Н.Номтойбаярт тал засахдаа Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэвшүүлж, Н.Учрал "дундын хүн" сонголоо

ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Амарсайханыг Засгийн газрын тэргүүн огцруулж буйгаа өчигдөр өглөө сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл С.Амарсайханы оронд Г.Тэмүүлэнг томилох саналаа намынхаа Улс төрийн зөвлөл, бүлэг рүү оруулах шийдэлд хүрчээ.
Г.Тэмүүлэн бол УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож буй. "Эрдэнэт” үйлдвэрийг алдарт Жастын Ш.Батхүүгийн хувийн бизнесийн барьцаанд тавиулахыг зөвшөөрсөн Ч.Ганзоригийн хүү. Тэрбээр МАН доторх НАМЗХ-гоор холбогдож, Н.Номтойбаяртай эдүгээ ч ойр яваа УИХ-ын гишүүн юм. Өмнөх Засгийн газрууд бүрдэхэд Г.Тэмүүлэн Сангийн сайд болох амбицтай байсан ч дэмжлэг авч чадаагүй.
Н.Номтойбаярын тухайд, С.Амарсайханыг огцруулсны дараа Засгийн газрынхаа эсрэг байр суурь илэрхийлж, зориудын бичлэгээр сайдаас нь буулгасанд харамсаж буйгаа илэрхийлсэн. Мөн "МАН-д уригдаж л очно" гэж дуугараад амжсан юм. МАН угшилтай хүмүүсээр гишүүнчлэлээ бүрдүүлсэн Үндэсний эвслийн хувьд 2027 оны сонгуулийн өмнө эрх баригчидтай нэгдэхгүй бол тэдний ялах хөзрийг эсрэг харуулчхаж мэдэх нюанс бий.
Нөгөөтэйгүүр "Бодь"-ийн Д.Баясгалангийн 10 хүрэхгүй улс төрчдөд тарааж өгсөн гэх 110 сая ам.долларын талаарх нээлттэй сонсголыг Н.Номтойбаяр ер нь дургүй нь хүрвэл УИХ дээр шуудхан хийчих эрсдэлтэй. Тэр Засгийн газраас гараад явчих эрсхэн зан ч гаргаж мэдэх дүр.
Тиймээс Н.Номтойбаяртай МАН-аас хамгийн ойр байгаа дүрд ХЗДХ-ийн сайдын суудал өгч, түүнд түр тал зассан аясыг Н.Учрал үзүүллээ гэж харж болно.
ХЗДХ-ийн сайдад Д.Цогтбаатар нэлээд хүчтэй яригдсанаас гадна Л.Мөнхбаатар, О.Номинчимэг нарын нэр ч гарсан. Анхлан С.Амарсайханыг огцруулах үеийн Н.Учралын Ерөнхийлөгчтэй зурсан план нь ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох агууулга байв. Гэвч МАН доторх 30 талаас "Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилбол Н.Учрал өөрөө огцорно" гэдэг мессэжээ өгсөн.
Ингэснээр танхимдаа Г.Занданшатар шиг галыг Н.Учрал үүрэхгүй байх сонголтыг хийчхэж байгаа нь энэ юм.
Гэхдээ Н.Учрал намын даргын хувиар 30-ийн талынханд сэрэмжлүүлэг өгөхөөр С.Амарсайханыг огцруулж буй. Тэр ч утгаараа шуудхан энэ талаас хүн томилохгүй нь тодорхой байв. Харин намын бүлэг дотроо 38|30 бүлгийн дунд гүйж, хаашаа ч хөрвөсөн дүр үзүүлж буй "дундын бүс" дэх Г.Тэмүүлэнг сайдаар ажиллуулах шийдвэр гаргажээ. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм.
Г.Тэмүүлэнгийн хувьд Засгийн газраас Н.Номтойбаярыг гаргачихгүй байх, Г.Занданшатарт хөөгдсөн Л.Мөнхбаатараа зөөллөх зэрэг үүрэг хүлээж, сайдаар томилогдож байна гэсэн үг. Н.Номтойбаяр тэгэхээр энэ долоо хоногт ямар тоглолт хийх нь вэ гэдэг хамгийн сонин өнцөг болчхож байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яамны биш хүн төвөгтэй лдээ, бас 1 нь сөрөөл гараал ирнэ, энхбаяр нь зайлахгүй байхад тэмүүлэн чадахгүй лдээ