НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Бяцхан фэнүүд нь Энжитэй уулзаж, хоног тоолон хүлээсэн хүсэл нь биелэв

Тоглоомын төвд тоглон, гулсуурны уруу уралдан гулгах тэд байсхийгээд л хаалга руу харуулдана. Зарим нь бүр тэсгэл алдарч буй бололтой шагайж харна. Хэн нэгнийг хүлээн, ихэд догдолж буй нь илт. Хэдийгээр тоглох тэдэнд хөгжилтэй байгаа ч бодол санаа нь огт өөр зүйл рүү сарниж байлаа. Энэ мөчийг хоног тоолон хүлээж, өмнөх шөнө нь нойргүй шахам хоносон тэднийг Б.Гансүлд, Т.Мөрөн (хоёулаа 6 настай), Б.Хүслэн (5-тай) Б.Дөлгөөн (4-тэй) гэдэг. Тэд монгол түмний хайрыг татсан, өхөөрдөм хөөрхөн Энжи буюу А.Эрдэнэцэцэгтэй уулзах гээд тэсэн ядан хүлээж буй нь энэ. Яагаа вэ нөгөө “Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настайдаа оролцохдоо “Бөдөн шувуу чоно хоёр”-ыг уншаад шуугиулж, олны хайрыг татсан, “Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан “ХӨӨРХӨН ЧОНО”.

“ЭНЖИ ХУРДАН ИРЭЭСЭЙ”

Өөрсдийгөө “Энжигийн улаан, ногоон фэн нь” гэж тодорхойлсон тэд байсхийгээд л хувцас, үсээ янзлан, “Хөөрхөн чоно”-оос асуух, ярилцах зүйлээ дор бүрнээ бэлдэнэ. Тэгээд асуучих уу, ингээд хэлчих үү гэж нэг, нэгэнтэйгээ зөвлөнө. Өвөрмөц зүйл асуух гээд хэрэндээ хичээж байлаа. Цэнхэр дэлгэцээр л харан, дууг нь үргэлж сонсон, дагаж дуулах дуртай “Хөөрхөн чоно” ямар хүүхэд байдаг бол. Энжитэй уулзах тэдэнд ямар ч үнэтэй чихэр, жимснээс илүү хамгийн гоё бэлэг байх нь ойлгомжтой. Нөгөө талаар өөрийнх нь дууг сонсох дуртай, үеийнхээ фэнүүдтэй уулзах “Хөөрхөн чоно”-д сонирхолтой хийгээд өвөрмөц санагдаж байгаа нь лавтай.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/707027383390305/?__tn__=%2Cd%2CP-R&eid=ARAZYj7s8hmicNyyLOLuBiYtoLfyGyB2YIMiUSBCrjE4QcxnwsHwP1exTmmhrBV7AXIkxWJXGmyrXDDe

“Энжи хурдан ирээсэй. Одоо ирэх болоогүй байгаа юм байх даа” гээд догдлон суугаа Б.Дөлгөөн, Б.Хүслэн нар юу бодож байгаа бол.

“ЭНЖИТЭЙ УУЛЗАНА ГЭЖ БОДОХООР ШӨНӨ НОЙР ХҮРЭЭГҮЙ”

-Энжи юу хийдэг хүүхэд билээ?

Б.Дөлгөөн (Б.Д):- Дуулдаг.

-Та хоёр ямар, ямар дууг нь мэдэх вэ?

Б.Хүслэн (Б.Х):- Би “Зүгээр л инээмсэглэ”, “Boom Boom”-д нь дуртай.

Б.Д:- Би эхнийх нь бас хоёр дахь дууг нь мэднэ. Гурав дахь дууг нь мэдэхгүй.

-Boom Boom” дуун дээр Энжи гоё бүжиглэдэг. Хөдөлгөөнийг нь сурсан уу?

Б.Х:- Сураагүй.

Б.Д:- Би сурсан. Тэгж бүжиглэж чадна.

-Энжи яаж тэгж гоё бүжиглэдэг юм бол. Та хоёр юу гэж бодож байна вэ?

Б.Д:- Зүгээр л анхнаасаа, жаахан байхдаа ичдэггүй байсан гэж бодож байна.

Б.Х:- Энжи шиг дуулахын тулд ичихгүй дуулах ёстой.

