Ц.Баяр: Би амьдралынхаа 15 жилийг Монголд усан үзэм тарихын төлөө зориулсан. Удахгүй дэлхийн зах зээлд гарна
Агротехникич мэргэжлээрээ 47 жил ажиллаж, усан үзэм тарихын тулд өөрийн амьдралын 15 жилийг зориулж эцэст нь Монголын хөрсөн дээр усан үзэм тарьж чадсан "Ногоон харш" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баяртай ярилцлаа. Тэрбээр энэ жил 1.5 тонн усан үзэм хурааж хэрэглэгчдийн гарт хүргэж чадсан. Мөн олон улсын туршлагыг судалж дэлхийн хамгийн амттай усан үзэмийг экспортод гаргах хүсэл тээн ажиллаж байна. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Усан үзэм тарих санаа хэрхэн төрсөн, яагаад Монголд тарихаар шийдсэн юм. Өмнө нь усан үзэм Монголд тарьж амжилт олж байсан тухай би сонсоогүй юм байна?
-Энэ ажлыг 47 жил хийж байна. Үүний 25 жилийг улсад ажилласан бол сүүлийн 22 жилийг энэ аж ахуйгаа босгоход зориулсан. 14, 15 жилийн өмнөөс л манай Улаанбаатар утаанд баригдаж эхэлсэн шүү дээ. Бид үүнээс өмнө агаарын бохирдол гэж юу болохыг огт мэддэггүй байлаа. Машин ч утаа гаргадаг айл ч цөөхөн байсан цаг. Гэтэл гэнэт л агаарын бохирдол их яригдах болсон. Ер нь бол утаанаас болоод усан үзэм тарих болсон гэх үү дээ.
-Усан үзэм хүнийг биед сайн болохыг мэдээд зориглосон хэрэг үү?
-Усан үзэм хүний биед ашигтай, хүнд металлыг гадагшлуулдаг гэж ярьдаг. Үүнийг бид өөрсдөө туршиж нотлоогүй л дээ гэхдээ биед зайлшгүй хэрэгтэй эрдэс, бодисын дутагдлыг нөхнө гэж ойлгоод усан үзэм тарих санаа төрсөн юм.
-Мэдээж судалгааны нөр их ажил орсон байх. Анхны бүхэн тэр тусмаа анхдагч болох амар биш. Таныг анхдагч гэхэд хилсдэхгүй байх гэж бодож байна?
-Судалгаагаа эхэлснээс хойш 15 жил, бүр тогтвортой хийж эхэлснээс хойш 12 жилийг зарцуулсан. Энэ хугацаанд ямар сорт тарих, Монголын цаг агаарт ямар технологи тохирохыг судалсан. Энэ бүхний эцэст ургацаа бүрэн хураах боломжтой болсон нь сүүлийн дөрвөн жил. Монголд өмнө нь хоёр удаа усан үзэм тарих оролдлого хийгдсэн. 1960-иад онд байх шүү. Эрдэм шинжилгээний байгууллагууд усан үзэм тариалж, ургац авахыг зорьсон ч амжилтад хүрээгүй юм билээ. Энэ утгаараа манайх анхдагч. Гэхдээ бид анхдагч гэж онцгоорох сонирхолгүй.
-Өмнө бүтэлгүйтсэн тухай их судалсан уу. Яагаад 1960-иад онд амжилт олоогүй юм бол. Мэдээж техник технологи сайн хөгжөөгүй байсантай холбоотой байх?
-Усан үзэм ер нь жимс тарина гэдэг бол технологитой ажил. Монголд хавар, намар, бүр зун ч гэсэн дулаан байснаа нэг шөнө хөлдчихдөг. Энэ бэрхшээлийг даван туулах технологи, судалгааг боловсруулж чадаагүй. Гаднаас авчирч тариад л хатаж, эсвэл хөлдөж үхээд дуусдаг байсан. Эрдэм шинжилгээний байгууллага бидэн шиг их хэмжээгээр үйлдвэрлэдэг газар биш учраас бодит нөхцөлд туршиж чадаагүй байх. Бид бол их хэмжээгээр тарьсан учраас ямар агротехник хэрэглэх, ямар сав суулгатай байх, юунаас яаж хамгаалахаа мэддэг болсон. Тухайлбал, өвлийн хүлэмж барьж, сав суулгандаа тарьж, хэрэглэж байна. Нэг үгээр хэлбэл, бэрхшээлийг давах мэргэжлийн бэлтгэлтэй болчихсон гэсэн үг.
