Бид дөрөвхөн жилд түгжрэлийн төлөөсөнд ₮12-13 их наядыг алдаад байна

Улаанбаатарын түгжрэл бол зөвхөн авто зам дээр өнгөрүүлж буй хэдэн цагийн тухай асуудал биш юм. Үүнийг иргэдийн цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санааны тогтворгүй байдлаас эхлээд түлш шатахуун, хөдөлмөрийн бүтээмж, тээвэр логистик, байгаль орчинд зэрэг олон талд үүсгэж буй эдийн засгийн зардал гэж олон улсад тусгай аргачлалаар тооцон үздэг.
2022-2025 он буюу дөрвөн жилийн хугацаанд нийслэлчүүдийн түгжрэлээс болж үүссэн алдагдсан боломжийн өртөг ойролцоогоор ₮11-13 их наяд хүрч хуримтлагдсан гэвэл та итгэх үү? Ердөө 10 гаруйхан жилийн өмнөх Монгол Улсын нийт төсвийн зарлагатай тэнцэх хэмжээний дүн шүү дээ.
TTI байгууллагын 1987 оноос хойш эрхлэн гаргаж буй "Urban Mobility report"-ын түгжрэлийн өртөг тооцох аргачлалд суурилан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2022 онд нийслэлийн Замын хөгжлийн газар, “Эм Эм Си Жи” ХХК хамтран анх удаа томоохон судалгаа хийсэн байдаг.
Тэрхүү “Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох” судалгаагаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс үүдсэн 2021 оны алдагдсан боломжийн нийт өртөг 3.82 их наяд төгрөг гэж тооцжээ.
Энэ нь тухайн үеийн Улаанбаатар хотын ДНБ-ий 16, Монгол Улсын ДНБ-ий есөн хувьтай тэнцэх хэмжээний дүн байв. Энгийнээр хэлбэл, нийслэлийн нэг иргэн жилд дунджаар 717 цаг буюу 30 хоногийг авто замын түгжрэлд алддаг гэсэн үг.
Дээрх 3.82 их наяд төгрөгийг задалж үзвэл, асуудлын хэмжээ болоод цар хүрээ илүү тодорхой болно. Зорчигчийн алдагдсан цагийн өртөг ₮1.95 их наяд, нэмэлт шатахууны зардал ₮458, тээвэр, логистикийн нэмэлт цагийнх ₮303 тэрбум, эрүүл мэндийн хохирол ₮245 тэрбум, харин нөөцийн үр ашиггүй хуваарилалтын өртөг ₮859 тэрбум гэж тооцогджээ. Өөрөөр хэлбэл, түгжрэлийн зардлын хамгийн том хэсэг нь зөвхөн бензин биш, бидний өдөр тутамдаа ямар ч үр ашиггүй зарцуулсан үнэт цаг хугацаа байгаа юм.
Үндэсний статистикийн хороо (Дотоодын нийт бүтээгдэхүүний статистик, 2023-2025)-ны тайлан болон нийтэд мэдээлэгдсэн баримтуудаас үзэхэд 2022 оны алдагдсан боломжийн өртөг мөн ₮3.8 их наяд, 2023 оных 3.2 их наяд, 2024 оны шинэ тооцоогоор Улаанбаатарын түгжрэлээс үүдэх жилийн алдагдсан боломжийн өртөг 2.9 их наяд төгрөг байж.
2024 оны 2.9 их наяд төгрөг гэдэг Улаанбаатар хотын ДНБ-ий 12, Монгол Улсын ДНБ-ий зургаан хувьтай тэнцэж байсан бөгөөд тухайн үед нэг зорчигч өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 407 цагийг түгжрэлд зарцуулдаг гэж тооцжээ.
Ингээд 2022-2025 оны дүнг аваад үзэхэд, жилд 2.9-3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэх өртөг үүссэн гэхээр нийт 12-13 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдсан боломж гарч ирнэ.
Улаанбаатарын түгжрэлийн жинхэнэ үнэ өртөг зам дээр л харагддаг, гардаг юм биш. Зам дээр хий дэмий түгжирч зогссон нэг цаг тутам бидний ажиллах, амрах, үйлдвэрлэх, үйлчлэх, гэр бүлдээ зарцуулах боломжгүй болсон цагууд байдаг. Алдагдсан цаг, үр ашиггүй зарцуулсан шатахуун, удааширсан бизнес, бухимдсан сэтгэл зүй, эрүүл мэнд болон ашиглагдаагүй эдийн засгийн боломж хэлбэрээр бидний амьдралд шингэж, нийлбэр нь жилдээ хэдэн их наяд төгрөгийн эдийн засгийн өртөг болдог.
Түгжрэлийг шийдэхээр янз бүрийн ажил, төсөл хөтөлбөр төлөвлөж байгаа гэх хэрнээ өнөөгийн хотын удирдлагууд шөнийн марафон хүртэл гэнэт хийж, амралтын өдрөөр иргэдээ бухимдуулсан. Зарим иргэн эхнээсээ өөрсдөд нь учирсан бодит нийслэлээс нөхөн хохирлыг төлүүлэхээр хандахаа илэрхийлээд буй юм.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.