Танилц: Стратегид бүртгэлгүй гацсан 39 ордын 16 нь ГХО-тай, МАК, Д.Баясгалан, Д.Дорлигжавын дүү, Л.Чинбат нар ашигладаг

2024.04.25-нд хүргэсэн нийтлэлийг сэргээн хүргэж байна.
Хураангуй:
- УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор 15, 2015 онд нэмээд нэг ордыг стратегийн ач холбогдолтой гэж баталсан. Эдгээрээс ес нь “хүний гарт” орчихсон тул монголчууд Баялгийн сангаар дамжуулаад “Эрдэнэс Монгол”-д байгаа долоон ордоосоо л хувь хүртэхээр хуульчиллаа.
Гэхдээ дахин нэг хөндөх ёстой агуулга нь 2007 оны эл тогтоолын хоёрдугаар хавсралтаар жагсаасан 39 орд. Стратегид нэмж бүртгэхээр яригдаад нам дарагдсан асуудлыг чухам хэзээ ярьж эхлэх вэ, бид.
Ямар ордуудыг багтааж байв, өдгөө хэн АШИГЛАЖ байгаа вэ гэдгийг энэ удаагийн цувралаараа хөндөж байна.
-Канадын компани Улаан-Овоогийн ордыг 2010 оноос эзэмшсэн-
1.Улаан-Овоогийн нүүрсний орд: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд оршдог. 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэй. Зэлтэрийн боомт нээгдвэл ОХУ, Зүүн өмнөд Азийн бүс нутагт борлуулахад чухал ач холбогдолтой гэгддэг.
Эл ордыг Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Професи коал” компани 2010 оноос бүрэн эзэмшиж байгаа. Нээлттэй мэдээллийн санд ГХО-той "Юү Жи Эл интерпрайзис" ХХК болон "Рэдхилмонголия" ХХК гэсэн хоёр компани ашиглалтын лиценз эзэмшиж байна. "Рэдхилмонголия" ХХК-ийн захирал нь Молорын Наргил гэх иргэн бүртгэлтэй байдаг.

-Өвдөгхудагийн ордыг ГХО-тай компани эзэмшиж байна-
2.Өвдөгхудагийн нүүрсний орд: Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт оршдог. Социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийгдэж, 169.2 сая.тонн нөөц тогтоогджээ. Эл ордын нүүрс хамгийн сайн буюу шингэрүүлэх зэрэглэл 90 гаруй хувьтай.
“Талын шигтгээ” гэх ГХО-тай компани лиценз эзэмшиж байна. Эл компанид Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын "Mogul Ventures Incorporated" гэх компани хувь эзэмшиж байна. Захирал нь Батхүүгийн Наранбадрах.

-Баянтээгийн орд төрийн өмчийн мэдлийнх-
3. Баянтээгийн нүүрсний орд: Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд оршдог. 29.6 сая тонноор дахин тогтоосон. Уурхайг орон нутгийн өмчит “Баянтээг” ТӨХК эзэмшдэг. Баянтээгийн нүүрсний уурхай MV-00367 тоот тусгай зөвшөөрлөөр 584 гектар талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Тус төрийн өмчит компанийн захирлаар Чулуунбаатарын Ганхуяг 2023 онд бүртгүүлжээ.

-Ч.Хүрэлбаатар сайдын ах, дүү нар БНСУ-ын компанид зарж, УИХ-ын гишүүн асан Д.Мурат нүүрс ашигладаг-
4. Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд: Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт оршдог. Ил уурхай нь 109 сая тонн нүүрсний нөөцтэй ч, судалгаа хийгдээгүй хэсгүүд дэх нөөцөөрөө дэлхийн хэмжээнийх болно гэгддэг. Арваад аж ахуйн нэгж хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг.
2001 оноос хувийн хэвшилд шилжсэн. 2010 онд БНСУ-ын төрийн мэдлийн “Korea coal” корпораци нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллароор авсан гэдэг. Үүнд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүү нарын нэр холбогддог. Тодруулбал, “Хотгор шанага” ХХК-ийнхаа 51 хувийг Ч.Гансүх, Ч.Гантулга БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанид зарсан баримт гарч ирж байв.
Шилэн мэдээллийн санд "Хотгоршанага" ХХК, "Эрчим баян өлгий" ХХК, "Хотгор" ХХК ашиглалтын лиценз эзэмшдэг. "Хотгоршанага" ХХК-ийн хувьцааг Korea-Mongolia Energy Development гэдэг компаниас гадна Нуурхүүгийн Болормаа, Бэгзсүрэнгийн Алтангэрэл нар эзэмшдэг. Захирлаар Jung Koo Dong гэх солонгосын иргэн бүртгэлтэй. Харин "Эрчим баян өлгий" ХК-ийн эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн асан Д.Мурат, захирал нь түүний хүү М.Тилеуберди. "Хотгор" ХХК нь Күдербайн Сейт гэх казах иргэнийх аж.