-Нэг, хоёр иш тарьсныг үйлдвэрлэл гэхгүй, сонирхогч гэж ярьдаг. Хятадаас гурав, дөрвөн иш авчирч, энд тэнд зураг даруулаад усан үзэм тарилаа гэсэн хүмүүс бий. Яаж тарих, навчаа хэрхэн цөөлөх, жимсээ яаж томруулах, хэдийд боловсруулах, ямар техник хэрэглэх вэ гэдэг бүгд технологи шүү дээ. Үүнийг бүрэн хийж, ургацаа хураагаад зардаг бол үйлдвэрлэл гэж ярина.
-Энэ жил танайх ургацаа дэлгүүрээр дамжуулалгүй, шууд хэрэглэгчийн гарт хүргэсэн гэж сонссон. Хэр хэмжээний ургац хураав, яагаад ийм аргаар борлуулсан бэ?
-Бид 1.5 тонн ургац хураасан. Урьд нь жимсээ дэлгүүрт тавьдаг байлаа. Тэр үед манай хаягийг ашиглаад, адилхан савлаад, гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнийг манайх гэж зарчихдаг байсан. Янз бүрийн химийн бодис хэрэглэсэн чанаргүй бүтээгдэхүүн манай нэрээр гарчихаж байгаа юм. Тийм учраас борлуулалтаа энд, өөрсдөө хийсэн. Худалдан авагчдадаа жимсний модон дээр нь харуулж байгаад хураагаад өгдөг болсон. Энэ жил жимс хураалт хоёр, гурван өдөр үргэлжилсэн. Олон хүн ирж, заримд нь хүрээгүй тохиолдол ч гарсан. Усан үзэм том, дунд, жижиг баглаатай байдаг. Бидний тарьсан нь дунд баглаатай. Цаашдаа том баглаатай сорт тарих сонирхолтой судалж байгаа.
-Амталсан хүмүүс ямар сэтгэгдэл үлдээв. Монголд ургасан усан үзэм гадны үзмээс юугаараа ялгаатай байдаг юм?
-Монголд ургасан жимс ямар байдаг юм бол гэж олон хүн сонирхож ирсэн. Дэлгүүрт зардаг үзмээс хамаагүй өөр амттай гэж амталсан хүн бүр хэлж байсан. Шалтгаан нь цаг агаар. Дундад Азийн орнуудад үргэлж дулаан, халуун байдаг шүү дээ. Ургамалд антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг бодис хуримтлагддаг. Манайд өдөр, шөнийн температурын зөрүү тэндээс хамаагүй их учраас энэ бодисын агууламж өндөр байдаг. Тиймээс манайд тарьсан жимс дэлхийн хаана ч дутахгүй.
-Ургамал тарьж байгаа хүнд газар нь далайн түвшнээс дээш хэдэн метрийн өндөрт байгаа, агаарын хэм ямар, өдөр шөнийн хэмийн зөрүү хэд вэ, хэзээ огцом хүйтэрдэг вэ гэдэг нь чухал. Тэр бүхнийг судалж байж тарина шүү дээ. Түүнээс биш судалгаагүй тарих юм бол нэг өдөр бүгд үхчихнэ.
-Төр 3х4, 4х6 метрийн хүлэмж тараагаад яах юм бэ. Агропаркийн систем гэдэг чинь 1000-10,000 метр квадрат талбай яригдана-

-Олон нийтийн сүлжээнд танай аж ахуйг сонирхох хүн олон болсон. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
-Тарих хүсэлтэй хүн олон. Яаж тарих вэ, яаж зээл авах вэ, та нар сургаж өгөх үү гэж их асууж байна. Бүгдийг нь сургаж, баг болж тарихад ямар ч асуудал байхгүй. Би заахад бэлэн. Ганцхан хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн аж ахуй эрхлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд бид банкны шаардлагыг хангаж чадахгүй. Бидний мод газарт ургаж байгаа бүтээгдэхүүн шүү дээ. Бусад орон тариаланч, жимс, жимсгэнэ тарьдаг хүмүүсээ яаж дэмждэг вэ гэдгийг бид явж судалж байна. Долоо хоногийн өмнө бүтэн баг Хятадын зүүн, дунд, баруун хойд буюу хүйтэн бүс, Шинжаан, Казахстан, Узбекистанд судалгаа хийгээд ирсэн. Монголын цаг агаартай ойролцоо газруудад бидэнтэй яг ижил үед жимс нь боловсордог юм байна. Шинжаанд бид төрийн байгууллагуудтай уулзуулсан. Жимс, жимсгэний үзэсгэлэн дээр бүр яам, сайдын түвшинд хүлээж авсан. Тэр орнуудын асуудалд хандах хандлага өөр гэдэг нь харагдаж байна.
