НийгмийнЯРИЛЦЛАГА

Энжи: Би дэлхийд алдартай жүжигчин болох ганцхан мөрөөдөлтэй

Түүнтэй ярилцлага хийхийнхээ өмнө жаахан хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөнгөн асуулт нэлээдийг бэлтгэв. Амьхандаа тэгэхгүй бол хариулж чадахгүй байх гэж бодсондоо тэр. Гэтэл ярилцлага эхлэнгүүт миний асуултад адтай, сэргэлэн, хэрсүү гэгч нь аргагүй хариулав. Хэзээний том хүн шиг түүртэлгүй, тэгсэн мөртлөө цаанаа нэг өхөөрдөм хариулж байлаа. Хөгжилтэй зүйл ярьсныхаа дараа алаг нүдээ тормолзуулан инээнэ. Хэнтэй ярилцсан юм бол гэж уншигч та гайхаж байгаа болов уу. Яагаа вэ нөгөө “Хөөрхөн чоно”-той. Монгол түмний хайрыг хүлээсэн, өхөөрдөм Энжи буюу А.Эрдэнэцэцэгтэй.

“Авьяаслаг монголчууд” шоунд дөрөвхөн настайдаа оролцохдоо “Бөдөн шувуу чоно” хоёрыг уншаад хэрхэн шуугиулж, олны хайрыг татсаныг уншигчид сайн мэднэ. “Манай дүү насгүй, өлгийтэй” гээд үзэгчдээр өхөөрдүүлж байсан Энжи өнөөдөр цөөнгүй кинонд тоглон, дуу гаргаж, ирээдүйд жүжигчин болох мөрөөдлөөрөө жигүүрлэж явна.

Наймхан настай мөртлөө ямар мундаг хөдөлмөрч, уран бүтээлч сэтгэлгээтэй, төлөвшилтэйг нь гаргасан уран бүтээлүүдээс нь бэлхнээ харж болно. СТА Э.Чулуучимэгийн хүсэлтээр дуулсан “Зүгээр л инээмсэглэ” дуу нь 9 сая 600 мянга, сүүлд гаргасан “BOOM BOOM” нь таван сая 400 гаруй мянган хандалт аваад байгаа гээд бод доо. Өдий насны хүүхдэд супер амжилт.

Хэнтэй ярилцсан юм бол гэж уншигч та гайхаж байгаа болов уу. Яагаа вэ нөгөө ????????????????“Хөөрхөн чоно”-той. Монгол түмний хайрыг хүлээсэн, өхөөрдөм Энжи буюу А.Эрдэнэцэцэгтэй

Posted by Eguur.mn on Monday, April 20, 2020

Энжи өнгөрсөн жил хүнд өвчин тусаж, алхаж ч чадахгүй байж. Алхахад л судас нь хагарчих гээд эвтэйхэн гам барьж, хэвтэрт байхаас өөр аргагүй болжээ. Тийм үедээ нэгэн дууг сонсон, эрч хүч авдаг байсан нь БНСУ-ын “Momoland” хамтлагийн “BOOM BOOM”. Эмнэлгийн орон дээр үргэлж тус дууг сонсон, алхаж, тоглож яваа хүүхдүүдэд гэмгүй атаархаж суухад нь ах, эгч хоёр нь “Хэрвээ гам сайн барьж, өөрийгөө дайчлаад эдгэрвэл “BOOM BOOM”-ийг коверлуулж, клип хийж өгье” гэж амлажээ. Энжи балчирхан биедээ баймгүй тэвчээр гарган гүрийсээр эдгэрч, ах, эгч нар нь амлалтдаа хүрснээр “BOOM BOOM” дууны ковер хувилбар мэндэлсэн түүхтэй.