-Хар тарвагатайн орд 1998 онд дуудлага худалдаагаар хувьд шилжжээ-
5. Хар тарвагатайн орд: Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумын нутагт оршдог. 23 сая 430 тонн нүүрсний нөөцтэй, өсөх боломжтой. Увс, Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг, орон нутгийн чанартай уурхай юм. 1998 онд Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар хувийн хэвшилд шилжсэн цөөн уурхайнуудын нэг нь.
Уг ордод "Хартарвагатай" ХХК гэх компани ашиглалтын гурван лиценз эзэмшдэг. Эл компани Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дармаагийн Сурмаажав гэх иргэний нэр дээр бүртгэлтэй байна. ТУЗ-ийн дарга нь Д.Сурмаажавын хүү С.Баяржаргал.

-Адуунчулууны ордыг МАК болон Ц.Шинэбаяр агсныхан ашиглаж байна-
6. Адуунчулууны нүүрсний орд: Дорнод аймгийн Чойбалсан хотоос 6 км-т байрладаг. 1995 онд ТӨХК-д, 1999 онд хувийн өмчид бүрэн шилжиж, анхны хувийн уурхай болжээ. Тус ордод МАК болон “Адуунчулуун” ХК гэсэн хоёр компани ашиглалтын зөвшөөрөл эзэмшиж байна.
“Адуунчулуун” ХК-ийг Б.Шатар, УИХ-ын гишүүн асан, агсан Ц.Шинэбаяр, Ж.Сайнтуяа гэсэн гурван эзэмшигчтэй. Мөн ТУЗ-ийн есөн гишүүнтэй.

-Тэвшийн говийн нүүрснээс Соёлын сайдын аав Л.Чинбат ашигладаг-
7. Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд: Дундговийн Сайнцагаан сумын нутагт оршдог. 923,2 сая.тн нөөцтэйг Орос, Монголын геологичид тогтоосон. Тэрбум гаруй тонн хүрэн нүүрсний нөөцтэйгөөрөө Тавантолгойн ордын дараа орох ч, чанараас шалтгаалан эргэлтэд орж чадахгүй аж. “Тэвшийн говь“ ХХК, "Тэвшийн нүүрс", Могул-Энержи" гэсэн компаниуд тусгай зөвшөөрөлтэй.
- "Тэвшийн говь" ХХК нь гавьяат уурхайчин Навааны Бадрах, Балжирын Сэмбээжав нарынх аж.
- "Тэвшийн нүүрс" ХХК Жүгдэрноровын Баярхүү, Лхагвын Чинбат нарынх. Л.Чинбат нь Соёлын сайд Ч.Номингийн аав юм.
- "Могул Энержи" нь Сингапурын хөрөнгө оруулалттай компани. Батсүхийн Мянганбаярынх. Б.Мянганбаяр нь ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалангийн хадам ах. Б.Мянганбаяр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн охин Г.Хулан, хүргэн Б.Батбаатар нартай бизнесийн хамааралтай. “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Хуланг ажиллаж байх үед Б.Мянганбаяр ТУЗ-ийн гишүүнээр нь ажиллаж байжээ.
-Талбулагийн орд 1997 онд хувьчлагджээ-
8. Талбулагийн хүрэн нүүрсний орд: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг. 8-10 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхай 1997 онд хувьчлагдаж, “Талын гал” компанид очжээ. Эл компани 2000 онд ашиглалтын лицензээ авч, 2030 он хүртэл ашиглах юм.
"Талын гал" ХХК нь Төмөрийн Санжаа агсных. Гүйцэтгэх захирал нь Санжаагийн Цэрэндондов бүртгэлтэй байна.

-Чандгана талын орд ГХО-той, хятад эзэнтэй-
9. Чандгана талын нүүрсний орд: Хэнтий аймгийн Мөрөн суманд байрладаг. Ордын нөөц 1.2 тэрбум гэдэг. Өндөрхаан хот болон ойр орчмын сумдын хэрэгцээг хангадаг.
- 141 сая тонн хэмжиж тогтоосон нөөцтэй "Чандгана тал",
- 1.000 сая тонн хэмжиж тогтоосон "Чандгана хавтгай" гэсэн хоёр үндсэн нүүрсний орд газартай.
Энэ ордод хэд хэдэн компани лиценз эзэмшдэг. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын хөрөнгө оруулалттай “Професи коал” компанийн 100 хувь эзэмшдэг. “Професи” нь 2011 оны хоёрдугаар сард 141 сая тоннын нөөцтэй уурхайн ашиглалтын лицензийг Ашигт малтмалын газраас авсан. Тус уурхайд ашиглалтын гурван лиценз эзэмшдэг "Чандганакоул" ГХОК-ийн хувьцааг "Професи" компани эзэмшдэг. Удирдах албан тушаалтан нь БНХАУ-ын Lee, Tsung Zone John Lee гэх иргэн байна.

