Доктор Жиа Сү: Өрнийн анагаах ухааны эцэг Гиппократ “Эхлээд бүү гэмтээ, дараа нь бүү гэмтээ, хожим нь ч бүү гэмтээ” хэмээсэн

Бээжингийн их сургууль, Харвард, Жонс Хопкинсийн их сургуульд суралцаж, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн Шю Жиа саяхан Монголд айлчлав. Тэрбээр хүний эсийн хувьслыг өвчний шалтгаантай холбон судалдаг. Түүний судалгаа аливаа өвчнийг илааршуулахад орчин цагийн аргачлал, хэт их эмийн эмчилгээ төдийлөн оновчтой бус, оронд нь хоол хүнсэндээ анхаарах нь үлэмж чухал болохыг баталжээ. Эсээ эрүүл, залуу байлгаж, хавдар зэрэг аюулт өвчлөлөөс сэргийлэхийн тулд хооллолтдоо хэрхэн анхаарах вэ гэсэн агуулгаар Шю Жиа доктор 200 гаруй оронд уригдан лекц уншжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Юуны өмнө манай сайтын уншигчдад цаг зав гаргасанд тань дахин талархал илэрхийлье. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, намайг Жиа Сү гэдэг. Би эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажилладаг, “Эмгүйгээр анагаахуй” (Healing Beyond Medicine) гэдэг ном бичсэн. Үндсэн санаа нь хүн зөвхөн эмэнд найдах бус, бие махбодийнхоо төрөлх эрч хүчийг өдөөж, байгалийн жамаар эрүүлжих тухай юм. Миний бие 13 жилийн турш Хятад улс даяар аялж, энэ талаар лекц уншиж, олон яриа өрнүүлсэн. Энэ жил Монгол Улсад уригдан ирж, энэ үзэл санаа болон судалгааныхаа ажлынхаа үр дүнгээс хуваалцсандаа туйлын таатай байна. Энд ирээд гурван удаа лекц уншсан.
Бид бие махбодийнхоо төрөлхийн эдгэрэх чадвар болон өөрийгөө анагаах хүчийг идэвхжүүлэх замаар эрүүл саруул болох боломжтой тухай лекцийг маань олон хүн сонирхож, маш таатайгаар хүлээн авлаа. Эмгүйгээр эдгэрэх энэ аргыг Монголд хэд хэдэн хүн туршиж, амьдралдаа хэрэгжүүлж, эерэг бодит үр дүнд хүрчээ. Тиймээс энэхүү санаачилга, дадлага туршлагаас хүмүүс суралцаж, илүү олон хүн ашиг тус хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Манай сайтын энэ булангийн нэр нь “Монголын тухай” юм. Тиймээс та Монголд анх хөл тавихад төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Онгоцны буудлаас гармагц мэдрэгдсэн цэвэр цэнгэг агаар, үзэмжит сайхан үүлс бүхий хөх тэнгэрийг хараад сэтгэл минь их хөдөлсөн. Тэгээд хот руу давхих зам зуур жирэлзэн өнгөрөх, хүнгүй шахам уудам орон зайг хараад би Монгол бол байгальтайгаа ойрхон орон юм гэдгийг мэдэрлээ. Монгол хүмүүстэй уулзахад их энгийн, сэтгэлээрээ хүмүүс болох нь харц, яриа хөөрөө, зочломтгой зангаас нь илт мэдрэгдсэн. Дэлхийн олон улс орноор явж үзсэн хүний хувьд би монголчуудыг маш сайхан сэтгэлтэй хүмүүс гэж бодсон, сэтгэл минь их уярсан.
-Баярлалаа. Зөв хооллолтоор дамжуулан эрүүлжих үзэл санааныхаа талаар Та манай үзэгчдэд арай дэлгэрэнгүй танилцуулаач?
