Нийгмийн

М.Лхагвагэрэл: Дэлхийн медальтан болоод аавдаа үнсүүлэх хамгийн сайхан байлаа

Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид хүнд жинд буюу 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнээс медаль авахыг зорьж, зүтгэсээр өдий хүрсэн. Өмнө нь ОУХМ Ж.Чулуунбат 2011, 2015, Н.Золбоо 2017 онд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, медалийн үзүүрээс атгаад алдаад байв. Жингийнхээ ах нарын дутууг гүйцээн, монгол түмнийхээ хүслийг биелүүлсэн түүнийг Мөнхтөрийн Лхагвагэрэл гэдэг.

Өнөө жилийн ДАШТ-ээс 125 кг-д хүрэл медаль хүртсэн, 23 настай тэрбээр дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан юм. Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин, ОУХМ М.Лхагвагэрэл хэдхэн сарын өмнө болсон Токиогийн олимпод мөн анх удаа зодоглохдоо хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан.

23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга М.Лхагвагэрэл үндэсний бөхөөр давхар барилддаг.

Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан цолтой тэрбээр өнгөрсөн жил Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, шуугиулсан юм. Завхан нутгаас улсын өндөр цолд хүрэх ирээдүйтэй бөх гэж түүнийг үнэлдэг, дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон.

Олимпын дутуугаа дэлхийн дэвжээнд гүйцээн, шилдгүүдийн эгнээнд багтсан түүнийг өчигдөр эх орондоо ирэхэд нь ийн ярилцлаа.

ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛЖ ИРЭЭД ААВДАА ҮНСҮҮЛЭХ ХАМГИЙН САЙХАН БАЙЛАА

-ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, 125 кг-ын жингийнхнийхээ амжилтын анхны жимийг гаргасан танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. ДАШТ-ээс медаль хүртсэндээ маш их баяртай байна. Энэ амжилтыг би гаргасан ч миний амжилтын ард маш олон хүний дэмжлэг, хүч, хөдөлмөр бий. Бүгдэнд нь баярлалаа.

Би өмнө нь дэлхийн дэвжээнээс медаль авахыг, шагналын тавцанд зогсохыг, дэлхийн медальтан болоод эх орондоо ирэхийг мөрөөддөг байсан. Түүндээ хүрлээ. Сайхан байна аа. ДАШТ-ээс медаль авснаасаа хойш эх орондоо, гэртээ хурдан ирэх сэн гэж яарлаа.

-Аав тань Завхан аймагтаа амьдардаг юм билээ. Хүүгээ тосохоор ирсэн үү?

-Аав минь Завхан аймгийн Яруу суманд амьдардаг. Хүүгээ тосохоор нутгаасаа ирсээн. Дэлхийн медальтан болж ирээд аавдаа үнсүүлэх хамгийн сайхан байлаа. Өнөө өглөө Б.Адъяахүү багш маань, “Даян” дэвжээний тэргүүн Д.Дагвадорж ах, хамт бэлтгэл хийдэг бөхчүүд, найзууд маань намайг тоссонд их баярлалаа.

МЕДАЛЬ АВСНЫ ДАРАА НЭГ ИХ САЙХАН ТАЙВШИРЖ, УУЖУУ АМЬСГАА АВЛАА

-125 кг-д дэлхийн медальтан болж, түүхэн амжилт гаргалаа. Ж.Чулуунбат, Н.Золбоо нарын жингийн ах нарынхаа дутууг гүйцээлээ. Дэлхийн медальтан болоод зогсож байхад юу бодогдож байв?

-Сэтгэл үнэхээр их хөдөлж, догдолдог юм билээ. Б.Баттулга багш маань “Тархиндаа төсөөлж буй зүйл чинь бодит биеллээ олох боломжтой. Өөртөө итгэ” гэж захьдаг. Би дэлхийн дэвжээнээс медаль авч буйгаа тархиндаа өмнө нь зураглачихсан байсан.  Медаль авсны дараа нэг их сайхан уужуу амьсгаа авмаар санагдсан, тайвширсан. Шагналын тавцанд Токиогийн олимпоос медаль авсан гурван бөхтэй хамт зогслоо.

Би “Токио-2020” олимпод V байрт шалгарсан. Олимпын наадамд медалийн төлөө барилдаад үзчихсэн байсан тул энэ удаа өмнөхөөсөө хавьгүй тайван барилдлаа.

-Тэгэхээр өмнөхөөсөө хавьгүй туршлагатай, сэтгэл зүй сайтай өрсөлдөж, тийм үү?

-Тийм ээ. Барилдаан, сэтгэл зүй, техник, тактик гээд бүхий л талаар өмнөхөөсөө нэг шат ахиад дэлхийн дэвжээнд зодоглосон юм.

