтмаар цөөхөн. Үнэхээр л амаргүй замнал учраас ч ийм цөөхөн байдаг байх.
- Та өөрөө СУИС-ийг театрын найруулагч мэргэжлээр төгсөж дүүргэсэн хүн. Танд “миний амьдралын зорилго бол найруулагч” гэх бодол баттай суухад яг юу нөлөөлөв гэдэг их сонирхолтой байна?
- Багш маань л нөлөөлсөн байх. Би магистрын судалгааны ажлын сэдвээрээ багшийнхаа амьдрал, уран бүтээлийг сонгож авсан юм. Тэгэх явцдаа тэр хүний театрт зүрх сэтгэлээ өгсөн чин үнэнч байдал, түүнийгээ оршихуйнхаа бүх зорилгоо болгосон байсан нь гайхашруулсан. Миний тархинд маш хүчтэй эрчим төрүүлсэн. Хүн үнэт зүйлтэй байх нь тэр хүнийг хэн байх вэ гэдгийг тодорхойлдог юм байна гэж бодсон доо. Хоёрдугаарт, залуу хүний нийгэмд үүрэх үүрэг, хариуцлага.
Бид бол маш сайхан түүхтэй ард түмэн. Хүнд цаг үеийг туулж ирсэн, одоо ч нийгэмд туулсаар байгаа ч өөрсдийн мөн чанарын хувьд алдагдаагүй гайхалтай ард түмэн шүү дээ. Үүнийг урлагаар дамжуулж, өөрийнхөө чадах бүхнээр илэрхийлж хадгалж хамгаалах их хүсэл надад байсан.
Багш болсноос хойш энэ эмзэглэл маань улам л хүчтэй болсон. Би ирээдүйн найруулагчийг бэлдэж байгаа гээд бодохоор өөрөө би улам их хөгжиж, урагшилж, үлгэрлэх ёстой болж байгаа юм.
- Таны хувьд өмнө нь “Тусгал”, “Playback”, “Хүүхэлдэй” зэрэг жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж, олны хүртээл болгож байсан. Тэд бол залуу хүний тэр дундаа эмэгтэй хүний ертөнцийг харуулсан бүтээлүүд. Гэтэл одоо таны жүжиг болгохоор сонгож авсан зохиол чинь өмнөх бүтээлүүдээс чинь тэс өөр. Жорж Оруэллийн "Амьтны ферм” шүү дээ. Улс төрийн ч юм шиг, хар бараан элэглэл ч юм шиг этгээд сэдэв. Уучлаарай, ингэж "хөндлөн далийх"-аар шийдсэний чинь учрыг асуумаар байна?
- Миний дотоод хүн уян зөөлөн, эмзэг налархай, эрх танхи хүн биш юм билээ. Жорж Оруэллийн "Амьтны ферм” бол миний оюутан байхаасаа мөрөөдсөн мөрөөдлийн минь зохиол. Миний хамгийн хайртай театрын онолчид болох Германы Бертольт Брехт, Бразилын Аугусто Боал гэх хоёр хүн бий.
Тэдний үзсэнээр театр бол пропоганда биш, тайзны хээнцэрлэл биш үзэл санааны талбар байх ёстой, үзэж буй хүн ч өөрөө ухаантай байх ёстой. Үзэгч оюун ухаанаа уралдуулах ёстой хэмээн дуугарч байсан.

Өөрийн маань хувьд ч гэсэн би оногдсон эрх чөлөөгөө эдэлж, хадгалахыг хүсдэг ямарваа нэгэн зүйлд захирагдахыг хүсдэггүй учраас энэ бүхэн надад нийцэж байсан. Одоо миний гучаад нас эхэлж байна. Яг ид энэ насан дээр залуу хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байгаад түүнийгээ зоригтой дуугарах ёстой тийм нас гэж бодож байна.
- Орчин цагт хүмүүсийн дийлэнх нь театрыг хоцрогдмол, хуучин хэмээж кино урлагийг илүүд үздэг болсон нь нууц биш. Шулуухандаа театрын нөлөөлөл киноноос бага болсон цаг үе. Гэтэл та энэ цаг үед театраар дагнаж энэ нийгэмд урлагийг бүтээхээр зорьжээ, тийм үү?
