Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ тойрог замд зэвсэг байршуулсан нь БНХАУ, ОХУ-тай хийж буй сансрын өрсөлдөөнийг хурцатгана

АНУ энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ сансарт анх удаа зэвсэг байршуулсан гэдгээ ил тод хүлээн зөвшөөрлөө. Ингэж мэдэгдэл хийсэн нь сансрын орон зайг цэрэгжүүлэх үйл явцад шинэ эрэн үе эхэлж буйн дохио болов. АНУ-ын албаныхан мэдэгдэхдээ, дэлхийн тойрог зам дахь БНХАУ, ОХУ-ын түрэмгий үйл ажиллагааг тогтоон барих зорилгоор сансар дахь зэвсгийн чадамжийг нэмэгдүүлж байна гэжээ.

Тухайлбал даваа гарагт /2026.09.14/ АНУ-ын Агаарын хүчний нарийн бичгийн дарга Трой Майнк хэлэхдээ “Дайсны зүгээс сансарт явуулж болох халдлагын эсрэг зэвсэгт хүчнийг хамгаалах чадвартай, зэвсгийг тойрог замд байршуулсан” гэсэн юм.

Түүнийг ингэж хэлсний дараа буюу мягмар гарагт /2026.09.15/ АНУ-ын Сансрын хүчний командлагч Дуглас Шисс мэдэгдэхдээ, ойрын жилүүдэд тойрог зам дахь хамгаалалтын зэвсгийн нөөц, чадавхаа нэмэгдүүлэхдээ сахилга баттай, хариуцлагатай сонголт хийнэ хэмээсэн байна.

Сүүлийн үед АНУ болон ОХУ, БНХАУ нарын хооронд дэлхийн тойрог замтай холбоотой нөхцөл байдал хурцдаад байсан юм. Нөхцөл байдал хүнд үед Пентагоны өндөр албан тушаалтнууд тойрог замд зэвсэг байршуулснаа хүлээн зөвшөөрсөн нь олны анхаарлыг татлаа.

 “Secure World Foundation” байгууллагын Сансрын аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудал хариуцсан захирал Виктория Самсон хэлэхдээ “Бид сансрын зэвсгийн талаар огт ярьдаггүй байсан бол одоо сансарт зэвсэгтэй гэдгээ шууд хэлдэг боллоо. Сансрын зэвсгийн талаарх  хандлага улам бүр өөрчлөгдөж байна” гэжээ.

АНУ тойрог замд зэвсэг байршуулснаа хүлээн зөвшөөрсөн талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун мэдэгдэл хийхдээ “Бээжин сансрын орон зайг энх тайвнаар ашиглаж, аюулгүй байлгахыг дэмждэг. Сансарт ашиглах зэвсгээр өрсөлдөх, сансрыг зэвсэгжүүлж, дайны талбар болгох аливаа оролдлогыг эсэргүүцдэг” гэсэн байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам Вашингтон тойрог замд зэвсэг байршуулснаа хүлээн зөвшөөрсөн нь сансарт гарч болзошгүй мөргөлдөөний үр дагаврыг үл тоомсорлосон үйлдэл хэмээсэн юм. Мөн ийм алхам нь сансарт явуулах үйл ажиллагааны урт хугацааны тогтвортой байдалд заналхийлж байна гэжээ.

Дэлхийн сансрын салбарын тэргүүлэх гурван гүрэн болох АНУ, БНХАУ, ОХУ нь олон жилийн турш хиймэл дагуулын сүлжээ болон маневр хийх боломжтой сансрын төхөөрөмжүүдийг олноор нь хөгжүүлж, байршуулсаар ирсэн. Эдгээр төхөөрөмжийн зарим нь бусад орны сансрын төхөөрөмж рүү халдах, ажиллагаанд нь саад учруулах боломжтой.

Гэхдээ сансар нь харьцангуй шинэ цэргийн талбар учир хэм хэмжээ, стратегийн жишиг, дайны үеийн олон улсын эрх зүйн зохицуулалтыг бүрэн боловсруулаагүй байгаа юм. Ийм учир ч улс өөр улсын хиймэл дагуул руу довтолж, устгасан тохиолдол одоогоор гараагүй байна.

