Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д ч баавгай хот суурин руу ойртож ирэх нь аюул дагуулж байна

Энэ зуны сүүлээс хойш ОХУ-д баавгай хот суурин газрын бүс рүү ойртож, хүн рүү дайрсан тохиолдол бараг өдөр болгон бүртгэгдэх болжээ.

ОХУ-ын Алс Хойд, Сибирь болон Алс Дорнодын бүс нутгуудад энэ оны дөрөвдүгээр сараас хойш хүрэн баавгайн халдлагын улмаас 19 хүн амиа алдсан байна. Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн татсан хэрэг мягмар гарагт /2026.09.22/ Тувад гарчээ. Тодруулбал ОХУ-ын Үндэсний Хокэйн лигт тоглодог Андрей Кузьменкогийн аав Александр Кузьменко загасчилж явахдаа баавгайн халдлагад өртөн амиа алдсан байна.

Мөн хүмүүс жимс түүж, мал хариулан, зусланд гарах, загасчлах үеэрээ баавгайн халдлагад өртсөн тохиолдлууд бүртгэгджээ. Эдгээр тохиолдлын ихэнх нь Сибирийн Красноярскийн хязгаарт бүртгэгдсэн юм. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам баавгайн халдлага нэмэгдсэн гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Тус яам мэдээлснээр жилд дунджаар 30 орчим удаа хүн баавгайтай тулгарах тохиолдол бүртгэгддэг нь хэвийн үзэгдэл аж.

Байгалийн нөөц, экологийн яамны хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ “Хүрэн баавгай хүнтэй тааралдсан тохиолдол нь хүмүүс ой, тайгатай ойр амьдарч эхэлсэн цагаас хойш бүртгэгдсээр ирсэн” гэсэн байна. Харин хүрэн баавгайг хамгаалах, судлах чиглэлээр ажилладаг бие даасан шинжээч нөхцөл байдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэж тодорхойлсон юм.

Аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлахыг хүссэн тэр шинжээч “The Moscow Times”-т хэлэхдээ, хэвлэлүүдээр гарч буй мэдээллүүд бодит тохиолдлын багахан хэсэг байж магадгүй учир асуудал туйлын хурцадмал байж магадгүй гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Ийм нарийн төвөгтэй асуудалд ихэвчлэн олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ ерөнхийдөө баавгайн тоо толгой өсөж, хүнээс айх айдас нь багасаж байна” хэмээжээ.

Зургийн эх сурвалж: TASS

Уур амьсгалын өөрчлөлт мөн баавгайн тоо толгой өсөхөд нөлөөлж байгаа аж. Хүний оролцооны улмаас явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүнд өвөл өмнөхөөсөө дулаан, богино болсон нь баавгайн бамбаруушуудын амьд үлдэх боломжийг нэмэгдүүлжээ. Ингэснээр баавгайн тоо толгойн өсөлт хурдассан байна.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны статистикаар 2026 оны байдлаар ОХУ дахь хүрэн баавгайн тоо 307 мянга давсан нь 1990 онтой харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Баавгай нутаг дэвсгэрээ хамгаалдаг амьтан учраас залуу баавгайнууд өсөж томорсныхоо дараа идэш тэжээл олонхын тулд шинэ бүс нутаг хайхаас өөр аргагүй болдог. Ингэхдээ хүн суурьшсан газарт ойртох тохиолдол нэмэгджээ.

Мөн ой хээрийн түймэр баавгайг суурьшлын бүс рүү шахах хүчин зүйл болж байна. Тодруулбал Красноярскийн хязгаарын хойд хэсгийн ойд энэ жил томоохон түймрүүд дэгдсэн нь баавгай хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэхэд хүргэсэн байж магадгүй юм. Баавгайн судлаач “Үүн дээр нэмээд энэ жил баавгайн гол идэш тэжээлийн нэг болох хушны самрын ургац муу байсан” гэж хэлсэн байна.

Мөн ан агнуурын тоо буурсан нь хүрэн баавгайн тоо толгой өсөх, хүнээс эмээх нь багасахад нөлөөлж байна гэж тэр үзжээ. Тэрбээр “The Moscow Times” сонинд энэ талаар ярихдаа “Баавгай агнах явдал өргөн тархсан байсан үед хамгийн болгоомжтой баавгайнууд л амьд үлдэж, хүнээс бага айдаг, илүү догшин баавгайнууд анчдад баригддаг байсан” гэсэн юм.

Сибирийн зүүн хэсгийн нэгэн жижиг хотын оршин суугч “The Moscow Times”-т хэлэхдээ, зөвхөн энэ жил бус сүүлийн арван жилийн хугацаанд баавгайнууд суурин газрын ойролцоо үзэгдэх нь нэмэгдсэн гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Сүүлийн арван жилд би хашаандаа л гэхэд таван баавгайтай таарсан. Тэдний хоёрыг нь устгахаас өөр аргагүй болсон. Мэдээж амьтдыг өрөвдөж байна. Гэхдээ энэ нь бас маш аюултай. Гурван жилийн өмнө эх баавгай хоёр бамбарууштайгаа хотын дундуур явж байсан” гэсэн байна.

Тувагийн Ойн аж ахуйн яамны мэдээлснээр, зөвхөн наймдугаар сард Сибирийн хэмжээнд 200 орчим баавгайг устгажээ. Баавгайн халдлагын улмаас Тувагийн 17 бүсийн 11-д нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм.

ОХУ-ын эрх баригчид зэрлэг амьтдын менежментийг бүс нутгийн захиргаанд шилжүүлжээ. Гэвч орон нутгийн албан тушаалтнууд баавгайн асуудлыг хангалттай бэлтгэлгүй байна. Зарим бүс нутгийн эрх баригчид нөхцөл байдлыг хянахын тулд шөнийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, баавгай үзэгдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон байгалийн үзэсгэлэнт газруудыг хаах зэрэг арга хэмжээ авч байна. Мөн аюултай байж болзошгүй баавгайнуудыг боломжийн хэрээр устгах ажиллагаа явуулж байгаа аж.

Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгаа нь учир зарим алслагдсан суурины оршин суугчид өөрсдөө баавгай агнах болжээ. Зөвшөөрөлгүйгээр баавгай агнах нь хууль бус байдаг. Харин зарим иргэд дуу чимээгээр баавгай үргээгч зэрэг хэрэгсэл ашиглах болжээ.

Баавгайнууд ихэнхдээ хоол хүнс хайж орж суурин газар руу ирдэг юм. Тиймээс АНУ, Канадын зарим нутагт баавгай нэвтрэхээс хамгаалсан тусгай хогийн сав суурилуулах зэрэг арга хэмжээ авч байжээ. Хот суурин газруудад тусгайлан бүтээсэн хогийн сав байрлуулснаар хүн баавгайтай тааралдах тохиолдлыг бууруулсан байна.

Харин ОХУ-ын хувьд ийм арга хэмжээ авахад оройтсон байж магадгүй нэрээ нууцалсан хүрэн баавгай судлаач ярьжээ. Тэр “Одоогоор баавгайг буудаж устгахаас өөр арга алга” гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times, Meduza

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button