Энжигийн дуу, клип, хувцаслалт, мөнгө, санхүү гээд бүхнийг ээжийнх нь төрсөн хоёр нь дүү нь зохицуулдаг юм билээ. Эмэгтэй дүү Мийнөө нь дуулах ур чадвараас авхуулаад бүхнийг Энжийд заадаг гэнэ. Аав, ээж, ээжийнхээ хоёр дүүгийн хамт бор зүрхээрээ зүтгэж, урлагт багаасаа дурлан, зүрх сэтгэлээ зориулж яваа “Хөөрхөн чоно”-той ярилцлаа.

СҮҮЛИЙН ҮЕД ХҮМҮҮС НАМАЙГ “BOOM BOOM” Л ГЭЭД БАЙГАА

-Ахын дүүг хүмүүс Энжи, “Хөөрхөн чоно” гэдэг. Аль нэрэндээ илүү дуртай вэ?

-Аль алинд нь дуртай. Тэгээд бас би “Boom Boom” гэдэг нэртэй болсон байна лээ. “Boom Boom” дууг дуулснаас хойш хүмүүс намайг тэгж нэрлэх болсон юм. Энд, тэнд очиход “Хөөх, Boom Boom ирчихэж” гээд л байгаа.

-Энжи гэдэг нэр нь их хөөрхөн. Ахын дүү өөрөө өөртөө өгсөн нэр үү. Эсвэл гэр бүлийнхэн нь зөвлөсөн юм уу?

-Ээжийн төрсөн дүү Мийнөө эгч надад дуулахаас авхуулаад бүхнийг заадаг. Мө ах, Мийнөө эгч хоёр дуу хийх, хувцаслалт, клип, багш, менежер гээд бүхнийг хийдэг, бүх зүйлийг зохицуулдаг. Намайг хоёр настай байхад агаа (Мө ах), аниа (Мийнөө эгч) хоёр намайг ингэж нэрлэсэн юм. Энжи гэдэг нэрэндээ би их дуртай. Өвөрмөц, гоё, содон нэр л дээ.

АРД БҮЖИГЛЭДЭГ ДӨРВӨН ХҮҮХДИЙН НЭГ НЬ МИНИЙ ТӨРСӨН АХ

-Дууных нь ард бүжиглэдэг дөрвөн бүжигчний нэг нь төрсөн ах нь юм билээ. Ахтайгаа хамт уран бүтээл гаргахад илүү түшигтэй, гоё байдаг уу?

-Тийм ээ. Ганцхан манай ах гэлтгүй бүгдээрээ сайхан сэтгэлтэй, ухаантай. Тийм болохоор бид нэг гэр бүл шиг байдаг.

-Нөгөө гурав нь танай хамаатан уу. Эсвэл багшийнх нь дугуйлангийн хүүхдүүд юм уу?

-Тийм ээ. Багш (Мийнөө эгч нь)-ийн “Алтан од” дугуйлангаас шигшигдэж үлдсэн хүүхдүүд. Аниагийн шавь нар. Би хоёр настайдаа хөтлөгч, жүжигчний хосолсон “Алтан од” сургалтад хамрагдсан. Хоёр настайдаа сургалтынхантайгаа, ахтайгаа хамт жүжигт тоглож байсан.

Хөөх, тийм жаахан байхдаа юу?

-Тийм ээ. Та тэр бичлэгийг үзсэн үү.

-Үзээгүй ээ. Интернетэд бий юү?

-Байгаа. Танд би үзүүлье.

Энжи Мийнөө эгчийнхээ утсыг нь гуйж аваад, тухайн үеийн бичлэгээ үзүүлэв. “Би ийм жаахан байсан шүү дээ. Одоо зөндөө том болчихсон байгаа биз. Ийм том болсон” гээд босож зогсоод, инээмсэглэв.

Хичээл нь орохгүй, багштайгаа, ангийнхантайгаа уулзахгүй байх ямар байна вэ. Теле хичээлээ өдөр бүр хийж байгаа юу?

-Би теле хичээлээ идэвхтэй, сайн хийж байгаа. Манай ангийн багшаас өөр багш зурагтаар хичээл заахаар хааяа эвгүй санагддаг. Ангийн групп дээр манай ангийн багш хичээл заадаг. Тэндээс бас үздэг.

