Зөвлөх инженер О.Бавуудорж: Өвөл хөлдчихөөр хэмжээний дулаан алдахгүй, гэвч гэртээ нүцгэн суудаг маань бол хумигдана
Эрчим хүчний хараат бус байдал нь Монгол Улсын хөгжлийн эн тэргүүний бодлого зорилт байсаар ирсэн ч манай урдаа барьдаг хамгийн том төсөл "Оюутолгой" гэхэд л 100 хувь гаднаас эрчим хүчээ импортолдог. Сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн хүрээнд Эрчим хүчний яамнаас анх удаа 6 багц аукцион зохион байгуулахаар ажлаа эхлүүлээд буй. Анхны сэргээгдэх эрчим хүчний аукционд нарны цахилгаан станцаас нэг кВт цаг эрчим хүчийг хамгийн багадаа 4.85 ам.центээр нийлүүлэх төсөл шалгарсан.
Тэгвэл өнөөдөр хоёр дахь сонгон шалгаруулалт болох Говийн бүсийн 2 багц аукционыг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах гэж буй. Иймд сэргээгдэх эрчим хүчний аукцион, нүүрсний станцын ирээдүй, ногоон шилжилт болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний зөвлөх инженер, доктор О.Бавуудоржтой ярилцлаа.
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахад та ажилласан. Энэ өөрчлөлтөөр юуг өөрчилж сайжруулсан юм. Хэр сайн эрх зүйн шинэчлэл болсон бэ?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль анх 2007 онд батлагдсан юм. Гэвч төслүүд хэрэгжиж чадахгүй удсаар анхны төсөл болох Салхитын цахилгаан станц 2013 онд л ашиглалтад орсон. Түүнээс хойш хэд хэдэн станц нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 2014 оны үеэс энэ салбарт гэнэт янз бүрийн бизнесийн сонирхол хүчтэй орж ирж, сэргээгдэх эх үүсвэр байгуулна гээд л тусгай зөвшөөрөл аваад явчихдаг байсан. Тухайн үед Монгол Улс 1 гигаваттаас жаахан л илүү суурилагдсан хүчин чадалтай байлаа. Гэтэл 2019 он гэхэд маш олон төсөл тусгай зөвшөөрөлтэй болсон. Хэрэв тэр бүгдийг барих юм бол нэгдүгээрт, техникийн хувьд огт боломжгүй. Хоёрдугаарт, өмнө нь тогтоосон үнэ нь дэндүү өндөр байсан. Судлаачийн хувиар үүнээс яаж гарах вэ гэж бодоод, дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хөгжүүлж байгааг судалсан. Судлаад үзэхэд бүх орон эхэндээ манайх шиг хатуу тогтоосон үнээр худалдаж авах замаар явсан байна. Харин дараа нь үүнээсээ татгалзаж, өрсөлдөөн рүү шилжсэн. Хэн хамгийн хямд үнээр, хэрэглэгчид тааламжтай нөхцөлөөр нийлүүлж чадах вэ гэдгээр нь сонгож эхэлсэн байгаа юм. Олон улс орон ийм тогтолцоог нэвтрүүлж, эрчимтэй хэрэгжүүлж байгаа.
Манай систем өөрөө жижиг. Тиймээс хаана, ямар хүчин чадлын эх үүсвэрийг хэдий хэмжээгээр авч чадахаа эхлээд тогтооно. Дараа нь хувийн хэвшилд санал болгоно. Хувийн хэвшлийнхэн судлаад, хамгийн тааламжтай нөхцөлөөрөө өрсөлдөнө. Энэ арга манайд тохирох юм байна гэж үзээд хуульд тусгах ажлыг эхлүүлсэн. Олон судалгаа хийж, бичиг баримт бүрдүүлж, олон ч талтай ярилцсан. Хууль батлах процесс удаан шүү дээ. Тэр бүх шатыг туулаад 2019 онд бид хуульд өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ үнийг нь бас буулгасан. Урьд нь нарны эрчим хүчний нэг киловатт цагийг 15–18 центээр худалдаж авна гэж хуульд заачихсан байсан. Үүнийг өөрчилж, нарны эрчим хүчийг 12 цент хүртэл гэж дээд хязгаар тогтоосон. Доод хязгаар байхгүй. Салхины хувьд дээд хязгаар нь 8.5 цент. Ингээд дээд хязгаарыг нь тавьчхаад, түүнээс доош өрсөлдүүлэх тогтолцоо бүрдсэн. Гол үзэл санаа, амжилт нь энэ л дээ.