Зургийн эх сурвалж: DARPA

Ямартай ч АНУ ийнхүү мэдэгдэл хийсэн нь сансрын технологийн өрсөлдөөн цэргийн мөргөлдөөний бэлтгэл болж хувирч байгааг харууллаа. Украин болон Ойрх Дорнодын дайнууд нь орчин үеийн мөргөлдөөнд хиймэл дагуул чухал үүрэгтэй болохыг онцолж өгсөн.

АНУ-ын Сансрын командлалын Чадавх, нөөцийн уялдаа холбооны газрын захирал Ричард Палмер “Сансарт зэвсэг байршуулснаа хүлээн зөвшөөрч, ил тод мэдэгдэх нь халдлагаас сэргийлж, тогтоон барих хүчин зүйл алдагдахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тогтоон барих арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй тохиолдолд зэвсгээ ашиглахад бэлэн байх шаардлагатай” гэж гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Эцсийн эцэст манай зэвсэгт хүчин болон холбоотнуудын зэвсэгт хүчинд сансрын орон зай зайлшгүй хэрэгтэй. Манай эдийн засаг ч мөн сансрын орон зайгаас хамаардаг. АНУ эдгээр чухал ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байна” гэсэн юм.

Сонирхолтой нь АНУ-ын албан тушаалтнууд ямар төрлийн зэвсэг байршуулсан талаар огт мэдээлэл өгөөгүй. Аугуста их сургуулийн Тагнуул, аюулгүй байдлын судалгааны магистрын хөтөлбөр хариуцсан захирал Крэйг Алберт хэлэхдээ, ийм тодорхойгүй байдал үүсгэснээрээ сансарт зэвсэг байршуулах өрсөлдөөн эрчимжиж магадгүй гэжээ. Тэрбээр “Бүрэн мэдээлэл өгөөгүй тохиолдолд өрсөлдөгч талууд тэдгээр зэвсэг нь өөрсдийн хиймэл дагуулд заналхийлж байна гэж үзэн, сансрын зэвсэг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж магадгүй” хэмээсэн байна.

Улс орнууд сансарт дайтахад бэлтгэж байгаа

Олон жилийн турш их гүрнүүд хиймэл дагуулыг дэлхий дээрх зэвсэгт хүчнийхээ холбоо, навигацийг зохицуулж, тагнуулын ажиллагаа явуулахад ашиглаж ирсэн. Гэвч одоо хиймэл дагуулуудыг зэвсэг хэлбэрээр харах нь нэмэгджээ. Аливаа мөргөлдөөний үед дэлхийн тойрог замд байршуулсан маневр хийх чадвартай хиймэл дагуулуудыг дайсны хиймэл дагуулуудын үйл ажиллагааг тасалдуулж, мэдрэгчийг нь лазераар идэвхгүй болгох зорилгоор ашиглах зэвсэг боломжтой юм.

Үүнээс гадна дайсны хиймэл дагуулыг барих ч хүчин чадалтайгаар хиймэл дагуулыг бүтээж болно. 2022 онд БНХАУ хиймэл дагуулаа ашиглан өөр биетийг тойрог замаас хөдөлгөх чадавхтай гэдгээ туршилтаар харуулсан билээ.

Саяхан АНУ сансарт динамик үйл ажиллагаа явуулах чадамжтай гэдгээ харуулахын тулд “Apollo Maneuvers” нэртэй томоохон сургуулилтыг тойрог замд хийсэн юм. АНУ, БНХАУ, ОХУ-аас гадна өөр орнууд мөн сансрын зэвсгийг эсэргүүцэх зэвсэг бүтээх сонирхолтой байна. Тодруулбал Герман улс дайснуудаас нь үзүүлж буй аюул заналхийллийг эсэргүүцэхийн төлөө 40 тэрбум ам.долларын төсөв батлаад байгаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button