-Тэдгээр орнууд тариаланчдаа хэрхэн дэмжиж байна вэ?
-Узбекистаны гол мөрөн ширгэж, усны хомсдол нүүрлээд хэдэн жил болж байна. Тэгээд улсаараа, айл өрх бүр ус хэмнэдэг усалгааны систем рүү шилжчихсэн. Тэр системийг төр нь хариуцаад үнэгүй тавиад өгч байна. Манайд яагаад ийм хөнгөлөлт үзүүлж болдоггүй юм бэ? Нэг жишээ хэлье. Тэнд дөрвөн га газарт тариалалт хийж, ургацаа борлуулдаг аж ахуйг үзсэн. Жимс нь боловсорч байхад хариуцсан байгууллага нь ирж хараад, энэ аж ахуй ийм ургацтай байна гэсэн дүгнэлт гаргадаг юм байна. Манайхаар бол Хөдөө аж ахуйн яам юм уу, орон нутгийн газар, тэдгээрийн харьяа байгууллага байх л даа. Тэр дүгнэлтээ банкинд хүргүүлж, энэ хүнд зээл олгоход татгалзах зүйлгүй, та нар алдахгүй гэдгийг баталдаг. Ингээд банк нь интернэтээр анхан шатны санхүүжилт олгоно. Бичиг барьж очих, хүн очиж үзэх шаардлагагүй, мөнгө нь шууд данс руу ордог. Ийм систем үйлчилж байхад бид яагаад хоцрох ёстой юм. Тариаланч намар ургацаа хураатал зунжин хүн ажиллуулж, зардал гаргасаар байгаа шүү дээ. Гадаадад бол банк нь "Та намар тэдэн хэмжээний ургац авна. Таны ургацыг 80 хувьтай гэж үзвэл 30, 40 хувийг нь урьдчилаад өгье" гээд санхүүжүүлдэг. Урьдчилсан зээлийг нь төр хариуцаж байна. Манайд гэхэд томоохон банкууд санхүүжилтээ гаргаад мод тарьж байна. Банкны эдийн засагч ойн инженер биш шүү дээ. Мэргэжлийн хүний урдуур орж мод тарина гэдэг байж болшгүй зүйл. Банк санхүүжилтийн эх үүсвэр л байх ёстой. Мод тарих ажлыг итгэл даасан мэргэжлийн аж ахуйн нэгжүүд хийх учиртай.
-Хүнсний хангамжийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Эдгээр нь танай салбарт хэр үр дүнтэй байна?
-Нэгдүгээрт, бид импортыг орлох жимс тариалах ёстой. Импортын төлөө гадагшаа гарч байгаа тэр олон төгрөгийг хэмнээд, Монголдоо тарьсан жимс, жимсгэнээ идэж байя гэсэн асуудал яригдаж байгаа. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилгаар "Эрүүл Монгол хүн", "Тэрбум мод", Атрын дөрөвдүгээр аян зэрэг таван том хөтөлбөр хэрэгжиж байна шүү дээ. Монгол хүн эрүүл байх ёстой. Эрүүл байхад жимс, жимсгэнэ хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад гажуудал гарч байна. Жимс, жимсгэний хөтөлбөрийн хүрээнд нутагшсан сортыг батлах, ямар пестицид хэрэглэхийг заасан зөвлөмж гаргаж, хөдөө тараах хэрэгтэй. Би нэгэнт ярьж байгаа учраас хатуу шүүмжилнэ. 3х4, 4х6 метрийн хүлэмж тараагаад яах юм бэ. Агропаркийн систем гэдэг чинь 1000-10,000 метр квадрат талбайд нэг хөндийг бүхэлд нь хамруулж барьдаг. Тийм байж агропарк гэж ярина шүү дээ. Тэнд тарих сонирхолтой хүмүүс бага хэмжээгээр тариад, ургацаа нийлүүлээд явах боломжтой. Гэтэл санайхан судлаагүй сорт авчирч тарьчихдаг. 120–130 хоногт боловсордог сорт манай нөхцөлд боловсорч амждаггүй. Үүнийг туршлагатай мэргэжилтэн л хэлж өгнө, туршлагагүй хүн ойлгохгүй. Мэргэжлийн баг зааж, чиглүүлэх ёстой. Суурин газарт ойр, эдийн засгийн үр өгөөжтэй, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх бодлогыг газар дээр нь буулгаж чадах нь хамгийн чухал.