-Аукцион гэж юу болохыг уншигчид төдийлөн сайн мэдэхгүй байх. Энгийнээр тайлбарлавал?
-Аукционыг нээлттэй дуудлага худалдаа гэж ойлгож болно. Дуудлага худалдаагаар бид хамгийн өндөр үнэ хэлсэнд нь бараа зардаг. Аукцион яг тэр зарчмаар явагдана, гэхдээ эсрэгээрээ. Хэн хамгийн хямд үнийн санал тавьсан, түүнд төслөө өгдөг.
Аукцоины давуу тал нь ил тод. Булхай луйвар орох боломж үнэндээ байхгүй. Хэн хамгийн хямд, найдвартай нийлүүлж чадах вэ гэдэг л шалгуур. Хамгийн хямд үнийг тогтоох боломж олгодог. Ер нь бол тендерийн нэг хэлбэр. Тендер жаахан төвөгтэй, удаан процесс шүү дээ. Янз бүрийн хэл аманд ордог, хууль эрх зүйн маргаан үүсдэг. Харин аукцион шууд, нээлттэй явагддаг. Бүх хүнд нээлттэй, шударга.
-Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал ямар байна. Цаашид бид хэрхэн, яаж ажиллах юм бол эрчим хүчний асуудлаа шийдэх юм. Боломж, бололцоо байна уу?
-Монгол Улсад одоогоор 2 гигаватт хүрэхгүй суурилагдсан хүчин чадал ажиллаж байна. Янз бүрийн эх үүсвэрийг бүгдийг нь нийлүүлээд 2 гигаватт. Үүний 17–18 орчим хувь нь сэргээгдэх эх үүсвэр. Харин үйлдвэрлэж буй эрчим хүчээр тооцвол 10 орчим хувь нь сэргээгдэхээс, 90 орчим хувь нь нүүрснээс ирж байна. Нүүрсний станцууд маань олон жил ашиглагдаж хуучирчихсан, засвар их шаардлагатай байгаа. Гэхдээ Монгол Улс нарны, салхины асар их нөөцтэй. Манайд олон хоног дараалан бүрхэг байдаг үе жилдээ маш цөөн. Дэлхийд хамгийн нарлаг орнуудын нэг шүү дээ. Гурав хоногоос илүү хугацаагаар тэнгэр бүрхэх тохиолдол маш ховор. Энэ бол ямар ч төлбөргүй эрчим хүч. Бид аваад ашиглахад л болно. Технологи нь ч хурдтай хөгжиж байна. Ялангуяа нарны эрчим хүч маш хямд болсон.
-Сэргээгдэх эрчим хүчийг үнэтэй, найдваргүй гэсэн тав, 10 жилийн өмнөх төсөөллөөрөө хардаг-

-Тэгэхээр цаашид сэргээгдэх эрчим хүч рүү зоригтой орох хэрэгтэй гэсэн үг үү?
-Яг зөв. Цаашид бид сэргээгдэх эрчим хүч рүү явахаас өөр аргагүй. Эрчим хүчний яамны даалгавраар ажлын хэсэг гарч, 2050 он хүртэлх эрчим хүчний стратеги боловсруулсан. Энэ төсөөллөөр 2050 он гэхэд нийт эрчим хүчний 64 хувийг цэвэр эх үүсвэрээс гаргана. Цэвэр гэдэг нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч биш л дээ. Нүүрстөрөгч агуулаагүй түлш гэсэн үг. Үүнд устөрөгчийн технологи, цөмийн технологи орж ирнэ. 2060 он гэхэд дийлэнхийг нь цэвэр технологиос гаргая гэж байгаа.
