О.Номинчимэг: Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр
2026 оны төсвийн тодотголд Ерөнхий сайдын холбоо хамаарал бүхий "Их засаг кингс" хувийн төрөлжсөн ахлах сургууль нь тоног төхөөрөмжийн зардал нэрийдлээр 3.5 тэрбумыг оруулахаар тусгасан байсан нь олны хараанаас бултаж чадаагүй. Эксел файл дээр бичигдсэн хэд хэдэн тэрбумын үнийн дүнгүүд "жинхэнэ", "хуурамч" гэх талцлыг үүсгэсээр байгаа. Зарим гишүүд болоод иргэд аль хэдийнэ энэ үнийн дүнг "ашиглагдсан" гэж үзэж байгаа бөгөөд одоо албажуулж, гарын үсэг зуруулж авахын тулд л төсөвт орууллаа ч хэмээн хардах. Хардах эрх бидэнд бүгдэд бий. Харин хардлагаас чөлөөлөгдөхийн тулд Н.Учрал дорвитойхон нотлох баримт гаргаад тавьчихвал болох гээд байгаа ч "манай сургууль ингээгүй, тэгээгүй" гэх албан бус мэдэгдлүүдээс цаашлахгүй л байна.
Тэгвэл энэ тухайд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны хурал дээр тодорхой хэлэлцэх болно гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр цаашлаад:
"УИХ ажлаа хийсний төлөө, Байнгын хороо хяналтаа тавьсны төлөө, Боловсролын яамны мэргэжилтний бэлдэж, Сангийн яаманд өгч, улмаар манай байнгын хороонд албан ёсоор өгсөн материалаас асууж, лавлаж тодруулсан хүмүүсийг төрийн хуйвалдагчид болгон зарласан бусармаг асуудлаа Л.Энх-Амгалан сайд өөрөө засаж тайлбарлахыг хүлээж хэд хоног харлаа. Зөв тайлбараа хийчхээсэй, улс төрийн утгагүй сэдэв болгон өөгшүүлэлгүй үнэн мөнийг нь олон нийтэд өөрөө хэлээсэй гэж хүлээлээ, шахлаа. Худлаа юм байна, өөр зорилготой юм байна.Зориуд улс төрийн бужигнаан үүсгэх зорилготой байсан юм байна. Зориуд гэмгүй нэгнийг гэмтэн болгон гүтгэж нэр төрийг нь мэдсэн ч мэдэн будилж уландаа гишгэхээр шийдсэн юм байна. Зориуд парламентыг яаж ч чадна шүү гэж харуулахыг хүссэн юм байна. Бүх үйл баримт гэрчтэй, нотлох баримттай бий. Өргөдлийн байнгын хороон дээрээ дуудаж, асууж, олон нийтэд бүгдийг тодорхой болгоно. Харин тэр хүртэл төрийн албан хаагчаараа туг тахиад өнгөрье гэсэн атгаг санаагаа битгий хэрэгжүүлээрэй МАНай ах нар аа!Эрхэм сайд Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр. МАНай ах нар “Амка бүдэрчхээд бантчихлаа” гэж арын өрөөндөө мар мар хийн инээх мөртөө энэ шударга бусыг нэг ч хуруугаа хөдөлгөхгүй өөгшүүлэн суугаа нь Амкагаасаа илүү өрөвдөлтэй, дорой юм даа" хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлснээс харвал тун удахгүй дахин нэг шүгэл үлээгдэж, харанга дэлдэгдэж мэдэхээр л болж байх шиг...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДАЛЧ ПОП ШҮЛСЭЭ САВИРУУЛСАН ХОРЛОГЧИЙГ ЁСТОЙ ЗӨВ ХЭЛЛЭЭ