Ярилцлага

Өмнөд Африк, Ноэл Утли: Орчин цагт манай улсын газар нутаг бүхэлдээ хашаатай болсон

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17-р бага хурал болж буй билээ. Хуралд дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Бид хурлын зочдын нэг Өмнөд Африкийн ДрайНэт иргэний нийгмийн байгууллагын олон улсын сүлжээний зохицуулагчаар ажилладаг Ноэл Утлитэй ярилцсан юм.

-Сайн байна уу? Та өнөөдрийн хуралд аль улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа вэ?

-Сайн, сайн байна уу? Намайг Ноэл Утли гэдэг. Би Өмнөд Африк улсаас ирсэн. Нутагтаа үр тарианы ургамал тариалдаг фермерүүд, нутгийн иргэдтэй хамтран ажилладаг. Би ТББ-д ажиллахын зэрэгцээ ДрайНэт иргэний нийгмийн байгууллагын олон улсын сүлжээний зохицуулагчаар ажилладаг. Манай байгууллага КОП болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн хэрэгжилтийн үйл явцад идэвхтэй оролцдог. Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлтэй нягт хамтран ажилладаг.

Мөн би Цөлжилтийн конвенцийн Шинжлэх ухаан болон бодлогын харилцан үйлчлэлийн шинжээчдийн холбооны ажиглагчаар ажиллаж байсан туршлагатай. Учир нь би конвенцийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь амин чухал гэдэгт бат итгэдэг. Зарим тохиолдолд улс төрийн шалтгааны улмаас өөр арга хэмжээ авдаг бөгөөд тэр нь төдийлөн тогтвортой үр дүнд хүрэхгүй байх нь бий. Тухайлбал, дэлхий дээр Антарктидаас бусад бүх тивийн улс орнууд нүүрстөрөгчийг шингээх зорилгоор мод тарьж, тус арга хэмжээнд асар их хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, өндөр температур, ган гачиг, хүчтэй шуурга болон түймрийн улмаас нүүрстөрөгчийн ихэнх хэсэг нь агаар мандалд шууд эргэн тархаж байна.

-Тухайлбал?

- Бид Монгол Улсын засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйг анхааралтай ажиглаж байна. Монгол орны гайхалтай бэлчээр нутгийг бүхэлд нь ой мод болгон өөрчилчих вий гэсэн болгоомжлол төрж буйг нуух юун. Учир нь бэлчээрийн экосистем нүүрстөрөгчийг хөрсөнд ихээр хуримтлуулдаг ба бэлчээр шатлаа гэхэд агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн хэмжээ ойн түймрээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээнээс асар бага байдаг. Өөрөөр хэлбэл нүүрстөрөгчийн дийлэнх хэсэг нь бэлчээр нутгийн хөрсөнд үлддэг. Тийм ч учраас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй экосистем талаас нь харвал хур тунадас багатай, хуурайсаг бэлчээр нутаг уур амьсгалын өөрчлөлтөд илүү тогтвортой оршино гэдэгт би итгэлтэй байдаг.

Миний амьдардаг Өмнөд Африк улсад түймэрийн давтамж улам бүр нэмэгдэж, хур тунадасны хэмжээ ч тогтворгүй болж байна. Бороо хэт ихээр орж, дараа нь хэт хуурайших үзэгдэл ээлжлэн тохиох болсон. Ингэснээр улмаас ургамал ихээр ургаж биомасс хуримтлагдах ба дараа нь хэт халуун болж хуурайшихад түймэр гарвал хяналтаас бүрэн гардаг. Учир нь урд өмнөхөөс хамаагүй их биомасс хуримтлагдсан байдаг тул түймэрийн хүч дийлдэшгүй болж гал сөнөөгчид унтраах ямар ч боломжгүй болох нь бий. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтөд илүү тогтвортой орчин бүрдүүлэх арга барилаа эргэн нэг харах шаардлагатай болсон. Хуучин арга барилтайгаа зууралдаад байж болохгүй.

-Та КОП-ын чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

- НҮБ-ын конвенциудын үйл явц маш удаан хэдий ч дэлхий нийтийг хамгаалахын тулд бүх улс орнууд ийнхүү нэг дор цуглаж, хамтран шийдвэр гаргах цорын ганц орон зайг бүрдүүлдэг гэдгээрээ маш чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн КОП-ын чуулга уулзалт хэрхэн өррнөхийг бид анхааралтай харж байна. Бид энэ удаагийн КОП-ын судалгаа шинжилгээний тайлан мэдээлэлд зарим улс төрийн оролцоо буйг анзаарсан.