Цахилгаан эрчим хүчний хувьд бараг бүхэлдээ сэргээгдэх эх үүсвэрт шилжих боломжтой. Харин дулааны хувьд өөр. Монголд дулаан бол амьд явахтай холбоотой асуудал шүү дээ. Энэ тал дээр одоохондоо нүүрсээрээ явах юм шиг байна. Орлуулах технологи нь арай үнэтэй байна. Зарим улсад сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь аль хэдийн 50 хувьд хүрсэн. Хамгийн ойрын жишээ бол Өвөрмонголын систем. Өнөөдрийн байдлаар тэд 140 гигаватт суурилагдсан хүчин чадалтай, үүний 57 хувь нь сэргээгдэх эх үүсвэр. Манайхтай ойролцоо нөхцөлтэй, технологи нь ч адилхан. Бид ч үүнд хүрэх бүрэн боломжтой. Боломжгүй гэж яриад суувал боломжгүй л болно. Тэр чиглэл рүү ажиллах ёстой.
-Өвөрмонгол шиг болоход хэдэн жил хэрэгтэй юм. Хийхэд болохгүй саад бий юу?
-Болохгүй зүйл байхгүй болчихсон цаг үе. Бидэнд хүсэл, зориг л дутаад байна. Манайх жижигхэн улс. Зориод явбал 10 жилийн дотор асуудалгүй хийж чадна. Улс төрийн шийдвэр гаргаад, бүгдээрээ нэгдэх хэрэгтэй. Харамсалтай нь, ийм нэгдэл одоохондоо үүсэхгүй л байна. Сэргээгдэх эрчим хүчийг үнэтэй, найдваргүй гэсэн тав, 10 жилийн өмнөх төсөөллөөрөө харсаар байгаа юм.
-Эрчим хүчний хомстлыг шийдэхийн тулд нүүрсний шинэ станц барих хэрэгтэй гэсэн байр суурь ч бий?
-Нүүрсний станц барья гэж маш олон хүн ярьдаг. Барьчихаж ч болно. Харамсалтай нь, бид санхүүжилтгүй гацах эрсдэлтэй. Цаашид том станц барихад нэлээд хүнд байна. Дэлхий даяар ийм станцын санхүүжилт үнэтэй болсон. Мөнгө олж болно, гэхдээ өндөр хүүтэй. Нөгөө талд нь сэргээгдэх эрчим хүч хурдтай хөгжиж, технологийн өртөг нь буураад байгаа юм. Нүүрсний станцын төслийг их хурдандаа 2-3 жилд барина гэж ярьдаг. Газар дээрх барилгын ажил нь үнэхээр 2-3 жил л үргэлжлэх байх. Харин цаасан дээрээс станц босох хүртэлх хөгжүүлэлтийн ажил буюу зөвшөөрөл авах, мөнгөө босгох нь 5-6 жилийн процесс. Олдох мөнгө нь үнэтэй. Барьчихлаа гэхэд өртөг нь харьцангуй өндөр гарна. Нүүрсний шинэ станцаас үйлдвэрлэсэн нэг киловатт цагийн өртөг 8-9 цент орчим болно. Гэтэл нарны, салхины эрчим хүч маш хурдтай хөгжиж, батарейн шинэ технологиуд гарч ирлээ.
Саяхан Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан аукционд нэг киловатт цагийн үнэ 4.85 цент болж, рекорд тогтоосон. Нүүрсний станцын 8 центтэй харьцуулахад бараг хоёр дахин хямд. Нэг үгээр, нүүрсний станцаас хамаагүй хямд болчихсон. Барьж байгуулахад ч хурдан, богино хугацаанд ашиглалтад ордог. Хүчин чадал дутагдаж байгаа өнөөгийн нөхцөлд бид хурдан барих шаардлагатай болчхоод байна.
