НийгмийнЯрилцлага

Б.Баярцэцэг: Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болж, Холливүүдэд гялалзахыг хүсдэг

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин" УСК Осака хотод зохион байгуулагдаж буй Олон улсын Азийн их кино наадамд, шилдэг 15-д тунаж үлдэн өрсөлдөөд байсан. Тэгвэл, тус кино "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг жүжигчин Б.Баярцэцэг хүртсэн юм. Иймд бид түүнтэй 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр хийсэн ярилцлагаа сэргээн нийтэлж байна.


Түүнтэй ярилцсаныхаа дараа “Яаж ийм өөртөө итгэлтэй, “Хэн, юу гэх бол” гэж санаа зоволгүй, өөрийнхөөрөө амьдарч чадаж байна вэ” гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Ямар ч үед өөрийнхөөрөө, элдэв хэлбэргүй амьдардаг нь түүний давуу тал. Бидний энэ удаагийн ярилцлагын зочин маань жүжигчин Баянгэрэлийн Баярцэцэг.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Худалдагч охин” киноны гол дүрд тоглосноор нь түүнийг манай уншигчид илүү сайн мэднэ. Монголын өнөө цагийн кино урлагийн сор болсон найруулагч Ж.Сэнгэдоржийн хараанд өртөн, киноных нь гол дүрд тоглосон гэж бодохоор хэр ирээдүйтэй, авьяастайгийнх нь нэгээхэн илрэл болов уу.

“Master film”-ийн жүжигчин, 21 настай Б.Баярцэцэг өмнө нь “YZ tv”-д байсан. Олон, олон сонирхолтой контентоороо олны талархлыг ихэд хүлээсээр буй тэрбээр Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болж, Холливүүдэд гялалзахыг мөрөөддөг.

Түүндээ хүрэхийн тулд дэлхийд алдартай урлагийн сургууль болох “Juilliard”-д сурах зорилготой яваа Б.Баярцэцэг дуулах, хөгжим тоглох, зурах, жүжиглэх зэрэг олон талын авьяастай.

“Ингээд хариулчихвал хүн юу гэж бодох бол” гэж ер бодолгүй, зүгээр л өөрийнхөөрөө, байгаагаараа ярилцсан түүний ярилцлагыг сонирхуулъя.

АНХ БИ БАЯРМАА ГЭДЭГ ТУСЛАХ ДҮРД ТОГЛОХООР ШАЛГУУЛСАН

-Таны гол дүрд нь тоглосон “Худалдагч охин” кино нээлтээ хийн, олны хүртээл болсонд баяр хүргэе. Анх туслах дүрийн шалгаруулалтад орсон юм билээ. Гол дүрд тоглох боломж хэрхэн олдов?

-Баярлалаа. Гол дүрд тоглох бодол надад анхандаа байгаагүй. Тиймээс киноны эхэнд гардаг Номунаа гэдэг эмэгтэйн дүрд тоглохыг хүсээд проб өгсөн юм. Гэтэл Ж.Сэнгэдорж найруулагч “Энэ хэсгийг бэлдээд, тоглоодох” гээд “Худалдагч охин” киноны хэсгийг надаар тоглуулсан. Гол дүрийн сонгон шалгаруулалтад 300 гаруй охин өрсөлдсөнөөс би ганцаараа уйлсан гэнэ лээ. Намайг гол дүрд тэнцэхэд энэ нь нөлөөлсөн байж магадгүй. “Худалдагч охин” киноны гол дүрд тоглох боломж надад ингэж гэнэтийн байдлаар олдлоо.

