Трамп Ираныг дахин сүрдүүлж газрын тосны үнэ нэмэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.04.01/ үг хэлэхдээ ирэх хоёр, гурван долоо хоногт Иранд маш хүчтэй цохилт өгч, Чулуун зэвсгийн үе рүү илгээнэ гэж сүрдүүлсэн. Тэгвэл тэр пүрэв гарагт /2026.04.02/ Ираныг дахин сүрдүүлэхдээ өөрийн сошиал хуудас дээрээ “Хэтэрхий оройтохоос өмнө Ираны тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Хэтэрхий оройтвол агуу улс болох боломжтой байтал юу ч үлдэхгүй” гэжээ. Тус нийтлэл дээрээ Трамп Ираны хамгийн өндөр гүүрийг бөмбөгдөж буй бичлэг хавсаргасан байна. Олон улсын хуулийн дагуу иргэний дэд бүтцийг цэргийн бай гэж үздэггүй.
Трамп ингэж сүрдүүлсний дараа Брент маркийн газрын тосны үнэ 7.78 хувиар өсөж, баррель нь 109 ам.доллар орчим арилжиж байна. Брент маркийн газрын тос нь дэлхийн жишиг үнэ болдог. Харин АНУ-ын WTI маркийн газрын тос 11.41 хувиар өсөж, баррель нь 111 ам.долларт хүржээ.
АНУ, Израил хоёр хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгсний улмаас энэ дайн эхэлсэн. Иран хариу арга хэмжээ болгон дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаасан билээ. Трамп дайнд ялсан, зорилго нь биелсэн, Ираны зэвсэгт хүчнийг устгасан гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Мөн бараг ялсан дайнд тусламж хэрэггүй хэмээсэн ч төд удалгүй бусад улс Ормузын хоолойг нээхэд тусална гэж найдаж байна гэсэн юм. Дараа тэр нь холбоотнуудаа Ормузыг нээхэд туслахыг шаардсан. Үүнийхээ дараа Трамп АНУ-д тусламж хэзээ ч шаардлагатай байгаагүй хэмээсэн. Одоо тэр НАТО-гоос гарна хэмээн сүрдүүлж, Европын орнууд болон бусад холбоотнуудыг туслахыг шаардаж байгаа юм.
Их Британи пүрэв гарагт /2026.04.02/ Ормузын хоолойг нээх асуудлаар 40 гаруй орны цахим уулзалтыг зохион байгуулжээ. Улс орнууд усан замыг чөлөөтэй ашиглах боломжтой байх ёстой гэдэг дээр тэд санал нэгдсэн ч Ормузыг нээх асуудал дээр тодорхой тохиролцоонд хүрээгүй байна.
Европын орнууд зөвхөн гал зогсоосон тохиолдолд л Ормузын хоолойг нээх ажилд тусална гэж мэдэгдээд байгаа. АНУ-ын хувьд гал зогсоохын тулд Иран цөмийн хөтөлбөрөө зогсоож, пуужингийн тоогоо хязгаарлаж, Ойрх Дорнод дахь террорист бүлгүүдийг дэмжихээ зогсоохыг шаардаж буй. Эдгээр шаардлагыг Иран үндэслэлгүй хэмээн няцааж, өөрсдийн шаардлагаа тавьсан. Тодруулбал дайныг бүрэн зогсоон дахин довтолж албан тушаалтнуудыг хөнөөхгүй гэсэн баталгаа өгөх, мөргөлдөөн үргэлжлэхгүй гэсэн баталгаа, нөхөн төлбөр олгох гэх мэт зүйлийг Техран шаардаж байгаа юм.
Эх сурвалж: i24 News, Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан патираад дуусгаачээ
Энэ лалар үгээрээ мөнгө хийгээд бгаа юм бишүү
Энэ өвгөн дэлхийг сүйрүүлэх нь ээ .