НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг энэ сарын 28-ны өдрөөс эхэллээ. Анхны аяллын онгоц энэ өдрийн өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан бөгөөд буцах нислэг нь тус өдрийнхөө 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатар руу хөөрлөө.

Энэхүү шууд нислэг долоо хоног бүрийн Даваа гарагт үйлдэгдэх бөгөөд аяллын хугацаа 5 цаг үргэлжлэх юм. Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотуудаар дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багаслаа. Энэхүү нислэгийг Монгол Улсын “Хүннү Эйр” компани гүйцэтгэж байна. Энэхүү тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аяллын жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Энэхүү шууд нислэг нь Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх болно. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй.

Ташрамд дурдахад, Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон ба хоёр улсын иргэд мөн цахим виз авах боломжтой. Уг шууд нислэгийн тухай 2025 оны аравдугаар сард Монгол Улсын У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тодруулбал, Хайдарабад дахь ордонд зохион байгуулагдсан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү түүхэн шийдвэрийг зарласан юм. Шууд нислэгийн санаачилгыг бодит ажил болгоход БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх Захирал П.Мөнхжаргал нар холбогдох оролцогч талуудтай нягт хамтран ажилласан юм. Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас БНЭУ-ын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон Монгол Улсын Зам, Тээврийн Яам зэрэг бүх оролцогч талуудад тал бүрийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button