-Сүүлийн жилүүдэд цахилгаан машин олширч, эрчим хэрэглээ нэмэгдэж байна. Эрэлт юунаас болж ийм хурдан өсөх болов?
-Техник технологи хөгжиж байна. Уул уурхайд ажилладаг хүнд машин механизмууд ч цахилгаан руу шилжиж байна. Харилцаа холбооны компаниуд дата төвтэй болсон, дээр нь Засгийн газрын цахим үйлчилгээнүүд нэмэгдсэн. Цаана нь хэд хэдэн том дата төв ажиллаж байгаа. Ингээд хэрэглээ маш хурдан өсөж байна. Сүүлийн хэдэн жилд өсөлт нь хэт хурдтай болж, манайх өвөлдөө цахилгаан хязгаарлалт хийхээс өөр аргагүй болоод байгаа. Нөгөө талаас дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас болоод нүүрс шатаадаг, нүүрстөрөгч агуулсан түлш ашигладаг бүх зүйлээсээ татгалзъя гэж байна. Монгол Улс ч Парисын хэлэлцээрт нэгдэж, нүүрстөрөгчийн ялгарлаа сайн дураараа бууруулна гэж амласан. Хүн төрөлхтний оршин тогтнолтой холбоотой асуудал учраас дэлхий даяар ийм түлшнээс татгалзах хөдөлгөөн өрнөж байна л даа. Үүнийг Монголд ч мэдэрч эхэлж байна. Уг нь манайх жижигхэн улс. Дэлхийн нийт нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээгээр бодвол бараг тоологдохгүй.
Одоо зарагдаж буй цахилгаан машинууд нэг удаагийн цэнэглэлтээр 700–900 километр явдаг болсон. Өмнө нь цэнэглэхэд 7–8 цаг зарцуулдаг байсан бол одоо супер цэнэглэгчээр 5 минутад 20–30 хувь цэнэглэгдэж байна. Зарим технологи 10 минутад бүрэн цэнэглэдэг болчихсон.
-Манайхан ногоон шилжилтийн бодлогын талаар их ярих болсон. Энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой юм?
-Ногоон шилжилтийн бодлого бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлын хариулт л даа. Маш энгийнээр хэлбэл, манай дэлхий нэг сансрын хөлөг, битүү сав. Гаднаас буюу нарнаас энерги ирнэ, нөгөө талдаа тэр энерги сансарт алдагдана. Энергиэс өөр ямар нэг бодис орж, гардаггүй. Энэ битүү орчин тэнцвэртэй байгаа учраас дотор нь амьдрал оршдог. Тэнцвэр нь алдагдвал амьдрал үгүй болно. Битүү өрөөнд байхад агаарыг нь цэвэршүүлэхгүй бол эцэстээ амьсгалах агааргүй болж, хүн тэнд амьдарч чадахгүй шүү дээ. Үүнтэй яг адил.
-Ногоон шилжилт энгийн иргэдийн амьдралд юугаар мэдрэгдэх вэ?
-Улаанбаатарыг аваад үз л дээ. Хямдхан гээд нүүрс түлж болно. Халааснаасаа бага мөнгө төлж байж магадгүй. Гэхдээ бид үлдсэн төлбөрөө эрүүл мэндээрээ төлсөөр л байна. Жил бүр уушгины өвчний эмчилгээнд их мөнгө зарцуулж байна. Хэдийгээр жаахан илүү төлж байж магадгүй, одоо бол нар маань нүүрснээс ч хямд болчихлоо. Урт насалж, цэвэр орчинд амьдрах ёстой биш үү.
