Асгат төслийн хүрээнд өндөр уулын бүсэд 2.6 км зам тавьснаар хайгуулын ажлыг сэргээж, ордын үнэ цэнийг нэмэгдүүллээ

Монгол инженерүүд уул геологийн нэн хүнд нөхцөлд, далайн түвшнээс дээш 2600-3100 метр өндөрт сайжруулсан зам тавьж, салбартаа онцлох бүтээн байгуулалтыг хийжээ. Энэ нь Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний оргилоос 332-832 метр илүү өндөрт зам тавьсантай дүйцэж байна.
Хүнд даацын техник байтугай морьтой хүн ч зорчиход хүндрэлтэй, мөнх цэвдэгтэй, эгц хад асга бүхий хүнд нөхцөлд монгол инженерүүд нийт 2.6 км урт, хамгийн багадаа 18 метр гүн ухмалтай, 4-11 метр өргөнтэй, 20 гаруй огцом эргэлт бүхий замыг өөрсдийн хүчээр тавьжээ.
Уг зам ашиглалтад орсноор стратегийн хоёр чухал асуудлыг шийдвэрлэв. Нэгдүгээрт, жил орчим хугацаанд саатаад байсан Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлыг сэргээв. Хоёрдугаарт, Асгатын мөнгөний ордын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүллээ.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт, Монгол-Оросын хилийн зурваст орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор тус ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулах нэмэлт хайгуулын төслийг 2025 оны тавдугаар сард эхлүүлсэн.
Төслийн хүрээнд нарийвчилсан геологийн зураглал, гадаргын ил өрөмдлөг, далд өрөмдлөгийн бэлтгэл суваг малталт, археологи болон палеонтологийн судалгаа, далд нэвтрэлт зэрэг ажлууд хийгдэж, нийт гүйцэтгэл 60 хувьд хүрсэн үед хайгуулын ажил саатаад байсан юм.
Учир нь геологичид Асгатын ордод хүрэхдээ өндөр уулын нөхцөлөөс шалтгаалан ОХУ-ын хилээр нэвтэрч, ойролцоогоор 800 метр зам туулдаг байжээ. Гэвч 2025 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тухайн хэсгээр хил хамгаалалтаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нэмэлт хайгуулын ажлыг дуусгах, цаашид ордыг ашиглалтад оруулах урт хугацааны хэрэгцээг хангах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээр Асгатын орд руу хүрэх зам тавих шийдвэр гаргасан байна.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Билигт инженеринг” ХХК болон “Хавай инженеринг” ХХК-ийн түншлэл сонгон шалгаруулалтаар шалгарч, энэ оны долоодугаар сард ажлаа эхлүүлэн, есдүгээр сарын дунд гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.