УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсөв батлагдах өдөр | Өнгөрсөн 74 хоногт ногдол ашиг ярьж, 2027 оны төсвөө хэлэлцэхээ мартав

2025 оныхоос 10 их наядаар өндөр, сонгууль угтсан 2027 оны төсөв өнөөдөр батлагдана. "Алаагүй баавгайн арьсыг арав хуваах" хэлц хэн бүрийн аманд хоногштол "Оюу толгой"-н ногдол ашгийн 3 их наядыг ярьсаар гуравдугаар хэлэлцүүлгээ дуусгасан. Ингэж гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломж хязгаарлагдахад Засгийн газар ногдол ашгаас орж ирэх орлогыг дэд бүтцийг санхүүжүүлэх хуулийн төслөө татсан. Үр дүнд нь гишүүд төсөвт хяналт тавих онцгой эрхээ алдаж амаа үдүүлж, өнөөдрийг угтаж байна.


2027 оны төсвийн зарлага 43.6 их наядаас 41.6 их наяд болж, МАН сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах нь тодорхой болсон нь

2027 оны төсвийн зарлага 43.6 их наядаар буюу энэ оны төсвийн зарлагаас 10.8 их наяд төгрөгөөр өсөж орж ирсэн. Гэтэл хавар УИХ-аар батлагдсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 34.78 их наяд төгрөг гэж тооцож байсан бол наймдугаар сарын 31-нд өргөн мэдүүлсэн шинэ ирэх оны төсвийн орлогыг 41.3 их наядаар оруулж ирсэн.

Энэ онд нүүрс, зэсийн экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс даруй 4.5 тэрбум ам.доллароор өссөн. Эдийн засгийн энэ өгөөж ирэх оны төсвийн орлогод нэмэртэй ч зарлагыг 10 их наядаар нэмэгдүүлнэ иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгдэх эрсдэлтэй. Тэтгэвэр, доод цалин, төрийн албан хаагчийн цалинг нэмэх нь нэг талдаа татварын орлогыг улам өсгөх замаар төсвийн орлогыг нэмэх сонирхол юм.

Оюу толгойн ногдол ашгийн 2 их наядаар дэд бүтцийн төслүүд санхүүжүүлэх төлөвлөгөөг Засгийн газар төсвийн хуульдаа тусган орж ирсэн. Энэ нь олон нийтээс, мөн гишүүдээс багагүй шүүмжлэл дагуулж, хуулиа эгүүлэн татахаас өөр аргагүйд хүрсэн. Анхнаасаа Баялгийн сангийн хуулиа зөрчиж, ийн дураараа авирласан нь Засгийн газар өөрөө байв.

Нэгэнт ногдол ашгийн чимээнээр олон нийт бэлэн мөнгө ирнэ гээд найдчихсан. Энэ завшааныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овжиноор ашиглаж, ногдол ашиг орж ирэх бүрд иргэдийн дансанд олгосон нь зөв гэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Н.Учралын Засгийн газар "морь унасан толгойгүй хүн" болохгүйн тулд ганц нэгээрээ гарч ирж тэрссэн. Сүүлд Ерөнхий сайд Н.Учрал "Хэрэв ногдол ашгийг УИХ-аар иргэдэд олгохоор шийдвэрлэгдвэл Засгийн газар эсэргүүцэх эрхгүй" гэж дуугарав. Мөн дансандаа авах саналыг иргэн гаргаж, 100 мянга гаруй иргэн дэмжсэн тул хэлэлцэх нь тодорхой болчихсон.

Өдгөө үнийн өсөлт ковидын үеийнхтэй ижил буюу 13.4 хувьд хүрчхээд байна. Иргэн бүрийн халаасанд 857 мянган төгрөг тараагдсаны дараа хэрхэн өсөхийг таашгүй. Зарим эдийн засагчид, Сангийн сайдын мэдээлж буйгаар 2-5 хувь өсөхөөр буй. Эцэст нь иргэдийн халаасан дахь мөнгө улам үнэгүйднэ. Энэ үед тэд "ард түмэн бэлэн мөнгө авахыг хүссэн шүү дээ. Бид ард түмнийхээ саналыг дагасан" гээд мэлзэх хувилбараа ч тэд тооцсон байна.

Засгийн газар, Ерөнхийлөгч, нэр бүхий гишүүдийн хэн нь ч одоо хэрэгжиж буй Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхгүй. Харин иргэний өргөдөл өндөрт гарч, УИХ хэлэлцэхээс өөр аргагүйд хүрч, хуульд өөрчлөлт орсноор 857 мянган төгрөг иргэн бүрийн халаасанд тараагдсан болж үлдэх хувилбартаа хэдийн шилжчихсэн гэсэн үг.


Ирэх онд төрийн гурван өндөрлөг, сайд нар хэчнээн төгрөгийг захиран зарцуулах вэ?

Төрийн гурван өндөрлөгийн зарцуулах төсөв өмнөх оныхоос 3.8-61.7 тэрбум төгрөгөөр өссөн байна

Төрийн тэргүүн төсөв:

Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын зарцуулах зардлыг 2027 оны төсөвт 34.3 тэрбум байхаар тусгажээ. Үүний 250 сая нь хөрөнгийн зардал, үлдсэн нь урсгал зардал байна. Энэ нь Ерөнхийлөгчид хамаарах төсөв гэсэн үг. Төрийн тэргүүний төсөв 2026 онд 30.5 тэрбум төгрөг төсөв байсан ийн 3.8 тэрбумаар нэмэгджээ.

