Говь-Алтай аймгийн Цогт суманд ямааны годрон гарч, 22 ямаа хорогджээ
Говь-Алтай аймгийн Цогт суманд ямааны годрон өвчин бүртгэгдэж, одоогоор зургаан өрхийн 253 ямаа өвчилж, 22 ямаа хорогджээ. Өвчний голомтын бүсэд нийт 4001 ямаа байгаа бөгөөд цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн байна.
Ямааны годрон нь уушги, гялтангийн үрэвсэл, өндөр халууралтаар голлон илэрдэг цочмог явцтай, хавьтал халдварт өвчин юм. Өвчин нь ердийн нөхцөлд агаар дуслын замаар дамжих бөгөөд бэлчээр, ус нэгтэй газарт сүрэг дотор богино хугацаанд тархах эрсдэлтэй. Ялангуяа өвчилсөн малтай ойр байсан, нэг бэлчээр болон ус ашигладаг ямаанд халдварлах эрсдэл өндөр байдаг аж.
Годрон өвчний үед ямаа өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч, өвчний цочмог явцын үед цээжний хөндийд их хэмжээний шингэн хуримтлагддаг байна. Оношилгоог эмнэл зүйн шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг. Мал эмнэлгийн салбарын 2024 онд баталсан зааварт өвчин гарсан тохиолдолд халдварын тархалт, хүрээ, нөхцөл байдлыг харгалзан хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, өвчний тархалтыг хязгаарлах арга хэмжээ авахыг тусгасан байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.