-Хөөтийн хонхорын нүүрсийг МАК-аас гадна С.Батдөлд авлига өгсөн гэх Б.Батмөнх, ШИНЭ намын О.Ганбат нар зөөдөг-
10. Хөөтийн хонхорын нүүрсний орд: Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрладаг. 104,2 сая.тн нөөцтэй. 487 сая тонн шатдаг занар (32 сая тонн занарын тос), 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогджээ. "Биг могул коул энд энержи" ХХК, "Ган-илч" гэсэн компаниуд ашиглалтын лицензтэй.
"Биг могул коул энд энержи" ХХК-д Батхүүгийн Эрдэнэцэцэг, Батхүүгийн Батмөнх нар хувь эзэмшдэг. Гүйцэтгэх захирал Самбуугийн Болд. Б.Батмөнх нь нүүрсний салбарт нэрд гарсан нэгэн бөгөөд Шарын голын нүүрсний уурхай буюу “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэдгээрээ илүү танигдсан. Тэрбээр нүүрсийг төмөр замаар хил гаргах, дараалал дайруулахын тулд С.Батдөлд авлига өгсөн хэмээн бичигдэж байсан билээ.
"Ган-Илч" ХХК нь Жигжидсүрэнгийн Адъяа хувь эзэмшиж, Осорын Ганбат удирддаг. О.Ганбат нь 2020 оны УИХ-ын сонгуульд ШИНЭ эвсэлээс Дундговь-Говьсүмбэр тойрогт нэр дэвшиж байсан. Нэр дэвших үедээ мөрийн хөтөлбөртөө "Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялагийн хувьсгал хийнэ" хэмээн тусгаж байсан аж.
Мөн Б.Нямтайширийн МАК MV-012199, MV-020297 дугаартай ашиглалтын хоёр лицензтэй гэж

-Хөөтийн ордоос хятад, монгол компани ашиглаж байна-
11. Хөөтийн нүүрсний орд: Дорнод аймгийн Матад сумын нутагт оршдог. 1973-1979 онд А.Дамиран нарын геологчид нээн илрүүлжээ. "Террасийд" ХХК, "Церкон геологи" ХХК гэсэн компаниуд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.
- Террасийд ХХК нь: Энхбатын Пүрэвбат, Мөнхөөгийн Даваажав нарынх.
- "Церкон геологи" ХХК-ийг Очирпүрэвийн Тогос, БНХАУ-ын иргэн Bao Qinggele нар эзэмшдэг.
- Харин “Буман олз” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, 130 ажилчинтай тус компанийг Дондовдоржийн Цогтгэрэл, Төмөрбаатарын Галбадрах нар эзэмшдэг. Д.Цогтгэрэлийн хамааралтай Д.Цогтжаргал ч тус компанийн уурхайн дарга гэсэн намтартай аж. Тэрбээр, Дорнод аймгийн Матад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.

-Налайхын уурхай 45 эзэмшигчтэй-
12. Налайхын нүүрсний уурхай: Богд хаант Монгол улсын үед хятадууд гар аргаар чулуун нүүрс олборлож, Их хүрээ рүү зөөвөрлөдөг байсан. 1954-1958 онд Налайхын Их уурхайг барьж байгуулсан. Монгол, Оросын геологчид нарийн судалж, 75 сая тонн бөгөөд ашиглалтын нөөцийн хэмжээ нь 15 сая гэж тогтоожээ.
Налайхын уурхайн нүүрсний талбайг гурав хуваадаг байна. Төв хэсгийг нь олборлочихсон. Харин хоёр жигүүрийн нүүрсний 60 гаруй хувь нь баруун талдаа байдаг. Зүүн жигүүрийн нүүрс нь голд ойрхон учир ашиглаж болохгүй гэгддэг.
Нийт 45 эзэмшигч 1998 эхлээд 2046 он хүртэл ашиглах лиценз авчээ.
-Алагтогоогийн нүүрсийг МАК-аас гадна хятад компани ашигладаг-
13. Алагтогоогийн чулуун нүүрсний орд: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт оршдог. 1998 онд МАК-ийн геологчид Алагтогоогийн орд дээр нэмэлт хайгуул хийж, олборлосон нүүрснийхээ анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад хийсж байж. 2007 онд Алагтогоогийн ордоос Чинхуа МАК хамтарсан компани нүүрс олборложээ. Өдгөө МАК, ГХО-тай “Улаанхэцийн шанд” гэх хоёр компани ашиглалтын лиценз эзэмшиж байна. Улаанхэцийн шанд эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Ххх Dalintai гэх иргэн аж.