Шилжилт гэхээр их төвөгтэй юм шиг сонсогддог. Уг нь маш энгийн зүйл. Автомашинаасаа бохир утаа гаргахаа больё, яндангаасаа утаа гаргахаа больё, ямар нэг юм шатаахаа больё, шүүрс түлэхээ больё, бензин шатаахаа больё. Оронд нь нар, салхины эрчим хүч хэрэглэе, магадгүй цөмийн эрчим хүч. Ингээд урт насалж, эрүүл амьдаръя л гэж байгаа юм. Цэвэр технологид шилжихийн тулд юун түрүүнд хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Хэрэглээгээ ухаалаг болгоно гэсэн үг. Сүүлийн үед орон сууцны барилгуудыг сайн дулаалж байна. Хэмнэлт амьдралын бүх зүйлд бий. Машин гэхэд бага бензин зарцуулдаг, зарим нь огт бензин хэрэглэдэггүй болсон.
-Иргэд хэдэн жилийн дараа одоогийн цахилгааны мөнгөнөөс хэд дахин илүү төлж, дааж чадахгүй хэмжээнд хүрч, амьдрал улам хэцүүднэ-

-Эрчим хүчний чадал энэ өвлийн оргил ачааллыг даах уу. Иргэдийн дунд өвөл цахилгаан тасрах вий гэсэн айдас байна?
-Одоогоор 1,948 мегаватт орчим суурилагдсан хүчин чадал ажиллаж байна. Гэтэл өнгөрсөн өвөл хэрэглээ 1,978 мегаваттаас давсан. Тэр зөрүүг ОХУ-аас импортоор авдаг. Импорт ч хязгаартай. Хүчин чадал хүрэлцэхгүй болохоор өвөл хэрэглэгчдийг цахилгаанаас салгаж эхэлдэг. Улаанбаатарт харьцангуй бага салгадаг ч хөдөө орон нутгийн хэрэглэгчдийг таслаад л байдаг.
-Дулааны цахилгаан станцаас татгалзах хандлага яагаад гараад байна вэ?
-Дулааны цахилгаан станц нүүрс түлдэгтээ л асуудал бий. Түүнээс биш технологийн хувьд маш зөв. Ялангуяа дулаан, цахилгааныг хослуулан үйлдвэрлэдэг учраас нэг түлшнээс хоёр бүтээгдэхүүн гаргаж, их ашиг өгдөг. Тиймээс мундаг технологи л доо. Харамсалтай нь нүүрс шатаахад агаар мандалд нүүрсхүчлийн хийг асар их хэмжээгээр цацаж байна. Дагаад янз бүрийн хий ялгардаг. Нүүрсэнд агуулагдаж буй хүхэр шатаад агаарт гардаг. 10 жилийн химийн хичээлээ санавал хүхрийн хүчил гэж аюултай бодис байдаг шүү дээ. Энэ бүхэн амьсгалаар дамжин уушгинд ордог. Нэгдүгээрт, агаар мандлыг бохирдуулдаг. Хоёрдугаарт, маш их ус хэрэглэдэг. Газрын гүнээс жилд сая тонн ус гаргаж, халааж уур болгож ашигладаг. Эдгээр шалтгаанаас болоод дэлхий даяар нүүрсний станцаас татгалзъя гэж байна. Монгол Улс одоохондоо шууд хаачихна гэвэл хэцүү. Төлөвлөгөө гаргаад, тав юм уу 10 жилийн дотор аажмаар шилжье гэдэг нь л ногоон шилжилтийн стратеги, бодлого юм.
-Тэгвэл нүүрсний шинэ станц барих төслүүд яагаад урагшлахгүй байна вэ?
-Олон хүчин зүйл бий. Улс төрийн шалтгаан ч байгаа байх. Миний бодлоор хамгийн том хүчин зүйл нь санхүүжилт. Дэлхий даяар нүүрсний станцад санхүүжилт олгохоос татгалзаж эхэлсэн. Мэдээж улс төрийн болон бизнесийн янз бүрийн сонирхол ч орж ирж байгаа байх. Иймэрхүү шалтгаанаар гацсан байх.
