УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2024 оны сонгуульд ХҮН намаас дэвшээд бүдэрсэн Л.Жамбаа ЭХЗХ-ны даргаар томилогдов

Ерөнхий сайд Н.Учралын ээлжит томилгоо хийгджээ. Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг, тус хорооны орон тооны зохицуулагчаар Б.Амарсанааг, орон тооны бус зохицуулагчаар Б.Ерэн-Өлзий нарыг тус тус томилсон байна.

Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, зохицуулагч Л.Дашмягмаржав нарын ажиллах томилгооны хугацаа дуусгавар болжээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдын захирамжийн дагуу хоёр жилийн хугацаатайгаар томилогдсон байна.

#1: 2024 оны сонгуульд ХҮН намаас дэвшээд өвдөг шороодсон Л.Жамбаа Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ирэв

Ажилласан байдал:

  • 2008 - 2009 Түлш эрчим хүчний яам, Мэргэжилтэн
  • 2009 - 2012 Эрчим хүчний газар, Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн
  • 2013 Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагад дадлагажигч
  • 2014 - 2015 Эрчим хүчний яам,Судлаач инженер
  • 2015 - 2016 Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжилтэн
  • 2016 - 2017 Эрчим хүчний зохицуулах хороо, Ахлах мэргэжилтэн
  •  2017 - 2022 Эрчим хүчний зохицуулах хороо, Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • 2022 - 2024 Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөр, Дэд захирал
  • 2024 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажлын албаны даргаар ажиллажээ.

Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ

  • Өөрийн орлого: ₮185 сая
  • Гэр бүлийн орлого: ₮134 сая
  • Нийтийн орон сууц 1, автозогсоол 1: ₮230 сая
  • Toyota, Kluger- 1, Lexus, 570- 1: ₮265 сая
  • Эзэмших гэрчилгээ бүхий нэг газар: ₮9 сая
  • Хадгаламж: ₮574 сая
  • Зээл: ₮94 сая
  • Мегасолар ХХК-д хувьцаа эзэмшдэг.

Түүний хувьд 2024 оны сонгуулийн тавдугаар тойрогт буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг хамруулсан тойрогт нэр дэвшээд бүдэрсэн байдаг.

#2: Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед ТНБД хүртэл дэвшсэн Б.Ерэн-Өлзий Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч болов

Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багшаас ажлаа эхлүүлж, улмаар 2012-2025 онд ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан. Улмаар 2025 оны 11 сард Эрчим хүчний яамны ТНБД-аар томилогдож байв. Одоо түүнийг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагчаар томилж байна.

Түүний ХОМ

  • Өөрийн орлого: ₮119 сая
  • Гэр бүлийн орлого: ₮86 сая
  • Нийтийн орон сууц 3, зуслангийн байшин 1, автозогсоол 1: ₮1.2 тэрбум
  • Toyota Prado загварын нэг автомашинтай: ₮95 сая
  • Таван адуутай: ₮5 сая
  • Эзэмших гэрчилгээ бүхий нэг газар: ₮10 сая
  • Үнэт эдлэл: ₮94 сая
  • Хадгаламж: ₮31 сая
  • Зээл: ₮51 сая
  • Премиум Нэксус ХК -д хувьцаа эзэмшдэг.

#3: 2019 онд орон тооны бус зөвлөхөөр 4 жилийн хугацаатай томилогдож байсан Б.Амарсанаа энэ удаа орон тооны зөвлөхөөр ирэв

Баатарын Амарсанаа нь Усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй. Япон, Пакистан, Герман, Өмнөд Солонгос зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. Усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. МУТИС-ийн доктрант.

Тэрбээр "Монинжбар” ХК-д даамал, төслийн менежер, төслийн ахлах удирдагч, ерөнхий инженер, АББ группын "ДЦС-3” төслийн инженер, автокайдын дизайнер, "Пилипп холзманн” компанид төслийн инженер, "Баярс констракшн” ХХК-д зөвлөх инженер, "Н ЭЙ БИ” ХХК-ийн Ерөнхий захирал, Барилга хот байгуулалтын яамны Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд хэлтсийн дарга, МУ-ын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байсан юм байна. Мөн 2019 онд Эрчим хүчний зохицуулах хороонд орон тооны бус зөвлөхөөр 4 жилийн хугацаатай томилогдож байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн ажиллаж байв. Энэ удаа орон тооны зөвлөхөөр ирэв.


ЭХЗХ нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, хяргаж, хүчингүй болгох чиг үүрэгтэй бие даасан төрийн байгууллага юм.

Гол үүрэг бол эрчим хүчний үнэ, тарифыг эдийн засгийн үндэслэлтэйгээр тогтоож, хэрэглэгч болон нийлүүлэгчийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх явдал юм. Мөн хороо салбарын стандарт, дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, маргаан шийдвэрлэх зэрэг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

Хорооны дарга нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хуралдааныг товлон хуралдуулж, гарсан шийдвэр, тогтоолыг батлан гарын үсэг зурж хариуцлага хүлээдэг. Түүнчлэн дарга нь хороог гадаад, дотоод харилцаанд төлөөлж, Засгийн газар, УИХ, эрчим хүчний сайд болон бусад холбогдох байгууллагатай харилцахдаа хорооны байр суурийг илэрхийлэх үүрэгтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button