-Зээгтийн ордыг ГХО-тай компани ашигладаг-
14. Зээгтийн хүрэн нүүрсний орд: Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт оршдог. Хайгуулын лицензтэй хэд хэдэн компани байсан аж.
Виржинийн арал дээр бүртгэлтэй ГХО-тай “Гоби коул энд энержи” компани эл ордод 1997 онд ашиглалтын лиценз авч байж. “Гобиконсолидетед” компани Зээгтийн өвөр нэртэй хэсэгт, “Тефис майнинг” хайгуулын дөрвөн ч лиценз эзэмшиж байгаад хугацаа нь 2014 онд дууссан. Өдгөө мөн л ГХО-тай “Сэкер ресорсус монголиа” ХХК ашиглалтын лицентэй. Хувьцаа эзэмшигч нь Сингапурын компани. Захирлаар нь Маржаахын Чойдорж бүртгэлтэй байж байгаад АНУ-ын иргэн Joseph Keith Borkowski бүртгүүлжээ.

-Могойн голын орд орон нутгийн эзэмшлийнх-
15. Могойн голын нүүрсний орд: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт оршдог. 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй. Орон нутгийн 51 хувийн өмчтэй.
“Могойн гол” ХК-ийн 51 хувь нь Хөвсгөл аймгийн орон нутгийн эзэмшил, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийнх. ТУЗ-ийн 10 гишүүнтэй. Эл компани нийт 160 гаруй ажилтантай. Анх 1970 онд Хөвсгөл болон Завхан аймгийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан. Эл ордод УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн "Аспайр Майнинг Лимитед" ХХК олборлолт явуулахаар олон жил улайрч буй тухай мэдээлэл хөвөрдөг. Гэвч ашиглалтын лиценз авсан тухай нээлттэй мэдээлэл байхгүй байна.

-БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компани Сайхан-Овоогийн ордын эзэмшлээ сэргээжээ-
16. Сайхан-Овоогийн нүүрсний орд: Булган аймгийн Сайхан сумын нутагт оршдог. Нөөцийг нь 34.7 сая.тн гэж тогтоожээ.
1230 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Их Британийн Виржинийн аралд бүртгэлтэй ‘’Эс Эм Ай’’ гэх компани 2007 онд Монголын аж ахуйн нэгжээс шилжүүлэн авч байж. 2008 онд лицензийн төлбөрөө төлөөгүй тул Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Гэвч буцаан сэргээлгэж, 2030, 2036 хүртэлх онуудад ашиглах хоёр лиценз эзэмшсэн байна.

-Баргилтын ордын үндсэн хэсгийг Монголросцветмет, үлдсэнийг нь хятадын компани ашигладаг-
17. Баргилтын төмрийн хүдрийн орд: Хэнтий аймгийн Дархан сумын нутаг. 2007 онд стратегийн ордод нэр дэвшүүлсэн 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан.
- Үндсэн хэсгийг бүхэлд нь “Монголросцветмет” эзэмшдэг.
- Зарим хэсэгт “Голден зеүн интернэшнл” ХХК хайгуул явуулж байгаад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” компанид шилжүүлсэн байна.
- Мөн “Цахир цагаан гол” компани 2043, 2051 он хүртэлх ашиглалтын зөвшөөрөл авчээ. Тус компани Хятадын Wang Fei болон М.Ганбат, Ганбатын Очирбат, Доржийн Дашдорж гэсэн хувьцаа эзэмшигчидтэй. Захирлаар Баттөмөрийн Гэрэлт-Од бүртгэлтэй.

-Төгрөг нуурын бүлэг ордын цаана Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий юу-
18. Төгрөг нуурын нүүрсний БҮЛЭГ орд: Төв аймгийн Баян сумын нутаг. 3 тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй таамаг байдаг. Энд маш олон компани хуваан эзэмшдэг.
Өдгөө “Төгрөг нуур девелопмент” ХХК, “Төгрөгнуурын энержи” ХХК, “Төгрөг тал” ХХК, “Наран тахилт” ХХК гэх компаниуд лиценз эзэмшиж буй нээлттэй мэдээлэл байна. Гэвч тус бүлэг ордыг САМЕХ гэх компани эзэмшдэг гэх.
"Төгрөг нуур девелопмент" ХХК нь Зоригтбаатарын Номундарийнх. Гадаадад оффшор данстай, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч эмэгтэй.
Ашиглалтын дөрвөн лицензтэй “Төгрөгнуурын энержи” ХХК нь Боожоогийн Норовсамбуугийнх. Тус компанийнх нь хувьцааг Самех ХХК эзэмшдэг. “Самех” компанийг 2007 онд УИХ-ын гишүүн байхдаа Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн гэж хэвлэлд мэдээлэгдэж байжээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус ордын лицензийг хятадуудад зарсан тухай асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог.

-Нарантолгойн ордыг “Бороо гоулд”-аас хятадын алтны үйлдвэрийн тэргүүн компани авчээ-
19. Нарантолгойн алтны орд: Төв аймгийн Жаргалант сумын нутагт оршдог. 375 га газрыг хамардаг, 22 тн-ын нөөцтэй.
Алтны уурхайн лицензийг 1997 анх “Бороо гоулд” компани авчээ. Түүнээс хойш дөрвөн ч удаа зарагдсан. Хятадын хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компани “Восток эрдэс” компаниас лицензийг шилжүүлэн авчээ. “Тэн Хун” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг БНХАУ-ын “Зижин Майнинг” группын хөрөнгө оруулалттай компани юм. “Зижин Майнинг” нь алтны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг компанийн нэг.