УИХ-ын даргын төсөв:

УИХ-ын дарга 2027 онд 177.9 тэрбум төгрөгийн төсөв зарцуулна. Энэ нь 32.5 тэрбумаар өссөн дүн юм. 2027 оны төсвийн 107.2 тэрбумыг нь урсгал зардалд, 7.6 тэрбумыг хөрөнгийн зардалд хуваарилжээ. Өнгөрсөн төсвийг харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хөрөнгийн зардал тусгаагүй аж. Хөрөнгийн зардал гэдэг нь шинээр барилга барих, зам тавих, барилгын засвар хийхэд шаардагдах төсөв юм.

Ерөнхий сайдын төсөв:

2027 оны төсөвт төрийн гурван өндөрлөгөөс хамгийн өндөр дүн зарцуулах нь Ерөнхий сайд байна. Ерөнхий сайдын төсөв 2026 онд 362.3 тэрбум төгрөг байсан бол 61.7 -аар тэрбумаар тэлж 424.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 347.6 тэрбум төгрөг нь урсгал зардал, 76.4 тэрбум нь хөрөнгийн зардал байна.

Сайд нарын төсөв | Л.Энх-Амгалан хамгийн өндөр буюу 7.5 их наядыг, Т.Доржханд хамгийн бага буюу 8.3 тэрбумыг зарцуулна

Өндөр төсөв зарцуулахаас нь эрэмбэлэвэл,

Нэг. Боловсролын сайд Л.Энх-Амгалан ирэх онд 7.5 их наядыг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 2.6 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

  • Урсгал зардал 6.2 их наяд
  • Хөрөнгийн зардал 1.3 их наяд

Хоёр. ГБХНХ-ийн сайд Т.Аубакир ирэх онд 6.1 их наядыг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 1.3 их наядаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 6 их наяд 27 сая
  • Хөрөнгийн зардал 73 сая

Гурав. Сангийн сайд З.Мэндсайхан ирэх онд 5.3 их наяд төгрөгийг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 1.1 их наядаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 3.2 их наяд, үүнээс зээлийн хүүд 1.5 их наяд
  • Хөрөнгийн зардал 238 сая
  • Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал 1.7 их наяд

Дөрөв. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ирэх онд 2.6 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 630 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 6 их наяд
  • Хөрөнгийн зардал 73 сая

Тав. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ирэх онд 1.9 их наяд төгрөгийг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулвал 467 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 1.8 их наяд
  • Хөрөнгийн зардал 98 сая

Зургаа. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ирэх онд 1.4 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 424 тэрбумаар өссөн дүн юм.

  • Урсгал зардал 42 сая
  • Хөрөнгийн зардал 1.4 их наяд

Долоо. Эрчим хүчний сайд Б.Найдалаа 2027 онд 1.2 их наяд төгрөгийг захиран зарцуулна. 2026 оны төсөвтэй харьцуулан үзвэл 850 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 223 сая
  • Хөрөнгийн зардал 1 их наяд

Найм. Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2027 онд 1 их наяд төгрөгийг захиран зарцуулна. 2026 онтой жишиж үзвэл 343 тэрбумаар өссөн дүн юм.

  • Урсгал зардал 946 тэрбум
  • Хөрөнгийн зардал 136 тэрбум

Ес. ССАЖЗ-ийн сайд Ж.Алдаржавхлан 2027 онд 821 тэрбумыг захиран зарцуулна. 2026 онтой харьцуулвал 310 тэрбумаар өссөн дүн юм.

  • Урсгал зардал 477 тэрбум
  • Хөрөнгийн зардал 343 тэрбум

Арав. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат 2027 онд 649 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 65 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 501 тэрбум
  • Хөрөнгийн зардал 147 тэрбум

11. Шадар сайд Н.Номтойбаяр 2027 онд 488 тэрбумыг зарцуулна. 2026 онтой харьцуулвал 137 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 407 тэрбум
  • Хөрөнгийн зардал 81 тэрбум

12. ХББОС-ийн сайд Э.Бат-Амгалан 2027 онд 410 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оны төсөвтэй харьцуулахад 164 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 29 тэрбум
  • Хөрөнгийн зардал 380 тэрбум

13. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир 2027 онд 288 тэрбумыг зарцуулна. Энэ нь ирэх 2026 оны төсөвтэй харьцуулахад 96 саяар буурсан дүн юм.

  • Урсгал зардал 242 тэрбум
  • Хөрөнгийн зардал 45 тэрбум

14. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2027 онд 236 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 онтой харьцуулахад 30 тэрбумаар өссөн дүн юм.

  • Урсгал зардал 231 тэрбум
  • Хөрөнгийн зардал 5 тэрбум

15. Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр 2027 онд 203 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 10 тэрбумаар буурсан дүн юм.

  • Урсгал зардал 162 тэрбум
  • Хөрөнгийн зардал 41 тэрбум

16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр 2027 онд 145 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 42 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 84 тэрбум
  • Хөрөнгийн зардал 60 тэрбум

17. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ирэх 2027 онд 119 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой нь харьцуулахад 23 тэрбумаар өссөн дүн юм.

  • Урсгал зардал 74 тэрбум
  • Хөрөнгийн зардал 45 тэрбум

18. ЦХИХХ-ны сайд Ч.Номин 2027 онд 82 тэрбумыг зарцуулна. Энэ нь 2026 оныхтой харьцуулахад 3 тэрбумаар буурсан дүн юм.

  • Урсгал зардал 64 тэрбум
  • Хөрөнгийн зардал 18 тэрбум

19. Шадар сайд Т.Доржханд 2027 онд 8.3 тэрбумыг захиран зарцуулна. Энэ нь 2026 оныхтой нь харьцуулахад 2 тэрбумаар өссөн үзүүлэлт юм.

  • Урсгал зардал 8.3 тэрбум

Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button