-Энжигийн хувцаснууд нь гоё. Та хоёрт ямар хувцас нь таалагддаг вэ?

Б.Д:- Надад зүгээр энгийн, цэнхэр өнгийн хувцас нь таалагддаг.

Б.Х:- Надад шар өнгийн хувцас нь таалагддаг.

-Энжи үсээ яаж тэгж гоё болгосон юм бол?

Б.Х:- Үсээ ороосон. Энжитэй уулзана гэж бодохоор шөнө нойр хүрээгүй.

-Та хоёр Энжид зориулаад ямар хувцас өмссөн бэ?

Б.Д:- Элсагийн пладж.

Б.Х:- Цасан гоогийн пладж.

Б.Д:- Би Энжид зориулаад үсээ гоё боосон, буржгар болгосон.

Б.Х:- Би ч бас үсээ ийм гоё болгосон.

-Энжи та хоёрыг хараад юу гэх бол?

Б.Д:- Мэдэхгүй.

-Та хоёр Энжийг хараад яах вэ?

Б.Д:- Маш их баярлана.

Б.Х:- Хурдан ирээсэй л гэж бодож байна.

-Энжитэй уулзаад юу хийхийг хүсэж байна вэ?

Б.Х:- Тогловол л гоё.

Б.ГАНСҮЛД: БИ ЭНЖИТЭЙ УУЛЗАХЫН ТУЛД ЗАМЫН-ҮҮДЭЭС ИРСЭН

Дараа нь бид Б.Гансүлд, Б.Мөрөн нар хэрхэн догдолж буй сэтгэгдлээс нь хуваалцсан юм.

-Т.Мөрөнгийн нэр ямар утгатай вэ. Чи мэдэх үү?

Т.Мөрөн (Т.М):- Мэднэ. Зүгээр л намайг сэрэхээр нь асуудаг.

-Б.Гансүлд Энжитэй уулзахын тулд хаанаас ирсэн билээ?

Б.Гансүлд (Б.Г):- Замын-Үүдээс.

-Замын-Үүд эндээс хол уу?

-Зөндөө хол.

-Энжи юу хийдэг хүүхэд билээ, та хоёр мэдэх үү?

Б.Г:- Мэднэ, дуучин.

Т.М:- Манай гэрт дуу нь гарч байсан. Тэгэхээр нь зурагтаар харсан юм.

Б.Г:- Энжигийн дуу нь гоё санагддаг.

Т.М:- Надад бүх зүйл нь гоё санагддаг.

Б.Г:- Энжи бас хувцсаа сольдог.

Т.М:- Энжигийн пладж нь гоё.

-Та хоёр Энжитэй уулзаад юу хийхийг хүсэж байна вэ?

Б.Г:- Дуулахыг. Би “Boom Boom” дуунд нь дуртай. Би та хэдэд дуулаад өгөх үү?

-Тэг л дээ.

Б.Г:- Хоёулаа хамт дуулъя.

Т.М:- Тэгье, найз аа.  

Ингэж хэлээд тэд “Boom Boom” дууг эвлэгхэн бөгөөд чин сэтгэлээсээ дуулав. Үгийг нь маш сайн цээжилсний дээр нугалааг нь чамбай гэгч нь гаргаж байлаа. Тэд яах аргагүй Энжигийн улаан, ногоон фэн нь мөн юм аа.

ЭНЖИ: ТА НАР ЯАСАН ХӨӨРХӨН ЮМ БЭ

Удтал хүлээсэн мөч болж, Энжи ирэв. Нөгөө өрөөнд гутлаа солих зуур манай дөрөв “Яана аа, одоо ороод ирэх байх даа. Яах вэ” гээд их сандрав. Хэзээний адтай, сэргэлэн Энжи инээмсэглэсээр орж ирэхэд тэд алга ташин угтлаа. Бүгдийнх нь нүдэнд инээмсэглэл тодорч, ёстой нар нь гарав. Энжи “Сайн уу” гэхэд бүгд цовоо дуугаар нэгэн зэрэг “Сайн” гэж мэндлэв. Үүний дараа Энжи тэдний нас, хаанаас ирснийг нь асууснаар уулзалт эхэллээ.

Б.Хүслэн: Энжи чи дуулахаас өөр юу хийх дуртай вэ?

