Нийгмийн

Х.Батмэнд: Мөнгөний олзноос илүү оюун санааны олз үнэтэй

Монголчуудын ёс заншил, ахуй соёл, сэтгэлгээний онцлогийг сонирхон судалж, өөрийн ойлгосон, мэдсэн зүйлээ олон нийтэд хүргэхийг зорьж яваа дуучин, уран бүтээлч Хумбагарын Батмэндтэй ярилцлаа.

– Та сүүлийн үед монгол ёс заншил, өв соёлын талаар их ярьж, бичих болсон. Та өөрөө монгол ахуйтай хэр ойр өссөн бэ?

– Миний хувьд хөгшин аав, ээжийнхээ дунд өсөж, тэднийхээ “галын зээ” болж явсан хүн. Ээж минь намайг мэдээ орсон цагаас эхлэн буурлуудынхаа их ухаанаас суралцуулж өсгөсөн. Суръя, мэдье гэвэл хүн хаанаас ч, юунаас ч суралцаж болно.

-Монгол ахуй, арга ухаан, монгол сэтгэлгээ, мартагдсан өв соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлдэг. Хүмүүс өв соёл, зан заншил ярихаар таныг хэрхэн хүлээж авч байна вэ?

– Монголчууд минь сүүлийн үед нэлээд сэрцгээж байна. Маш сайн. Юмны цаад наадахыг эргэцүүлэх ухаантай болцгоож, хэлбэрдэх биш, утга агуулгаа танин мэдэж, монголчуудын уламжлалт гүн гүнзгий ухаанаас суралцах учиртай. Тэр тухайг жаахан чангахан дуугаар өгүүлснийг ихэнх нь ойлгож ухаараад хүлээж авчээ. Цөөхөн хэд нь загналаа гэцгээх. Би тэднийг загнаагүй шүү! 

Энэ бол нийгмийн өнгө аяс. Анх дуучин хүн гарч ирээд өв соёлын талаар ярихаар “Энэ хүн юу мэддэг юм бол” гэж үгүйсгэх хүн байлгүй яах вэ. Би ч заримдаа хүмүүсийн дургүйг хүргэхээр зүйл ярьдаг. Учир нь хүнд ямар нэг зүйлийг ойлгуулахад олон өнцөг хэрэгтэй. Дандаа нэг хэмээр зөөлөн яриад байвал хүн цалхдаг. Өдөр бүр шөлтэй хоол идээд байвал уйддагтай адил.

Монгол орны цаг агаар ч нэг өдөр нь нарлаг, нөгөө өдөр нь бороо шуургатай гэхчилэн эрс тэс байдаг. Монголчуудын ааш араншин ч байгаль, цаг ууртайгаа эртнээс дасан зохицож ирсэнтэй холбоотойгоор янз бүр.

Би өвөг дээдсээсээ сурсан зүйлээ өөрөө сайн ойлгож, бусдад чин сэтгэлээсээ тайлбарлахыг хичээдэг.

– Ямар хүнийг юмны учир мэддэг хүн гэж монголчууд маань хэлдэг вэ?

– Ер нь юмны учир мэддэг хүн ховорджээ. Учир мэдэх гэдэг орчлон ертөнцийн зүй тогтол, байгаль, амьтдын зан байдал, хүний бодол хүсэл гээд эргэн тойрныхоо бүхнийг ажиглаж, шинжиж, ойлгож чаддаг байхыг хэлдэг.

Монголчууд аливааг ойлгоогүй үедээ яаран дүгнэхээс болгоомжилдог байсан. “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг үг үүнийг л хэлж байгаа юм.

– Монгол ахуй, өв соёлд гүн утга агуулгатай зүйл олон байдаг одол цаг энн бүхэн бүдгэрч байх шиг?

–Монгол хүн сандал дээр суух, орондоо унтах, завилах нь хүртэл өөр. Энэ бүхний цаана зүгээр нэг дадал биш, тодорхой ойлголт, бэлгэдэл, гүн ухаан байдаг.

Өв соёл гэдэг зөвхөн дээл өмсөх, морь унах, наадам хийх тухай биш. Хэрхэн мэндлэх, хэрхэн суух, айлд яаж орох, ахмадаа хэрхэн хүндлэх, хүүхдээ яаж хүмүүжүүлэх гээд өдөр тутмын амьдралын бүх зүйлд шингэсэн байдаг. Монголчууд хүн төрөлхтний оюун санаанд их зүйл өгсөн ард түмэн гэж боддог.

– Монголчууд ахуй амьдралынхаа үйл хөдөлгөөн бүрдээ зан заншил, соёл тээж ирсэн улс. Хүүхдийн хүмүүжилд хэрхэн анхаарч ирсэн байдаг вэ?

– Монголчууд хүүхдээ хамгийн түрүүнд харцаараа хүмүүжүүлдэг. Хүүхдийн дэргэд ямар үг ярьж, ямар хүнтэй харилцаж байгаагаа хүртэл анзаарлаг. Гэртээ хүүхдийн дэргэд илүү үг ярьдаг, дэмий сул яриатай хүнийг оруулахыг цээрлэдэг. Учир нь хүүхэд сонссон бүхнээ өөртөө шингээж, хүмүүжилд муу нөлөөтэй хэмээдэг.

Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаасаа хүмүүжиж эхэлдэг гэж үздэг. Давхар биетэй эхийн дэргэд муу үг, хараал хэлэхээс цээрлэнэ. Чанга дуугаар чимээ гаргахгүй, намуухан, тод сайхан дуугаар ярьдаг.

Үр хүүхдээ үйлдлээрээ үлгэрлэж хүмүүжүүлдэг байсан. Бас үлгэр ярьж унтуулна. Ингэснээр хүүхэд төсөөлөн бодох чадвартай болдог. Өнөөдөр залуусийн ярианы хүч сул болсон мэт санагддаг.

–Таны тоглолт сайхан дуулахаас гадна, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой байдаг. Үзэгчид хэрхэн хүлээж авч байна вэ?

– Би хэд хэдэн удаа тоглолт хийсэн. Үзэгч бага байсан үе ч бий. Гэхдээ заавал мөнгө олох ёстой гэж боддоггүй.

“Явсан нохой яс зуудаг”, “Олзны бага нь амттай” гэж манайхан ярьдаг. Явж, хүмүүстэй уулзаж байгаа хүн заавал ямар нэгэн зүйл олж авдаг. Нэг хүн баярлана, нөгөө нь талархана, зарим нь уурлана, бухимдана. Гэхдээ тэр бүхнээс би ямар нэг зүйл сурдаг.

Хүн их хөрөнгө хураах тусам улам ихийг хүсдэг. Харин оюун санааны олз хэзээ ч багаддаггүй. Тиймээс миний хувьд мөнгөний олзноос илүү оюун санааны олз үнэ цэнтэй.


-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button