-Сайд нь Засгийн газрын хуралдаанаар надад зээл өгмөөр байна гэж ярьсан гэсэн. Гэхдээ Хөдөө аж ахуйн яамнаас над дээр нэг ч хүн ирээгүй-

-Татварын дарамт хувийн хэвшлийнхний байнга хөндөж ирсэн сэдэв. Танай аж ахуйд энэ дарамт хэр хүндээр тусаж байна вэ?
-Бид татварын дарамтад ороод бараг дампуурах гэж байна шүү дээ. Сар бүр, жил бүр татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл байна. Хүнтэй гэрээ хийж ажил гүйцэтгүүлэхэд хувь хүний орлогын албан татвар гарна. Бүгд дарамт болж байна. Ялангуяа мод тарьдаг хүнд хэцүү. Нэг модыг үрээр тариад гурав, дөрвөн жилд том болгоно. Гацуур, хар мод, нарсыг тарьчхаад арваад жил болж байж борлуулалтад гаргадаг. Тэр арван жилийн турш цалин өгч, ус хийж, техник ашиглаж байна. Ингээд өөрийн өртөг нь аймаар өндөр гарчихдаг. Бүр дээр үед нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлдөг байсан. Энэ чинь улирлын чанартай ажил шүү дээ. Өвөл болохоор бид ажиллаж чадахгүй. Урьд нь бид яагаад тогтвортой ажиллаж чадаж байсан юм бэ, ямар нөхцөл хангагдаж байсан бэ гэдгийг судлах хэрэгтэй. Бэлэн байсныг устгачхаад, өнөөдөр шинээр хийж байгаа юм шиг явж байна.
-Угтаа "Чөлөөлнө" гээд байдаг шүү дээ?
-Ямар салбарыг чөлөөлөх вэ гэвэл таван хөтөлбөрт хамрагдаж байгаа салбаруудаа чөлөөлөх ёстой. Би машинаар гутал үйлдвэрлэдэг хүн биш шүү дээ. Машин миний ажлыг хийж өгдөггүй. Үүнийг хуулиар баталж, хэрэгжүүлэх журмыг нь гаргах нь төрийн ажил. Улсын Их Хуралд сууж байгаа гишүүд ийм зүйлийг бодох учиртай.
-Танай аж ахуй төрийн байгууллагуудаас хэр анхаарал, дэмжлэг авч байна вэ?
-Өнөөдөр хамгийн их яригдаж байгаа зүйл бол төр, хувийн хэвшлийн уялдаа, түншлэл. Гэтэл бид төрийн байгууллагуудтай түншилж дийлэхгүй байна. Мод тарьдаг хүмүүсийг төр огт олж харахгүй байгаа юм. Хүмүүс "Танайд төрийн мөнгө орж байна гэж ярьсан, та зээл авсан уу" гэж надаас их асуудаг. Гэтэл Хөдөө аж ахуйн яамнаас над дээр нэг ч хүн ирээгүй. Жимс, жимсгэний холбоо, ойн газар, батлан даалтын нэг байгууллага, нэг компани л ирж сонирхсон. Өчигдөр гэхэд нэг банкны салбарынхан хагас өдрийг зориулж ирээд судалгаа хийж явсан. Тэгэхээр бүх юм муу байна гэж хэлж болохгүй л дээ. Ингэж ярихаар юманд гомдоод байгаа юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ төр үүнийг заавал хэрэгжүүлэх ёстой. Энэ бол үндсэн суурь гэж би хардаг. Би ганц өөрийнхөө тухай яриагүй. Энэ ажлыг хийдэг мэргэжлийн хүмүүс бий шүү дээ.
-Тариалангийн ажилд техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ ямар байна вэ?
