Тодотгол, ногдол ашиг, Б.Найдалаа гуравт найдаж эх үүсвэргүй болсон эрчим хүчний салбар хөөрхий!
Урьдынхаас хүйтэн, Улаанбаатар хөлдөх эрсдэлтэй, хүндхэн өвөлтэйгөө хэдийн золгочхоод байна. ХҮН намынхаан, Б.Найдалаа сайд аа Эрчим хүчний салбар өвөлд бэлэн үү. Зургаахан сарын өмнө "яам дээрээ ганцхан томилгоо хийсэн. Манай нам бусдыг бодвол дагаж явдаг "намчин" багатай" гэж ярьж суусан та салбартаа арав гаруй томилгоог намаасаа хийж амжжээ.
Гэвч Эрчим хүчний салбар томилгоогоор амилдаггүй гэдгийг сануулъя. Бодлого, бүтээмж, өвөлжилтийн бэлтгэлээ хэр зэрэг базааж чадсанаараа дүгнүүлдэг. Үүнийг гүйцэлдүүлэхэд төсөв санхүү нэн тэргүүнд шаардлагатай. Гэвч танай салбарын төлөвлөсөн санхүүжилт хумслагдсаар тун хэцүүхэн боллоо. 2026 оны төсвийн тодотголоор Эрчим хүчний сайдын багцаас 13.9 тэрбумыг хасуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхэд тусгачихсан. Ирэх онд "Оюу толгой"-н ногдол ашигт хэт найдаж хөрөнгө оруулалтын 67 хувийн эх үүсвэрээ алдчихаад буй.
Оюу толгойн ногдол ашигт найдсан эрчим хүчний 10 төсөл эх үүсвэргүй болов. ДЦС-6-г юугаар барих вэ?
2027 оны төсвөөс эхэлье. Энэ баасан гарагт эцэслэн батална. Анх 43 их наяд төгрөгийн дүнтэй орж ирж байсан бол "Оюу толгой"-н ногдол ашгаар дэд бүтцийг санхүүжүүлэх хуулиа Засгийн газар татан авснаар 41 их наяд болон буураад буй. Үүнээс хамгийн их хохирсон нь Эрчим хүчний салбар.
Тухайлан үзвэл, Засгийн газар 2027 онд эрчим хүчний салбарт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Үүний гуравны хоёрыг Оюу толгойн ногдол ашгаар санхүүжүүлэхээр тооцсон нь 2027 оны хөрөнгө оруулалтын танилцуулгаас харагдаж байна. Гэтэл Засгийн газар /2026.10.23/-нд ногдол ашгийн зарцуулалтыг зохицуулах хуулийн төслөө эгүүлэн татсан. Ингэснээр эрчим хүчний 10 төсөлд төсөвлөсөн 789.7 тэрбум төгрөг эх үүсвэргүй үлдээд байна.
1.2 их наяд төгрөгийг юунд зарцуулахаар төлөвлөсөн байсан бэ?
Танилцуулгад хөрөнгө оруулалтыг гурван чиглэлд хуваажээ. Улаанбаатар хотын эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдэхэд 419.9 тэрбум, орон нутгийн дулаан хангамжийг сайжруулж, шинэ эх үүсвэр нэмэхэд 552.6 тэрбум, бүсийн дамжуулах сүлжээг сайжруулж, шугамын алдагдлыг бууруулахад 199.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гурвыг нийлүүлбэл 1,172.4 тэрбум төгрөг болно.
2027 оны эрчим хүчний хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харуулсан инфографик
Хамгийн том дүн 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны зургадугаар цахилгаан станцад (ДЦС-6) ногдож байна. 2027 онд түүнд зарцуулах 400 тэрбум төгрөг салбарын нийт хөрөнгө оруулалтын 34.1 хувийг эзэлнэ. Үүнээс гадна есөн аймгийн дулааны станцад 152.6 тэрбум, Дулааны гуравдугаар цахилгаан станцын (ДЦС-3) тавдугаар турбогенераторыг шинэчлэхэд 37.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ гурван төслийн санхүүжилтийг бүхэлд нь Оюу толгойн ногдол ашгаас гаргахаар тусгасан.
Бүсийн сүлжээний 199.9 тэрбум төгрөг ч бүхэлдээ ногдол ашгаас хамааралтай. Үүнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлийн 69 км урт 220 кВ-ын шугамд 39 тэрбум, Мянгад-Жаргалант чиглэлийн 110 кВ-ын шугам, дэд станцад 39.6 тэрбум, Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын шугамыг шинэчлэхэд 22.1 тэрбум төгрөг багтжээ. Үлдсэн 99.1 тэрбум төгрөгөөр Архангай, Хөвсгөл, Увс аймгийн дулааны шугам сүлжээг өргөтгөж, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн цахилгаан хангамжийг шинэчлэх байв.
