УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Тэмүүлэнг сайдаар танилцуулах чуулганы ирц МАН-ын хагарал, Н.Учралын хүчгүйдлийг харууллаа

Н.Учрал танхимаа бүтэн болгож, цаашдаа 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хуулиа УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахын тулд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30-ийн талтайгаа, эсхүл АН-тай зөвшилцөж, гар барих шаардлага үүслээ.

Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 14.00 цагт зарлан, ХЗДХ-ийн хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар ажлын цаг дууслаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хуралдуулахаар товлосон байсан чуулган ч хойшилж, ирэх даваа, мягмар гарагт хуралдуулахаар болоод байна.

АН-ын 42 гишүүн цөм завсарлагааны гурван хоногоо дуустал ямар нэгэн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй болохоо зарлачихсан. Харин МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирцээ бүртгүүлжээ.

Ирээгүй 24 гишүүнийг нэрлэвэл, 16 нь 30-ийн тал, долоо нь 38-ын талынхан байв.

30-ийн талынхнаас: Х.Булгантуяа, Б.Баярбаатар, О.Саранчулуун нар чөлөөтэй, Э.Болормаа, О.Батнайрамдал, Н.Алтаншагай А.Ариунзаяа, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Х.Баасанжаргал, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, М.Ганхүлэг нар тасалж, Ц.Идэрбат орон нутгийн томилолттой гэжээ.

38-ын талаас: Б.Чойжилсүрэн, С.Лүндэг, Ц.Даваасүрэн нар тасалсан, Б.Дэлгэрсайхан орон нутгийн томилолттой, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, Д.Батлут нар гадаад томилолттой гэжээ.

Мөн МАН-д эргэн орох санал ирвэл бодож үзнэ гэж ам нээсэн Н.Номтойбаяр 30-ийн талд хүч нэмж Үндэсний эвслийнхээ гурван гишүүний хамт чуулган таслав.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-ын бүлэгт 38, 30 гэсэн хуваагдал байхгүй. Ажил төрлөө өгсөндөө гоморхсон, улстөрч хоорондын харилцаатай холбоотойгоор 10 гаруй гишүүд эсрэг байх шиг байна. Намын удирдлагын зүгээс болон Хяналтын хорооноос биечлэн уулзаж, ойлголцох тал дээр ажиллаж байна. Засгийн газрыг огцруулах тухай ярьсан гишүүнийг МАН-аас хөөнө" гэж  мэдэгдсэн юм. Гэвч хуваагдал хэвээр буйг чуулганы ирц харууллаа.

Нэг талд, Н.Учралын танхимд 30-ийн талын таван сайд буй. Нэгийг нь сугалчихсан, оронд нь 30-ийн талаас урваж 38-д нэгдсэн Г.Тэмүүлэнг томилж буй нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дургүйг хүргэв.

Нөгөө талд, сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн шаардлага тавьсан.  Шалтгаан нь, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд Засгийн газрын тэргүүний хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол нь зардлыг бууруулах бус тэлсэн, Монгол Улсын 2027 оны төсөв нь 2026 оны төсвөөс 10 их наядаар давсан,  зардал өндөртэй тул итгэл үзүүлэх асуудлыг парламентаар хэлэлцүүлж дэнслүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Шуудхан хэлэхэд, Н.Учрал эл хоёр талын аль нэгтэй нь зөвшилцөж гар барихгүй бол Засгийн газрын тэргүүний суудал нь ганхах эрсдэл хүлээж байна. Н.Учралын танхимын хувь заяа ирэх долоо хоногт шийдэгдэх нь.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button