-Тавтын алтны ордны цаана “Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Дорлигжавын дүү Д.Баатар нар бий-
20. Тавтын алтны орд: Булган аймгийн Тэшиг сумын нутагт оршдог. 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон зэсийн нөөцтэй.
“Эм энд Даймонд” Монгол-Оросын хамтарсан компанийн эзэмшиж байгаад Малайзын “Rimbunan Hijau Group”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Би Эйч Эм” компанитай хамтран ашиглах гэрээг 2002 онд байгуулсан гэгдэж байв. Гэвч өдгөө нээлттэй мэдээллээр “Аурум Металс” ХХК гэх ганцхан компани ашиглалтын лицензтэй харагдаж байна. Доржсүрэнгийн Баатар гэх хувьцаа эзэмшигчтэй аж. “Сахал” Д.Эрдэнэбилэг, Д.Дорлигжавын дүү Дамбийн Баатар нарын “Империалс майнинг корпорэйшн” ХХК нь “Аурум металс” ХХК, “Ай Пи Ди Ар” ХХК-иудтай хамт “Баюуд майнинг” ХХК-ийг эзэмшдэг аж.
-Төмөртолгойн орд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр дамжаад төрд ирсэн-
21. Төмөртолгойн төмрийн хүдрийн орд: Төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм.
Төмөртолгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байгаа. Түүнээс өмнө “Хар мөрөн-Монгол” хэмээх Хятадын компани эзэмшиж байсныг АМГТХЭГ-ын дарга Лу.Болд цуцалж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрт Төмөртолгой уулын ордын лицензийг шилжүүлсэн.
-Нээлттэй мэдээлэлд ашиглалтын лиценз авсан эзэнтэй эсэх мэдээлэл тодорхой бус байна-
22. Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршдог. Баяндавааны бүлэг ордод чухам ямар ордыг хамруулж байгаа нь тодорхойгүй учир ирээдүйд будлиан гарах магадлал их бий гэдэг. 500 тн ч хүрэхгүй бага нөөцтэй жижиг орд юм. Рашаан сувилалд ойрхон учир ашиглахад хүндрэлтэй гэж үздэг. Нээлттэй мэдээллээс шүүж үзэхэд тус ордод ашиглалтын лиценз авсан эзэмшигч гарч ирэхгүй байгаа юм.
-Виржини арлуудад бүртгэлтэй ГХО-тай компани Улаан-Уулын ордыг эзэмшжээ-
23. Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог. 1980 онд 63,000 тн нөөцтэй гэж тогтоож байсан. Талбайн хэмжээ 37.51 га.
Тус ордод “Кайнар Вольфрам” гэх ГХО-тай компани ашиглалтын хоёр лиценз эзэмшдэг гэх бүртгэлтэй байна. Британийн виржини арлуудад бүртгэлтэй Prolific Rich Limited гэх компани эл компанийн хувьцаа эзэмшигч. БНХАУ-ын иргэн Jiang Lixing гэх иргэн захирлаар бүртгүүлжээ.

-Жанчивлангийн бүлэг орд рашаан, сувилалд ойрхон тул ашиглахад хүндрэлтэй-
24. Жанчивлангийн бүлэг орд: цагаан тугалга, гянтболдын орд нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Жанчивлангийн рашаанаас баруун урагш 2-3км-т оршдог. Ордын хайгуулын улсын хөрөнгөөр хийсэн. Рашаан, сувилалд ойрхон тул ашиглахад хүндрэлтэй гэж үздэг.
-Цагаан давааны ордод хятад компани олборлолт явуулдаг-
25. Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд: Төв аймгийн Баянчандмань сумын нутагт оршдог. Цагаандавааны гянтболдын гүний уурхайд ГХО-тай “Монвольфрам” компани ашиглалтын хоёр лиценз эзэмшдэг. “Монвольфрам” нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг цөөн тооны гянтболд олборлогч компанийн нэг гэгддэг. Хувь эзэмшигчид нь БНХАУ-ын иргэн Ye Yuenhua, Zhang Xiaonqing нар бүртгэлтэй байна.

-Оффшор бүсэд данстай З.Номундарь хэдэн хэдэн компаниараа аймаг дамнаж лиценз эзэмшжээ-
26. Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршдог. Нөөц 31,3 сая тонн. Стратегийн ордод нэр дэвших магадлалтай 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан.
ГХО-тай “Голденхейлс” компани MV-012085 тусгай зөвшөөрлийг 2006 онд 30 жилээр авсан. Хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын “Poly Metal Investment linited” гэх компани. Захирлаар Зоригтбаатарын Номундарь гэх нэр бүртгэгджээ. Тэрбээр, Монголын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч. “Poly metal resources” компанийн нэрээр оффшор бүсэд 2007 онд данс нээсэн нэгэн. Тэрбээр япон нөхөртэй бөгөөд 100 хувь японы хөрөнгө оруулалттай “Адамас майнинг” гэх компанитай. Эл компани нь Дорнод, Хэнтийд мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж.

