Нийгмийн

Монголын таеквондочдын мөрөөдлийг биелүүлсэн анхны дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ

Есөн сартайгаасаа эмээгийнхээ гар дээр өссөн хүү, зургаан настайгаасаа таеквондогоор хичээллэсэн охин хоёр өдгөө дэлхийн аварга болж, Монголынхоо төрийн дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүлсэн билээ. БНСУ-ын Чүнчон хотноо зохион байгуулагдсан “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” буюу Пүмсэ төрлийн ДАШТ-д түүхэн амжилт үзүүлж, улсынхаа нэрийг дуурсгасан өсвөрийн хоёр тамирчнаар энэ өдрүүдэд монголчууд бахархаж байна.

83 орны 2800 гаруй тамирчин оролцсон тус тэмцээний өсвөр үеийн холимог хосын төрөлд нийслэлийн 23 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ц.Шинэ-Эрдэнэ, 20 дугаар сургуулийн 9Ж ангийн сурагч О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн. Үүгээр зогсохгүй Ц.Шинэ-Эрдэнэ ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болсон юм. Энэ бол Монголын таеквондогийн холбооны түүхэнд Пүмсэ буюу “хөдөлгөөнт цогцолбор” үзүүлбэрийн төрлөөр дэлхийн дэвжээнээс хүртсэн анхны алтан медаль байлаа.

-Дэлхийн аваргын дэвжээнд хүрэх зам амар байсангүй-

Анх хамтдаа бэлтгэл хийж эхлэхэд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ хоёрын зан ааш, үзэл бодол зөрөх үе ч байжээ. Хоёр өөр зан чанартай, эрэгтэй эмэгтэй хүүхдүүд учраас муудах, сайдах үе олон. Муудалцсан үедээ хэсэг хугацаанд юу ч дуугарахгүй байх үе ч гарна. Гэхдээ удалгүй хоёулаа зорилгоо санана. “Бид хоёр чинь нэг зорилготой хүмүүс. Дэлхийн аваргад оролцох гэж байж ингэж болохгүй” хэмээн ярилцаад л эвлэрчихдэг байж. Тэд дэлхийн аваргын өмнө ч нэг нэгэндээ “Тэмцээний үеэр хэн нэг нь алдаа гаргасан ч уурлахгүй” гэж тохирсон гэнэ. Учир нь хосын төрөлд нэгнийх нь гаргасан алдаа нөгөөдөө шууд нөлөөлнө.

Хэсгийн шатанд тэд Британи, Германы хосуудтай өрсөлдөж, дараагийн шатанд Канад, АНУ-ын тамирчдыг ялсан. Улмаар финалд Зүүн Өмнөд Азийн таеквондогийн хүчирхэг сургуулиудын нэг болох Тайландын хостой өрсөлдөв. Энэ мөчид хоёр хүүхдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн дэвжээн дээр гарсан юм. Тэд хөдөлгөөн бүрээ алдалгүй, бэлтгэл дээрээ олон дахин давтсан техникээ яг тэр хэвээр нь гүйцэтгэж, ялалтыг өөрсдийнх болгосон тухайгаа ярьж сууна.

Ц.Шинэ-Эрдэнэ зургаан настайгаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө найм дахь жилдээ энэ спортоор хичээллэж байна. Түүний хувьд таеквондо бол зөвхөн спорт биш. Тэсвэр тэвчээр, сахилга бат, хүмүүжил гээд амьдралын олон зүйлийг энэ спортоос сурсан аж.

Тэрбээр "Үеийн найзуудтайгаа гадуур өнгөрөөх цаг бага. Дэлхийн аварга болсон гээд хэнэггүй царайлж хөөрч, онгироод байвал дэлхийн аварга гэж хэлүүлэх утгагүй. Цаашид дэлхийн аварга гэж хэн байдгийг харуулмаар байна. Энэ амжилтад хүрэхэд эмээ минь өдөр бүр намайг бэлтгэлд хүргэж өгч, арыг минь даадаг байсны л ач. Долоо хоногийн зургаан өдөр, өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг болохоор ядрах үе зөндөө. Энэ бол бидний амжилтын зөвхөн эхлэл” хэмээв.