Гол дүрд тэнцээд “Oh my god. Ямар гоё юм бэ” гээд баярласан. Нөгөө талаар ийм том уран бүтээлийн гол дүрийг бүтээнэ гэдэг том үүрэг хариуцлага байлаа. Би хэрхэн тоглохоос, ур чадвартай, хариуцлагатай байхаас энэ олон хүний, баг хамт олны ажлын үр дүн шалтгаална. “Би чадах болов уу” гэж бодсон. Тэглээ гээд шантрах, бууж өгөх эрх надад байгаагүй. Бүхнээ дайчлаад л зүтгэсэн. Гэр бүлийнхэн, кино урлагийнхан, бизнесийн хамтрагчид маань “Чадна аа. Хичээгээрэй” гэж урам өгч, дэмжсэн.

-Киноны гол дүрд тоглоно гэдэг өөрийгөө нээх, таниулах том боломж. “Би чадах болов уу” гэсэн айдсаа хэрхэн даван туулав?

https://www.youtube.com/watch?v=ERhiP6CAxBo

-Жүжигчин бүрийн арга барил ондоо. “Чи хэрвээ уйлах гэж байгаа бол уйлахаа түр мартаад өөрөө түүх зохио” гэдэг арга байдаг байхгүй юу. “Чи гол дүр бүтээх гэж байна” гэх мэт янз бүрийн зүйл бодон, өөртөө том ачаа үүрүүлэхийг хүсээгүй. Зүгээр л дүрээ судлан, киноны уран бүтээлчидтэй уулзаад аль болох тайван байхыг хичээлээ. Кино зураг авалтын явцад өөрийгөө “хөлдүү” гэдгээ ойлгосон. Жүжиглэлт маань хөлдүү байсан, миний хувьд. Ер нь жаахан “хөлдүү” охины дүр. Гэхдээ арай “хөлдүү” болгочихсон юм шиг санагдсан, жаахан өөлбөл.

-Жүжиглэлтээс нь шалтгаалсан уу, найруулагчийн шийдэл байв уу?

-Миний өөрийн тоглолтоос шалтгаалсан. Олонх найруулагч жүжигчнээ хайрцаглахыг хүсдэггүй, “Өөрөөрөө яваарай” гэдэг.

Ж.СЭНГЭДОРЖ НАЙРУУЛАГЧИЙН ГОЛ ДҮРД ТОГЛОСОН НЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙЛАА

-Өнөө цагийн Монголын кино урлагийн өнгийг нь тодорхойлж яваа найруулагчийн бүтээлд тоглосон нь Баярцэцэгийн ур чадвар, карьерыг шинэ шатанд аваачсан уу. Ер таныг энэ уран бүтээл хэрхэн хөгжүүлэв?

-Тэгэлгүй яах вэ. Ж.Сэнгэдорж найруулагчийн киноны гол дүрийг бүтээсэн нь надад нэр төрийн хэрэг байлаа. “Худалдагч охин” кинонд би усан дотор нүдээ нээдэг хэсэг бий. Би өмнө нь тэгж байгаагүй. Ж.Сэнгэдорж найруулагч “За, одоо нүдээ нээгээрэй” гэж намайг хөөрхөн аргадаж байгаад тэр хэсэгт тоглуулсан. Жүжигчнийхээ арга эвийг үнэхээр сайн олдог, хөглөж чаддаг, “Яавал уйлах вэ. Яавал энэ хэсэгт илүү сайн тоглох вэ” гэдгийг үнэхээр сайн мэддэг, чадварлаг найруулагч.

-Ж.Сэнгэдорж найруулагчийн найруулсан уран бүтээл тул тэр хэрээр их хүлээлттэй байлаа. Олны хүлээлтийг давах эсэх нь голын дүрийн жүжигчний тоглолт, ур чадвараас ихээхэн шалтгаална. Тэр хэрээр танд дарамт болсон уу?

-Түрүүн хэлсэнчлэн тийм дарамт мэдрээд, өөртөө том ачаа үүрүүлэхийг би хүсээгүй. Мэдээж дүрээ сайн амилуулахын тулд бүхнээ дайчилж хичээсэн. “Худалдагч охин”-ыг нээснээс хойш над дээр шүүмжлэл маягийн зүйл ирээгүй. Би өөрөө өөрийгөө л шүүмжилж сууна.