ШИНЭ КЛИПЭНДЭЭ ӨМСӨХ ХУВЦАС, ГУТЛАА БУСАДТАЙГАА ХАМТ УРЛАЖ БАЙГАА

-Энжи удахгүй шинэ дуу гаргах гэж байгаа юм билээ. Хажуугаар нь теле хичээлээ хийж амжиж байгаа юу?

-Гэртээ ерөөсөө уйдах завгүй байгаа. Теле хичээлээ хийчихээд шинэ клипэндээ бэлддэг. Энд гутлаа, хувцсаа чимэн, бүжгээ давтдаг. Тэгэхээр хичээл орохгүй байх гоё байгаа. Яагаад гэвэл шинэ дуундаа бэлдэх зав гараад гоё байна. Клипний зураг авалтны үеэр баахан хичээл овоорчихож магадгүй. Тиймээс би өдөр бүр хичээлээ идэвхтэй хийж байгаа. Хажуугаар нь шинэ клипэндээ өмсөх гутал, хувцсаа багш, гэр бүлийнхэнтэйгээ хамт урлаж байгаа.

-Хөөх, тийм үү. Ямар мундаг юм бэ. Энэ гутлаа бусадтайгаа хамт өөрөө урлаж байгаа юм уу?

-Тийм ээ. Миний төдийгүй манай багийнхны хувцасны загварыг бид өөрсдөө гаргаж, урладаг. Энэ гуталны хамран дээр араг яс (хохимой) шигтгэсэн нь догь харагдаж байгаа биз.

-Тийм байна. Ёстой гоё загварлаг болж.

-Ашгүй дээ. Энэ хоёр гутлыг хоёуланг нь шинэ клипэн дээрээ өмсөнө. Ер нь цэргийн хувцас гэхээр заавал ногоон өнгөтэй, нэгэн хэвийн байх албагүй. Ногоон өнгөтэй бол хэний ч анхаарлыг татахгүй. Тийм болохоор гуталнуудаа ийм загвараар урлаж байгаа юм. Мө ах дэлхийд ганц гутал урлана гээд л байгаа. Энэ хохимойг Батаа ах урлаж өгсөн.

УДАХГҮЙ ААВЫН ТУХАЙ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

-Цэргийн хувцас бэлтгэж буйгаас нь харахад аавын тухай, цэрэг армийн тухай сэдэвтэй дуу бололтой.

-Тийм ээ. Аавын тухай дуу. Аавдаа зориулж дуулна.

-Аавын тухай сэдэвтэй анхны дуу нь бил үү?

-Өмнө нь аавын тухай дуу хийж байгаагүй. Уг нь энэ дууг “Boom Boom”-ийн дараа, Цэргийн баярын үеэр цацахаар төлөвлөж, клипнээс бусдыг нь хийчихсэн байсан юм. Даанч коронавирусийн халдварын улмаас амжаагүй. Энэ дуунд зориулаад хийсэн хувцаснууд надад багадчихсан. Одоо тэгээд дахиж өөрийг, өмнөхөөсөө супер дупер хувцас урлаж байгаа.

-Тэгэхээр Энжи их хурдан том болж байгаа юм байна даа.

-Харин тийм ээ. Ийм хурдан том болж байгаагаа гайхаад л байна (инээв).

БҮХ ЗҮЙЛИЙГ ААВ, ЭЭЖ, МӨ АГАА, МИЙНӨӨ АНИА ЗОХИЦУУЛДАГ

-Нэг уран бүтээл гаргахад өртөг өндөртэй. Энэ бүхнийг гэр бүлийнхэн, аав, ээж нь зохицуулдаг уу?

-Тэгдэг. Аав, ээж, Мө агаа, Мийнөө аниа гээд бүгдээрээ нийлж, зохицуулдаг.

-Харьяалагддаг продакшн, студи ахын дүүд бий юү?

