Гадаад мэдээДЭЛХИЙ

Томоохон компаниуд захирлуудынхаа цалинг нэмж байгаа тул “Rio Tinto” адилхан алхам хийх санал дэвшүүлэв

“Rio Tinto”-гийн ТУЗ ирэх онд тус компанийн гүйцэтгэх захирал Саймон Троттын урамшуулал цалинг 56 хувиар нэмэгдүүлж, 13.06 сая ам.доллар болгох санал гаргажээ. Энэ талаар “Reuters” агентлаг анх мэдээлсэн байна

Батлан хамгаалах, сансар судлал болон эрчим хүчний салбарын компаниуд захирлуудынхаа цалин, урамшууллыг эрс нэмэгдүүлж байгаа. Ийм учир “Rio Tinto” зэрэг уул уурхайн компаниуд мөн адил алхам хийхэд хүрэх болжээ.

“Rio Tinto”-гийн ТУЗ цалин, урамшууллын хэмжээг тогтоохдоо харьцуулалт хийдэг компаниудын жагсаалтыг өргөжүүлсэн байна. Тус жагсаалтад бусад уул уурхайн компаниудаас гадна АНУ-ын эрчим хүчний салбарын томоохон компаниуд болох “Chevron”, “ExxonMobil” болон “GE Aerospace” нэмсэн юм.

Тус компанийн цалин, урамшууллын асуудал хариуцсан хэлтсийн дарга Бен Уайатт шинэ өөрчлөлтийн талаар “Reuters” агентлагт хэлэхдээ хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөж, бодлогоо шинэчлэхээр ажиллаж байгаа гэжээ. Троттын үндсэн цалин өөрчлөгдөхгүй, харин ирэх жилүүдэд бизнесийн амжилт болон хувьцаа эзэмшигчдэд ирэх өгөөжтэй холбосон урамшууллын нөхцөлийг шинэчлэх аж.

Зургийн эх сурвалж: Shutterstock

Уайатт хэлэхдээ “Энэхүү өөрчлөлт нь хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхол, бизнесийн гүйцэтгэлийг сайжруулах, “Rio Tinto”-гийн урт хугацааны стратегийн хэрэгжилтийг дэмжих,дэлхийн зах зээлийн ширүүн өрсөлдөөнтэй нөхцөлд чадварлаг удирдлагыг татах, тогтоон барих зорилготой” гэсэн байна. 2025 оны долоодугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдсон Троттын удирдлага дор энэ оны эхний хагаст компанийн суурь ашиг өмнөх оны мөн үеэс 43 хувиар нэмэгджээ.

Богино хугацааны урамшууллын дээд хэмжээ суурь цалингийн 200 хувиас 300 хувь болж нэмэгдэх бол урт хугацааны гүйцэтгэлийн зорилттой холбосон урамшууллын дээд хэмжээ 500 хувиас 900 хувь болж өсөхөөр байна. Гэхдээ уг өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд ирэх онд болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар зөвшөөрөл авах шаардлагатай.

“Rio Tinto”-гийн зарим хөрөнгө оруулагч энэхүү санал нь Австралийн бусад уул уурхайн компаниудын удирдах албан тушаалтнуудын цалинг улам хөөсрүүлж магадгүй гэж “Reuters” агентлагт хэлсэн байна. Мөн амьжиргааны өртөг нэмэгдэж буй үед ийм хэмжээний урамшуулал санал болгосноор компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлжээ.

“Deloitte” компанийн дөрөвдүгээр сард гаргасан тайланд дурдсанаар, Их Британийн FTSE 100 индексэд багтдаг компаниудын гүйцэтгэх захирлуудын цалингийн медиан хэмжээ 2025 онд өмнөх оноос 18 хувиар өсөж, 5.89 сая фунт стерлингт хүрчээ.

Троттын урамшууллыг нэмэгдүүлэх санал батлагдвал тэрбээр Австралийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын нэг болно. Мөн тэр “Rio Tinto”-гийн гол өрсөлдөгч “BHP” компанийн Брандон Крэйгээс илүү өндөр урамшуулал цалинтай. Крэйгийн нийт урамшуулал 10 сая орчим ам.доллар байх магадлалтай юм.

Урамшуулал цалингийн хэмжээ ийм зөрүүтэй байх нь бусад компанид “Rio Tinto”-той адил алхам хийх дарамт үүсгэж магадгүй гэж шинжээчид үзэж байна. “Bedford Group”-ээс гаргасан уул уурхайн салбарын цалингийн нөхцөл байдлын талаар тайлангаа харвал энэ он гарснаас хойш салбарын гүйцэтгэх, санхүү хариуцсан захирлуудын медиан цалин 14 хувиар өсжээ.

Уул уурхайн салбарын компаниудын гүйцэтгэх албан тушаалын цалин нэмэгдсэн ч зарим хувьцаа эзэмшигч нарын эсэргүүцэл байгаа юм. Өнгөрсөн жил “Anglo American” компани “Teck Resources”-той үйл ажиллагаагаа нэгтгэх хэлцлийн хүрээнд удирдах шатны ажилчдад томоохон хэмжээний урамшуулал олгох саналаа татсан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button