НИЙГЭМ

Түрээслээд өмчлөх орон сууцны сарын төлбөр ам метр нь ₮11-15 мянга, урьдчилгаа 15% байна

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломжгүй иргэдэд орон сууцтай болох нэг боломж нь түрээслээд өмчлөх хэлбэр юм. Энэ хүрээнд “Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур-1008” орон сууцны төслийн тодорхой хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгохоор төлөвлөсөн. Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон.

Иргэдийг www.tosk.gov.mn цахим хуудсаар дамжуулан бүртгэж, ДАН системээр хүсэлтийн мэдээллийг баталгаажуулах юм. Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтойг албаныхан хэлж буй.

Түрээслээд өмчлөх хэлбэр нь иргэн орон сууц шууд худалдан авахын оронд тодорхой хугацаанд түрээслэн ашиглаж, түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр хуримтлуулах замаар өмчлөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт юм.

Иргэн тав хүртэлх жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, орон сууцны үнийн тодорхой хувийг бүрдүүлсний дараа үлдэгдэл төлбөрт ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Өмнө нь урьдчилгаа төлбөрийг орон сууцны үнийн 30% байхаар тооцож байсан бол шинэ зохицуулалтаар 15 хувь болгон бууруулсан юм.

“Солонго-1, 2” төслийн түрээслээд өмчлөх орон сууцны урьдчилгаа төлбөрийг өмнө нь 30% байхаар тооцож байсан бол шинэ зохицуулалтаар 15% болгон бууруулсан. Энэхүү орон сууцны нэг ам метрийн үнийг 4.428 сая төгрөгөөр тооцож байна. Тухайлбал, 42 ам метр талбайтай байрны үнэ ойролцоогоор 186 сая төгрөг болох бөгөөд 15 хувийн урьдчилгаа нь 27.9 сая төгрөг орчим байна.

Түрээслээд өмчлөх орон сууц нь зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн.

Төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, залуу гэр бүл, ахмад настан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон иргэн, байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдах боломжтой.

“Солонго-1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны 35% буюу 715 орчим байрыг төрийн албан хаагчдад хуваарилахаар төлөвлөсөн байна. Үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 408 байр хуваарилахаар тусгажээ.

-Төлөлт нь өрхийн сарын дундаж орлогын 45%-иас хэтрэхгүй байх ёстой-

Бүртгүүлэгч нь Улаанбаатар хотын харъяалалтай, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх бөгөөд эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагатай юм. Мөн гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай орон сууцгүй эсхүл өмнө нь орон сууц өмчилж байгаагүй байх ёстой.

Түүнчлэн тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх. Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь түрээс болон орон сууц өмчлөх төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх шаардлага тавьж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөргүй, төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх зэрэг бусад шалгуурыг мөн хангасан байх ёстой.

Шинэчилсэн зохицуулалтаар Улаанбаатар хотын түрээсийн орон сууцны нэг ам метрийн сарын төлбөрийг 11-15 мянган төгрөгөөр тооцож байна. Иргэн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг 14 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тусгажээ. Түрээслэхэд гурван сарын түрээсийн барьцаа авах аж. Түрээслээд өмчлөхийн тулд нэг жилийн хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүйгээр түрээсэлсэн бол түрээслээд өмчлөхөд шилжүүлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button