-Байхгүй. Хувиараа, ард бүжиглэдэг уран бүтээлчидтэйгээ хамт зүтгэдэг. Зарим зүйлийг тоглолтынхоо орлогоос зохицуулдаг.

-Тоглолт гэснээс олны өмнө дуулахдаа, шүлэг уншихдаа хэр их сандардаг вэ?

-Огт сандардаггүй. Яагаад гэвэл хүн сандрахаараа тухайн зүйлийг сайн гүйцэтгэж чаддаггүй шүү дээ. Тийм болохоор би аль болох тайван байхыг хичээдэг. Сандрахгүй зүгээр л гоё байдаг. Заримдаа сандрах үе бий. Тэгвэл гүнзгий амьсгаа авдаг. Сандарвал тэгээрэй гэж агаа, эгч хоёр надад захидаг.

РОКИТ БЭЙ АХТАЙ ХАМТ РЕКЛАМАНД ТОГЛОХ ҮНЭХЭЭР ГОЁ БАЙСАН

-Ахын дүү дөрвөн настайдаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон. Түүнээс  хойш тус шоуны шүүгчидтэй уулзсан уу?

-“Монгол чат”-ын рекламанд Рокит Бэй ахтай хамт тоглосон. Рокит Бэй ахтай дахиж уулзах гоё байсан.

-Рокит Бэй Энжийг юу гэсэн бэ. “Ямар том болоо вэ” гэсэн үү?

-Үгүй ээ.

-Тэгвэл юу гэсэн бэ?

-“Сайн уу” гэхээр нь “Сайн” гэсэн. Тэгээд бид хоёр рекламанд хэрхэн тоглохоо ярилцсан. Дууг нь сонсож, хүндэлдэг ахтайгаа рекламанд тоглох үнэхээр гоё байсан. Би Рокит Бэй ах шиг гоё үглэж сурахыг хүсдэг.

ЦАХИМ ХУУДСАА ӨӨРӨӨ ХӨТӨЛДӨГ

-Энжи албан ёсны цахим хаягтай. Хаягаа өөрөө хөтөлдөг үү?

-Тэгдэг. Би хоёрдугаар ангиасаа англи хэл үзсэн. Одоо англиар бичиж чадна. Хэрвээ буруу бичвэл агаа засаж өгдөг. Ер нь би фэйсбүүкээ өөрөө ажиллуулдаг.

-Ахын дүү цөөнгүй уран бүтээлтэй. Аль дуундаа илүү дуртай вэ?

-Хамгийн сүүлд дуулсан “Boom Boom” дуугаа дуулах дуртай. Гэхдээ бусад дуу маань надад таалагддаггүй гэсэн үг биш шүү дээ. Бүгдээрээ гоё дуу.

БҮХ УЛСАД АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИН БОЛОХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Энжи шүлэг уншдаг, дуу дуулдаг, кинонд тоглодог, олон талын авьяастай. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Том болоод дэлхийд алдартай жүжигчин болно гэж боддог. Тэгээд жүжигчин хүн угаасаа дуулах, бүжиглэх чадвартай байх ёстой. Ийм бүх чадварыг агуулсан байх ёстой болохоор жүжигчин болохыг мөрөөддөг. Ука эгч шиг, бусад жүжигчид шиг мундаг хүн болохыг хүсдэг. Бүх улсад алдартай жүжигчин болох нь миний хамгийн том мөрөөдөл.

-Цөөнгүй уран бүтээл гаргаж байгаа болохоор дуучин болох мөрөөдөлтэй байх гэж бодож байлаа.

-Ерөөсөө дэлхийд алдартай жүжигчин болох ганцхан мөрөөдөлтэй. Жүжигчид гоё дуулж, гоё бүжиглэж, гоё жүжиглэж чаддаг шүү дээ. Тийм болохоор би жүжигчин болохыг маш их хүсдэг.

