Өмнөд Солонгос Украины элчин сайдын үүрэг гүйцэтгэгчийг дуудаж тайлбар өгч, уучлал гуйхыг шаардлаа
БНСУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт /2026.09.28/ Украины Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Андрий Вешкинийг дуудаж, Киев нууцлахаар тохиролцсон мэдээллээ олонд мэдэгдсэн явдалд тайлбар, уучлал гуйхыг шаарджээ. Тус яам мэдэгдэл хийхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Хойд Солонгосын хоёр цэргийг БНСУ-д шилжүүлж өгсөн тухайгаа олон нийтэд зарласанд харамсаж байна гэсэн юм.
Гадаад хэргийн яам мөн мэдэгдэлдээ “Нууцлах тохиролцоо байгаагүй гэх худал мэдээлэл цацсан нь хоёр улсын Засгийн газар хоорондын итгэлцлийг ноцтойгоор сулруулж, найрсаг харилцаанд сэв суулгаж болзошгүй үйлдэл болохыг Тэргүүн дэд сайд Пак Юн-Жү онцоллоо” хэмээжээ.
Тодруулбал Хойд Солонгосын олзлогдсон хоёр цэргийг Украин Өмнөд Солонгост хүлээлгэж өгсөн юм. Хойд Солонгосын цэргүүдийг хүлээлгэн өгснөөрөө ОХУ-д хоригдож буй цэргүүдээ солилцоогоор авсангүй хэмээн шүүмжлэлд өртөж магадгүй хэмээн Украин энэ явдлыг нууцлахыг Өмнөд Солонгосоос хүсжээ. Өмнөд Солонгос аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудал гэх мэт зүйлсийг авч үзсэний үр дүнд шилжүүлгийг нууцлахыг зөвшөөрсөн байна. Гэвч Зеленский Ерөнхий Ассамблейн үеэр үүнийг олон нийтэд зарласан юм. Дараагаар уг явдлыг нуух тохиролцоонд хүрээгүй байсан гэсэн худал тайлбар өгсөн нь БНСУ-ын дургүйцлийг хүргэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.