Хоёр жил болгохгүй "сэлгэдэг" АБГББХ-ны дараагийн дарга хэн бэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (АБГББХ)-ны даргын албыг гурван жил орчим хашсан Ганзоригийн Тэмүүлэн өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Одоо Г.Тэмүүлэнгийн оронд хэн тус байнгын хороог даргалах вэ гэдэг удаах марафон гишүүдийн дунд хэдийн эхлээд буй.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, төрийн нууцын хадгалалт хамгаалалт, гадаад бодлогын асуудлыг хариуцан зангиддаг онцлогтой чухал бүтэц.
Г.Тэмүүлэнгээс өмнө буюу сүүлийн 10 жилд тус байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан 2022-2024, Б.Баттөмөр (2021-2022), Т.Аюурсайхан (2019-2020), О.Содбилэг (2017-2018), Ж.Энхбаяр (2016) нар ажиллаж байсан юм. УИХ-ын гол байнгын хорооны даргыг эрх баригчид богино хугацаанд сэлгэж, албан тушаалын дамжлага болгож ирсэн нь эндээс харагдахаар байна.
Хуулиараа байнгын хорооны даргыг сонгохдоо тухайн хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн тохиолдолд албаждаг.
Гэхдээ байнгын хорооны даргад нэр дэвшигчийн гол шалгуур нь хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажилласан хугацаа болоод туршлагыг нь харгалздагаараа онцлог. Одоогийн бүрэлдэхүүнээс нь харахад, тус хороонд сайд биш бөгөөд дахин сонгогдсон таван гишүүн бий.
Гэхдээ АН-ын гишүүд голдуу байгаа тул эрх баригч МАН-ынхан сөрөг хүчиндээ энэхүү чухал “мест”-ийг найр тавьж өгөхгүй нь тодорхой биз. Тиймээс хамгийн боломжит хувилбар нь 38-ын талаас Д.Цогтбаатар, 30-ийн талын Л.Оюун-Эрдэнэ нар байж мэднэ. Хэрхэхээ МАН-ынхан эрх биш шийдэж дөнгөх биз, хугацаа ч алга.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.