-Энэ өвөл цахилгаан, дулааны хязгаарлалт хийгдэх үү?
-Дулаан дээр бага зэрэг хязгаарлалт хийгдэх байх. Дулааны хязгаарлалт гэхээр хүмүүс их айдаг. Хөлдөөчихөөр хэмжээний юм болохгүй. Гэртээ дулаан хувцастай суух хэрэгтэй болно. Урьд нь нүцгэн шахуу суудаг байсан тэр нөхцөл жаахан хумигдана. Үнэхээр хүчин чадал дутагдах юм бол хэсэгчилсэн, богино хугацааны таслалт хийгдэх байх. Гэхдээ тийм хүнд нөхцөл үүсэхгүй гэж найдаж байна. Нэгдүгээрт, ОХУ-аас импортоор авдаг, дээр нь БНХАУ-аас ч бага хэмжээгээр импорт авч байгаа. Хэрэглэгчид ухаалаг хэрэглэвэл цахилгаанаа бага таслуулна. Хамаагүй дураараа хэрэглэвэл их таслуулна. Оройн оргил ачааллын үеэр илүүдэл цахилгаан хэрэгслээ залгахгүй, хэрэггүйг нь салгаад явбал бид өвлийг давах бүрэн боломжтой гэж үзэж байна.
-ТЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг томоохон цахилгаан станцуудад осол, гэмтэл гарах болсон. Энэ өвөл осол гарах вий гэсэн айдас байна?
-Ер нь 3, 4 дүгээр станц, ялангуяа 3 дугаар станц жаахан хүнд байгаа. Маш олон жил ашиглачихсан. Ард түмэнд дарамт үүсгэхгүй гээд олон жилийн турш тарифыг бараг анхных нь түвшинд барьж ирсэн. Тэгэхээр жил бүрийн засвар хязгаарлагдаад, хангалттай засаж чаддаггүй. Уг нь засварыг цаг тухайд нь хийгээд байвал нэг станцыг маш олон жил ашиглаж болно шүү дээ. Заавал 40 жилийн дараа унтраах ёстой гэсэн зүйл байхгүй. Европ, Японд ч олон жил ажилласан станц бий. Тэнд техникийн шаардлагын дагуу бүх зүйлийг цаг тухайд нь сольдог. Жишээ нь, хоолой тодорхой хугацааны дараа солигдох ёстой. Ачаалалтай ажилладаг учраас тодорхой хугацааны дараа металлын ядаргаа үүсдэг. Тэгэхгүй бол олон жил явсаар байгаад хүнд байдалд орж, осол гардаг. Засварт хангалттай хөрөнгө мөнгө авч чадахгүй явсаар ийм байдалд хүрсэн. Дархан, Эрдэнэтийн станцууд ч мөн ийм асуудалтай.
-Тарифыг нэмбэл иргэдийн амьдралд хүндээр тусна гээд нэмдэггүй. Нөгөө талаас улстөрчдийн сурталчилгаа болсон. Үнийг чөлөөлөх нь зөв үү?
-Үнэ нэмэгдлээ гэдэг чинь мөнгө эдийн засаг дотроо эргэлдэж л байна гэсэн үг. Тэр мөнгө станц руу орно. Станцад ажиллаж буй хүмүүсийн цалин болоод буцаад эдийн засаг руу орж ирнэ. Эдийн засгаас алга болчихгүй шүү дээ. Иргэд одоо цахилгаандаа бага мөнгө төлж байгаа ч 3 жил, 5 жилийн дараа бүр их мөнгө төлөх болно. Тэр нь бидний дааж чадахгүй хэмжээнд хүрч, амьдрал улам хэцүүднэ. Ер нь аливаа зүйл зах зээлийн зарчмаар явахаараа л үр дүнтэй болдог шүү дээ. Гар утсыг аваад үзье. Анх гарахдаа үнэтэй байсан, өрсөлдөөнд орж байж үнэ нь хямдарсан. Эрчим хүчний салбар ч гэсэн эрүүлжиж, өрсөлдөөнтэй болж, хувийн хэвшил орж ирэх юм бол эхэндээ үнэ бага зэрэг нэмэгдэх байх. Харин цаашдаа буурна. Тиймээс үнийг бага багаар нэмж, зохих хэмжээнд нь хүргээд, зах зээлийн зарчим руу нь оруулъя гэдэг асуудал байгаа юм.