Энжи:- Дуулахаас өөр нэг их юм хийдэггүй. Заримдаа Тик ток хийдэг. Харин чи юу хийх дуртай вэ?

Б.Хүслэн:- Тоглох дуртай.

Б.Дөлгөөн:- Чи чихээ яаж гоё цоолуулсан юм бэ?

Энжи:- Таван настайдаа цоолуулсан юм.

Б.Гансүлд:- Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Энжи:- Том болохоороо жүжигчин болохыг хүсдэг. Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

Б.Гансүлд:- Эмч.

Т.Мөрөн:- Би том болоод гал сөнөөгч болохыг хүсдэг.

Энжи: Та нар яасан хөөрхөн юм бэ.

Б.Дөлгөөн:- Дуун дээрээ өмсдөг хувцсаа хаанаас авдаг вэ?

Энжи:- Загварыг нь гаргаад тусгай газраар хийлгэдэг байхгүй юу. Та нар миний ямар дуунд илүү дуртай вэ?

Б.Гансүлд:- “Boom Boom”-д дуртай.

Б.Хүслэн:- Би ч бас дуртай.

Б.Дөлгөөн:- Би “Зүгээр л инээмсэглэ”-д дуртай.

Энжи:- Тэгвэл бүгдээрээ “Зүгээр л инээмсэглэ” дууны эхний бадгийг нь хамт дуулах уу?

Т.Мөрөн:- Тэгье л даа. Ямар гоё юм бэ.

Ингээд тэд “Нэг, хоёр, гурав” гээд “Зүгээр л инээмсэглэ”-ийг хамтдаа дуулав. Манай дөрөв Энжитэй уулзаад тэгээд бүр дууг нь хамт дуулж буйдаа итгэж ядаж буй бололтой. Ёстой л нэг нар нь гарч байлаа.

Энжи: - Хөөх, та нар ямар мундаг дуулдаг юм бэ.

Б.Дөлгөөн:- Баярлалаа. Чи дуун дээр үсээ яаж гоё боодог вэ?

Энжи:- Тусгай үсчнээр янзлуулдаг.

Б.Хүслэн:- Чи ямар тоглоомоор тоглох дуртай вэ?

Энжи:- Бамбаруушаар тоглох дуртай.  

“ЭНЖИ ЧИНИЙ БҮХ ЗҮЙЛ ИХ ГОЁ БАЙДАГ ШҮҮ”

Т.Мөрөн:- Нээрэн манай ээжийн цүнхэнд үс гоё болгодог зүйл бий. Үсийг ёстой гоё болгодог шүү дээ.

Б.Дөлгөөн:- Чиний өмсдөг хувцаснууд ямар гоё байдаг гээч.

Т.Мөрөн: - Харин тийм ээ. Чиний бүх зүйлүүд их гоё байдаг шүү

Энжи:- За, баярлалаа. Та нар хичээлээ сайн хийвэл надаас мундаг хүүхэд болно шүү.

Т.Мөрөн:- Би ээжийнхээ, багшийнхаа үгэнд маш сайн ордог.

Б.Дөлгөөн:- Би шатар сурч байгаа.

Б.Гансүлд:- Би даам тоглож чадна. Одоо шатар сурч байгаа.

Б.Хүслэн:- Би зураг гоё зурж сурч байгаа.

Т.Мөрөн:- Би бүх зүйлийг сурч байгаа.

Энжи:- Ямар мундаг юм бэ.

Б.Дөлгөөн:- Би шалаа угааж, гараа угааж чадна. Бас аяга, шанагаа ч бас угааж чаддаг.

ЭНЖИ: ХҮҮХДҮҮДЭЭ ТА НАР ААВ, ЭЭЖДЭЭ САЙН ТУСЛАЖ БАЙГААРАЙ

Б.Хүслэн:- Энжи чи ээж, аавдаа тусладаг уу?

Энжи:- Тоглолтгүй, завтай үедээ тусладаг. Та нар ч бас аав, ээждээ сайн туслаж байгаарай. Та хоёр пладж өмсөх дуртай юу?

Б.Дөлгөөн:- Тийм ээ, пладж өмсөх дуртай.

Энжи:- Бүх охидууд пладжинд дуртай гэж боддог уу?

Б.Хүслэн:- Тийм.