Түүний мөрөөдөл үүгээр дуусахгүй. Ирээдүйд олимпын аварга болох зорилго тээж, үүнийхээ төлөө ч шаргуу хөдөлмөрлөж байна.

-Эх орныхоо төрийн дууллыг эгшиглэх мөч үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байсан-

О.Энх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын өмнөх өдөр ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн нь хосын тэмцээний өмнөх сандралыг нь багагүй тайлсан байна. “Эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа сонсох тэр мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй гоё, багш нь баярын нулимстай угтаж авсан" гэлээ.

Дэлхийн тавцанд танигдсан энэхүү хоёр тамирчны амжилтын ард БНСУ-ын дасгалжуулагч Ли Живон бий. Тэрбээр дэлхийн аварга, Азийн наадмын аварга бөгөөд таеквондогийн үзүүлэх тоглолтын багийн ахлагч байсан туршлагатай дасгалжуулагч юм. Тэдний хувьд өнгөрсө нэг жилийн хугацаанд шинэ дасгалжуулагчтайгаа ажилласан нь дэлхийн аваргын дэвжээнд хүрэх чухал үе болжээ.

Солонгос багш маань дэлхийн аварга, азийн наадмын аварга, дэлхийн таекводагийн үзүүлэн тоглолтын багийн ахлагч байсан. "Авьяаслаг америкчууд" тэмцээнд оролцож алтан базер авч байсан хүн бий. Том болоод багш шигээ мундаг илүү хүн болохыг хүсдэг. Бэлтгэлийн цагаар чанга хатуу ч гэлээ бусад үед найз нөхөр шиг л байдаг.

Ц.Шинэ-Эрдэнэ "Намайг багш маань их хөөргөдөг “Campion”, аваргын харцтай гэж урам өгдөг. Багш маань надаас ямар мөрөөдөлтэйг минь асуухад дэлхийн аварга болохыг хүсэж байна гэхэд чи чадна гэж хэлж байсан. Түүнээс хойш чадах юм шиг мэдрэгдэх болсон.

-Есөн сартайгаас нь өсгөсөн эмээгийн хүү дэлхийн аварга болов-

О.Шинэ-Эрдэнийн амжилтын ард бас нэгэн хүний олон жилийн чимээгүй хөдөлмөр бий. Тэр бол түүний эмээ Цэцэгээ юм. Түүнийг эмээ нь өсөн сартай байхаас нь гар дээрээ авч өсгөж, хүмүүжүүлсэн байна. Аав, ээж нь Солонгост ажиллаж, амьдардаг тул эмээ нь ач хүүгийнхээ өдөр тутмын амьдрал, хичээл сургуулиас эхлээд спортын замналынх нь ард зогсож иржээ. Тэрбээр Шинэ-Эрдэнийг зургаан настайгаас нь эхлэн 21 дүгээр хорооллоос хотын төвийн таеквондогийн клуб рүү өдөр бүр хүргэж өгдөг байжээ. Ц.Шинэ-Эрдэнэ зөвхөн таеквондогоор хичээллэсэнгүй. Төгөлдөр хуур, усанд сэлэлт, соробан сампингаар ч хичээллэж, соробан сампины олон улсын тэмцээнүүдээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ.

Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн дэлхийн аварга Ц.Шинэ-Эрдэнийн эмээ н.Цэцэгээ "Хүүгээ дэлхийн аварга болох үед би тэмцээнийг нь үзэж чадаагүй. Дараа нь бичлэгийг харсан. Тухайн үед бол залбираад сууж байлаа. Аав, ээж нь их баярлаад уйлсан" гэлээ.

Энэ бүх хугацаанд тамирчдын тэмцээний зардлыг ар гэрийнхэн нь гаргаж, гэр бүлүүд нь хүүхдүүдийнхээ спортын замналыг дэмжиж иржээ. Мөн Монголын пүмсэний спортыг хөгжүүлэх, шигшээ багийг бий болгох үйлсийг санаачлан дэмжиж ирсэн Монголын их, дээд сургуулиудын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч П.Батхүү болон “Рэд Рок Холдинг”-ийн хамт олны дэмжлэг энэ амжилтын нэг хэсэг болсныг тэд дурсан ярилаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mundag blaa

Холбоотой мэдээ

Back to top button