Манай киног үзсэн хүмүүс “Монголд ёстой тулгамдаж буй асуудлыг хөндөж. Баярлалаа” гэж байгаа. Эгч маань “Кино үзсэн юм шиг боллоо. Ойрд ийм монгол кино үзээгүй удаж” гэхэд нь урамшсан.

-Найруулагч тань киноны зураг авалтаас өмнө зохиолоо уншуулаагүй гэж сонссон. Үнэн үү?

-Үнэн. Найруулагч бүрийн арга барил ондоо. Яг ямархуу дүр бүтээх ерөнхий төсөөлөл л надад байсан. Зохиолоо өмнө нь уншаад, дүр дээрээ ажилласан бол надаас суулгасан тоглолт гарах байсан ч юм бил үү. Ж.Сэнгэдорж найруулагч надад зохиолоо өмнө нь уншуулаагүй нь өөрийнхөөрөө, тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ тоглох, “амьд” тоглолт гаргах боломж надад олгосон. Үүнд их олзуурхаж байна.

Би дундаж түвшний реакцитай. Саруулын дүр тийм биш, сэтгэл хөдлөл багатай. Тиймээс өөрийгөө арай дарж тоглохыг хичээлээ.

САРУУЛ НАДТАЙ 70 ХУВЬ ТӨСТЭЙ, АДИЛХАН ДҮР

-Саруулын дүр тэгэхээр тантай төстэй байж, тийм үү?

-Тийм ээ. Ер нь надтай 70 хувь төстэй, адилхан дүр. Тиймээс Саруулын дүрийг бүтээхэд надад илүү ойр байлаа.

“Худалдагч охин”-ыг манай гэр бүлийнхэн үзээд “Манай охин яг л өөрөөрөө тоглож” гэсэн.

-“Худалдагч охин” кино “+21”. Зураг авалтын үеэр “Хөөх, энд ийм хэсэг байгаа юм уу” гэж шоконд оруулсан хэсэг аль нь вэ?

-Хэд хэдэн нүцгэн тоглолт байсан. “Яана аа, ямар эвгүй юм бэ” гээд ичин, эвгүй байлгүй яах вэ. Сүүлдээ дасаад, хээгүй болчихдог юм билээ. Угаасаа би амьдрал дээр хээгүй. Усанд ордог хэсэг хамгийн хэцүү байсан.

Хүндрэл, бэрхшээлтэй байсан өөр нэг зүйл бий. Миний уруул жаахан жимийлттэй, сул тавьчихдаг. Бүр рефлекс болчихсон болохоор амаргүй байлаа. Бас тамхи татдаг хэсгүүд хэцүү байсан. Би бүр тамхины хордлогонд орсон. Тиймэрхүү зүйлүүд хүндрэлтэй байсан.

Жүжиглэлт, кинонд тоглохын тухайд Ж.Сэнгэдорж найруулагч, туршлагатай хамт олон нь байсан болохоор ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй. Ёстой амар байсан.

Киноны зураг авалтын үеэр нэг дор 20 гаруй хүнтэй ажилласан. Бүгд нэг нэгэндээ бүр дасчихсан, одоо их санаж байна. Зураг авалт дууссаны дараа нэг их сонин хоосон мэдрэмж төрсөн. Угаасаа жүжигчин бүхэнд “Өө, дуусчихлаа дөө” гэдэг мэдрэмж төрдөг гэнэ лээ.

-Киногоо театрт очоод үзэхэд, албан ёсоор нээхэд ямар мэдрэмж төрөв?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Миний хажууд ээж минь суугаад үзсэн юм. Хэдийгээр зураг авалтын үеэр өөртөө итгэлтэй, эрч хүчтэй тоглосон ч насанд хүрэгчдийн сценүүд гарахаар нь ичсэн, санаа зовсон.

