Нийгмийн

Хот нь цадсан ч хошуу нь цадаагүй буюу ковидын үеийн комплекс

Олон хүүхэдтэй айлд өссөн хүн бүр бараг л мэднэ дээ. Хуучны хөгшчүүл эвийлж ирээд л "хот нь цадсан ч хошуу нь цадаагүй л байна уу миний хүү" гээд л энхрийлдэгсэн. Ковидын үеийн комплекс гэж яг үүнийг санагдуулам  хачин жигтэй үзэгдэл байдаг бололтой. Хоол хүнсний хангамж нөөц хангалттай байгаа гээд байхад л зохиомол хомсдолыг өөрөө өөрсдөдөө бий болгосоор гэрээ зоорь болгох нь халаг болсон хүмүүс.  Ямар сайндаа л Улаанбаатар хотынхны махны нэг өдрийн дундаж хэрэглээ 110-аас 130 орчим тонн байдаг байхад, дэглэм тогтоосноос хойш 350-аас 470 тонн мах нийлүүлж байгаа тухай салбарын сайд нь сандралгүйгээр ярьж хэлж суух вэ дээ. Өөрөөр хэлвэл хүмүүсээ бүү сандар, хүнсний нөөц байгаа шүү гэдгийг төр засаг тоон хэлээр ийнхүү тайвнаар сануулж буй хэрэг.       

Гадны нэг хотод гайтай гэмээр усан бороо нүүрлэжээ. Гудамжаар хүмүүс гүйлдэж хотын нэгэн томоохон саравчны доор хүмүүс овоорон байхыг тал талаас нь цонхоор харсан иргэд “fаке news” тарааж бүхэл бүтэн банкийг дампууруулаад амжжээ. Эл хүмүүсийн овоорсон саравчны яг урд нь банк байрлаж байсан бөгөөд, банкнаас хүмүүс хадгаламжаа татахаар очерлож байгаа тухай хуурамч мэдээний бай нь тухайн банк болж, хохирсон байна.        

Тархинд үүссэн адын бодол хуурамч мэдээгээр хөллөөд ирвэл нийгэмдээ ямар их хор хөнөөлтэйг эл жишээ бэлхэнээ харуулна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалах хамгийн сайн вакцин бол сахилга бат хариуцлага хэмээн хэлжээ.  Гэтэл хүнсний тээврийн машинд хүмүүс нуугдаж суугаад зорчсон тохиолдол гарч, хууль хяналтын байгууллагынхны ажилд хүндрэл учруулсан тухай мэдээлэл ч байна. Өөрийнхөө болоод гэр бүлийнхээ хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж мэдэх ухамсаргүй үйлдэлийг “засах цаг” бага тул, өмнө нь ийн анхааруулжээ.         

УОК-ийн хуралдаанаар Хүнсний удирдлагын шуурхай штаб байгуулагдан хэд хэдэн удаа хуралдаж,  Аймгийн Засаг дарга нарын хүнсний нөөц хангамж хэвийн байгаа тухай  сайн мэдээ дуулдаж, отор нүүдлээр аймгуудад орж ирж байгаа малчдыг хорио цээрийн дэглэмтэй үед нутаг орноосоо хөөж туух, үл ойлголцох байдал гаргахгүй байхыг ч үүрэг болгоод амжжээ. Нээрээ л малын захад малчин, хүнсний хангамжийн цаана хүний амьдрал, аюулгүй байдал байгаа гэдгийг мартаж боломгүй.      

Салбарын яам нь хүнсний хангамжийн бодлогоо барьж, хэрэглэгчдэд хэрхэн хувиарлаж түгээх ажлаа шат шатны удирдах захиргааны нэгж байгууллагууд нь хариуцан ажилладаг.  Нөөцийн махны худалдааг нийслэлийн 6дүүргийн 15 байршилд зарж борлуулах ажлыг нийслэлийн захирагчийн ажлын алба хариуцан ажиллаж байна. Сошиалд элдэв нэр төрлийн хоол хийснээ сайрхаж тавьдаг бүсгүйчүүдийн пост шиг амьдрал байхад, нөөцийн маханд очерлож нүцгэн үнэнтэй нүүр тулдаг амьдрал бас бий.      

Ямартай ч Коронавируст халдварын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл дахин сунгалаа. Хүнсний бүтээгдэхүүний хангамж хэвийн, нөөц хангалттай байгаа тухай салбарын яам нь ийнхүү сануулсаар байхад “өлөн бай” гэдэг шиг дайраад байгааг амжиж ойлгох ухаан хайрла.    

Ингэхэд хүнсний дэлгүүр, супермаркетууд ч хэвийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Тиймээс иргэдийг бараа, бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэх, дэлгүүр, зах худалдааны төвд дараалал бий болгохгүйгээр албаны эх сурвалжаас үнэн бодитой мэдээлэл авч, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагахыг эелдэгээр уриалах байна.     

Өнгөрсөн өдрүүдийг эргэн харахад ёстой л “хот нь цадсан ч хошуу нь цадаагүй” дүр зураг л харагдаад байх шиг. Өдөрт 110-аас 130 орчим тонн мах иддэг хотынхон маань, ковидын дэглэмийн үеэр 350-аас 470 тонн мах цохиод байна гэж байхгүй л баймаар. Чухамдаа бидний гэр зоорь биш, бидний гэр бүл харин хайр бусуу?   Хайртай хүмүүсээ, өөрийгөө халдвараас сэргийлж, ковидын үеийн комплексоосоо салцгаая Монголчуудаа.  

Редакцийн бус контент

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-17 12:26

ОЛОН ДАХИН ГАРАХГҮЙ ГЭЭД ХҮНСЭЭ НӨӨЦЛӨХИЙН БУРУУ НЬ ЮУ БНА . БИТГИЙИ ГЭРЭЭСЭЭ ГАР ГЭЧХЭЭД АЛЬ БОЛОХООР ЦӨӨН ГАРЫ ГЭЭД ХҮНСЭЭ АВАХААР ЗАГНААД БДАГ НЬ ЮУ БИЛЭЭ ??? АВАГ Л ДЭЭ ЗАЙГАА БАРЬ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРУУЛ . МАХНЫХАА ОРЧИНГ САЙН АРИУТГА . ӨӨР ЯАХЫН ?

зочин
зочин
2020-11-17 15:49

Зөв бичжээ ковидоос ядаж сур�##�цаж эмх цэгцтэй байцгаая өнөөдөр хүүхэд х�##�амжийн мөнгө өгсөн юм уу хотоор машины хөдөлгөөн их бна яаж ч хэлээд толгойд юм ордоггүй хүмүүсийг яаяа даа ингээд бв�##� хорионы хугацаа улам сунгах шаардлага гарна энэ х�##�амжын хавтгайр�##� олон муу үр дагавартай даа

Холбоотой мэдээ

Back to top button