“ХАЛУУН ЗҮРХ” КИНОНД ТОГЛОХЫН ТУЛД 24 ЦАГ УНТААГҮЙ

-Жүжигчин гэснээс ахын дүү цөөнгүй кинонд тоглосон. Хамгийн сүүлд “Халуун зүрх” кинонд дүр бүтээсэн. Мөрөөдлийнхөө үзүүрээс атган, тоглосон киногоо кино театрт үзэхэд ямар санагдав, гоё байсан уу?

-Үнэхээр гоё байсан. Миний тоглосон кинонуудаас хамгийн хэцүү нь “Халуун зүрх” байсан. Зураг авалтанд оролцохын тулд 24 цаг унтаагүй. Гадаа, маш хүйтэнд зураг авалт хийсэн болохоор үнэхээр хэцүү байсан. “Халуун зүрх”-ийн гол дүрийн бага насанд би тоглосон юм. Ээжтэйгээ явж байгаад ууланд төөрдөг хэсэг гардаг даа. Зураг авалтын үеэр цас, шороо нүүрэн дээр наалдаад, би маш их даарсан. Тэр кино үнэхээр гоё уран бүтээл болсон болохоор үзэх бүртээ уйлдаг.

-Дараа нь энэ хэсэгт ингэдэг, тэр хэсэгт нь тэгчихдэг байж гэж хэр анзаарч, алдаагаа засав?

-Тэгж анзаарсан зөндөө зүйл бий. Би тийм алдаагаа анзаарангуутаа гялс засдаг. Дахиж давтахгүй байхыг хичээдэг.

БИ ГУРВАН КИНОНД ТОГЛОСОН, ЗУРГААН ДУУТАЙ

-Ахын дүү одоогоор хэчнээн кинонд тоглоод байгаа билээ?

-За, байз юу билээ. Би шууд хэлж мэдэхгүй байна. Тоолоодохъё (Хураагаа даран, дотроо тоолов). Гурав юм байна. “Халуун зүрх”, “Академи ажиллагаа”, “Гэр дүүрэн охид” кинонд тоглосон. Харин дууны тухайд би зургаан дуутай (“Зүгээр л инээмсэглэ”, “Wow l daa”, “Boom Boom”, “Ээж тандаа”, “Цасхан”, “Миний цэцэн хурга”).

-Уран бүтээлүүдээрээ CD, цомог гаргах бодол бий юү?

-Байгаа. Хамгийн гол нь чанартай уран бүтээл гаргах чухал. Чанаргүй дуу хийвэл хэн ч үзэхгүй шүү дээ.

-Дуунууд нь Youtube” хуудсанд олон сая хандалттай. “Зүгээр л инээмсэглэ”-ийг нь 9 сая 600 мянга, “Boom Boom”-ийг нь 5 сая 400 мянга гаруй хүн үзсэн байна лээ. Бүтээлүүд нь тийм олон хүнд хүрснийг мэддэг үү?

-Мэднэ ээ. Өвөр Монголд 5000 гаруй хүн “Tik Tok”-ийн бичлэгэн дээрээ “Boom Boom” дууг ашигласан байна лээ. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Бас миний дуунуудыг үзсэн бүх хүнд маш их баярлалаа.

ХЭРВЭЭ ЭДГЭРВЭЛ “BOOM BOOM” ДУУНД КЛИП ХИЙЖ ӨГНӨ ГЭЖ НАДАД АМЛАСАН ЮМ

“Boom Boom” дууг гаргахаас өмнө ахын дүүгийн бие хүнд өвдсөн юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-2019 оны зургадугаар сарын үед өвдсөн юм. “Boom Boom” дууг гаргасан минь судас хагарах өвчин туссантай холбоотой. Миний хөлийн судаснууд хагараад алхаж, хамаагүй юм идэж чадахгүй байсан. Алхаад, тоглоомоо авч ирээд тогломоор санагдана. Даанч тэгж чадахгүй байлаа. Хөлний судаснууд хагараад, улаан цэгнүүд нь нэмэгдээд байв. Хэрвээ тэр улаан толбонууд бэлхүүснээс дээш гарвал мэс засалд орох шаардлагатай гэсэн. Тиймээс би дэглэм маш сайн барих хэрэгтэй болсон юм. Яг тэгж хэвтэрт байхдаа БНСУ-ын “Momoland” хамтлагийн “Boom Boom” дууг үргэлж сонсдог байлаа. Маш гоё доргио аятай, бүжигтэй дуу л даа. Тэр үед манай Мө агаа, Мийнөө эгч хоёр “Хэрвээ эдгэрвэл энэ дууг коверлуулаад, гоё клип хийж өгье” гэсэн. Тиймээс тийм гоё клип хийхийн тулд маш их тэвчих шаардлага гарсан юм л даа.