Энжи:- Зарим охидууд пладжинд дургүй байдаг шүү дээ.

Т.Мөрөн:- Чи ямар цэцгэнд дуртай вэ?

Энжи:- Би цэцгэнд нэг их дуртай биш. Та нар ямар өнгөнд дуртай вэ?

Б.Дөлгөөн:- Би ягаан, шар, оранжин өнгөнд дуртай.

Б.Хүслэн:- Би лав тагаан (цагаан) өнгөнд дуртай.

Т.Мөрөн:- Би бүх өнгөнд дуртай.

Энжи:- Зарим охидууд ягаан өнгөнд дуртай байдаг. Би тод, цэнхэр ч юм уу тиймэрхүү өнгөнд дуртай.

Б.Хүслэн:- Чи ямар амьтанд дуртай вэ?

Энжи:- Туулайнд бас гөлгөнд.

Б.Дөлгөөн:- Би бас туулайнд дуртай.

Т.Мөрөн:- Тийм үү, би бүх амьтанд дуртай.

Б.Хүслэн:- Харин би муур, гөлгөнд дуртай. Манай гэрт жижигхэн муур байдаг.

Т.МӨРӨН: БИ ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ОГТ УУДАГГҮЙ

Б.Гансүлд:- Энжи чи ямар ундаа уух дуртай вэ?

Энжи:- Үзэмний шүүс, зөгийн балтай ус гээд биед сайн зүйлс уух дуртай.

Б.Дөлгөөн:- Би чацаргана, ус уух дуртай.

Т.Мөрөн:- Би бүх зүйлд дуртай. Би нээрэн газтай ундаа уудаггүй. Газтай ундаа уухаар шууд гэдэс, дотор нь чулуу болчихдог. Тийм болохоор би уудаггүй.

Энжи:- Та нар битгий газтай ундаа ууж байгаарай. Чи ёстой ухаантай хүүхэд байна шүү.

Т.Мөрөн:- Тийм ээ. Би огт газтай ундаа уудаггүй. Бас би дасгал хийх дуртай.

Энжи:- Дасгал хөдөлгөөн сайн хийх чухал шүү. Аймар вирус гарчихсан байгаа юм чинь дасгал сайн хийн, ус ууж, гараа ариутган, дархлаагаа дэмжээрэй.

Б.Дөлгөөн:- Би гэртээ байхдаа зөндөө ус хийж байгаад уучихдаг. Ам цангаад байдаг болохоор.

“КОРОНАВИРУС ХАРАГДДАГГҮЙ УЧРААС ГАРАА САЙН УГААЖ, МАСК ЗҮҮХ ХЭРЭГТЭЙ”

Энжи:- Коронавирус гэж юу вэ, та нар мэдэж байна уу?

Б.Дөлгөөн:- Мэднэ. Гэхдээ яг ямар амьтан байдгийг нь мэдэхгүй.

Энжи:- Коронавирус гэж сонин хэлбэртэй, хүнд харагддаггүй вирус байдаг байхгүй юу.

Т.Мөрөн:- Коронавирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угааж, ам, хамар, нүдэндээ хүрэхгүй байх хэрэгтэй.

Б.Гансүлд:- Бас маск тогтмол зүүх хэрэгтэй.

Энжи:- Коронавирус харагддаггүй учраас гараа сайтар угаан, маск зүүх чухал шүү, за. Та нар ихэвчлэн хэний дууг сонсдог вэ?

Б.Дөлгөөн:- Энжигийн дуунд үнэхээр дуртай. Байнга сонсдог. Чамд ямар, ямар өнгөтэй пладж байдаг вэ?

Энжи:- Хөх, цагаан, ягаан гээд олон өнгийн пладж бий.

Б.Гансүлд:- Бас улаан өнгөтэй пладж байдаг, тийм ээ.

Энжи:- Тийм ээ, байдаг. Чи ёстой сайн мэдэж байна шүү.

Б.Дөлгөөн:- Би ч бас мэднэ. Дууныхаа клипэн дээр өмсдөг шүү дээ.

Энжи:- Та нар ямар баярт дуртай вэ?

Т.Мөрөн:- Би бүх баярт дуртай.

Б.Дөлгөөн:- Би ч бас бүх баярт дуртай.

