₮14.9 их наядаар утааг бууруулах Н.Учралын Засгийн газрын төлөвлөгөө

Агаарын бохирдлыг бууруулна гэж сүүлийн 20 орчим жил зорилт дэвшүүлж, хөрөнгө мөнгө төсөвлөж, татвар төлөгчдийн төвлөрүүлсэн өртгөөс урсгасаар буй ч ер дээрдээгүй. Н.Учралын Засгийн газар мөн л зорилт дэвшүүлж, утааг 55 хувиар бууруулахад 14.9 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ.
Төсөлд долоон бүлгийн 58 арга хэмжээ орсон байна. Санхүүжилтийн дийлэнх нь хоёр бүлэгт хувааж үзжээ.
Нэг.Цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний 17 арга хэмжээнд 9.8 их наяд, хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах есөн арга хэмжээнд 4.7 их наяд төгрөг шаардлагатай.
Хоёр. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах 10 арга хэмжээнд 132 тэрбум, агаарын чанарын хяналт шинжилгээний хоёр арга хэмжээнд 42.8 тэрбум, барилгын дулаан алдагдлыг бууруулж, ногоон технологи нэвтрүүлэх дөрвөн арга хэмжээнд 8.3 тэрбум, хууль эрх зүйн 12 арга хэмжээнд 105 сая төгрөг төсөвлөхөөр Засгийн газраас санал болгосон байна.
Агаарын бохирдлын 55.6 хувь гэр хорооллоос, 28.9 хувь нь авто тээвэр, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлдэг хэмээн танилцуулав.
-2017 онд баталсан хөтөлбөр агаар, орчны бохирдлыг 2016 оныхоос 80 хувиар бууруулахаар зорьж байв-
Агаарын бохирдлыг тоон зорилттойгоор бууруулах төлөвлөгөө өмнө нь ч байсан. Засгийн газар 2017 оны гуравдугаар сарын 20-нд 98 дугаар тогтоолоор "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг баталж, 2017–2019, 2020–2025 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтоосон. Хөтөлбөрт агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт тавьж, 2016 оны жилийн эцсийн үзүүлэлтийг суурь болгожээ. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сард Улаанбаатарын агаарт PM2.5 тоосонцрын дундаж агууламж шоо метрт 256 микрограмм байсныг 2025 он гэхэд 70 микрограмм болгох ёстой байв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.9 их наяд төгрөг шаардлагатай гэж тухайн үед тооцож байсан. Ингэхдээ санхүүжилтийн 77 хувийг буюу 7.5 их наяд төгрөгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаас, 13.7 хувийг буюу 1.5 их наядыг гадаадын зээл, тусламжаас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Улсын болон орон нутгийн төсвөөс гаргах хөрөнгө 201 тэрбум төгрөг буюу нийт дүнгийн 2.2 хувь байв. Нэг үгээр, 9.9 их наяд нь хөтөлбөрт шаардагдах нийт хөрөнгийн тооцоо байв.
Агаарын бохирдлын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг 2025 онд зохион байгуулсан. Хөтөлбөрийн 2017–2020 оны хэрэгжилтийг шинжээч 32.2 хувь хэрэгжсэн, 44.7 хувь дутуу, 23.1 хувь огт хэрэгжээгүй гэж дүгнэсэн байдгийг энд дурдъя.
-Утаанд зарцуулсан мөнгө-
Сонсголын үеэр утаанд нийт хэдэн төгрөг зарцуулсан тухай нэгдсэн мэдээлэл байгаагүй. Шинжээчийн тооцоогоор 2008–2023 онд утааг бууруулахад шууд зардал хэлбэрээр 1.7 их наяд төгрөг зарцуулсан гэж танилцуулагдсан. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц 5.6 их наяд төгрөг зарцуулсан гэж мэдэгдээд буй.
Бидэнд олдсон мэдээллээр,
- ₮1,485.3 тэрбумыг Таван Толгой Түлш ХХК, Сайжруулсан түлшний татаасаар
- ₮603.2 тэрбумыг Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөөс
- ₮275.1 тэрбумыг Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамнаас
- ₮97.9 тэрбумыг Гадаадын зээл тусламжаар
- ₮92.8 тэрбумыг Орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос
- ₮68.9 тэрбумыг Цэвэр агаар сан
- ₮29.8 тэрбумыг Улс, нийслэлийн хамтарсан төсөл, арга хэмжээнээс
- ₮900.0 тэрбумыг Орон сууц, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас гаргасан байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хугацаа 2025 онд дууссан. Үндэсний аудитын газар агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд аудитын шалгалтыг наймдугаар сараас эхлэн хийж буй. Ямар дүгнэлт гарч, хэн буруудаж хоцрохыг цаг хугацаа харуулна.
Эхний төлөвлөгөө ийн бүтэлгүйтэж, утаагаа салхинд найддаг дээрээ тулчхаад байхад дахиад л мөнгө урсгах нь. Ирэх 5 жилд, жил тутам ₮3 их наядыг утаанд зарцуулах нь. Энэ дүн ахиад утаатайгаа "утаа" болчих вий.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.