-Судас нь хагараад, алхаж ч чадахгүй байхад хамгийн хэцүү нь юу байв?

-Сонин амттай хоол идэх, алхаж чадахгүй байх үнэхээр муухай байсан.

-Хэр удаан эмчлүүлсэн бэ?

-Дэглэмээ 14 хоног сайн барьвал эдгэнэ гэж эмч хэлсэн. Яг 14 хоногийн дараа хөл өвдөхөө больсон. Хэдийгээр 14 хоног ч надад 20 жил болсон юм шиг санагдсан. Хүссэн үедээ алхаж, өөрөө алхаад 00-ч орж чадахгүй байх үнэхээр хэцүү. Хүүхдүүдэд ая дуугаа өргөж чадахгүй, алхаж чадахгүй болчих вий гэж маш их айсан. Зөвхөн клипнээс гадна миний эрүүл мэнд чухал байлаа. Бүгдээрээ надад маш их тусласан. Миний ард бүжиглэдэг бүх хүнд хайртай шүү.

ЭДГЭРЭЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД БҮХ ХҮНД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮССЭН

-Тэгэхээр тийм хүнд үеийг давж гарах эрч хүчийг “Boom Boom” дуунаас авсан юм байна, тийм үү?

-Тийм ээ. Манай агаа, эгч хоёр маш гоё клип хийж өгсөн. Хамгийн супер дупер нь. Та хоёртоо маш их хайртай шүү.

-Эдгэрч, алхдаг болоод хамгийн түрүүнд юу хийхийг хүссэн бэ?

-Тэр үед эгчтэйгээ хамт байсан юм. Эдгэрснээ сонсоод өөрийн эрхгүй уйлчихсан. Ер нь хамгийн түрүүнд бүх хүнд баярлалаа гэж хэлэхийг хүссэн. Дуу дуулахаас илүү эрүүл болсондоо их баярласан.

-Тэгээд эрүүл болонгуутаа “Boom Boom”-ээ гаргах гээд яарсан уу?

-Тэгсэн. Маш их яарсан. Клипний зураг авалт дуусангуут шинэ уран бүтээлээ маш их хүлээсэн, догдолсон. Манай ах, эгч хоёр тийм гоё гутал, хувцас хийж өгөөд, клип хийсэн нь надад маш таалагдсан. Клипээ хурдан үзэх сэн гэж үнэхээр их догдолсон. Ямар болсон, хүмүүс хэрхэн хүлээж авах нь сонирхолтой санагдаж байлаа.

НАМАЙГ ШҮҮМЖИЛДЭГ ЗАРИМ ХҮНД ГОМДОГГҮЙ ЭЭ

-Тийм хүнд үеийг даван туулаад гаргасан болохоор “Boom Boom” нь илүү үнэ цэнэтэй, утга учиртай санагддаг уу?

-Тийм ээ. Маш олон хүн надад баяр хүргэн, урмын үг хэлсэн. Гэхдээ дууны доор муухай коммент (сэтгэгдэл) бичсэн хүмүүс ч бас бий. Намайг дэмждэг бүх хүнд маш их баярлалаа.