-Энэ бүхэн эртний гүн ухаанаас улбаатай. Өрнийн анагаах ухааны эцэг Гиппократ “Эхлээд бүү гэмтээ, дараа нь бүү гэмтээ, хожим нь ч бүү гэмтээ” хэмээсэн байдаг. Энэ нь та өөртөө, байгаль дэлхийдээ, амьтан бүхэнд хор хөнөөл учруулахаа болиоч гэсэн санаа юм. Хэзээ бид бусдыг гэмтээхээ болино тэр цагт л амьдрал жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж эхэлдэг гэсэн утгатай. Бидний амьдралын бүхий л зүйл хоорондоо холбоотой, шүтэн барилдлагатай байдаг. Хятадын зүйр үгэнд үүнтэй төстэй санаанууд бий. Мөн бусад шашин, ардын уламжлалт сургаальд ч үүнийг л номлодог. Тиймээс бид нэн түрүүнд хооллохдоо өөрсдийгөө хордуулахгүй байхад анхаарах ёстой.
Хүнс хоолоо сонгохдоо зөвхөн тэжээллэг чанарыг анхаарахаас илүү таны биед хор хөнөөлгүй байх талаас нь харж сонгох хэрэгтэй. Орчин цагт хүмүүс ихэвчлэн тэжээллэг чанартай хүнсийг түлхүү сонгож, хоол хүнснээс ямар нэг зүйлийг хасах бус, нэмэхийг үргэлж урьтал болгож байгаа нь бидний үзэл санаанаас гол ялгаатай. Хүн хоол хүнснийхээ нэр төрөл, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх бус, хасах зарчмыг баримтлах тухай юм. Хасахдаа хүний бие махбодид хор хөнөөл учруулахааргүй хүнсийг сонгоно гэсэн үг. Жишээ нь, өндөг бол холестерин ихээр агуулсан, витаминлаг, холин (Choline) зэрэг бодис агуулдаг учраас хамгийн шим тэжээллэг хүнсэнд тооцогддог. Гэвч орчин үеийн анагаах ухаан өндгийг чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаж буй өвчлөлд хувь нэмэр оруулдаг болохыг олонтаа баталсан.
Өндөгний хальсан доторх үр тогтсон өндгөн эс ердөө 21 хоногийн дотор дэгдээхэй болж хөгжихөд шаардлагатай бүхий л шим тэжээл агуулж байдаг. Ийм их шим тэжээл өндгөнд нягтарч агуулагддаг учраас эргээд хүний биед ямар нэг хорт хавдрын эс байвал түүнийг тэжээж өсгөдгөөрөө сөрөг нөлөөтэй гэдэг. Шинжлэх ухааны хамгийн найдвартай, дээд түвшний судалгаануудаар ч өндгийг байнга идэх нь хавдар тусах эрсдэл дагуулах төдийгүй хавдрын улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс хэрэв надад өөр сонголт байвал би өндөгнөөс татгалзана. Товчхондоо энэ бол миний танилцуулж буй эмгүйгээр эмчлэхүйн цаад санаа юм даа. Хүний биеийн өөрийгөө анагаах хүчний ажиллах боломжийг бүрдүүлэх цорын ганц арга бол бид өөртөө хор хөнөөл учруулахгүй байх явдал юм.
-Тэгэхээр энэ асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрхэн зохицуулж болох вэ?
-Бүрэн боломжтой. Бид зөв дадал хэвшлийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хүний биед хамгийн их хор учруулдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан дөрвөн төрлийн хүнсийг тодорхойлсон. Эхний ангилал буюу хамгийн түрүүнд зайлсхийх ёстой зүйл бол улаан мах, загас, өндөг, сүү цагаан идээ зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Хоёр дахь нь, ургамлын тос, тосонд шарсан хуурсан хоол, мөн самар зэрэг өөх тос ихтэй зүйлсийг хэтрүүлж хэрэглэвэл бас л хортой. Зайлсхийх ёстой гурав дахь төрлийн хүнс бол хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн юм.
