НИЙГЭМ

Цэргийн гомдол, мэдээллийг “Цэргийн бамбай” аппликейшнаар хүлээн авна

Зэвсэгт хүчний цэргийн анги, салбаруудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалт хийж, “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хэрэгжилт, эрсдэлийн түвшин, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын мэдээлснээр Батлан хамгаалах яамнаас 2026 оныг “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил” болгон зарласантай холбоотойгоор хүний хөгжил, нийгмийн хамгаалал, хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг шалгасан. Цэргийн ангиудын удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчидтай харилцах чадварыг үнэлэх EQ сэтгэл зүйн сорилтыг авч байна.

Энэ хүрээнд алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг үнэллээ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийн дагуу усанд орох болон ариун цэврийн өрөөнөөс бусад хэсгийг камержуулж, камер байрлуулах боломжгүй цэгүүдэд “онцгой товчлуур” суурилуулжээ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр цэргийн ангиудад 1600 гаруй камер суурилуулсан байна.

Батлан хамгаалах яамнаас “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ийн хүрээнд 200 гаруй алба хаагчид орон сууцны урьдчилгаа болон тодорхой хэмжээний дэмжлэг, урамшуулал олгосон. Түүнчлэн Монгол банктай хамтран 200 гаруй цэргийн алба хаагчийг ипотекийн зээлд хамруулсан. Мөн цэргийн анги, байгууллагууд офицер, ахлагч болон ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг хангах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, ажиллаж байна. 

Түүнчлэн гомдол, мэдээлэл хүлээн авах “Цэргийн бамбай” аппликейшн ажиллаж эхэлсэн бөгөөд цэргийн алба хаагчид хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэйг онцоллоо. Хүний эрхийн чиглэлээр 60 гаруй багш бэлтгэж, цэргийн ангиудад хүний эрхийн сургалт зохион байгуулан, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх болон хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Мөн 2026 он дуустал эрсдэл үүсгэж болзошгүй, өндөр дайчилгаа шаардсан бүх төрлийн сургуулилтыг цуцлах, хойшлуулах шийдвэр гаргажээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button