Н.Учралын АН-д хийх буулт | Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах
Баянхонгорын 339-р цэргийн ангид алба хаагч бусдад зодуулсан байж болзошгүйгээр амиа алдсан. Улмаар Ардчилсан намын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй өдийг хүрээд буй.
Арчилсан намд хэзээд өргөн барихад бэлэн 41 гарын үсэгтэй Н.Учралын Засгийн газрыг огцруулах албан бланк бий. Өргөн барих эрх нь О.Цогтгэрэлд буй.
Оюу толгойн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 17 жилийн турш Монголын тал ямар нэг ногдол ашиг хүртээгүй өдийг хүрсэн. Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээр хийж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн бүтцийг хянан үзэх хугацааг долоон жилээс гурван жил болгон наашлуулж, 2027 онд Монголын тал анхны ногдол ашгаа авахаар тохиролцсон. Ийм хэмжээний хэлцэл хийж чадсан нь Н.Учралын Засгийн газрын түүхэнд үлдэх амжилт мөн. Энэ ч утгаараа тэд өнгөрсөн саруудад "том байлаа".
Гэвч 2026 оны төсвийн тодотголоор дуулиан дэгдээсэн "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийн хүрээнд Н.Учралын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбумыг олгохоор төлөвлөсөн агуулга, Япон руу Бага хуралд эрхтэй гишүүд, олон тооны хэвлэл дагуулж явсан, сүүлд "Оюу толгой"-н ногдол ашгийн агуулгаар Ерөнхийлөгчийн чиглэлийг хүлээн авахгүй гэх Засгийн газрынх нь байр суурь илэрхийлснээрээ танхимаа дээсэн дөрөө дээр аваачсан.
Засгийн газрыг огцруулах санал УИХ-д орж ирвэл Ардчилсан нам бүлгээрээ |41 гишүүн|, нэмээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30-ийн талынхан дэмжихэд л Н.Учралын Засгийн газар шуудхан унана. Ингэхгүйн тулд таван сайдын суудал санал болгож, хамтарсан Засгийн газартаа багтаах гэж буй агуулга ч хөвөрсөн. Үүнд Ардчилсан намын гишүүд, хуучин лидерүүд эрс дургүйцлээ илэрхийлээд буй юм.
Ийм тул Ардчилсан намын хамгийн анхны санал буюу Д.Батлутыг огцруулах агуулга дээр Н.Учрал буулт хийж таарч байна. Тухайлан хэлбэл, Б.Чойжилсүрэнг Эдийн засаг хөгжлийн сайдаар томилж, тэнд буй Ж.Энхбаярыг Батлан хамгаалах руу явуулах хувилбар хүчтэй яригдаж байгаа билээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.