- Театрыг гэх хандлага уруудан буурч байгаа бол тэр нь уран бүтээлч бидэнтэй холбоотой. Яагаад гэвэл үзэгчид юуг үзүүлэх вэ гэдгээ сонгох эрх мэдэл, асар их том орон зай бидний өөрсдийн урд байгаа юм. Тэр чанараа ч хадгалах ёстой. Миний хувьд Монголын театрын урлаг улам бүр өндөр түвшин рүү тэмүүлж хөгжиж байгаа. Саяхан нэг хүн надад “Юмс үргэлж сайн руугаа өөрчлөгддөг” гэж хэлж байсан юм. Гэхдээ сайн руу нь хөгжихөд уран бүтээлч бидний хариуцлага, үзэл бодол итгэл үнэмшлийн үнэнч байдал маш чухал.
“Амьтны ферм” жүжгийг тайзнаа тавих гэж байгаагийн хувьд манай “Dolma” гэх хүсэл сонирхол нийлсэн залуусын байгуулсан театр бий. “Dolma” гэдэг нь Ногоон Дарь эх гэсэн утгатай. Өөрчлөлт шинэчлэлтийг бэлгэдэж нэрлэсэн юм.
Театр хэрвээ дарс юм бол театрыг эргээд дарс биш талх болгоё гэж бид зорьж байгаа.
Орчин үеийн нүүдэлчдийн театр гэх утгаараа. Хүмүүс театрыг бодит амьдралаас тасарсан өндөр дээд хэрэглээ болгож “хэлбэр”-ийн төдийд таашаах гээд байна. Үгүй ээ, долоо хоногтоо нэг, бүр өдөр тутамдаа театрыг зорьж очдог болох цаг ирнэ гэж залуу хүний хувьд итгэж байгаа.

- Та сая үзэгчдийн театрыг гэх буруу хандлага гарч байгаа бол тэр нь бидэнтэй холбоотой гэлээ. Таныхаар үзэгчдийн хүсээд байгааг нь өгч тэдэнд таалагдах нь зөв үү эсвэл хүлээн зөвшөөрөгдөхөд бэрх байлаа ч өөрийн мөн чанартаа үнэнч байж түүнийгээ гаргаж тавих нь зөв юм уу?
- Хүн юу хүснэ түүнийг өгөх ёстой, энэ бол зах зээлийн зарчим. Гэхдээ... би эсрэгээрээ өөрийнхөөрөө энэ орон зайд тэсч үлдэх ёстой гэж хэлмээр байна.
Театр үзэгчдэдээ хөтлөгддөг биш үзэгчийнхээ урд нь алхах ёстой.
Тэгж байж өөрчлөгдөнө. “Ингэвэл олон хүн үзнэ” гэж хэлбэртээ анхаарахаас илүү агуулгаа сайжруулах дээр анхаарах хэрэгтэй. Агуулгаа доошлуулаад байж болохгүй.
- Та театрын найруулагчаас гадна судлаач хүн. Яг одоогийн Монголын театрын урлагийг та судлаач, шүүмжлэгчийн нүдээр харвал өөнтөглөмөөр өнцөг юу байна? Монголын театрын урлаг сэтгэлгээний хувьд үзэгчдийнхээ урд нь байж чадаж байгаа юу?
- Үнэхээр үзэгчийг болоод театрын уран бүтээлчдийг зааглаад байгаа зүйл нь анхлан бага насанд нь театр үйлчлээгүй учраас гэх асуудал байгаа. Намайг найман настайд минь театраар үйлчлээгүй байж, гучин настайд минь гэнэт үйлчлэх гээд байвал яг юу болж хувирах вэ? Энэ бол доголдол. Тэгэхээр эхлээд хүүхэд залуучууд руу чиглэсэн театрыг бүтээж байж, бид ирээдүйн үзэгчийг бэлдэх юм. Бид одоогоор тэгж чадаж байна уу гэдэг анхаарах өнцөг.