Хүнд жинд гаргасан амжилт гэдэг талаасаа илүү олон хүн хүсэж, хүлээж байсан юм билээ. 125 кг-д барилдаж явсан, одоо өрсөлдөж буй үе, үеийн бөхчүүддээ баярлалаа. Чука ах, Золбоо ах хоёр өмнө нь дэлхийн аваргын медалийн төлөө барилдаж байсан. Би жингийн ах нарыгаа харж, үлгэрлэж явсаар өдий хүрсэн нь өнөөгийн амжилтад үнэхээр их нөлөөлсөн юм шүү.

-ДАШТ-д анх удаа барилдсан бил үү?

-Тэгсэн. Энэ жил олимпын наадамд мөн анх удаа өрсөлдсөн.

ОЛИМПОД V БАЙРТ ШАЛГАРСНЫ ДАРАА ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭН ТЭНЦҮҮ ӨРСӨЛДӨХ ИТГЭЛ НАДАД ТӨРСӨН

-Дэлхийн дэвжээнд анх барилдахдаа өөртөө ямар зорилго тавив. Түүндээ бүрэн хүрч чадсан уу?

-Хэдийгээр ДАШТ-д анх удаа хүч сорьсон ч медаль авна гэдэг итгэл надад байсан. Хэн хичээж, хөдөлмөрлөнө, тэр тамирчин л амжилт гаргаж, зорилгодоо хүрнэ. Токиогийн олимпод медалийн төлөө барилдсаны дараа надад их урам орсон, хэнтэй ч эн тэнцүү өрсөлдөх итгэл төрсөн. “Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрч. Бүх зүйл миний хичээл, зүтгэлээс шалтгаална” гэж бодсон юм. Тиймээс энэ жилийн ДАШТ-д медаль авахын төлөө барилдсан. Хүрэл медалиа юу гэж чамлах вэ. Алдаанаасаа суралцан, дараа, дараагийн ДАШТ-д медалийн өнгөө хувиргах, дэлхийн аварга болох боломж надад бий. 2024 оны Парисын олимпод том зорилго өмнөө тавиад өрсөлдөнө өө.

-Олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвилид ялагдсан. Түүнтэй хэрхэн өрсөлдөн бол ялах боломжтой байв?

-Түүнтэй өмнө нь барилдаж байгаагүй. Мэдээж Петриашвилийг ялах боломж надад байсан. Санасан барилдаанаа гаргаж чадаагүй. Би өмнө нь тийм нуруулаг, урт чацтай бөхтэй барилдаж байгаагүй болохоор өрсөлдөхөд ёстой эвгүй байлаа. Бид сүүлийн дөрвөн жил ОХУ-д очин, бэлтгэл хийж байгаа. Тэгж бэлтгэл хийвэл хүнд жингийн бөхчүүдэд илүү өгөөжтэй санагдсан.

Б.АДЪЯАХҮҮ БАГШ “МИНИЙ ШАВЬ ДАШТ-ЭЭС МЕДАЛЬ АВНА. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАРИЛДААРАЙ” ГЭЖ НАДАД ЗАХЬСАН

-ДАШТ-ийг зорих, барилдахын өмнө Б.Адъяахүү багш нь шавьдаа юу гэж захиж, зөвлөсөн бэ?

-ДАШТ-ий өмнөх бэлтгэл дээр багш маань надтай байнга хамт байсан. Зөвхөн дэлхийн аваргын бэлтгэл гэлтгүй бүхий л үед Б.Адъяахүү багш миний төлөө бүхнээ зориулж, түшдэг явдаг. Намайг ДАШТ рүү явахын өмнө “Миний шавь энэ жил дэлхийн аваргаас медаль авна. Өөртөө итгэлтэй барилдаарай” гэж захьсан.

-Энэ жил тамирчин бүхний хамгийн чухал хоёр тэмцээнд өрсөлдлөө. Токиогийн олимпын дэвжээнд хийсэн барилдаануудаа, ялангуяа хүрэл медалийн төлөө олимпын аварга, дэлхийн хошой аварга Таха Акгулд ялагдсан барилдааныхаа алдаа, оноог хэрхэн дүгнэв?

-Би ялахын төлөө бүхнээ дайчилсан. Хэсгийн аваргын төлөө, хүрэл медалийн төлөө өрсөлдөхдөө санасан барилдаанаа гаргаж чадаагүй. Ялах боломж надад байсан.