Энэ төрлийн хүнсийг үндсэндээ хоёр хэсэгт хувааж болно. Эхнийх нь, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа гэх мэт цэвэршүүлсэн үр тариа болон чихэр хэт нэмсэн зүйлс орно. Эдгээрийг энгийн нүүрс ус гэж үзэж болно. Энэ төрлийн хүнс ямар ч шим тэжээлгүй болчихсон атлаа цусан дахь сахарын хэмжээг шууд өсгөдөг. Биед ямар ч ашиггүй, хоосон илчлэг өгдөг. Тийм учраас энэ төрлийн хүнсийг бидэнд хэрэггүй гэж хэлж болно. Бас нэг жишээ бол дэлгүүрийн лангуун дээр хагас жилийн турш өрөөстэй хэвтэж байдаг ч та бид хүссэн үедээ шууд аваад идчихдэг нөөшлөгчтэй бүтээгдэхүүнүүд юм. Дөрөв дэх нь, химийн бодис ашиглаж ургуулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд орно. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол та аль болох органик хүнсийг сонгох хэрэгтэй.
Хүнсний нэмэлт тэжээл хэрэглэхийн хажуугаар мах, өндөг зэрэг хүнд хоол хүнс идсээр байвал ямар ч нэмэргүй
-Сүүлийн үед хүмүүс гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж, ургамл ногоо түлхүү хэрэглэх амьдралын хэв маягийг их сурталчлах болсон. Энэ нь хэр үнэний ортой вэ? Монгол бол мал аж ахуйн орон. Та манай оронд ирээд удаагүй ч бидний хоол хүнстэй бага ч атугай танилцсан байх...
- Үүнийг хоёр талаас нь авч үзэж болно. Эхнийх нь хүн яг ямар хүнс хэрэглэхээр заяагдсан амьтан юм бэ гэдэг асуудал. Хүний биеийн бүтцийг харахад бидэнтэй хамгийн ойр төрлийн амьтад болох сармагчин, шимпанзе зэрэг амьтад байгальд 95 ба түүнээс дээш хувь нь ургамал суурьтай хооллодог. Тэд үндсэндээ жимс, самар, үр тариа, бас шинэхэн навч иддэг, цэвэр веган хоолтой амьтад. Энэ нь бидний хувьд жимс, үр тариа, буурцаг, ногоо гэх зүйлтэй яг нийцэж байгаа юм. Тиймээс анатомийн хувьд ижил бүтэцтэйн хувьд бид ямар хоол идэх ёстой вэ гэдэг нь эндээс тодорхой харагдана. Нөгөө талаар хүмүүс бид мах идэхэд зориулагдсан амьтад биш. Яагаад гэвэл хүний хоол боловсруулах эрхтэн систем хэтэрхий урт болохоор махыг дотроо удаан хугацаагаар тээж, хор ялгаруулан хавдар үүсэх нөхцөлийг амархан бүрдүүлдэг.
Хоёр дахь нь, гурил идэхээс татгалзах тухай юм. Энэ нь улаан буудайн гуриланд байгалиас агуулагдсан цавуулаг буюу глютен гэдэг уурагтай холбоотой. Энэхүү цавуулагт зарим хүмүүс мэдрэг байдаг. Бүр харшил үүсгэх нь ч бий. Олон судалгаа байдаг. Гурилан бүтээгдэхүүнд ямар нэг мэдрэг шинж тэмдэг үгүй бол заавал хасах шаардлагагүй. Гэхдээ зарим хүний бие организм гурилд мэдрэг байдаг ч өөрсдөө үүнийгээ мэдэхгүй байх нь бий. Учир нь гурил идэх нь тэдний дадал зуршил, уламжлал болчихсон байдаг. Тиймээс би хүмүүст хэрэв хүсвэл гурилан бүтээгдэхүүнийг гурван долоо хоног түр хориод үзээрэй гэж зөвлөдөг юм. Тэгээд бие махбодод тань ямар өөрчлөлт гарч байна, хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг ажиглаарай гэдэг. Хэрэв биед ямар нэг сөрөг шинж тэмдэггүй, хэвийн байвал та гурил идэж болно.
-Давс, элсэн чихрийн тухайд?
