Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар ирж, ээлжит "ан"-даа гарах уу

Засгийн газрын тэргүүн Н.Учрал танхимынхаа дотроос шүд сугалж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлөхөө өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв. Төрийн ажил албан бланкан дээр биш, сайд дарга нарын хувийн сошиал хаягаар өрнөдөг болсны бас нэг тод жишээ энэ юм.
С.Амарсайхан оронд түүний “өст дайсан” Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар түр ажиллуулах "шуум" ч гарлаа. Хэрэв энэ үнэн бол эрх баригчдын дундах улс төрийн зодоон 38-ын бүлэг буюу Ерөнхийлөгчийн талд нааштайгаар эргэж байх шиг. Ерөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудал гэдэг МАН-ынхны нэгнээ намнах стратегийн гол байршил болсон юм даг уу.
Гэхдээ өнөөдрийн Ерөнхий сайдын хувийн хаяг дээрх мэдэгдлээс нэг зүйл анхаарал татаж буй нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлнө гэсэн явдал. Аль аль байгууллагын ямар албан тушаалтнуудыг чөлөөлөхөө тодорхой мэдэгдээгүй ч С.Амарсайханы томилсон хүмүүсийг өөрчлөх нь дамжиггүй. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажлаа авахдаа бүрэн эрхийнхээ хүрээнд хэд хэдэн томилгоо хийсний дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар Б.Мөнхдөл нар байсан.
Мөн ЦЕГ дахь одоогийн ЗГХЭГ-ын даргын томилгоогоор ирсэн хүмүүсийг чөлөөлсөн. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болонгуутаа ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулууныг, дэд даргаар О.Ганбат, Б.Дэлгэрсайханыг нарыг томилсон байдаг. Тэгвэл С.Амарсайхан ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар М.Батсайханыг, Стратеги, бодлого, инновац, хөгжил хариуцсан дэд даргаар Н.Баттөмөрийг тус тус томилон өөрчилсөн.
Хаанахын хэн хэн гэдэг удирдлагыг чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй ч төрийн цэргийн байгууллагын дотоод асуудалд гүйцэтгэх засаглалын тэргүүн ийн улайм цайм түрэмгийлэн оролцож буй нь зохисгүй үйлдэл юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.