“Худалдагч охин” киног үзсэн, үзэхийг хүсэж буй хүмүүс эрх чөлөөтэй, хайрцаглагдмал бус байгаасай.

-Б.Баярцэцэг амьдрал дээр хайрцагнаас гарч, эрх чөлөөтэй сэтгэж чаддаг уу?

-Энэ тал дээр би ямар нэгэн дүгнэлт өөртөө хийж байгаагүй юм байна. Би бизнесээ эхлүүлэх гээд бэлтгэлийн байдалтай байгаа. Хүн олон ном унших тусмаа мэдлэг багатайгаа улам бүр мэдэрдэг. Би яг тэр үе дээрээ л яваа.

ДЭЛХИЙН №1 УРЛАГИЙН СУРГУУЛЬ “JUILLIARD”-д СУРАХЫГ ХҮСДЭГ

-СУИС-ийн жүжигчний ангид элссэн ч нэгдүгээр дамжаанаасаа гарсан гэсэн. Жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд элссэн сургуулиасаа яагаад гарсан бэ?

-Өө, тэр талаар яриад яах вэ. Би Отгонбат багшийн шавь. Одоо манай ангийнхан IV курс. Миний жүжигчний хамтрагч Сайханаа ах “Уйлахдаа ийм техник ашигла. Тийм арга барилтай болох хэрэгтэй” гэж зөвлөдөг. Би СУИС-ийг төгссөн бол ийм, ийм зүйл сурах байж, тийм боломжийг алдаж гээд харамсалгүй яах вэ. Гэхдээ үүнээс том мөрөөдөл, зорилго надад бий. Дэлхийн урлагийн №1 сургууль “Juilliard”-д сурахыг хүсдэг.

-Та цөөнгүй дуутай. СУИС-иас гарсныхаа дараа жүжигчин, дуучны аль руу нь өөрийгөө илүү хөгжүүлэв?

-СУИС-иас гарсныхаа дараа би бизнес хийсэн. Бизнес хийж байгаад “YZ tv”-д орсон. Тэнд олон, олон контент хийж байхдаа Батмөнх найзтайгаа танилцан, дуу хийж эхэлсэн. Найзтайгаа танилцахаасаа өмнө би дуулдаг, ая зохиодог байсан. Одоогоор би ганцаарчилж хийсэн нэг уран бүтээлтэй, Батаатай хамтарч дуулсан 5-6 дуу бий.

-Одоо жүжиглэх, кинонд тоглохын хажуугаар дууны уран бүтээлээ давхар хийж байгаа юу?

-“Худалдагч охин” киноны зураг авалт 54 хоног үргэлжилж байгаа. Одоо ганцхан сцени үлдсэн. Дуусахаар нь хамтрагчтайгаа холбогдоод, шинэ уран бүтээл гаргана. Ер нь дууны зөндөө гоё, гоё санаа, төлөвлөгөө бий.

БИ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ТАЙВАН АМЬДРАЛД ДУРТАЙ

-Дуу, хөгжмөөс авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ?

-Би эрх чөлөөтэй, тайван амьдралд дуртай. Зарим хүн тамхи татахаараа, кофе уухаараа тайвширдаг. Хөгжим сонсохоороо тайвширдаг хүмүүсийн нэг нь би. Хөгжилтэй, жаргалтай байхдаа хөгжим сонсох дуртай.

-Б.Баярцэцэгийг хүмүүс “YZ tv”-д байснаар нь, тэнд байхдаа хийсэн контентуудаар нь илүү сайн мэднэ. Жүжигчний карьерынх нь эхлэл байв уу?

-Бид хэдийг бүгдийг нь Ганлий ах цуглуулсан. Сайхнаа ах “Бид хамтраад “Toxic” “Blah”, “100-ийн хайр” нэртэй гурван контент “YZ tv”-гээр гаргана. Чи “Toxic”-т ахтайгаа хамтрах уу” гэсэн. Ганлий ах, Сайхнаа ах хоёр надад тийм санал тавихад нь би зөвшөөрсөн.

