АМЬДРАЛЫН НОМВИДЕО КОНТЕНТНийгмийн

АМЬДРАЛЫН НОМ | Оргилын Золбоотөгөлдөр: “Зуун жилийн ганцаардал” надад мэдрэмжээ сул тавь гэж хэлдэг, сануулдаг

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа зураач Оргилын Золбоотөгөлдөрийг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-УРАН БҮТЭЭЛЧИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ МИНЬ САНУУЛДАГ БОЛОХООР УНШДАГ-

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Багад минь гар утас байгаагүй. Телевизээр нь онц чухал юм гарахгүй. Ядаж байхад ганцхан сувагтай. Ном л уншдаг байлаа. Бүр дадал болчихсон. Тиймдээ ч одоо ном уншихдаа өөрийгөө хүчилдэггүй. Ажил гэж боддоггүй. Их хялбархан уншдаг. Орныхоо хажууд эсвэл ажлынхаа ширээн дээр тавьчихна. Бүр заримдаа бие засах өрөөндөө хүртэл оруулаад тавьчихдаг. Багад уншиж байсан номуудаас Гүи дө Мопассаны өгүүллэгүүд ой тойнд их тод үлдсэн. Уншихаар их өвдөлт өгдөг. Уншсаны дараа хайр гэдэг, аз жаргал гэдэг чинь ийм юм байна. Хүний амьдрал чинь нэг иймэрхүү юм байдаг юм уу гэж бодогдсон. Тэгээд өвдөлт өгсөн. Одоо бодоод байх нь ээ ийм төрлийн зохиолууд надад их юм өгч, үлддэг юм байна. Түүнээс биш аз жаргалтай төгсгөлтэй номууд сэтгэлд нэг их үлддэггүй.

Харин өсвөр насандаа сонгодог романууд их уншдаг байсан. 17-18 настайдаа бол яруу найрагт дурлаж байлаа. Тухайн үед Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нар ид бичиж байсан. Л.Өлзийтөгсийн “Миний гунигийн түүх” яруу найргийн түүвэр худалдаанд гарсныг сонсоод номын дэлгүүр рүү хар хурдаараа очно. Авах мөнгөгүй ч дэлгэж үзээд догдолно. Тэгээд номын дэлгүүрт хэсэг уншиж байгаад л гараад явна. Сүүлд нь мөнгөө цуглуулж байгаад авна. Түүнээс хойш харин урлагийн тухай, уран бүтээлчдийн намтрын тухай ном их уншдаг болсон.

Надад ахин, дахин улиг болтол уншдаг нэг ном бий. Тэр бол “Зуун жилийн ганцаардал” . Ганц энэ роман гэлтгүй Габриель Гарсиа Маркесын бүх зохиолд дуртай. “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад хүмүүс эхэндээ ойлгодоггүй. Он цагийн хэлхээс нь толгой эргүүлнэ. Олон ижил нэрүүдтэй. Би бараг л цээжээр мэднэ. Гэсэн ч дахин, дахин уншиж, дүрүүдийг нь өөртөө шинээр бүтээдэг. Гар утаснаасаа хүртэл, орой унтахдаа уншина.

Мөн би багримтат зохиол унших дуртай. Урлан дээр минь байхгүй ч Барбара Дэмикийн “Атаархах зүйл үгүй” гээд Хойд Солонгосын ард түмний тухай ном бий. Энэ ном надад маш хүнд туссан. Уншаад үнэхээрийн шоконд орж, баримтат зохиол их уншдаг болсон. Мөн Александр Солженицын “Гулаг олтриг” гэх мэт баримтат романд их дуртай. Дуртай нь ч юу байхав. Дагаж шаналаад байдаг юм. Уран бүтээлчид шаналах шалтгаанаа өөрсдөө олдог гэдэг шиг өөрийнхөө шаналах шалтгааныг олж байгаа байх. Гэхдээ би нэг зовж шаналах дуртайдаа ч эдгээр номуудыг уншдаггүй. Амьдралын тухай, надад байгаа эрх чөлөө, уран бүтээлчийн эрх чөлөөг минь сануулдаг болохоор уншдаг. Бас амьдрал гэдэг чинь нэг талдаа ийм хар байхад нөгөө талдаа ийм өнгөтэй байна гэдгийг харуулж, эргэцүүлэн бодоход хүргэдэг. Мөн Хятадын зохиолч Юн чаны “Зэрлэг хун” номыг ахин, дахин уншдаг. Ер нь бол Хятадын соёлын хувьсгалын дараа баруун руу гарсан эрдэмтдийн бичсэн номнуудыг унших дуртай.  