- Хоёулаа таны “Амьтны ферм” жүжгийн тухай сэдэв рүү эргээд хөрвөе. Жорж Оруэлл бол улс төрийн гарамгай сэтгүүлч, үзэл баримтлалийн хувьд шударга ёсны дуу хоолой болсон зохиолч. Та “Амьтны ферм” жүжгийнхээ жанрыг метадрама гэж тодорхойлсон. Одоогоор Монголын театрын урлагт уламжлалт сонгодог драмын жанраас гадна постдрама, визуал драма, физикл драма, саунд драма, метадрама гэхчилэн янз бүрийн жанр буюу урсгал чиглэлүүд гарч ирж байна. Тэр дундаас яагаад метадрамын урсгал чиглэлээр энэ жүжгийг тавихаар шийдэв ээ?
- Энэ зохиолыг сонгож авахад надад нэгт тулгарсан асуудал нь “өнөөдөр юуг дуугарах вэ” гэх асуулт байсан. Дэлхий даяар 80 гаруй театрууд “Амьтны ферм”-ийг сонгохдоо зохиолоос үргэлж “гахай”-г голлон онцолж тавьж байсан юм байна л даа. Эрх мэдлийг гэсэн үг. Манай жүжигт бид эрх мэдлийг гэхээсээ илүү олонх болсон хонины тухай ярих гэж байгаа.
Хоёрт яаж хүргэх вэ. Хэлбэрийн тухайд пост драма гэж эхэндээ бодсон ч зохиол маань эхлэлээсээ төгсгөл хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа шинжтэй байгаа юм. Постдрамын урсгал чиглэл бол монтажийн ч юм шиг, агуулга үйл явдлын хувьд голцуу ангид тасархай байх шинжийг агуулдаг. Тэгвэл би зохиолын үргэлжилсэн энэ драмалаг бүтэцийг хадгалж үлдэх ёстой юм байна гээд метадрама жанрыг сонгосон.
Метадрама нь жүжиг доторх жүжиг буюу жүжиг гэдгээ үзэгчид үргэлж сануулж байх ёстой театрын нэг хэлбэр юм.
“Амьтны ферм” бол өөрөө Монголын нийгмийн тухай жүжиг. Үзэж байгаа үзэгчид бид тэртэй тэргүй бодит амьдрал дээр “Монголын нийгэм” гэдэг нэг жүжгийн “нэг амьтан” болж байгаа.
Жүжигт орж ирэхдээ “Амьтны ферм” гэх жүжгийн “нэг хэсэг” болно. Жүжиг дотор өөрөө маш олон жүжиг өрнөж байгаа. Бид бүгд цогцоороо нэгэн жүжгийн гол дүр шүү гэдгийг сануулах үүднээс бас энэ жанрыг барьж авсан гэж болно. Орчин үе байна, тэгээд бас бодит амьдрал ч мөн түүн дотор өрнөнө л гэж ойлгох хэрэгтэй. Манай жүжгийн метадрама шинж чанар тайзаар, хөгжмөөр бас хөдөлгөөнөөр илэрхийлэгдэж байгаа.

- Орчин үеийн Монголын театрын урлагт одоогоор “Улсын драмын эрдмийн театр”, “Орфей театр”, “Про театр”, “Монгол театр”, “Тамгагүй төр” жүжгийг олноо тавьсан “Hero entertainment” (мэдээж албан ёсны мэргэжлийн театр биш ч гэсэн), “Bee theatre” гэхчилэн театрууд өргөжин хөгжиж байна. Тэгвэл “Dolma” театрын хувьд эдгээр театруудаас ялгагдах онцлог шинж, гол ялгарал нь юу вэ?