“Toxic”-ийн контентууд хийхэд их хугацаа зарцуулдаг. Дараагийн уран бүтээл цалгардаад байсан тул түр хугацаанд зогсоогоод байгаа. Одоо бид улам том уран бүтээл рүү орохоор бэлдэж байна.

“Toxic”-ийн дөрвөн цуврал дөрвүүлээ хөгжилтэй, би үзэх их дуртай. “Сарын тэмдэг”, “Хилэнцийн орд” энэ тэр бол хайрцгийг эвдсэн контентууд. Би өөрийн “Youtube” сувагтай. Бусдын сөрөг сэтгэгдлийг огт уншдаггүй. Мэдээж тийм сөрөг коммент надад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ тийм сөрөг сэтгэгдэл ганц нэгхэн бий. Би “Хамаагүй ээ” гээд л өнгөрдөг, өөрийнхөө аураг гэрэлтэй, тайван байлгах хэрэгтэй. Тэгж байж амьдрал арай нэг дээр болно шүү дээ.

-Ер нь бусдын шүүмжлэл, зөвлөгөөг өөртөө хэр сайн тусгаж авдаг вэ?

-Сайн тусгаж авдаг. Шууд туршаад л явчихдаг, хэрэгжүүлэх гэж оролддог.

СТАНИСЛАВСКИЙН СИСТЕМИЙГ ӨӨРТӨӨ СУУЛГАХЫГ ХҮСДЭГ

-“Ийм л зүйл сурах сан” гэж өөрийгөө хамгийн их дайчилж, тэмүүлж яваа зүйл танд бий юү?

-Константин Сергеевич Станиславскийн системийг өөртөө суулгахыг хүсдэг. Холливүүдийн жүжигчид бүгд Станиславскийн системээр өөрийгөө, ур чадвараа хөгжүүлсэн байдаг. Жинхэнэ шилдгүүд энэ системээр л хөгждөг. Тийм хэмжээний ур чадвартай жүжигчин болохыг хүсэж байна.

-Тийм болохын тулд ур чадварын хувьд танд одоо юу, юу дутуу байна вэ?

-Сурах, судлах, сайн багштай болох хэрэгтэй. Урлагийнхан надад “Чи зууж ярьж байна” гэдэг. Миний эрүү жижиг, шүдний байрлал ийм болохоор сайн дасгал хийх хэрэгтэй.

-Одоо кино, клипэнд тоглуулах санал хэр их ирж байна вэ?

-Одоогоор би хоёр кинонд тоглоод байгаа. Кино, клип, рекламанд тоглуулах санал нэг их ирэхээ больчихсон. Би өөрийн бус нэг уран бүтээлийн клипэнд тоглосон.

-“Чам руу” дууны юу?

-Тийм ээ. Аймар хөгийн охины дүрд тоглосон (инээв).

-Уран бүтээлийн санал нэг их ирэхээ байчихсан гэлээ. Ажлын шахуу хуваарьтай нь холбоотой юу. Үүнд ер нь юу нөлөөлж байгаа бол?

-Мэдэхгүй. Магадгүй Монголын эдийн засагтай холбоотой байх. Шатахууны үнэ нэмэгдсэн, коронавирусийн халдвартай холбоотой ч юм бил үү, юу ч байж магадгүй.

БИ БУСДЫН АМЬДРАЛЫГ 360 ЭРГҮҮЛЖ ЧАДНА, САЙН ТАЛ РУУ НЬ

-Түрүүн “Бизнесээ эхлүүлэх гээд бэлдэж байна” гэсэн. Ямар төрлийн бизнест хүч сорихоор төлөвлөж байгаа вэ?

-Платформ бизнес. Бусдад сургалт, амьдралаа өөрчлөх боломжийг санал болгоно. Хүмүүсийн амьдралыг өөрчлөнгөө мэдлэгтэй, мөнгөтэй болгож чадна гэсэн үг. Амьдралыг нь 360 градус эргүүлж чадна, сайн тал руу нь.

