Ард түмнээс сонгогддог парламент ард түмнийхээ итгэлийг хумсалсаар
Үндсэн хуулиар олгогдсон УИХ бол хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх цорын ганц институц. Парламентыг тараах асуудлыг сүүлийн үед янз бүрийн хэлбэрээр хөндөж эхэлсний дотор хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүнээ ч хууль тогтоох дээд байгууллагаа тараах асуудлаар D-Parliament буюу нийтийн өргөдөл гомдлын системд өргөдөл гаргах тухай “жиргээ” нисгэж байна. Хэдийгээр Х.Ганхуяг гишүүн өөрөө энэ талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч өмнөх Засгийн газраас “мулталсан”-д битүүхэн шаралхаж явдаг түүнийг парламентаа тараах тухай бодож, сэдэж явдаг гэвэл итгэхэд бэрх.
Хууль санаачлах эрх зөвхөн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газарт бий. УИХ-ын гишүүн хүсвэл нийтийн мэдээллийн цахим системд өргөдөл гаргасан гаргаагүй өөрөө манлайлаад явчих эрхтэй. Гэхдээ үнийн өсөлт, инфляц, авлига, улс төрчдийн булхай луйвар, албан тушаалтнуудын хэрээс хэтэрсэн улайрлаа болж бухимдсан, итгэл алдарсан, цөхөрсөн ард түмний нэр барих гэж байгаа бол харин өөр хэрэг.
Төсвийн тодотгол, ирэх оны төсөв, дулаан цахилгаанаар гачигдахгүй өвөлжиж чадах уу, бензин шатахууны оочер дахиад эхэлчихсэн ийм үед хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг УИХ-ын 126 гишүүн нь хэдэн тал руу хараад суучихсан, тус тусын эрх ашгийн төлөө орондоо унтах завгүй олзлон тэмцэлдэж байна. Алаагүй баавгайн арьсаа хэдэн талаас нь булаалдаж, “Баялгийн үр өгөөжөөс хувь хүртээнэ” хэмээн Засгийн газар нь шилний цаанаас чихэр долоолгож, АН-ынхан нь “Эд нар хууль зөрчөөд байна шүү, хар даа” гэж хов зөөсөөр намрын чуулган дундаа орох янзтай. Юу юугүй өвөл болох гээд хоолойд тулсан олон асуудал байхад УИХ-ын байнгын хороодын ч ирц хүрэхгүй байна гэхээр ичгүүртэй.
Монголчуудын ирээдүйдээ итгэх итгэл огцом унасан тухай Үндэсний судалгаа, зөвлөлийн төвийнхний тайлангаас харж болно. 2026 оны хоёрдугаар улиралд л гэхэд Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх улирлаасаа 16.6 пунктээр буурч, олон нийтийн ирээдүйдээ итгэх байдал “шалаар нэг” болоход хэн хамгийн их хувь нэмэр оруулсан бэ. Ард түмнээсээ тасарсан улстөрчид.
Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах чуулганаар “ичээнээсээ” гарч ирсэн гишүүд сонин хачин мэдэгдэл бишгүй хийсэн. Тэр дунд “Ард түмний саналаар сонгогддог УИХ, Ерөнхийлөгчийн эрх мэдэл эн зэрэгцээд төрийн тогтолцоо, институцийг гажуудуулж байгааг өөрчлөх хэрэгтэй” гэсэн мэдэгдэл анхаарал татахаар. Асуудлын гол нь ард түмнээс сонгогддог гэдгээрээ түрээ барьж буй улстөрчид өөрсдөө болохоос тэднийг сонгож төрд илгээдэг бидний буруу ч гэж юу байх вэ. Хүн төрөлхтний явж ирсэн хувьсал, хөгжлийн замаас “гажсан” буруу тогтолцоог бий болгосон бол мөн л төрд байгаа эрх баригчдын мулгуу муугийнх биз дээ.
Ердөө 2024 оноос хойш Засгийн газраа гурав сольсон МАН-ынхан одоо бүр ардчиллын үндэс суурь болсон парламентын дархлаа руугаа халдаж, ард түмнээс сонгогддог нь буруу мэтээр нийгмийг турхирвал шударга ёс, эрх тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө гэдэг улам л хоосон лоозон болно. Институцийн хямрал нүүрлэлээ нүүрлэлээ гэхэд Засгийн газар огцорсноос хойш шинэ Ерөнхий сайдаа томилж чадахгүй 30 хоносон тохиолдолд Ерөнхийлөгч парламентыг тараах асуудлыг УИХ-д оруулах боломжтой тэрхүү хуулийн заалт өдгөө бодитоор биелэх хэмжээнд арай ч хүрчхээгүй гэж найдна.
УИХ-ыг тараах асуудал ямар үед хөндөгдөх боломжтой вэ гэсэн хоёр үндэслэлийн нэг нь энэ. Нөгөө нь, УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш тооны гишүүд парламентыг эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байна гэж үзсэн тохиолдолд. 126 гишүүний дор хаяж 84 нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой буюу урьд хожид байгаагүй, хүсээд байхаар ч зүйл биш.
Иргэдийн хувьд төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс нь 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан бөгөөд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж болох юм.
Парламентаасаа Ерөнхийлөгчийг сонгодог болох гэх мэт төрийн тогтолцооны өөрчлөлт рүү шилжих тухай цухалзуулаад байгаагийн цаана хэний эрх ашиг хамгийн их хөндөгдөж байна гээч. Ард түмнийх л лав биш.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүхийн уяаны гөлөгнүүд бас төр самарч хааныхаа хугацааг уртасгах юм хийх гээд гэтээд байна уу