- Бид өөрсдийгөө ”нүүдэлчин театр” гэж тодорхойлж байгаа. Яагаад “нүүдэлчин” гэж тодорхойлж байгаа вэ гэхээр бид хаана ч хэзээ ч хувирч өөрчлөгдөх чадвартай, өөрчлөлтөд ямагт бэлэн нүүдэлчин театр байна гэж үзэж байгаа. Нүүдэлчин гэдэг нь Монголчуудын хувьд амьдралын цаашлаад театрын урлагт ч анхлан илэрч байсан шинж чанар. Монгол сэтгэлгээ рүүгээ илүү гүнзгий өнгийж сурч байгаа, сүүлийн үед. Хаана ч хэзээ ч очиж тоглох боломжтой орчин үеийн нүүдэлчин театр байя гэж бид ярьсан, хоёрдугаарт түрүүн хэлсэнчлэн урлагийг “дарс” биш “талх” болгоё гэж зорьсонтой холбоотой. Манай “Амьтны ферм”гэх жүжгийн тухайд бид үнийн хувьд, хугацааны хувьд, агуулгын хувьд бид өндөр түвшний үзэгч гэх ялгарал байхгүй, бид Монгол хүн бүхэнд зориулж энэ жүжгийг хийж байгаа. Тйимээс хэт философиор бөмбөгдсөн байдлаас зайлсхийнэ. Сүүлд нь хүн хоорондын харилцааг дээдэлсэн театр байя гэж бид үзсэн. Үргэлж залуу хүмүүсээ дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа.
Одоо эмзэглүүштэй нэг зүйл нь орчин үед хиймэл оюун ухаан байна. Нэг үгээр бид улам тэнэг болж байна. Би их сургуулийн багш хүн, тэр үүднээсээ харсан ч “өөрийн” сэтгэлгээ маш улам цөөрч байна.
Монголчууд бидэнд байгаа хамгийн "гоё" зүйл бол эрх чөлөө. Тэр эрх чөлөөгөө хадгалж үлдэх эцсийн зэвсэг бол бидний оюун санаа.
Энэ асуудал дээр үндэслээд хувь хүний мөн чанарыг хөндсөн агуулгаар бид дуугарна даа.
- Монголын эдийн засаг, нийгэм, ард иргэдийн ахуй амьдралын нөхцөл байдал бүгд л өдрөөс өдөрт "маш хүйтэн" болж хувирч байна. Хүйтэн ухаан, хүйтэн сэтгэл газар авч байна. Урлагийн хэрэгцээ ихсэх тусам хүмүүс урлагаас холдож буй мэт санагдах боллоо. Яагаад хүмүүс нэг орой театр үзсэнээс нэг орой хип хоп концерт үзэхийг илүүд үзээд байна вэ?
- Би тэнэг өөдрөг хүн байж магадгүй. Би юмс үргэлж л сайн руугаа өөрчлөгдөж байна гэж бодоод байгаа. Яах вэ, магадгүй нэг ганцхан орой бусдад флексдэх гээд тоглолт үзэхээр очиж болно. Гэхдээ залуустай ажиллаад үзэхэд тэдний эр зоригийн түвшин хамаагүй өндөр байгаа юм.
Урлагийн боловсрол чухал юм аа гэх сэдвийг ярихаар яалт ч үгүй бага нас руу орох гээд байна. Тэндээс үнэлээгүй юм чинь одоо бол үнэлэгдэхгүй шүү дээ, тийм үү. Тиймээс уран бүтээлчид хүүхэд рүү чиглэсэн зүйлсийг маш их хийх хэрэгтэй. Багадаа театр үзээд өссөн хүүхэд томроод театрын урлагт хайртай хэвээрээ л байна. Нөгөө талд, уран бүтээлчдийн өөрсдийн эх зориг асар их дутмагшилтай байна. Мөнгийг зорилгоо болгоод ирэхээр зориулсан сегментдээ таарсан зүйлийг л хийдэг болно. Гэхдээ би энэ асуудлыг театр гэхээс илүү контентын зах зээлд элбэг байдаг гэж бодож байна. Контент бүтээгчид бол энэ сэдвээр эргэцүүлэх ёстой.
Манай театрын хувьд ч гэсэн хүүхэд рүү чиглэсэн зүйлсийг их төлөвлөж байгаа. Бид ирээдүйн "үзэгчид"-ээ бэлдэх ёстой юм байна гэж бодсон. Тэр тал дээр ажилласан туршлагатай учраас үнэ цэнийг нь илүү ойлгоод байж мэднэ.