Зарим талууд эрдэмтдийг судалгааны бодит үр дүнг танилцуулахад нь саад учруулж буйд сэтгэл түгшиж байна. Зарим засгийн газар, улс төрийн хүчнүүд шинжлэх ухааны үйл явцыг ийнхүү хойш чангааж буйн шалтгаан нь тэд дэлхий нийтийн сайн сайхны төлөө бус, зөвхөн үндэсний эрх ашгаа хамгаалах гэсэн оролдлого гэж харж байна. Энэхүү талуудын чуулга уулзалт дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой хэвээр бөгөөд олон талууд энэ хуралд чин сэтгэлээсээ оролцож, дэлхийн нийтийн амьдралын чанарыг сайжруулахын төлөө чадах бүхнээ зориулж буй хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдэг.

-Та энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулж буй манай орны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?  

-Монгол Улс чуулга уулзалтыг зохион байгуулахад үлэмж их хүчин чармайлт гаргасан нь илт харагдаж байна. Монголын ард түмэн, соёл, түүх, байгалийн талаар ихийг мэдэж авах сайхан боломж олгож буйд баярлалаа. Ийнхүү халуун дотно угтан авсан Монголчуудын эелдэг, өгөөмөр зан чанар таатай сайхан дурсамж болж үлдэх болно. Монгол Улс чуулга уулзалтын төлөөлөгч, оролцогч биднийг эх орондоо найрсаг сайхнаар угтан авч, хүндэтгэн харилцаж буйд дахин гүн талархал илэрхийлье.

-Манай улсын бэлчээр ашиглалтын он удаан жилийн түүхээс таныг судалсан гэдэгт итгэлтэй байна. Та Монгол орны бэлчээр болон бэлчээрийн менежментийн талаар ямар санал бодолтой байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ миний бие Монгол орны бэлчээр ашиглалтын менежментийн системийг нарийвчлан судлаагүй гэдгээ зориуд хэлэх нь зүйтэй. Монголчууд бэлчээр нутгаа хэдэн мянган жилийн турш ашиглаж, хамгаалж ирсэн урт түүхтэй гэдгийг мэднэ. Өөрийн туршлагаас харахад бэлчээрийн мал аж ахуй бол байгалийн экосистем болон ургамлын эрүүл мэндэд маш эерэг нөлөөтэй. Монгол орны бэлчээртэй биечлэн танилцах завшаан надад хараахан тохиогоогүй ч би үүнийг өөрийн улсын сая сая жилийн турш нүүдэллэн буй зээрийн сүрэг бүхий бэлчээр нутгийн хувьсал хөгжил, гайхалтай бүтээмж, олон янзын амьдрах орчны бүрдэлд үндэслэн хэлж буй юм. Манай улсад Европын цагаачид суурьшиж эхлэхдээ эдгээр уламжлалт нүүдлийн хэв маягийг алдагдуулсан юм. Тэд газар нутгийг өмчилж, угуул оршин суугчид нь бүхэлдээ нүүдлийн амьдралтай байсан газар нутагт суурин аж ахуй байгуулж эхэлсэн. Ингэснээр хэдхэн арван жилийн дотор үүссэн хохирол нь илт харагдах болсон. Тухайлбал 1700-аад оны сүүлээр тус бүс нутгаар аяласан хүмүүсийн тэмдэглэлд цагаачдын нэвтрүүлсэн шинэ арга барил нь амьтдын нүүдэл шилжилтийг хязгаарлаж, бэлчээрийг сэлгэлгүй ашигласаны улмаас ургамалан бүрхэвч сүйдэж, байгаль орчин доройтсоныг онцолсон байдаг.

Орчин цагт манай улсын газар нутаг бүхэлдээ хашаатай болсон. Бэлчээр нутаг ихэвчлэн хувийн өмчид шилжсэн учраас бид газар ашиглалт, газрын менежментэд урдынхаас өөр арга барилаар хандахаас аргагүйд хүрч байна. Бид тусгай хамгаалалттай 3500 га талбай газар нутагт зэрлэг амьтдын томоохон сүрэг богино хугацаанд чөлөөтэй шилжилт хөдөлгөөн хийх байгалийн нөхцөлийг бий болгохоор зорьж байна. Энэ нь бэлчээрийн экосистемийн хувьд маш чухал юм. Учир нь тухайн томоохон сүргийн хөлөөр хөрс гишгэгдэж, үр тархаж, сууж, соёолж, ургах боломж бүрдэнэ. Мөн бид бут сөөгийг идэж сэргэн ургалтыг нь дэмжээд нутаг сэлгэн оддог. Энэ арга барил үр дүнтэй гэдгийг батлах эрдэм шинжилгээний бүтээл, нутгийн фермерүүдийн бодит туршлага бидэнд олон бий. Энэ бол үр нөлөөтэй, газрын менежментийг хавьгүй тогтвортой хэлбэрт хүргэдэг арга барил юм. Тиймээс биечлэн мэдрээгүй ч гэлээ би Монгол малчид бэлчээрийн соргогийг даган нүүдэг нь бэлчээрт эерэг нөлөө үзүүлдэг гэж бодож байна.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Манай сайхан оронд тавтай морилон саатахыг хүсье.

-Баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бэлчээрийн экосистемийг зөв ашиглах талаар гаднын мэргэжилтний хэлсэн санаа их чухал байна. Монголын нүүдлийн мал аж ахуйг хуучирсан арга гэж харах биш, харин байгальтай зохицсон уламжлалт мэдлэгийн нэг хэлбэр гэж үнэлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Монголын бэлчээрийг бүгдийг нь модтой болгох гэсэн нэг талын ойлголтоос илүү тухайн газрын онцлогт тохирсон менежмент хэрэгтэй гэдгийг энэ ярилцлага харуулж байна. Байгаль өөрийн тогтолцоотой шүү

Зочин
Зочин

Газар нутгаа хашаалж, зэрлэг амьтдын нүүдлийг хязгаарласан нь экосистемд ямар их нөлөөтэйг Өмнөд Африкийн жишээ харуулж байна. Монголд ч бэлчээрийн даац, нүүдэл сэлгээний асуудлаа илүү шинжлэх ухаанч авч үзэх цаг болсон

Зочин
Зочин

Бэлчээр бол зүгээр нэг хоосон тал биш. Хөрсөндөө нүүрстөрөгч хуримтлуулдаг, олон төрлийн амьтан ургамлын амьдрах орчин болсон тусдаа экосистем гэдгийг бодлого боловсруулагчид сайн ойлгоосой

Зочин
Зочин

Tosgon gazar bolgon mod tarih geed baih ni zuv shiidel bish baih. Mongoliin uur amisgal, belcheeriin ontslogt taaruulsan arga heregtei gedgiig gadaad mergejilten ch helj baina

Зочин
Зочин

Монголын нүүдлийн мал аж ахуй олон зуун жилийн турш байгальтайгаа зохицож ирсэн. Орчин үеийн менежменттэй хослуулаад зөв авч явбал цөлжилттэй тэмцэх нэг шийдэл болж ч мэднэ

Зочин
Зочин

Sudalgaa shinjilgeenii ur dun deer undeslej bodlogo gargah ni hamgiin chuhal. Zuvhun goy sonsogdoh slogan, too tavij ajillahaar baigaliin jinhene asuudal shiidegdehgui

Зочин
Зочин

“Тэрбум мод” гэх тооноос илүү хаана, ямар мод, ямар хөрсөнд, ямар усны нөөцөөр ургуулах вэ гэдэг нь чухал. Байгаль хамгаална гэдэг тоо хөөхөөс илүү нарийн ажил

Зочин
Зочин

Ene hunii yariltslagaas neg zuil ih todorhoi haragdaj bn. Baigaliin ekosistemiig neg zagvaraaar buh gazart heregjuuleh bish tuhain nutgiin ontslogt ni taaruulah heregtei

Зочин
Зочин

Монголын талаар сайхан сэтгэгдэлтэй байгаад нь баяртай байна. Гэхдээ магтаалаас илүү манай бэлчээрийн уламжлалт тогтолцоонд анхаарал хандуулсан нь сонирхолтой санагдлаа

Зочин
Зочин

Байгаль хамгаална гээд байгалийн өөрийн тогтолцоог хүчээр өөрчлөх нь заримдаа эсрэг үр дагавартай. Бэлчээр нутгийг ой болгох, бүх газрыг хашаалах зэрэг туйлширсан шийдлээс болгоомжлох хэрэгтэй

Зочин
Зочин

Manai malchid belcheeriin sorogiig dagaj nuudag ni zugeer neg ulamjlal bish baigaliin zohitsoltoi arga yum gedgiig ene hunii helsen sanaa batlaj baih shig. Orchin ueiin sudalgaatai hosluulah l chuhal

Зочин
Зочин

Mongolchuud neg l odor belcheeriin zohistoi ashiglalt sursan yum bish, olon zuun jiliin tursh turshlaga hurimtluulsan ard tumen. Ene medleg deer orchin ueiin shinjleh uhaan nemeh heregtei

Зочин
Зочин

Шинжлэх ухааны дүгнэлтийг улс төрийн зорилгоор өөрчлөхөөс хамгийн их болгоомжлох хэрэгтэй юм байна. Байгальд гаргасан алдааны төлөөсийг хэдэн жилийн дараа засах маш хэцүү байдаг

Зочин
Зочин

COP17 дээр Монголын талаар ийм өнцгөөр ярьж байгаа нь өөрөө чухал. Бид өөрсдийн уламжлалт мэдлэгээ дэлхийн шинжлэх ухааны хэлээр тайлбарлаж, зөв бодлого болгож чадвал их боломж байна

Зочин
Зочин

Ene COP17 zugeer neg hural bish, Mongol uls uuriin baigaliin ontslog, nuudliin m#l aj ahuin davuu talaa delhiid haruulah bolomj yum bn. Zuv medeelel, zuv bodlogo mash chuhal

Холбоотой мэдээ

Back to top button