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн эдгээр номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

 -“Зэрлэг хун”-ыг жилийн өмнө авч уншсан. Ер нь бол ахин дахин уншиж байгаа. “Зуун жилийн ганцаардал”-ыг 10 хэдэн настайгаасаа уншиж байсан. Харин “Атаархах зүйл үгүй” романыг 2013 онд файлаар уншиж байсан. Одоо ч утсан дээр минь бий. Ер нь бол утаснаасаа ном их уншдаг.

Надад нөлөөлсөн бас нэг ном бий.  Тэр ном бол Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр”.  Уншиж ч сураагүй байхад ээж минь ярьж өгдөг байсан. Сэтгэлд их тод үлдсэн. Ээжид орос хэл дээрх нь байдаг байсан. Монголоор орчуулсан нь олдохгүй, өсвөр насандаа номын сангаас авч уншиж байсан юм байна. Тэгээд бүр номын санд нь буцааж өгөхгүй өөртөө авч үлдэж байсан. “Зуун жилийн ганцаардал” шиг олон дахин уншдаг ном маань мөн.

Мөн нэг номыг онцлохгүй, ярихгүй өнгөрч боломгүй нь. Сүүлийн нэг жил надад яруу найраг Э.Бүжинлхамын “Сүнс урлал” гээд яруу найргийн ном гүнзгий нөлөөлж байгаа. 20 нас хүртлээ яруу найраг уншиж байгаад Л.Өлзийтөгсөөс хойш ямар ч яруу найраг уншаагүй. Учир нь Л.Өлзийтөгс бол эрхэм, түүнээс хойших нь сэтгэлд хүрэхгүй ч юм шиг санагддаг байсан. Тэгээд л яруу найргийн ном авч уншихаа больчихсон байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сард сэтгэл гундуу явахад зураглаач эгч маань Э.Бүжинлхам найрагчийн “Сүнс урлал” номыг авчирч өгсөн. Нээж хараад л “хөөх надтай адилхан юм боддог, сэтгэдэг хүн байдаг юм байхдаа” гэж гайхаж байсан. Би ингэж бичиж чадахгүй ч ингэж мэдэрдэг гэж бодож, шүлгүүдээр нь эскиз хийсэн. Түүнээс хойш нэг их удалгүй Э.Бүжинлхамын гэр бүлийн хүн надтай холбогдсон. Тэгээд Э.Бүжинлхамтай инстаграммаар холбогдож, танилууд болсон. Түүний дараа “Монгол арт галерей”-гаас надад үзэсгэлэн гаргах урилга ирсэн. Э.Бүжинлхамын номыг уншаад бүтэн сар эскиз хийсэн болохоор толгой дотор зохиомж, төсөөлөл бий болчихсон байсан. Тиймээс “Сүнс урлал”-ыг үзэсгэлэн болгоё гэж бодоод Э.Бүжинлхамтай холбогдож, үзэсгэлэнгийн ажил руу ханцуй шамлан орсон. Үзэсгэлэн 30 гаруй зурагтай гарна. Энэ сарын 1-нд нээлтээ хийх гэж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хойшлуулсан. 10 сар бэлдчихээд хойшлуулж байгаадаа гуниглаж, сэтгэл хэд хоног хямарлаа. Сэтгэл хямарч байхад Э.Бүжинлхамын ээж түүний 2015 онд бичсэн “Ариан” гэх туужийн номыг авчирч өгсөн. Энэ номонд бараг живж байна.