Б.Гансүлд:- Зургаан сар 1 болох дөхөж байна. Гоё байна уу?

Энжи:- Гоё байна. Бэлэг авах гоё, тийм ээ.

Б.Гансүлд:- Тийм шүү.

Энжи:- Битгий ич аниагийн дүү, за юу.

Б.Гансүлд:- За.

“ЭНЖИ ЧАМТАЙ ХАМТ ТОГЛОЖ БОЛОХ УУ”

Б.Дөлгөөн: Энжи чи гурван дуутай, тийм ээ?

Энжи:- Уг нь гурваас ч олон дуу байгаа. Тэгсэн чинь яасан гээч бусдыг нь клипжүүлээгүй.

Б.Гансүлд:- Бас нэг кинонд тоглосон, тийм ээ?

Энжи:- Тэгсэн. Чи үзсэн үү?

Б.Гансүлд:- Үзсэн.

Энжи:- Би бүх дуундаа дуртай. “Boom Boom” дуундаа илүү дуртай.

Б.Хүслэн:- Энжи чамтай хамт тоглож болох уу?

Энжи:- Бололгүй яах вэ. Ярилцлагаа дуусгачихаад хамт тоглоё.

Б.Хүслэн:- Нээрэн үү, ямар гоё юм бэ.

Т.Мөрөн:- Чиний төрсөн өдөр хэзээ болдог вэ?

Энжи:- Арваннэгдүгээр сард. Чиний төрсөн өдөр хэзээ болдог вэ?

Б.Хүслэн:- Миний төрсөн өдөр болоод өнгөрчихсөн шүү дээ.

Энжи:- Ер нь хэзээ болдог вэ?

Б.Хүслэн:- Эмээтэйгээ байхад. Энжи чи юу хийх дуртай вэ.

Энжи:- Дуу дуулах, бүжиглэх дуртай. Бас коронавирусээс өөрийгөө хамгаалах дуртай (инээв).

Тэд ийнхүү ярилцсаныхаа дараа “Boom Boom” дууг хамтдаа дуулахаар болов. Хамгийн дуртай дуугаа, дуучинтай нь хамт дуулна гээд бод доо. Тэгээд бүр багачуудын хамгийн дуртай дуучин, үеийнхээ тод одтой хамт. Тэд ч ёстой азтай юм аа.

Тавуулаа тайзан дээр гарч, дуулахаар зогсох мөчид Б.Гансүлд гэнэт уурлав. Тэр яагаад уурласан юм бол оо. Бүр хоёр гараа зөрүүлээд нам зогсчихов. Энжитэй уулзахаараа хамт дуулахыг хүсэж байна гээд догдлон хүлээсэн, уулзалтын эхэнд “Boom Boom”-ийг хэчнээн хөөрхөн эвлэгхэн дуулж байсан билээ дээ, уг нь.

Учрыг нь эвтэйхэн асуухад Энжигийн дэргэд зогсоод дуулахыг хүссэн гэнэ. “За, тэгвэл дэргэд нь зогсооё. Энжитэйгээ, найзуудтайгаа хамт дуулчих” гэж аргадаад тусыг эс олов. Тэд дуугаа дуулж эхлэхэд ч гэсэн Б.Гансүлд гүрийсээр байлаа. Тэгж байснаа тайзнаас буугаад явчихав. Тэрбээр Энжигийн дэргэд зогсоод дуулахыг үнэхээр их хүссэн бололтой.

Ийнхүү бяцхан фэнүүдийнх нь хүсэл биелж, Энжи аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрөөв. Уулзалт дуусахад тэд Энжигийн тухай ам, амандаа шулганасаар л байлаа. Магад гэртээ харьсныхаа дараа, өнөөдөр ч бас ярьсаар, дууг нь дуулж суугаа биз ээ. Энжи багачуудын, монголчуудын хайрыг тийм их татсан “Хөөрхөн чоно” билээ.

Ташрамд дурьдахад, энэхүү сурвалжилгыг бэлтгэхэд тусласан, “Шөнийн зах” худалдааны төвийн 4 давхарт байрлах “Солонгон инээд” тоглоомын төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Мөн Монголынхоо бүх хүүхэд, багачуудад Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Манай сайт өмнө нь Энжитэй хийж байсан дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

ВИДЕОГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button