- Анзаараад байхад эмэгтэй найруулагчид нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь илүү бэрх байдаг шүү дээ. Нэг талдаа "уран бүтээлч байхын хэцүү"-г, нөгөө талдаа "эмэгтэй уран бүтээлч байхын хэцүү"-г аль алиныг нь танаас сонсмоор байна.
- Найруулагч гэдэг мэргэжил бол агуулгаараа удирдан зохион байгуулах, оюун санааны хувьд манлайлах, сэтгэлгээ шийдэл боловсруулах гэсэн утгатай болж таарч байгаа юм. Тэр хэмжээнд бие болон сэтгэлээ бэлдэх үүднээсээ илүү "хатуу", хүчирхэг байх шаардлагатай болно. Янз нь хүчирхэг эмэгтэйн дүрийг бүтээх нь ээ дээ.
Гэтэл нөгөө талд эмэгтэй хүн л юм чинь дотор маань эрх энхрий, танхил ялдам байх гэдэг байгалийн зөн байна. Энэ хоёрын тэнцлийг барих ухаанаа олохгүй бол хэт "хатуу хүн" болчих вий дээ гэж хааяа айдаг. Хүлээн зөвшөөрөгдөх гэдгийн тухайд маш хэцүү. Ядаж байхад би чинь өөрөө их жижигхэн биетэй хүн. (инээв) Нас нь яваад байхад жаахнаараа л харагдаад байх шиг байгаа юм. "Эвий, жаахан л охин байна даа" гэх хандлага их ирдэг.
Хүлээн зөвшөөрөгдөх гэдэг процесс эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс илүү хэцүү байдаг юм шиг ээ. Тийм ч учраас Монголын түүхэнд ерээд жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театрын жишээн дээр ярихад л хоёр гуравхан эмэгтэй найруулагч бий. Хориод жүжиг тавьсан Э.Оюун гуай, тэгээд ганц жүжиг найруулж байсан Гэрэлтуяа гэх нэг эмэгтэй, тэгээд одоо цагт хоёр, гурван жүжгийг найруулан тавьж байсан Б.Хишигзаяа багш. УДЭТ-аас гадуур гэвэл Про театрын Б.Даваасүрэн гэхчилэн бас байна. СУИС-д М.Ариунжолоо, У.Дэлгэрбуян гэх багш нар бас байна. Ерөөсөө ингээд гарын таван хуруун дотор л багтаж байгаа юм. Энэ бол мэргэжлийн театрын тайзан дээр жүжгээ тавьсан гэдэг утгаараа шүү. Би энэ сэдвээр нэг өгүүлэл бичнэ дээ гэсэн зорилготой яваад байгаа юм. Яагаад ийм цөөхөн гэж? Үүнд бас нэг учир шалтгаан байгаад байна шүү дээ.
Нөгөөх нь уран бүтээлч байхуйн тухайд байх аа. Би жүжигчидтэй их ажилладаг учраас тэднийг их өрөвддөг юм. Сэтгэлзүйн хувьд асар хүнд ачаалал авдаг. Тэгээд түүнийгээ эмзэглэж, мэдэрч, зовж шаналж, ойлгохгүйгээр яаж тэр дүрийг гаргах юм бэ? Хоол хийсэн ч, кофе уусан ч, орондоо орохын өмнө ч, бүр зүүдэнд нь ч мөнхөд тэр ажил нь дагаж байдаг. Тэгж бодож бясалгахгүй л бол тэр уран бүтээл гарахгүй. Нэг талын шийтгэл, нөгөө талын шагнал ч юм шиг.
- Миний амьдралын мөн чанар, философи энэ л юм байна гэж бодогдуулдаг зүйл таны хувьд юу байна вэ?
- Энэ зун би тэр талаар маш их бодсон. Энэ зун би өөр юуг ч хийлгүй зөвхөн бодож өнгөрөөсөн. Сүүлийн 10 гаруй жил театрын урлагт ажиллаад "би яг хэн юм бэ" гэх асуулт руугаа л яваад байсан юм шиг байгаа юм. Миний уран бүтээлчийн философи Монголчуудын өөрсдийн уугуул соёл, сэтгэлгээ рүү дурлаж, татагдаж эхэлж байгаа. Биеийн хүчээр нэгийг, сэтгэлийн хүчээр мянгыг гэдэг. Ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиол бүтээлүүд, Юань гүрний үеийн театр гээд л судлаад явж байна.