Гэхдээ би Э.Бүжинлхамын энэ номыг эхлээд уншчихсан байсан бол энэ үзэсгэлэнг гаргахгүй байсан. Яруу найрагч, зураач хоёрын тухай аль 2015 онд биччихсэн байхад нь би номд бичсэнийх нь дагуу бүхнийг хийгээд байгаа юм санагдсан. Эсвэл Э.Бүжинлхам намайг таньдаг ч байсан юм шиг. Миний тухай биччихсэн юм шиг санагдсан. Тэгээд болох ёстой юмыг түрүүлээд биччихэж гэж бодоод энэ үзэсгэлэнг угаасаа гаргах ёстой, хийх ёстой байсан юм байна гэж хүч авсан. Энэ ном миний ертөнцийг үзэх үзэл, цаг хугацааны тухай бодолд үнэхээр нөлөөлж байгаа.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Би шидлэг сэтгэлгээнд дуртай. Түүнийг маань “Зуун жилийн ганцаардал” өдөөдөг. Тиймдээ ч энэ ном надад мэдрэмжээ сул тавь гэж хэлдэг, сануулдаг.

Харин Э.Бүжинлхамын “Ариан” туужийг уншаад би гадагшаа чиглэлтэй алхаж байгаагаа ойлгосон. Уран бүтээлчид тайзан дээр зогсоод алга ташилт авч, зураач нар үзэсгэлэн гаргаад кайф авдаг шиг гадагшаа чиглэлтэй сэтгэлийн хөдөлгөөн гаргаж байснаа мэдсэн. “Ариан” туужийг  уншсаны дараа дотогшоогоо чиглэлтэй алхах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ ном надад өөрийнхөө дотогш хоёр, гурав алхаач гэсэн зурвас өгсөн.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Зуун жилийн ганцаардал”-ыг ихэнх хүмүүс ойлгодоггүй юм. Онцолж хэлэхэд ч угаасаа хэцүү. Тиймээс “Сүнс урлал” номоос нэг шүлэг онцолмоор байна. Энэ номонд миний дуртай олон шүлэг бий.

“Өвч сэтгэлийн минь цаана

өөр нэгэн амьдрал бий

Өгүүлшгүйеэ тийм өндрийн оргил

Цасан уулс энд буй

Зуу гаруйхан байшинтай

аглагийн тосгонд гэрэл бий

Зузаан үүлс дундах

тэнгэрийн хотод амгалан буй...”

80 дугаар хуудасны шүлгээс цөөн мөрийг онцолмоор байна. Энэ бол яруу найрагчийн дотоод сэтгэл. Илүү ихийг уншиж, сэтгэл зүрхийг нь чагнамаар байгаа хүмүүс байвал Э.Бүжинлхамын “Сүнс урлал”-ыг уншаасай гэж зөвлөмөөр байна.

 -Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Зураач Т.Соёл-Эрдэнийг уримаар байна. Т.Соёл-Эрдэнэ дөрвөн хүүхдийн ээж, “Шинэ монгол” сургуульд багшилдаг, маш завгүй хүн. “Яаж ийм их  ажлын хажуугаар олон ном уншаад байна аа” гэж гайхтал уншдаг. Дээрээс нь номыг маш сайн сонгож уншиж чаддаг. Номоос авах зүйлээ сайн авч чаддаг. Тиймээс сонирхолтой зүйл ярих байх.


ӨМНӨХ КОНТЕНТ: РАНЖИЛЫН АРИУНБОЛД

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-14 15:32

Үзэсгэлэнтэй эмэгиэй вэ

Зочин
Зочин
2021-08-14 17:14

Мундаг эмэгтэй байнаа уншихаа зогсоож болохгүй маш сайхан

МОНГОЛ
МОНГОЛ
2021-08-15 20:25

ЭНЭ МАТАР ЦАРАЙТ ТЭНЭГТДЭГ БАЙГАА ДАА 10 НАСТЭЙ ТЭГЭЭД ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ ОЙЛГОНО Ч ГЭХ ШИГ БАС ЯРУУ НАЙРАГЧДЫГ ГОЛЖ ШИЛЖ ҮНЭЛЖ ЦЭГНЭДЭГ ХЭН БЭ ҮСЭЭ УГААДАГ БОЛ УУ НЭЛ БӨӨС ХЭНБУГАЙ Ч ЯРУУ НАЙРАГЧДЫГ ГОЛЖ ШИЛЖ ИРЭЭГҮЙ ЮМ ШҮҮ БАС ХЭДЭН НОМЫН НЭР ЦЭЭЖИЛЁЭН ТЭГЭЭД МУНДАГ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДЧИХСОН ЖООХОН БНА ДАА ЖООХОН БАЙНА

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-08-15 21:08

Харин Монгол нэрт гуай өөрөө их сагсуу хүн байна

Холбоотой мэдээ

Back to top button