Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж буй нь дэлхийн эдийн засаг болон Монголд хэрхэн нөлөөлөх вэ
Наймдугаар сард Ираны дайны нөхцөл байдал харьцангуй нам гүм өнгөрч, талууд харилцан цохилт өгсөн тохиолдол гараагүй юм. Гэвч сүүлийн долоо хоногуудад нөхцөл байдал эрс хурцдан АНУ, Иран гал нээж эхэллээ. Мөн Улаан тэнгис дэх Саудын Арабын газрын тосны экспортыг тасалдуулах зорилготой халдлагууд дэлхийн зах зээлд шинэ эрсдэл дагуулж байна.
Ормузын хоолой, Улаан тэнгис хоёр бол дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний хамгийн чухал хоёр цэг. Саудын Араб Зүүн-Баруун чиглэлийн газрын тос дамжуулах хоолойгоороо Ормузын хоолойд үүсээд буй нөхцөл байдлыг тойрч газрын тосоо Улаан тэнгисээр дамжуулж экспортолж байсан.
Гэвч өнгөрсөн баасан гарагаас хойш /2026.09.11/ Зүүн-Баруун чиглэлийн газрын тос дамжуулах хоолойны үйл ажиллагааг халдлагын улмаас түр зогсоосон юм. Багдад болон Эр-Рияд мэдэгдсэнээр тус халдлагыг Ирак дахь террорист бүлэг үйлджээ. Үүнтэй зэрэгцэн Йемен дэх хуситууд Улаан тэнгис дэх Саудын Арабын тээвэрлэгч хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах халдлага үйлдэж байгаа юм.
Эдгээр хүчин зүйлсийн улмаас Брент маркийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт тавдугаар сараас хойш анх удаа 100 ам.долларын босгыг давав. Даваа гарагт /2026.09.13/ Брент баррель нь 107.3 ам.доллароор арилжиж байсан нь энэ он гарснаас хойш 58.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсан нь дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлж болохыг харцгаая.
Газрын тосны зах зээл
Түүхий эдийн шинжээч нар өнгөрсөн долоо хоногт анхааруулахдаа Ираны дайныг зогсоох хүчин чармайлт зогсонги байдалдаа хэвээр байвал Брент 120 ам.доллар, цаашлаад 150 ам.доллар хүрэх эрсдэл бий гэж анхааруулсан юм.
Саудын Араб Зүүн-Баруун чиглэлийн хоолойгоо ирэх өдрүүдэд ажиллагаанд оруулахгүй бол экспортод зориулсан газрын тосны нөөц нь дуусна. Ингэснээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт дөрөв хүртэл хувиар буурах эрсдэлтэй гэж Саудын Арабын газрын тосны салбарынхан анхааруулжээ.
Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч тус улсын нийлүүлэлт буурвал дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн хомсдол улам даамжрах эрсдэлтэй. Одоогийн нөхцөл байдалд үүсээд буй хомсдолын улмаас дэлхий даяар түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрээд байгаа.
Дайн эхлэхээс өмнө Ойрх Дорнодын орнууд Ормузын хоолойгоор өдөрт ойролцоогоор 22 сая баррель газрын тос дэлхийн зах зээлд нийлүүлдэг байсан юм. Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал өдөрт 6-9 сая баррель болж буурчээ. Саудын Араб өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ, газрын тосны олборлолт наймдугаар сард өдөрт ердөө 6.2 сая баррель болсон гэсэн юм. Энэ нь дайн эхлэхээс өмнөх үе буюу хоёрдугаар сарын 10.9 сая баррелиас эрс буурсан үзүүлэлт юм.
Газрын тосны үнэ нь инфляцын түвшинд шууд нөлөөлдөг. Инфляц өссөнөөр төв банкнууд бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай болно. Өнгөрсөн долоо хоногт Европын Төвбанк инфляцын өсөлтийн улмаас бодлогын хүүгээ 2.5 хувь болгон өсгөсөн юм. Үүсээд буй инфляцын дарамт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг Европын Төвбанк анхааруулсан байна. Иймээс аравдугаар сард тус банк бодлогын зөвлөлийн хуралдаан хийхдээ дахин хүүг нэмэх шийдвэр гаргаж магадгүй гэх хүлээлт нэмэгдсэн юм. Энэ долоо хоногт АНУ, Япон, Их Британийн төв банкнуудын бодлого боловсруулагчид хуралдаж бодлогын хүүгээ нэмэх эсэхээ шийдэх төлөвтэй байгаа.