-Орчин цагийн хүний эрүүл мэндэд хамгийн их буруутай хүнсээр давс, элсэн чихрийг нэрлэх нь элбэг. Би үүнтэй бүрэн санал нийлдэггүй. Давслаг хоол хүнс хэрэглэх нь хүний биед сайнгүй нь тодорхой. Давс бие махбодид үрэвсэл үүсгэж, цусны даралтыг нэмэгдүүлэх бөгөөд цаашлаад ходоодны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг бактерийн өсөлтийг дэмждэг. Гэхдээ ямар ч давсгүйгээр амьдарна гэвэл бүх юм амтгүй л болчихно шүү дээ. Хоолны амтыг тодотгож, сайхан амттай болгохын тулд бидэнд бага зэрэг давс яах аргагүй хэрэгтэй. Тиймээс бага тунгаар хэрэглэх нь зүгээр л гэж хэлэх байна. Зарим хүмүүс давс огт хэрэглэхгүй байх нь бий. Хэрэв энэ нь таны амьдралын хэв маяг болоод танд зохиж байвал яагаад болохгүй гэж. Хүмүүс ер нь давсгүйгээр амьдрах боломжтой. Учир нь байгаль дахь амьтдыг ажиглавал тэд давс нэмж иддэггүй. Шинэхэн ургамал, жимс жимсгэнэ хангалттай идээд, ямар ч асуудалгүй амьдардаг. Тэгэхээр онолын хувьд хүн ч бас давсгүйгээр амьдрах боломжтой байх нь.
Харин элсэн чихрийн тухайд цагаан сахар бол хүний биед маш хортой. Ялангуяа чихэрлэг ундаанууд хавдар үүсгэдэг нь нэгэнт батлагдсан бөгөөд чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Тийм болохоор цэвэршүүлсэн сахартай бүтээгдэхүүн болон чихэрлэг ундаанаас аль болох хол байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хэрэглэх шаардлага гарвал бүрэн цайруулаагүй бор сахар маш багаар хэрэглэвэл гайгүй. Чихэрлэг ундаанаас бол бүр мөсөн татгалзах хэрэгтэй.
-Тэгвэл пробиотик зэрэг нэмэлт бүтээгдэхүүн, бас олон төрлийн аминдэм өдөр бүр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Жишээ нь, өсвөр насны хүүхдүүдэд өдөр бүр пробиотиктой хүнс өгөх нь тэднийг эрүүл байхад нэмэртэй юу?
-Тэдгээр аминдэм, нэмэлт тэжээлүүд, пробиотик нь хүмүүсийн хоол хүнснээсээ илүү их шим тэжээл авахыг хүсдэг хандлагаас үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс хор хөнөөлөөс зайлсхийхийн оронд ямар нэг зүйлийг нэмж авахыг чухалчилдаг. Гэтэл бидний суурь зарчим бол юуны түрүүнд хор хөнөөлөөс л ангид байх явдал юм. Хэрэв та нэмэлт тэжээл, пробиотик байнга хэрэглэхийн хамт мах, өндөг зэрэг хүнд хоол хүнс идсээр байвал эрүүл мэндэд тань нэмэргүй л дээ. Гол нь биед хортой хүнснээс хол байж чадаж гэмээн пробиотик ч юм уу өөр ямар нэг бага сага нэмэлт тэжээл хэрэглэхэд зүгээр.
Пробиотикийн хувьд ер нь ямар нэг сөрөг нөлөө байхгүй тул хэрэглээд байж болно. Гэхдээ хамгийн чухал зүйл бол сайн бактериудыг үржүүлж дэмжих тийм таатай орчныг гэдэс дотроо бүрдүүлэх явдал юм. Нэг талаас хэчнээн сайн пробиотик хэрэглэж, нөгөө талаас мах болон бусад хүнд хүнс хоол үргэлжлүүлээд идээд байвал таны гэдэс дотор сайн бактериуд өсөж үржиж чадахгүй тул нэмэр болохгүй. Тийм учраас нэн түрүүнд гэдэсний сайн бактериудад хор учруулах хүнснээс л зайлсхийх явдал чухал.