-Компани байгуулах уу?

-Удахгүй компани болгоно оо. Хамтарч ажиллах хүмүүсийнхээ хүрээг тэлээд, 100 юм уу 50 хүнтэй болоодохъё. Тэгснийхээ дараа компани байгуулчихна. Багаа л бүрдүүлчихвэл стратеги төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа. Ойрын хугацаанд тоглохоор төлөвлөсөн уран бүтээл байхгүй. Одоо юуны түрүүнд бизнесээ хөл дээр нь босгоодохъё. Сарын таван сая төгрөгийн орлоготой болоодохъё гэж бодож байна.

Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг. Тэгсэн мөртлөө айгаад, эрсдэл гаргаж чаддаггүй. Замын нэг уулзвараас нөгөө уулзвар дахь амьдралдаа гацчихсан байдаг.

-Тийм түгжээ, гацаанаас яаж гарах нь хамгийн зөв гаргалгаа вэ?

-Надтай уулз. Миний бизнес танилцуулгад суу.

-Тэгээд л гарчих уу?

-Тэгнэ. “Монголын хөрсөн дээр буу” энэ тэр гэх шаардлагагүй. Зүгээр миний бизнес танилцуулгатай танилцаад угаасаа ойлгоно. Миний инстаграм хаяг руу бичин, цаг аваад уулзах боломжтой.

-Сайхан амьдрахын хүсдэг ч “Яах вэ” гэдэг асуултан дунд эргэлдэн, хэрхэх учраа олохгүй яваа хүн олон. Тийм хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ. Хувь хүнээс шалтгаалах хамгийн эхний алхам юу вэ?

-Үйлдэл. Үйлдэл гаргах чухал. “Энийг заавал хийнэ. Би чадна” гэсэн гал цогтой байх хэрэгтэй. “За, тэгж байгаад хийнэ дээ” гэсэн нэгэн урсгалын амьдралаа өөрчлөх чухал. Өөрийнхөө гал цогийг бадраах, сэдэлжүүлэх олон арга бий. Судлах, үлгэрлэх боломжтой олон, олон сургалт байна.

БИ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖ ТӨЛӨВШИХӨД ГЭР БҮЛИЙН МААНЬ ХҮМҮҮЖИЛ НӨЛӨӨЛСӨН

-Б.Баярцэцэг өөртөө их итгэлтэй, өөрөөрөө байж чаддаг бололтой. Өөртөө итгэх ийм их итгэлийг юунаас авдаг бол?

-Хувь хүн болоод жүжигчний хувьд дахиад өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Дээшлэх тусам сул дорой гэдгээ би мэдэрдэг. Хүн хэтэрхий бардам байх тусам өсөж, хөгжихөө больчихдог.

Би өөртөө итгэлтэй байгаад минь манай гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг. Би болон манай гэр бүлийнхэн бүгд христчин. Багаасаа нийгмийн зөв харилцаанд орж, төлөвшсөн. Христийн шашинтай хүмүүс гоё харилцаатай, нээлттэй. Манай гэр бүлийнхэн сайхан сэтгэлтэй. Найзууд маань “Чи үнэхээр сайхан сэтгэлтэй. Байнга эерэг энерги түгээдэг” гэдэг.

-Амьдралд инээх, уйлах үе тохиолдохыг алийг тэр гэх вэ. Сэтгэл санаагаар унасан, хүнд үеэс гардаг жороосоо хуваалцана уу?

-Намайг хамгийн сайн ойлгодог хүмүүстэй ярилцдаг. Би найзтайгаа, ээжтэйгээ, аавтайгаа ярилцахаар сэтгэл онгойдог, шийдэл олдог.

