УЛС ТӨР

Тэдний тавьсан нөхөн сонгуулийн жүжгийг ирж үзэх сонгогч байсангүй

Уг нь бүхэл бүтэн УИХ-ын нөхөн сонгууль болоод өнгөрөв. Гэвч чимээ имээгүй. Элдэв уламжлалт арга зальгүй, чичрээгүй болоод дуусчихав. Нэг үгээр урьдчилж бичсэн зохиолын дагуу л өрнөчихлөө гэлтэй.

УИХ-д суудал нь онгойосн Хэнтий, Сонгинохайрханы иргэдийн элч төлөөлөгчийг сонгох эл хариуцлагатай сонгууль уг нь ач холбогдол талаасаа их. Хэнтийд гэхэд л өдгөө Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн орны хүнийг сонгох асуудал яригдах. Сонгинохайрханы тухайд ч Нийслэлийн Засаг дарга болсон Д.Сумъяабазарын онгойсон суудал. Гэвч уг суудалд хэн ч тэгтлээ “алалцсангүй”, сурталчилгаа гэж өдөр хоног, хөлс хүч, хөрөнгө чинээ зарсангүй гэлтэй хэдэн хоног маш намуухан өнгөрлөө.

Энэ дунд А.Отгонбаатар хэсэг үймүүлэв. Энэ нь гэхдээ эсрэг нэр дэвшигч рүүгээ ноцсон агуулгатай биш. Ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүйг яг сурталчилгааны өдрүүдэд өөр тийш чиглүүлэх зорилго агуулсан гэлтэй.

Хамгийн рейтинг өндөртэй гэх МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар луу хамгийн бохир дайралтууд хийгдэх учиртай байтал тэгсэнгүй. Ёж үгээр хэлэхэд ядаж өмнөх УИХ-ын сонгуулийн үеэр цацагдсан “эрх жаал”-ын бичлэгүүд нь ч дахин сэвэгдсэнгүй. Эсрэгээрээ эвтэйхэн найруулгатай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк орчинд өндөр бүүстингтэй идэвхийлэн түгэв.

АН-аас ер өндөр ач холбогдол өгч сурталчилгаа хийсэнгүй. Сошиал орчинд хэдэн зурагт хуудас тавигдсан болоод л өнгөрөв. Э.Бат-Үүлийг суга магтаж, сонгогчдод мессеж өгөх боломж бий юу гэвэл бий, тэр өөрөө баялаг түүхтэй улс төрч. Харамсалтай нь тэгсэнгүй.

За, Хэнтийд бол ёстой юу болоод өрнөсөн нь хэвлэлд ч ил мэдээлэгдсэнгүй. Хаана, хаанаа мөнгө тараасан л гэх. Гэвч өндөр авалгүй дарагдаад өнгөрөх шинжтэй, асуудал.

Хөшигний ард яригдаж буйгаар, Э.Бат-Үүл өөрийн нэр холбогдсон хэргээ наймаалцаж, Э.Батшугарт бууж өгөх тохироо хийгдсэн гэж буй. Эдгээр мэдээлэл, сурталчилгааны хоногуудын ерөнхий уур амьсгалаас харахад, нөхөн сонгууль эхэнд бичсэнчлэн төлөвлөгөөний дагуу л болчихлоо гэмээр.

Тэглээ ч тэр нь ард түмэнд сонин байсангүй. Сонгинохайрханд Э.Батшугар, Хэнтийд Ц.Идэрбат илүүрхлээ гэж буй ч үнэндээ тэд нийт сонгогчдын саналын тун өчүүхэн хувийг авсан. Сонгуулийн ирц хаана, хаанаа 50 хувь хүрээгүй гэхээр эл өнцөг ойлгогдоно.

Тэгэхээр эцсийн дүндээ ард түмний хувьд Э.Батшугар нь ч, Э.Бат-Үүл нь ч, ер хэн нь ч нэр дэвшигч байж чадсангүй. Нэг үгээр сонгоогүйтэй л адил. Гэвч эрх баригчид өөрсдийн зохиосон тоглоомондоо хөөрцөглөсөөр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-11 15:33

Коронагийн үед хэн сан�##� өгөх гээд л явж байхав дээ. Хөдөөнийхөн бол намрын ид ажлын үе байна.

Зочин
Зочин
2021-10-11 16:22

Хошин шогийн жүжиг моодноос гарсан ш дээ. Хэн л үзэх гэж явб�##� гэж.

Холбоотой мэдээ

Back to top button