Хэрэв таны хооллолт зөв, эрүүл байвал танд пробиотикийг ердөө хоёрхон долоо хоног хэрэглэхэд хангалттай. Яагаад гэвэл энэ бол ердөө л үр суулгаж буй хэрэг шүү дээ. Түүнээс биш энэ бол таны гэдэс дотор амьдрах жинхэнэ байнгын бактерийн суурь болж чадахгүй.
Үргэлж эерэг сайхнаар бодож сэтгэвэл амьдрал тань гэрэл гэгээгээр дүүрэн байх болно
- Хүн ер нь эрүүл байхын тулд хэрэглэх хамгийн энгийн хүнс юу вэ? Жишээ нь, би эх хүний хувьд гэр бүлийнхээ эрүүл мэндийг үргэлж боддог. Гэхдээ өнөө өглөө гэхэд таны муушаасан өндөг, зайдас тэргүүтэй өглөөний цай бэлдсэн байдаг...
-Амьтны гаралтай хүнс, боловсруулсан бүтээгдэхүүн, өөх тос өндөртэй хүнс, химийн гаралтай буюу органик бус хүнс гэсэн дөрвөн зүйлийг сайн санаж явахад л болно. Хор хөнөөлтэй хүнснээс хол байх нь ямар нэг шим тэжээл нэмж авахаас хавьгүй чухал шүү дээ. Энэ бол хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл юм. Хоолны дэглэмээс гадна би хүмүүст дасгал хөдөлгөөн хийж, арьсаа нарны гэрэлд ил гаргаад өдөрт нэг цаг орчим гадаа байхыг зөвлөдөг. Ингэснээр арьсны эсүүд нарны туяанаас Д аминдэмийг байгалийн аргаар нийлэгжүүлж авдаг. Бас нэг чухал зүйл бол сайн унтаж амрах. Үдэш их оройтлоо гэхэд 23 цаг гэхэд унтчихсан байх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд ч тэр, орчин үеийн барууны анагаах ухаанд ч тэр, хүний хамгийн сайн амарч чадах цаг бол үдэш 23.00 цагаас өглөөний 03.00 цаг гэдэг. Энэ хугацаанд та хамгийн гүн бөгөөд чанартай унтаж амрах ёстой. Тохирсон, зөв цагтаа унтвал богино хугацаа байсан ч бие махбод маш үр дүнтэй амарч чаддаг.
Мөн сайн амарч байх хэрэгтэй. Хэрэв та дэндүү завгүй, стресс бухимдалтай, цаг завгүй, ааг амьсгаагүй гүйгээд байвал таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс өдрийн цагаар өөртөө завсар зай гарган тайвширч, амрах боломж олгож байгаарай. Миний онцлон хэлэхийг хүсдэг нэг зүйл бол хүн хоорондын харилцаа, ажил төрлийн дарамт шахалт болон бусад бэрхшээлийг даван туулахуйц эерэг, өөдрөг үзэлтэй байх явдал маш чухал. Амьдралд тань хүндрэл бэрхшээл тулгарч, асуудлууд гарч ирсэн ч үргэлж гэрэл гэгээтэй талыг нь харж, эерэгээр хүлээж авч байгаарай.
Манай бүлгэмд хорт хавдар, ялангуяа сүүлийн шатны хавдар болон зүрхний шигдээс өвчнийг даван туулж, эдгэрсэн хүмүүс бий. Тэд “Зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт ямар чухал болохыг ойлгуулж өгсөн энэ өвчиндөө үнэхээр талархаж байна” гэж олонтаа хэлдэг. Хорт хавдар туссандаа баярлаж талархана гэдэг ховорхон үзэгдэл шүү дээ. Тэр хүмүүс яг тэгж бодож чаддаг болсон байдаг. Мэдээж энэ нь хожмын ухаарал боловч хүн гэдэг ямар ч хэцүү бэрхтэй тулгарлаа ч түүнийг өөрийгөө өөрчлөх боломж гэж харах ёстой гэдгийг тэндээс бэлхнээ ухаарч болно. Үргэлж эерэг сайхнаар бодож сэтгэвэл амьдрал тань гэрэл гэгээгээр үргэлж дүүрэн байх болно.
