Танилц: Есдүгээр сарын цаг агаарын төлөв
Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан энэ сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Есдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2...8°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан.
Есдүгээр сарын агаарын дундаж температур 1979–1997 оны хооронд 18 жил (1988 он ОЖД–ийн орчим) дараалан нийт нутгаар ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байсан бол 1998, 2000–2003, 2005–2008, 2010, 2016, 2019–2025 (2024 он ОЖД–ийн орчим) онуудад ОЖД-аас 1–3°С–аар дулаан байсан байна. Харин 1992 оны 9–р сард ОЖД–аас 2.6°С–аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2019 оны 9–р сард ОЖД–аас 3.4°С–аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм. Есдүгээр сарын нийлбэр хур тунадас 1995–1997, 2000–2002, 2004–2014 дарааллан ОЖД–аас бага байсан бол 1987–1989, 1991–1994, 1998–1999, 2015–2016, 2023-2025 онуудад дарааллан ОЖД–аас харьцангуй ахиу тунадас оржээ. 2002 онд нийт нутгийн дунджаар ОЖД–аас 19 мм–ээр бага тунадас орсон нь түүхэн дэх хамгийн хуурай 9–р сар болсон бол 2023 онд ОЖД–аас 38 мм–ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 9–р сар болсон байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна..
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.