Энэ ордод мөн “Эй Ар Ай Эй” компани 173,17 га талбайд MV-010278 дугаартай тусгай зөвшөөрлийг 2035 он хүртэл авчээ.
-Хөх адарын ордоос Д.Мурат хувь хүртдэг үү-
27. Хөх адарын зэс, цайрын орд: Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт оршдог. Зэс 96.7 мянган тонн, хар тугалга 43.2 мянган тонн, цайр 18.2 мянган тонн гэж тогтоосон.
Хөх адар-1 нэртэй зэсийн ордын MV-015378 дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “И Эй Эм хөх адар” компани 2009 онд 30 жилийн хугацаатай авчээ. Хувь эзэмшигчид нь Ричболд, Алтангэрэлийн Гансүх, Алтайн Мөнхбаяр нар. Захирлаар АНУ-ын иргэн Yang Lee гэх хятад нэр бүртгэлтэй байна. Эл компаниас УИХ-ын гишүүн асан Д.Мурат хувь хүртдэг гэх мэдээлэл хөвөрч байв.

-Шаврын царамын ордод ГХО-тай компани лиценз эзэмшиж байна-
28. Шаврын царамын пиропын орд: Архангай аймгийн Тариат суманд оршдог.
Ордыг түшиглэн өнгөт чулуу олборлох үйлдвэр 1990-ээд он хүртэл ажиллажээ. Сангийн яамны харьяа Зоос, гоёлын зүйлийн үйлдвэр болон БНПАУ, БНУХУ, БНСЧСУ, БНБАУ зэрэг орнуудад нийлүүлсэн. Өнгөт чулуу олборлох үйлдвэрийг татан буулгаж, зах зээлийн улмаас үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож. Өдгөө ГХО-тай “Монголиан Жемстонес индастри” гэх компани лиценз эзэмшдэг. Хувь эзэмшигчээр Лхагваагийн Бат-Эрдэнэ, ОХУ-ын иргэн Недобитко Андрей Иванович гэх нэрс бүртгэлтэй байна.

-Давст сумын Шүдэн уул ордод дотоодын гурван компани лиценз эзэмшдэгийн нэг нь Л.Чинбатынх уу-
29. Шүдэн уулын чулуун давсны орд: Увс аймгийн Давст суманд оршдог. Увс нуурын хотгорын хойд хэсэг, Тагнын нурууны өмнөд салбар уулсын толгодын дунд уулархаг бүсийн бор хөрсөөр хучигдсан давсан уул.
Энэ орд газарт “Их тэмүүлэл“ ХХК 000874 тусгай зөвшөөрлийг 1997 онд, “Зууннайман суварга” ХХК MV-010061 тусгай зөвшөөрлийг 2005 онд, “Жамц давс” ХХК 2035 он хүртэл авчээ.
“Их Тэмүүлэл” ХХК УИХ-ын гишүүн асан, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж агсных хэмээн бичигдэж байсан ч 2010 оноос Лхагвын Чинбат гэх хувь эзэмшигчтэй болжээ.

-Ширээ уулын ордод МАК ашиглалтын нэг лицензтэй-
30. Ширээ уулын гөлтгөнийн орд: Цементийн гол түүхий эд болох гөлтгөнийн дөрвөн том орд манай улсад байдгийн нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд оршдог. 4450.7 мянган тонн нөөц тогтоогджээ.
Чойсүрэнгийн Алтанхуягийн “Түмэнтал” компани MV-005356, ГХО-тай “Түмэн-Анд” компани MV-016668, MV-016669, “Түмэнцацал” компани MV-016920 гэсэн талбайнуудыг 2040 он хүртэл ашиглахаар авсан байна. Мөн “Монголын Алт” /МАК/ компани ашиглалтын нэг лицензийг 2043 он хүртэл авчээ.

-Цайдам нуурын ордод “Бодь” группийн охин компаниуд ашиглалтын лиценз эзэмшиж, цахилгаан станцын төсөл эхлүүлсэн-
31. Цайдам нуурын хүрэн нүүрсний орд: Төв аймгийн Баян сумын нутагт оршдог.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК, ГХО-тай “Цэцэнс холдинг” ХХК, Чандганакоул, “Тэнгрипетро чэмикалс компаниуд ашиглалтын лицензтэй.
“Цэцэнс майнинг энд энержи” ХХК нь “Бодь групп”-ын охин компани. Эл компани Төвийн бүсийн эрчим хүчний тав дахь эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа.
Мөн эл ордод ГХО-тай Чандганакоул хоёр ч лиценз эзэмшжээ.