Монголчуудын театрын сэтгэлгээг хараад байхад уран бүтээлч хүн сэтгэлийн хүч, сэтгэлийн эр зоригтой байх ёстой юм байна аа гэж харсан. Тэр ч утгаараа "Амьтны ферм"-ийг тайзан дээр амилуулахдаа би бэлэн гэж итгэлтэй хэлж чадна.
Айдас бол байна, энэ чинь намын захиалгатай юм уу, сонгууль болох гэж байгаатай холбоотой юу гэх хандлага ч бас гарч ирж байна. Гэхдээ уран бүтээлч хүн дуугарах эр зоригтой, бас түүнийгээ хамгаалах эр зоригтой, сэтгэлийн асар их хүчтэй байх ёстой.
Хэлбэрийг бол хаанаас ч олж болно. Харин агуулгыг бодож боловсруулна гэдэг уран бүтээлчийн хамгийн том хөдөлмөр. Одоо өдөр ирэх тусам хүн юун дээр ч өөртөө ханаж бардамнаж болохгүйг ойлгож байна. Хүн хүнтэйгээ, байгаль дэлхийтэйгээ, энэ ширээн дээр байгаа номтой, газрын чулуутай, ер юм бүхэнтэй харилцах шүтэн барилдлага дээр энэ амьдрал тогтож байна. Тиймээс хүн үргэлж өөрийнхөө хэр өчүүхнийг санаж байх ёстой. "Агуу ихийн дэмийрэл"-д өртөж огт болохгүй.
Ямар ч түвшинд очиж дорд үзэгдэж болно, би дээрд тооцогдож ч болно. Гэхдээ дотроо би "хэн ч биш", "хоосон" чанартай шүү гэдгээ бодож өөрийгөө шүүж байх хэрэгтэй. Энэ бол эр зориг.
- Сүүлийн асуултаа асууя. Одоо цагт театрын урлагийн судлал, шүүмжээр мэргэшсэн хүмүүс нь бодит үнэнийг дуугарч, уран бүтээлд шударгаар үнэлэлт дүгнэлт өгөх нь багассан гэдэг нууц биш. Зохиолч, судлаач, шүүмжлэгч П.Батхуяг агсаных шиг эр зоригтой дуу хоолой судлал, шүүмжийн салбарт ус агаар мэт үгүйлэгдэж байх шиг ээ. Танд энэ тал дээр эмзэглэл мэдрэгддэг үү?
- Тийм. Бид хүн ам цөөтэй, хүрээлэл багатай улс. Яалт ч үгүй тогоо тогоо руугаа холилдоно гэдэг шиг зүйл болж байна. Шүүмжлэгчид нь өөрсдөө тогоон дотроо ямар нэг ашиг сонирхлын холбоо сүлбээтэй учраас жинхнээсээ шүүмжилж чадахгүй байгаа ч юм шиг. П.Батхуяг агсан бол Монголын театр болоод уран зохиол бас миний үзэл санаанд том өөрчлөлт хийсэн хүн байгаа юм. Түүний дайтай судлаач, шүүмжлэгч төрөөсэй гэж маш их хүсдэг. Тийм мэргэжлийн шүүмжлэгч нар байж гэмээнэ театр өөрийгөө шүүж чадна. Нөгөө талдаа нийгэм "сэтгэгдэл"-ийг шүүмжийн түвшинд авч үзээд байдагт маш их эмзэглэлтэй байдаг. Манайд театр судлалын хүмүүс маш цөөхөн байна л даа. Одоогийн байдлаар арав хүрэхгүй судлаачид байна. Одоогийн олонхи шүүмжлэгчид маань танилын хүрээ, ашиг сонирхлын холбоо сүлжээнд орчихоод байгаа харамсалтай тал байна. Бид театр судлалыг хөгжүүлэх хэрэгтэй, театр судлалаар сурч буй залуусыг эр зоригтой байхад бас сургах хэрэгтэй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nice