-Монголын аль бүс нутаг сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэхэд илүү тохиромжтой вэ?
-Салхины цахилгаан станцыг дуртай газартаа барьж болдоггүй. Газрын гадаргаас их хамаарна. Хажууд нь уул байвал салхи байхгүй. Манай говийн бүс салхи сайтай, дэлхийн хэмжээнд ч томд тооцогдох нөөцтэй. Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймагт салхин станц хөгжүүлэх бүрэн боломжтой. Салхины нэг сул тал нь суурин газарт ашиглахад жаахан төвөгтэй. Харин хөдөө бол асуудал алга. Нар бол Монголд хаа сайгүй бий.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний үнийг чөлөөлнө гээд ард иргэдийн бүсийг улам чангалах санаатай.
Auktsion ch gechikh shig energy unee nemekh gej baigaa uyed iim yum yarij ard tumend ulger yarihaas oor ym alga
Мэргэжилтэн нэртэй хэдэн юм урилгаар ярилцлага өгч үнэ нэмэхийг зөвтгөхөө болиоч ээ. Нүцгэн суухгүй ч гэх шиг иргэдээрээ тохуурхаад байгаа юм уу
Ovliin khuiten ehelj bhad geree satar duulaal nytsgen suuhgui gesen shine standart gargadag bolchihij hha
10 jil zoriogood yavbal bolno gej bn barag 30 jil zoriogoid odoo hurtel gants stants barichij chadaagui bj yu ch yariad bgan
Нүүрсний станц барихаар санхүүжилт олдохгүй гэнэ үү? Оюутолгой руу гаднаас тогоо авсаар байтал дотооддоо юу ч хийгээгүй төр засагтаа гомд
Narnii tsakhiilgaan stants shine technologid orig unee buulgaj bn ghed manaid baahan tusgai zovshoorol avsan baajinginguud ashig olj bga shd
3 ба 4-р цахилгаан станц чинь аваар гарахад бэлэн болчихсон гэдгийг инженер нь өөрөө хэлж байхад сайд нь юу хийгээд сууж байдаг юм
Oros toraas togoloo buuruulah gej baigaa bol unengese shuurhai sergeegdeh erchim huch ruu shiljeechee zundoo udaan yarij bn
Zohion baiguultgui tur zasag mini ee. Uridaas tog toolj baigaa bj odoo bur ovoldoo tog taslana geed shudraga yrij bn sh d
2019 онд хууль өөрчилсөн гээд байгаа ч практик дээр гэр хороолол болон байрны оршин суугчдад юу ч өөрчлөгдөөгүй. Тог тасарсаар л байна
Ovor mongold 57 huvi ni sergeegdeh bital manaid 10 garhan huvi geher yamar suraggui khoino xotsorch baigaa ni haragdaj bn
Auktsion nertye biznesuuddee tusgai zovshoorol shahiad bga yum bish baigaa. Shalgaruulalt chin unexeer il tod yum uu
Өвөл цахилгаан тасрах уу гэхэд тийм ээ гэж шууд хэлж чадахгүй тойруулж хариулж байгааг нь хараарай
Жил бүрийн өвөл болохоор л цахилгаан тасална, хязгаарлана гэж айлгадаг хэвшмэл тактик. Шинэ эх үүсвэрээ хурдан ашиглалтад оруулаач
Zasvart hureltsei mungu ugugui gesen ug ni tor zasag ene geen baiguulamjaa archilch chadaagui l gesen ug