-Цагаан цавын ордыг “Төгрөг нуурын энержи” ХХК ашиглаж байжээ-
32. Цагаан цавын цеолитын орд: Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт оршдог. Нөөц нь 179 сая тонноор үнэлэгддэг. Орд нь цэрдийн галавын үеийн галт уулын ба тунамал чулуулгуудын үүсэлтэй. Нарийвчилсан судалгаа хийж үзэхэд байгалийн цеолитын төрөл дотроос үйлдвэрлэл, ХАА-д онцгой тохиромжтой клиноптилолит төрөл болох нь тогтоогдсон байна.
“Төгрөг нуурын энержи” ХХК орд газрын лицензийг эзэмшдэг гэгдэж байна. 2006 оноос хөрс хуулалт, олборлолтын ажлыг явуулж байсан аж. Эл компани дээр Төгрөг нуурын бүлэг орд дээр нэр нь дурдагдсан Боожоогийн Норовсамбуугийнх. Хувь эзэмшигч нь Самех гэх компани. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой тухай мэдээлэл нийтлэгдэж байж.
-Хөвсгөлийн хоёр ордод ашиглалтын мэдээлэл байхгүй-
33. Манхан уулын фосфоритын орд: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт фосфоритын томоохон нөөцүүд байдгийн нэг нь. Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэг. Дэлхийд нийт 155 тэрбум тонн фосфоритын нөөц байдгийн 4-5 хувь нь манайд оршдог байна. Ашиглалтын лиценз байгаа эсэх нээлттэй мэдээлэл олдсонгүй.
Ямартай ч Хөвсгөл далайн ойролцоо орших Бүрэнхааны фосфоритын ордын хайгуулыг хийж, ашиглалтад бэлтгэж байх үед “Далай ээж цаазын тавцанд” хөдөлгөөн өрнөж, үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй аж.
34. Онгилог нуурын фосфоритын орд: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт оршдог. Онгилог даваа, Жанхайн давааны орд газарт 1.5 тэрбум тонны нөөц байгааг илрүүлж, фосфоритын гол нөөц гэж тогтоосон боловч Хөвсгөл далайтай маш ойрхон оршдог учраас "ашиглахгүй" гэсэн байр суурь дээр эрдэмтэд болон геологичид санал нэгддэг.
-Лугийн голын ордод БНСУ-ын компани ашиглалтын лицензтэй-
35. Лугийн голын газрын ховор элементийн орд: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт оршдог. Уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ.
Энэ ордыг Японы “Сүмитомо” корпорацийнхан ирж сонирхоод тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан. Хятадууд мөн судалгаа хийх зорилгоор ирж, дээж аваад явжээ. “Солонгосын “Реалкокореа” ХХК Лугийн гол дээр 2008 онд тусгай зөвшөөрөл авчээ. АНУ-ын “Грийн техноложи солюшн” компани Лугийн голын ордод ажиллаж, сонирхож байсан ч тусгай зөвшөөрөл байхгүй байна.

36. Хонгорын жоншны орд: Дорноговь аймгийн Даланжаргалан суманд оршдог. Ордыг ашиглаад үндсэндээ дууссан учраас тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдээлэл байгаа. Хайлуур жоншны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч таван үйлдвэрийн нэг гэгддэг “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд энэ орд байсан байна. Гэвч нээлттэй мэдээллийн сангаас хайлт хийхэд Монголросцветмет компанид Дорноговь аймгийн Даланжаргалан суманд тусгай зөвшөөрөл алга.
-Дорнод дахь хоёр орд хятад лиценз эзэмшигчтэй байна-
37. Улааны цайр, хар тугалгын орд: Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт оршдог. Ордыг анх “Азиа Фарист” компани эзэмшиж байсан ч, 2004 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь”-ийн мэдэлд шилжин иржээ. Улсын төсвөөс хайгуулд зарцуулсан 1,302,205 ам.долларыг 2007 онд бүрэн төлж дууссанаа мэдэгдсэн байдаг.
Ураны олборлолтыг хууль бусаар явуулж буй гэсэн хэл ам энэ компанийг үргэлж дагасаар ирсэн. Энэ онд Улааны холимог металын ордод хууль бус үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр компанийн удирдлагуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн, уурхайг битүүмжилсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон мэдээлэл хамгийн сүүлд цацагдаад байна.

38. Цавын цайр, хар тугалгын орд: Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт харьяалагддаг. Цайр, хар тугалгын томоохон ордын нэг.
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани эзэмшдэг. Ашиглалтын лицензтэй тул олборлолт явуулж байгаа. “Шанлун” 2003 оны долдугаар сарын 28-нд 6098А тоот лицензийг авчээ.
Цавын галенитийг дан ганц хар тугалга, цайрын үнээр биш түүнд агуулагдаж буй мөнгөний үнийг оролцуулан үнэлж борлуулвал эдийн засгийн илүү үр дүнд хүрч болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч Цавын ордыг эзэмшиж буй “Шан луу” компани зөвхөн цайр болон хар тугалга олборлох зөвшөөрөлтэйгээр ашигласаар байна.