-Энэ бүхнийг сонсоод сэтгэл хөдөлж байна. Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн тоо бусад орнуудтай харьцуулахад өндөр түвшинд явж буй энэ цаг үед таны хэлж буй үгс эдгэрэх итгэл найдвар хайж буй хүмүүст урам зориг, итгэл үнэмшил төрүүлнэ байх. Сүүлийн үед Азийн төдийгүй барууны эмэгтэйчүүдийн дунд тренд болж буй үүдэл эсийн эмчилгээ болон гоо сайхны бүтээгдэхүүний талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Үүдэл эсийн тухайтад бол яг л пробиотиктой адилхан ойлголт. Хамгийн чухал нь биедээ ямар нэгэн зүйл нэмж өгөхөөс илүүтэй хор хөнөөл учруулах зүйлсээс зайлсхийх явдал юм. Үүдэл эсийн эмчилгээ гэдэг нь үндсэндээ эсийн нөхөн төлжих чадварыг ашиглан залуужих, анагаах гэсэн оролдлого шүү дээ.
Нэг талаас үүдэл эсийн тарилга хийлгээд, нөгөө талаас боловсруулсан мах зооглоод, архи ууж, тамхи татаад байвал ямар ч нэмэргүй. Хүн өөрийгөө өдөр бүр хордуулаад байвал ямар ч эмчилгээ байсан хэрхэн тус болох билээ. Тиймээс хүн ямар нэг шидэт зүйл хайхаас илүү хорт зуршлаасаа салах нь хамгийн нэгдүгээрт тавигдах ёстой. Ямар нэгэн үүдэл эсийн эмчилгээ хийлгэх гэж яарахаасаа өмнө эхлээд амьдралын хэв маягаа өөрчлөөрэй гэж хэлмээр байна.
Мэдээж би үүдэл эсийн эмчилгээг эсэргүүцээгүй. Энэ технологи улам хөгжиж, боловсронгуй болж буйг сайн ойлгож байна. Гэсэн хэдий ч үүдэл эсийн эмчилгээтэй холбоотой урьдчилан таамаглахын аргагүй хүчин зүйлс байсаар л буй. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй л гэж хэлэх байна. Хамгийн чухал бөгөөд энгийн зүйл бол амьдралын хэв маягаа өөрчлөх явдал юм. Ингэж чадвал та бие махбодио хор хөнөөлөөс хамгаалж чадах ба өөрийн эрүүл мэнд хийгээд амьдралдаа авах хамгийн том бэлэг чинь тэр байх болно. Гол нь хооллохдоо зайлсхийх ёстой дөрвөн зүйлээ ягштал баримталж, амьдралын зөв дадлуудаа сайн хэвшүүлээрэй л гэх байна.
-Таван мянган жилийн түүхт Хятад оронд дорнын анагаах ухаан чухал байр суурь эзэлдэг. Манай Монгол улсын уламжлалт анагаах ухааны соёл, уламжлал мөн нэн арвин билээ. Тэгэхээр дорнын уламжлалт анагаах ухаан болон таны ярьж буй хүний биеийн эрүүлжих тогтолцоо хоорондоо холбоотой юу?
-Тийм ээ, маш сайн уялдаатай. Уламжлалт анагаах ухааны гол давуу тал нь дийлэнх эм тан нь байгалийн гаралтай, ургамал түлхүү ашигладаг учраас химийн гаралтай эмүүдтэй харьцуулахад хүний биед хамаагүй бага хор хөнөөл учруулдаг. Тиймээс дорнын анагаах ухаан бидний эрүүл мэндийг тэтгэх маш их нөөц баялагтай. Гэхдээ үүнийг бас л нөгөө “хор хөнөөлөөс хол байх” үзэл баримтлалтайгаа хослуулах хэрэгтэй. Хамгийн гол зарчим бол юуны түрүүнд биедээ ямар нэг хор учруулахгүй байх явдал шүү дээ.