Бондын зах зээл
Газрын тосны үнэ огцом өссөн нь улс орнуудын эдийн засгийн төлөвт тодорхойгүй байдлыг нэмэгдүүллээ. Үүний улмаас Засгийн газруудын бонд гаргах зардал өсөөд байна. Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцдахаас өмнө томоохон эдийн засагтай орнуудын бонд гаргах өндөр түвшинд хүрээд байсан билээ. Тэгвэл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсаны улмаас бонд гаргах зардал үргэлжлүүлэн нэмэгдлээ.
Бонд гаргах зардал буюу бондын өгөөж өндөр байх нь иргэд болон компаниудад учрах санхүүгийн дарамтыг нэмэгдүүлдэг сөрөг талтай. Үүнээс гадна улс орнуудын Засгийн газруудын санхүү хүндрэх эрсдэлтэй.
Евро бүсийн жишиг үзүүлэлт тооцогддог, найдвартай хөрөнгө оруулалтын капитал болдог Германы арван жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өнгөрсөн долоо хоногт 2011 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа 3.5 хувийг давсан байна. “NBC News ”ийн мэдээллээр даваа гарагт /2026.09.13/ өгөөж нь 3.52 орчим хувьтай байв.
АНУ-ын арван жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.09.10/ сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа 4.9 хувийг давсан байна. Даваа гарагт арван жилийн хугацаатай бондын өгөөж 4.96 орчим хувьтай байсан юм.

Японы арван жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж хоёр долоо хоногийн өмнө 3 хувьд хүрсэн нь 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон. Даваа гарагт өгөөж нь 2.99 орчим хувьтай байв. Ази, Номхон далайн бүс нутгийн ихэнх зах зээлд бондын өгөөж мөн өссөн байна. Австрали болон Өмнөд Солонгосын бондын өгөөж ч нэмэгдсэн юм.
Бондын өгөөж өссөнөөр тухайн орны зах зээл дэх зээлийн хүүд шууд нөлөөлдөг. Үүнд засгийн газрууд бонд гаргаж зээл авахаас гадна орон сууцны зээл, оюутны зээл, автомашины зээл зэрэг зүйлс багтана. Хүү өсөхөөр иргэдийн зээл авч, мөнгө зарцуулах сонирхол буурч, улмаар эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй.
Бондын өгөөж өсөж буй нь санхүүгийн бусад салбарт ч нөлөөлнө. Онолын хувьд бондын өгөөж өндөр байх тусам хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах сонирхол нь буурдаг.
Монгол Улсад ямар нөлөөтэй вэ
Газрын тосны үнийн өсөлтийг дагаж дэлхий даяар инфляц нэмэгдэж байгаа. Инфляцын өсөлт мөн Монгол Улсад ч ажиглагдана. 2023 оны нэгдүгээр сараас хойш Монголын Засгийн газар ОХУ-аас АИ-92 бензинийг тонн тутмыг нь 705 ам.долларын хөнгөлөлттэй хил үнээр худалдан авч ирсэн. Гэхдээ тус гэрээнд зааснаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ гурван сар дараалан 30-аас дээш хувиар өсөх эсвэл буурах тохиолдолд хил үнийг дахин хэлэлцэн тогтоох юм. Ойрх Дорнодын дайны улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдсэнээр ОХУ-аас орж ирэх бензиний хэл үнэ ч мөн нэмэгдсэн юм.
Ормузын хоолой болон Улаан тэнгисийн газрын тосны тээвэрлэлт үргэлжилсэн хугацаагаар тасалдвал дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ илүү нэмэгдэх эрсдэлтэй. Ингэснээр ОХУ-аас орж ирэх бензиний хил үнэ өсөхөд хүргэж, цаашлаад инфляцын дарамтыг даамжруулах магадлалтай байна.
Эх сурвалж: Reuters, NBC News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.