2012 онд 64 орд дээр үнэлгээ хийж, 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх гэж үзсэн ч энэ бүх ажил тэгсхийгээд “замхарсан” байдаг. Үндсэндээ УИХ-ын 27 дугаар тогтоол батлагдаж, 10 шалгуур үзүүлэлт бий болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд стратегийн ордын нэг, хоёрдугаар хавсралтад өөрчлөлт ороогүй гацсан хэвээр байгаа аж.
Стратегийн 16 ордын долоо нь төрийнх, хоёр нь МАК-ийнх, үлдсэн нь гадаадын компаниудынх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхайгаас хөлжигчид бүгд төрд өндөр эрх мэдэлтнүүд учир Стратегийн ордод тооцох ёстой ажлыг зориуд зогсоож байгаа, энэ хулгайчдаас с�##�ж байж л иргэдэд өгөөж нь очно.
34хувиа баялгийн санд өгөөд ажиллах хэрэгтэй
Дамбын Дорлигжав биш бишүү төрсөн дүү юм бол овог нь яахаараа Дорж байдаг билээ редакциаа?? Гүн гүтгэсэн байх вий
луйварчдаас бүх уурхайг хурааж ул�####�а төвлөрүүлж баялгийн сангаараа дамжуулж монголчууд бүгдээрээ % хүртэх хэрэгтэй. Д.Баатарын ах Дорлигжав гэгч АН-ын луйварчин мөн биз д. Хардаа Бадамжунайн суганы үстэй АН-ынхан анхнаасаа л хуйв�##�даж ард түмнээр тоглосон б.на.Бат-Үүл "сах�##�"-тай хөршийн холбоотой амьдардаг шд.Бид ч үнэхээр тоглуулж ирсэн б.на.
Eguuur mundag sain ajillaj bn shvv ed nariig bvgdiig ni il bolgoh heregtei
30 гэр бүлийнхэн хоорондоо ур�##�даад л урцлдаад л Монголыг хувааж идэж байгаа юм биз дээ
Монгол ардын ном дотор энэ үйл ажиллагаанд үр удмаараа оролцсон бүх гишүүдийг сонгуульд оруулахгүй байв�##� Улс төрийн нам улам цэвэр бас хүчирхэг болно , Ардын намын гишүүн болж д�##�даа булхай үйл ажиллагаанд оролцож , дэмжиж , гар хөл болж тулгуур болдог , улных нь дэвсгэр болдог бүх гишүүдийг Ардын нам болон Монгол улсын ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлтэйгээр эргүүлэн татв�##� бидний үр удам илүү зөв хөгжлийн замаар өсөж боловсрох болно ????????
Энэ зөв �##�даагүй бичсэн сэтгэгдлийг хүртэл шууд утга өгүүлбэрийг нь гуйвуулах сэтгэгдэл болгож байна
Ингэж сайн ухаж судлах л хэрэгтэй
мундаг бн шүү Eguur.mn хамт олон ийм мэдээллийг ил болгосонд т�##�архъя
Durguihurchlee
Ene omhii hulgaichuudaas gazriin baylagaa bugdiin huraaj av Oyunerdenee ard tumen chamd ireh 4 jild dahin buren erhii chin ogoh bolno
Монгол улс Засгийн газар ашигт м�##�тм�##� ашиглах хуулиндаа нэн даруй өөрчлөлт оруулах шаардлагатай Учир нь гадаадын өндөр технолог ашигладаг том том компаниуд өндөр технологийнхоо ачаар 30 жилд ашиглах орд газрыг 8-12 жилд л хоослодог болсон бна Ялангуяа Рио Тинто "Оюу Толгойг" 2037 он гэхэд бүрэн хоослох төлөвлөгөөтэй ажиллаж бхад манай ЗГ мэдсэн ч мэдээгүй царайлан сууж бна ХАРАМСАЛТАЙ дээр нь ноогдол ашиг хүртэх хугацаагаа наашлуулж чадахгүй тэдэнд буулт хийсээр цаг хугацаа өнгөрсөөр л бна. Мөн дээр нь нэмж хэлэхэд Монгол улсад ашгт м�##�тм�##� олзворлон ашиг хийж бга л бол том жижиг ГЭХГҮЙ бүгдээс нь 34% ийн татвараа авдаг болгохыг яар�##�тай хуульчилмаар бна Стратегийн Стратегийн бус гэж ялгах нь хуулийн ЦООРХОЙ юм
зочин ой гутмаар жагса�##�т.баялаг байгаад ч бусдыг тэжээх ёстой юмуу ?�##�аг хорвоогийн азгүй амьдр�##� гэж энэ байх
Нөгөө л хулгайч луйварчид нь