-Төр тендэр зарлаж 1960-1970- иад онд хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг авчирч шахах хэрэггүй. Сая явахдаа төмсний тоног төхөөрөмж үзсэн. Манайд төмсөө гар аргаар хураана, цэрэг ажиллуулна, оюутан аваачиж сар ажиллуулна гээд л байдаг. Хүн олдохгүй, ургацаа алдаж байна. Гэтэл олон улсад ганцхан техник ухаж, ялгаж, ангилаад, хамгийн сүүлд конвейерээр машин дээр ачаад өгч байна. Ийм техник авах гэхээр манайд тендер зарлаж, нэг компанид эрх өгдөг. Мэргэжлийн бус компани хүнд хэрэггүй, хуучирсан техник оруулж ирдэг. Заавал оюутнаар хураалгаад яах юм, техникээр хураачихна. Хоног хугацаа ч, хөдөлмөр ч, цалин мөнгө ч хэмнэгдэнэ. Техникийг Америкаас, Европоос, Хятадаас авах уу, дотооддоо авах уу гэдгийг хэрэглэгч өөрөө шийднэ. Төр оролцоод яах юм.
-Ирэх онд аж ахуйгаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх жил гурав, дөрвөн хүлэмж барих хэрэгтэй байна. Дэмжлэг олдохгүй бол бид юу ч хийж чадахгүй. Бидний барьж байгаа нэг өвлийн хүлэмж бараг 400-500 сая төгрөг болчихлоо шүү дээ. Би 400–500 сая төгрөг гаргаж чадахгүй. Гэхдээ надад хөнгөлөлтэй зээл 10 жилийн хугацаатай олговол би төлж магадгүй. Ажлаа сайн хийж чадаж байгаа бол зээлийг хөнгөлөөд, хаагаад өгөх хэрэгтэй. Сая банкны системийн тухай ярилаа шүү дээ. "Энэ хүн гурван жил амжилттай ажиллаж, ургацаа хураалаа. Атрын дөрөвдүгээр аяны зорилтыг биелүүллээ. Зээлийн 70 хувийг нь тэглэж өгье" гэх ёстой. Түүнээс биш намайг идэр залуу наснаас хөгшин болтол өрөнд дарж яах юм.
-Цаашид Монголд тарьсан усан үзмийг экспортлох боломж бий юу?
-Үүнийг би борлуулалтын үеэр ч, олон нийтийн сүлжээнд ч хэлсэн. Олуулаа болох юм бол экспортын боломж маш тодорхой. Би Сингапурын зах зээлд гармаар байна. Энэ удаа ургац хураалтын үеэр гадны зочид ч сонирхсон. Узбекистаны Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, хятад, японы хүмүүс ч ирж амталсан. Амтыг нь ерөөсөө тасархай гэж байсан. Олон нийтийн сүлжээнд бидний тухай ярьж байгааг хараад өөрсдөө олж ирсэн юм. Миний Узбекистан руу явсан шалтгаан нь энэ. Тэр орлогч сайд Монголд ажлаар ирчихээд, манайхыг заавал үзэх ёстой гэж Элчин сайдын яамтайгаа яриад, элчин сайдаа дагуулж ирсэн. Тэгээд "Есдүгээр сарын 3-аас 5-ны хооронд та манайд очвол би өөрийнхөө ургац хураалтыг үзүүлье" гэсэн. Манай усан үзэм үнэхээр шал өөр юм байна гэж баталгаатай хэлж байсан шүү.
-Энэ бол миний хувийн ажил биш, төрөөс дэмжих ёстой асуудал. Аж ахуйн нэгж дээр хэрэгжихгүй бол төрийн бодлого юунд хэрэгтэй юм бэ. Одоо мод тарьж байгаа хүмүүс настай, буурал болчихсон ч ажлаасаа холдож чадахгүй байна. Манай залуучууд ч гэсэн нэг ажил хийгээд шантрах биш, тууштай хийвэл бүх боломж, бүх арга нь байдаг. Энэ улсын иргэд Солонгос, Европ явж амьдрах биш, энд амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Аж ахуй тань хуулийн үндэс дээрээ босчихсон бол хөдөлмөр тань үнэлэгдээд явна. Уйгагүй зүтгэж байж л ард нь гарна. Би санаа бодлоо тэр бүр хэлж чаддаггүй учраас энэ боломжийг ашиглаад ийм л юм хэлмээр байна.





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.