ЯМАР Ч ҮЕД ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ ЧУХАЛ

-Ажил, амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Би ямар ч үед өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Хүн өөрийнхөөрөө, өөрийн гэсэн хэв маягтай байж л эрх чөлөөтэй амьдарна. Ийм хувцас өмсчихвөл, тэгээд хэлчихвэл бусад хүн юу гэх бол гээд л бодоод явбал өөрийнхөөрөө амьдарч чадахгүй. Бизнес, карьер, жүжигчин, дуучин гээд бүх зүйлд ондооших хэрэгтэй.

-Хэн юу гэх бол гэж санаа зоволгүй, өөрийнхөөрөө байхыг чухалчилдаг гэлээ. Үүнийг тань ойлгохгүй, өөрийн хүслээр байлгахыг хэн нэгэн хүсвэл яах вэ?

-Тийм хүнээс би аль болох хол байхыг хичээдэг. Хажууд нь байвал миний энерги дуусчихна. Аз жаргалтай, эгдүүтэй, хөөрхөн, эрч хүчтэй Баярцэцэг байхгүй болчихно. Зүгээр л нэг утсан хүүхэлдэй шиг болчихно. Өөрийг чинь ойлгохгүй, энергийг нь сорж буй хүмүүсээс зүгээр л холд. Тийм хүнийг өөрчлөхийн тулд ярилцаад үзэхийг оролдоно. Өөрчлөгдөхгүй бол тэгээд л зайгаа барина.

Амбицтай хүн өөрийнхөөрөө амьдарч чаддаг. Гэхдээ тэр нь зөв амбиц эсэхээс их зүйл шалтгаална. Амбицгүй, бусдын үгээр яваад, бусдын төлөвлөгөөний дагуу алхвал нэгэн хэвийн л амьдарна. Зөв амбиц чухал. “Тэр хүн надад ингэж зөвлөлөө. Энийг нь би амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь боломжгүй” гээд ялгаж, салгах хэрэгтэй.

БИ ОДООГООР ЗОРИЛГЫНХОО 5 ХУВЬД Л ХҮРЭЭД БАЙНА

-Б.Баярцэцэг өдрөөс өдөрт хөгжин, урагшилсаар байгаа. Өнөөгийн амжилт, хийж бүтээгээд буйдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

-Зорилгынхоо 5-10 хувьд нь л хүрээд байна. Яг сайн бодвол таван хувьд нь л хүрээд байгаа юм байна. Миний зорилго аймар том. Магадгүй 40 насандаа л хүрэх байх.

ОСКАРЫН ШАГНАЛТ МОНГОЛЫН АНХНЫ ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ, ХОЛЛИВҮҮДЭД ГАРАХЫГ ХҮСДЭГ

-Тийм зүйл хийх сэн, бүтээх сэн мөрөөдөж буй аймар том зорилгынхоо талаар ярихгүй юу?

-Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болгохыг, Холливүүдэд гарахыг хүсэж байна. Түүндээ хүрэхийн тулд “Juilliard” сургуульд сурах зорилготой. Тэгэхийн тулд олон шалгуур давах шаардлагатай. “ Juilliard”-ыг монгол жүжигчин төгсөж байгаагүй. Тус сургуулийн сургалтын чанар сайн, өндөр төлбөртэй. Би англи хэлний мэдлэг, ярианы чадвараа улам хөгжүүлэхийг хүсэж байна. Одоо дахиад шалгаруулалтад оролцохынхоо өмнө Соёлын яамтай хамтраад төлөөлөлтэй нь уулзана. Хэрвээ тэнцвэл бүх зүйлээ зориулна, дайчилна.

-Оскарын шагнал танд хэл хол санагдаж байна вэ?

-Оскарын шагнал авчихсан, тайзан дээр үг хэлж байна гээд мөрөөдөхөд, төсөөлөхөд ойрхон санагддаг. “Зорилго, мөрөөдлөө хэр тодоор харж байна. Тэр хэрээр ойрхон байна гэсэн үг” гэдэг үг бий.