Ногдол ашгаас хамааралгүй том төсөл ганцхан үлджээ. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад (ДЦС-4) цагт 550 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуух нэмж өргөтгөхөд Хөгжлийн банкнаас 327.6 тэрбум төгрөг гаргахаар тусгажээ. Энэ дүн нийт хөрөнгө оруулалтын 27.9 хувьтай тэнцэнэ. Улаанбаатарын хэсгийн 419.9 тэрбумаас ДЦС-4, ДЦС-3-ын төслийг хасахад 55 тэрбум төгрөг үлдэх ч түүнийг ямар төсөлд, ямар эх үүсвэрээр зарцуулахыг танилцуулгад заагаагүй.
Харин 2026 оны төсвийн тодотголоор Эрчим хүчний сайдын багц дахь эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд тусгагдсан 92.7 тэрбум төгрөгийг 13.9 тэрбумаар бууруулж байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээ 122 мянгаар нэмэгдүүлж 600 мянган төгрөг болгоход, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр болох 478 мянган төгрөгийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргэж 600 мянган болгоход төсөвлөчихсөн.
Б.Найдалаа, Т.Доржханд намынхаа, нутгийнхаа 12 хүнийг Эрчим хүчний салбарт томилжээ. Ес нь гүйцэтгэх захирал, хоёр нь төслийн захирал, нэг нь хорооны дарга

Эхэнд дурдсанчлан Б.Найдалаа сайдын өнгөрсөн саруудад хийсэн арав гаруй томилгоог энд жагсаая.
Тавдугаар сард
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ"-ний гүйцэтгэх захирлаар Б.Нямсамбууг томилсон. Түүний хувьд 2016-2023 онд энэ албыг хашиж байсан. Увсын уугуул, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан.
Зургадугаар сард
- Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний салбарын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирлаар Х.Болор-Эрдэнийг томилсон. Увсын Завхан сумын уугуул. 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд ХҮН намаас Говь-Алтай, Завхан, Ховд, Увсын тойрогт нэр дэвшсэн ч сонгогдоогүй. 2024 оны наймдугаар сараас ХҮН намын дарга Т.Доржхандын зөвлөх байсан.
Долоодугаар сард
- "Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ"-ний гүйцэтгэх захирлаар Ч.Чинзоригийг томилсон. 2024 онд ХҮН намаас Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Өмнө нь "ДЦС-4"-ийн Бизнес хөгжил хариуцсан менежерээр Т.Доржхандын нөлөөгөөр томилогдож байсан.
- "Даланзадгадын дулааны станц"-ын гүйцэтгэх захирлаар Г.Мөнх-Амгаланг томилсон.
- "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ"-ний гүйцэтгэх захирлаар Т.Гантөмөрийг томилсон.
- "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл"-ийн захирлаар Н.Одмөнхийг томилсон. Өмнө нь "МИАТ"-ын дэд захирал байсан.
Наймдугаар сард
- "Амгалан дулааны станц"-ын гүйцэтгэх захирлаар Ч.Тавансахъяаг томилсон байна. 2024 онд ХҮН намаас Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн ч сонгогдоогүй.
- "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ"-ний гүйцэтгэх захирлаар Д.Гантулгыг томилсон. 2024 онд ХҮН намаас Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон. Өмнө нь "Багануур" компанийн Бүтээмж хариуцсан менежер байсан.
Есдүгээр сард
- "Диспетчерийн үндэсний төв"-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Мөнхпүрэвийг томилсон. Өмнө нь Эрчим хүчний яамны мэргэжилтэн байсан. Увсын уугуул.
- Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томилсон байна. 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд ХҮН намаас Дархан-Уул, Сэлэнгэ, Төвийн тойрогт нэр дэвшсэн ч сонгогдоогүй.
- "Тавантолгой дулааны цахилгаан станц"-ын гүйцэтгэх захирлаар Б.Мөнхчулууныг томилсон байна.
- "Ховд дулааны станц"-ын гүйцэтгэх захирлаар Т.Бямбатөмөрийг томилсон байна.
Нийт 12 томилгоо. Ес нь гүйцэтгэх захирал, хоёр нь төслийн захирал, нэг нь хорооны дарга. Тав нь ХҮН намаас нэр дэвшиж байсан, гурав нь Увсын уугуул хүмүүс байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.