Хортой хоол хүнс, буруу зуршлаасаа салсны дараа л өөрийнхөө шийдэж чадахгүй эрүүл мэндийн асуудлаа уламжлалт анагаах ухаанд даатгах нь хамгийн зөв сонголт. Үнэндээ өвчтөн уламжлалт анагаах ухааны эмчид хандахын сацуу миний санал болгож буй эрүүл хооллолтын дэглэмийг баримтлаад үзвэл хамаагүй хурдан эдгэрэх боломжтой. Энэ бол хамгийн шилдэг арга болно.
-Монгол хүмүүсийн тухайд юу хэлэх вэ? Та Ази тивийн бусад олон орнуудаар явж байсны хувьд монгол хүний онцлогийг юу гэж харсан бэ?
-Монголчуудын энгийн даруу байдал надад маш их сэтгэгдэл төрүүлсэн. Үнэхээр гэнэн цайлган, энгийн хүмүүс. Хэлсэн ярьсандаа эзэн болж чаддаг, шулуухан. Энэ зан чанар надад их таалагддаг. Учир нь би өөрөө тийм хэв маягийн хүн. Бас нэг зүйл бол Монголчууд чин сэтгэлтэй, нээлттэй хүмүүс юм билээ. Жишээ нь, эрүүл амьдралын хэв маягийн тухай энэ шинэ мэдээллийг ихэд сонирхож, маш олзуурхаж хүлээж авсан. Эхний өдрийн лекцинд 150 орчим хүн ирсэн бол удаах хоёр өдөр хүмүүс улам нэмэгдсэн. Учир нь анх суусан хүмүүс тэнд сонссон зүйлээ тэр дороо ах дүү, найз нөхдөдөө дуулгаж, хамтдаа сууж сонсоод, санал бодлоо хуваалцаж байсан. Бас маш олон хүн туршиж үзэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Монгол хүмүүсийн тэрхүү нээлттэй байдал, шинэ мэдлэгт тэмүүлж буй нь үнэхээр сайхан санагдсан. Монгол хүний энэ зан чанар нь үндэстнийг урагшлуулж, ирээдүйн өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч болж чадна.
Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, хөгжих боломж дүүрэн орон гэж би харж байна. Учир нь та бүхэнд найрсаг зочломтгой зан чанар, сурч мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн гайхалтай сайхан хүмүүс байна. Эрүүл мэндийн салбарт та бүхэн Хятад улсаас хамаагүй хурдан хөгжиж магадгүй санагдлаа. Хятад бол дэндүү том, хүн ам ихтэй болохоор ямар нэг өөрчлөлт хийхэд удаашралтай байдаг. Харин хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд ямар нэг зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хүмүүст шинэ соёл, чиг хандлага нэвтрүүлэхэд хамаагүй хялбар байх боломжтой. Тиймээс би Монгол Улсын ирээдүй маш өөдрөг гэдэгт итгэлтэй байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та монголчуудад хандан үг хэлэх үү?
-Монголчууд та бүхэн бол соёл уламжлалыг гайхалтай өв соёл тээсэн улс юм. Монгол хүмүүсийн чин сэтгэлд намайг бишрүүлэв. Та бүхнийг гэрэлт ирээдүй угтаж буйг би мэдэрч байна. Өөртөө тустай сайн зүйлсээ тууштай үргэлжлүүлэхийн хамт хөгжил дэвшил, эрүүл мэндэд тань саад учруулж болохуйц аливаа хор хөнөөлөөс ангид байгаарай. Эрүүл саруул, зөв амьдралын хэв маягийг эрхэмлэхийн тулд дээрх дөрвөн төрлийн хоол хүнснээс зайлсхийж, эерэг дадал хэвшүүлээрэй. Та бүхнийг ирээдүйд маш гэгээлэг, сайхан цаг хүлээж буйд итгээрэй.
-Их баярлалаа. Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Зуны дэлгэр цагаар манай оронд дахин зочлоорой.
-Баярлалаа. Танай сайхан оронд зочлох нэр төрийн хэрэг байлаа.
Р.БОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.