Бодитоор дүгнээд харахад, би өдрөөс өдөрт бага багаар өсөж, хөгжсөөр байгаа. Тэгээд би магадгүй 40 насандаа зорилгодоо хүрнэ гэж түрүүн хэлсэн байхгүй юу.

-Олонх эмэгтэй жүжигчин Жульетагийн дүрийг бүтээхийг хүсдэг. Танд бүтээхийг хүсдэг дүр бий юү?

-Байгаа. Би жаахан өндөр, 180 см хавьцаа байсан бол эрэгтэйлэг, дуу цөөнтэй, гангстер эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг.

-YZ tv-гийн уран бүтээлчид хамтраад “Master film-ийг байгуулсан юм билээ. Ойрын хугацаанд та бүхэн юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид хамтраад хийхээр төлөвлөсөн зүйл олон бий. Энийг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна, удахгүй бүрэн хэмжээний кино хийн, олны хүртээл болгоно. Хайрцгийг эвдсэн сайн уран бүтээл хийнэ. Үүнээс өөр зүйл хэлэхгүй ээ, зүгээр л хүлээ.

-Кино найруулах, кино зохиол бичих бодол бий юү?

-Байхгүй.

-Цаашдаа кино урлаг, дуу хөгжим, бизнесээ хослуулаад явах бодол бий юү. Эсвэл аль нэгийг нь дагнах уу?

-Хүнд орлогын есөн эх үүсвэр байх ёстой гэсэн зарчим бий. Би одоогоор “Hippocards”, жүжигчин, дуучин, бизнесмен гэсэн орлогын дөрвөн эх үүсвэртэй байна. Цаашид дөрвүүлэнг нь хослуулаад явна.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Залуусдаа, үеийнхэндээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Залуустаа хандаж хэлэхэд, хэрвээ та бүхэн амьдралаа өөрчлөхийг хүсвэл надтай ирээд уулз, холбогд. Тэгж л би та бүхэнд тусалъя. Миний ярилцлагаас ганц хоёр зүйл ойлгож авна гэж найдъя. Надаас ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2021-10-11 20:44

Сэрэхгүй бол сайхан л зүүд байна сэрүүхэн зүүдэлж сэрж мартав өөр юу хэлэх вэ

Зочин
Зочин
2021-10-12 17:51

Ymar huurtsun ohin bee har bagaasaa arai l bnaa ene neg nomads geed sonin suljee shg yum huuhduudiin tarhiig n ugaagaad odoo tend n bdg buh huuhduud surguulia haytsn unen butkue

Х
Х
2021-10-13 09:09

Энэ охин 26, 27 хүрээд өөрийн гэсэн бодолтой болж, төлөвшсөн үедээ энэ ярилцлагаа үзээд газар ухаад орчмоор санагдах байхдаа. Үзэл бодол төлөвшөөгүй, хийсвэр мөрөөдлөөрөө, бас хүний үгээр, өөрийгөө олоогүй, боловсроогүй бгаан том жишээ. Хамгийн нэгдүгээрт, мөрөөдөлдөө ойртохын тулд ядаж СУИСдаа эргэж орж сур. Тэгвэл ядаж мэдлэг чинь дээшилж, тэр хэрээр илүү боловсорч, тэр дундаас өөрийн үзэл бодолтой болж, улмаар яриа чинь ч цэгцэрнэ

Зочин
Зочин
2021-10-13 09:12

Тэр Төөгөө билүү тэд нарын Knowmadz гээд бдаг нь бас ийм төлөвшөөгүй жоохон хүүхдүүдийг хэт эвдэж, хэт хийсвэр юм ярих, бодож сэтгэх, бөлт бөлт үсэрсэн нөхдүүд болгоод байх юмаа. Миний дүү нэн түрүүнд ийм з�##�уу бгаа дээрээ зүгээр л сур�##�у. Суи�####�а ор

Bidon
Bidon
2022-03-23 07:19

Haha terneesee umnu yan han bolno haha

Back to top button