Энэ жилээс энхийг сахиулагчдад томилолтын зардлын нэмэгдэл олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10-р сарын 22-ны өдрийн шийдвэрээр энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад олгох томилолтын зардлын хувь хэмжээг нэмэгдүүлж, өмнө мөрдөж байсан 70/30 харьцааг 80/20 болгон 14 жилийн дараа шинэчилсэн. Шинэ зохицуулалт 2025–2026 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд, энэ хугацаанд эх орондоо ирж буй цэргийн алба хаагчдаас эхлэн хэрэгжих юм байна.
Өөрөөр хэлбэл, НҮБ-аас цэрэг оролцуулагч улсын Засгийн газарт олгодог нөхөн төлбөрийн 80 хувийг энхийг сахиулагчдад томилолтын зардал хэлбэрээр олгож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх аж. Ингэснээр энхийг дэмжих ажиллагааны цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид Монгол Улсад авч буй үндсэн цалингаа 100 хувь хэвээр авахаас гадна, нэг жилийн хугацаанд авах нийт томилолтын зардал нь ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдэх боломж бүрдэж байна.
Энэ нь үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэднийг эх орноосоо алс, урт хугацаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ар гэрийнхэнд нь очих санхүүгийн бодит дэмжлэгийг нэмэгдүүлж буй шийдвэр юм. НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цэргийн алба хаагчаа оролцуулсан улсын Засгийн газарт нөхөн төлбөр олгодог бөгөөд энэ нь ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, дотоодын тээвэр, эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, дүрэмт хувцас, материал хэрэгслийн хангалт зэрэгтэй холбоотой зардлыг хамардаг.
Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 23700 орчим цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлыг олон улсын тавцанд харуулсаар ирсэн.2025–2026 онд үүргээ нэр төртэй гүйцэтгээд эх орондоо ирж буй энхийг сахиулагчид 80 хувьд хүргэн нэмэгдүүлсэн томилолтын зардлыг авах анхны алба хаагчид болж байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.