-Ахын дүү одоо наймхан настай. Өөрийгөө балчир, жаахан гэж гололгүй уран бүтээлч, хөдөлмөрч байгаагаар нь олон хүн бахархдаг, өхөөрддөг. Ингэж их хичээгээд байхад нь зарим хүн сөрөг сэтгэгдэл бичиж, шүүмжлэхэд гомддог уу?

-Үгүй ээ, яах вэ дээ. Гомддоггүй ээ. Угаасаа шүүмжлүүлдэггүй уран бүтээл, уран бүтээлч гэж байхгүй. Хүмүүс намайг шүүмжилж байна гэдэг чинь бид тухайн уран бүтээлээ, клипээ сайн хийсэн байна л гэсэн үг.

-Ангийнхан нь Энжигийн ард асаалттай танк шиг байж, дэмждэг байх. Дууных нь клипэнд тоглоё гэж гуйдаг уу?

-Нэг их тэгж гуйдаггүй. Манай ангийнхан, ангийн багш маань намайг маш сайн дэмждэг. Сайн найзууд маань “Ямар гоё клип хийгээ вэ. Найз нь шагнана аа” гэдэг. Манай ангийнхан “Энжи чи яаж ингэж гоё дуулдаг болсон юм бэ” гэж их асуудаг.

-Тэгэхээр нь юу гэж хариулдаг вэ?

-Дуугаа сайн бэлдэж, багшийнхаа үгэнд сайн ороорой гэдэг. Багшийнхаа үгэнд сайн орвол бүр сайн дуучин болно шүү дээ.

-Ахын дүү аав, ээж, ах эгчийнхээ үгэнд хэр сайн ордог вэ?

-Орно оо орно. Гэр бүлийнхэнтэйгээ хувцасныхаа талаар л их ярилцдаг. Энэ чимэглэлийг энд нь хадъя, тэр хохимойг тэнд хатгая гээд л хоорондоо зөвлөлддөг. Манай ах, эгч хоёр хоёулаа стиллэг. Тийм болохоор загварын гоё, гоё санаа гаргадаг.

-Аав, ээж нь охиныхоо ямар дуунд нь хамгийн дуртай вэ?

-Бүх дуунд дуртай. Бүгдээрээ гоё болсон байна гэдэг. Тийм болохоор бүгдээрээ аав, ээжид маань таалагддаг байх. Миний дуулсан дуу аав, ээж, ах, эгчийн утсан дээр явахад гоё санагддаг.

-Энжи эхээс гурвуулаа. Жаахан дүү нь чамтай адилхан уу, ахтайгаа илүү адилхан уу?

-Дүү маань их үймүүлдэг. Тэгэхээр надтай адилхан биш ээ (инээв). Шинэ дууныхаа бэлтгэл ажил гээд Бооёо дүүтэйгээ тоглох зав төдийлөн гарахгүй байгаа. Жүжигчин болох гэж байгаа хүн чинь байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй байхгүй юу. Тийм болохоор би өдөр бүхэн бэлтгэл хийн, хувцасныхаа загварыг гаргадаг.

НАМАЙГ ИВЭЭН ТЭТГЭДЭГ, ДЭМЖДЭГ БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

-Ивээн тэтгэдэг, дэмждэг байгууллага, компани бий юү?

-Байхгүй. Бүх зүйлээ өөрсдөө зохицуулдаг. Хамтарч ажилладаг байгууллага бий.

Хоёулангийнх нь ярилцлага  энэ хүрээд өндөрлөж байна. Ахын дүү том хүнээс дутахгүй мундаг хариуллаа. Ярилцлагын үеэр ингэж хариулаарай, тэгж хэлээрэй гээд аав, ээж нь зааж өгсөн үү. Эсвэл сая ярилцлагын турш Энжи өөрийнхөөрөө хариулав уу?

-Ерөөсөө тэгж бэлдээгүй ээ. Зүгээр л өөрийнхөөрөө, ярьмаар санагдсан зүйлээ л ярьсан. Ийм юм ярья гэж төлөвлөөгүй. Зүгээр л таны асуултад хариулаад байя гэж бодсоон (инээв).

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button