Ж.Золжаргал: Эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн 40 гишүүний 30 нь НИТХ-ын төлөөлөгч, НЗДТГ-ын албан тушаалтнууд байна

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нийслэлийн дулааны эрчим хүчний салбарын ТӨК-иудад хийсэн аудитын дүгнэлтийн зөрчлүүдийг олон нийтэд танилцууллаа.
Тэрбээр
“Үндэсний аудитын газар бол УИХ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон төсөвт хяналт тавих үүрэгтэй чухал байгууллага. Эрчим хүчний компаниудын менежментийг сайжруулах үүднээс “Эрчист Монгол” гэх компанийг төр байгуулсан ч удалгүй татан буугдсан.
- Аудитын тайланд дурдсанаар тухайн компани зөвлөгөө өгч, менежмент заах нэрийдлээр УБ хотын эрчим хүчний компаниудаас ₮1 тэрбумыг цуглуулж авсан ч зөвлөгөө, менежмент алийг нь ч өгөөгүй.
- Дахин арилжааны банкуудаас 1.9 тэрбумыг зээлж авчээ. Ийнхүү үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явуулаагүй гэх аудитын дүгнэлтээр 2.8 тэрбумын өртэй гарсан.
- Тэгтэл татан буугдах өдрөө үйл ажиллагаа явуулсан ажилтнуудаа баярлуулна гэх нэрийдлээр 330 саяыг хувааж авсан байна. Энэ мөнгийг буцааж өг.
Зөвхөн “Эрчист Монгол”-оор ч дуусаагүй.
- Хамтарсан засгийн үед Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний компаниудад бүтээмжийн менежер гэх орон тоо гаргаад богино хугацаанд эхлээд ₮1 тэрбумыг бас зарцуулсан.
Засгийн газрын шийдвэрийн араас нийслэлийн Засаг даргаас шийдвэр гараад нийслэлийн өмчит эрчим хүчний дулааны компаниудад бүтээмжийн менежер гэх босоо тогтоцтой бүтэц шинээр гаргаж ирсэн.
Богино хугацаанд эдгээр шийдвэрүүдээс болоод нийт 5.5 тэрбум хохирлыг улсад учруулжээ. Үүнийг хэн төлөх юм бэ? Хохирол үзүүлсэн хүмүүс нь төлж чадахгүй бол энэ нь төсөв дээр орж ирнэ” хэмээн онцоллоо.
Төрийн өмчит компанийн ТУЗ-д нийт гишүүдийн гуравны нэгээс багагүй хувь нь хараат бус гишүүд байх ёстойгоор хуулинд тусгасан. Гэтэл энэхүү аудитын тайланд дурдсанаар хуулинд харш буюу нийслэлийн эрчим хүчний салбарын 9 компанийн ТУЗ-ийн 81 гишүүний 61 нь төрийн албан хаагч, орон нутгийн өмчит эрчим хүчний компаниудын ТУЗ-ийн 40 гишүүний 30 нь НИТХ болон нийслэлийн ЗДТГ-ын албан тушаалтнууд байсныг Ж.Золжаргал тодотгосон юм. Үндэсний аудитын газрын уг дүгнэлтийг удахгүй УИХ-ын Байнгын хороогоор хэлэцүүлэхээр төлөвлөж буй аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.