Сүүлийн хоёр жил халдварын нөхцөл байдал хүнд байлаа. Монголын хүнд жинд бэлтгэл хангагч хуруу дарам. Таха Акгул аваргатай өмнө нь барилдаж байгаагүй. Тэр гарын ажиллагаа их сайтай юм билээ. Би барилдааны эхнээс санаачлагатай өрсөлдөн, ажиллаж барилдсан бол түүнийг ядраах, хялайлгаад ялах боломж надад байсан.

-Токиогийн олимпод V байрт ороод, сэтгэл дундуур ирсэн дутуугаа энэ удаагийн ДАШТ-ээс медаль авч нөхөв үү?

-Тэглээ. Олимпод медалийн үзүүрээс атгаад алдлаа гээд сэтгэлээр нэг их унаагүй ч харамсалгүй яах вэ. Сая ДАШТ-ээс дутуугаа нөхөөд сайхан тайвширлаа.

-М.Лхагвагэрэл үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар барилддаг. Чөлөөт бөхийн спортоор хэчнээн жил хичээллээд энэ амжилтад хүрэв?

-Аав минь аймгийн арслан цолтой. Би үндэсний бөхөөр 10 настайдаа барилдаж эхэлсэн. Чөлөөт бөхөөр 2013 оноос хойш барилдаж байна.

-Танай удамд ааваас нь өөр бөх хүн бий юү?

-Өвөө минь аймгийн начин цолтой. Ээжийн талд улсын начин цолтой хүн байдаг гэнэ лээ. Би өөрөө аймгийн заан цолтой.

ЦААШИД ҮНДЭСНИЙ БӨХ, ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХОСЛУУЛЖ БАРИЛДАНА

-Цаашид аль нэгийг нь дагнаж барилдах уу. Амжилтын төлөө хослуулаад өрсөлдөх үү?

-Чөлөөт бөх, үндэсний бөхөөр хослуулж барилдана. Аль нэгээр нь дагнахгүй. Хоёулангаар хослуулж барилдахын давуу тал их. Үндэсний бөхөөр давхар өрсөлдсөнөөр лав барьцнаас сайн барилдаж сурсан. Энэ нь чөлөөт бөхөөр барилдахад давуу тал болдог. Чөлөөт бөх мэдрэмж, хурд сайжруулдаг.

-Өнгөрсөн жил Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд түрүүлснийг нь тод санаж байна. Улс, аймгийн цолтнуудын барилдааны өөр түрүү бий юү?

-Харин ээ, юу билээ. Лав Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд шөвгийн наймд үлдэж байсан байх. Шөвгөрсөн барилдаанууд бий. Сайн санахгүй байна.

Улам их хичээн, тууштай хөдөлмөрлөөд улсын цол авахын төлөө зүтгэж явна. Улсын цол надад ойрхон байгаа. Би хэрхэн хичээж, хөдөлмөрлөхөөс л шалтгаална.

-Үлгэрлэж явдаг бөх бий юү?

-Бүх бөхчүүдээс үлгэрлэж явдаг.

-Б.Адъяахүү багшийн тань олон шавь улсын том цолд хүрч, өндөр амжилт гаргасаар байна. Түүний шавь болсон нь таны амжилтад их нөлөөлж байгаа нь мэдээж.  

-Тэгэлгүй яах вэ. Б.Адъяахүү багшийнхаа шавь болж, бэлтгэл хийж яваа минь миний амжилтад их нөлөөлдөг. Багаасаа багштайгаа хамт амжилтын төлөө зүтгэж явна. Үндэсний бөхөөс гадна амьдрах ухаан, зөв хүн байх гээд багшаасаа үлгэрлэх зүйл олон. Багш минь бүхий л цагт намайг түшиж, тулдаг.

ХӨДӨӨ ЯВЖ, ТОЛГОЙГОО САЙХАН АМРААХЫГ ХҮСЭЖ БАЙНА

-Үнэхээр их ядарчээ. Одоо эндээс хурдхан гэртээ хариад, сайхан амармаар санагдаж байна уу?

-Харин тийм ээ. Том зорилгодоо хүрч, санасандаа хүрсэн болохоор ядарсан ч тоохгүй л байна (инээв).

-Бэлтгэлдээ хэзээнээс орох вэ?

-Хэд хоног сайхан амарчихаад орно. Хөдөө явж, салхинд гаран толгойгоо сайхан амраахыг хүсэж байна.

Намайг хүүхэд байхаас минь дэмжиж буй “Жем интерншл” компанийн тэргүүн, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ахдаа, “Даян” дэвжээг үүсгэн байгуулсан Д.Дагвадорж ахдаа, МЧБХ, БТСУХ, Аварга дээд сургууль, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн удирдлага, хамт олон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Батзориг, Цэдэнсоном, Ц.Баярсайхан нартаа, Б.Адъяахүү багшдаа, ялах, ялагдах бүхий л үед надтай хамт байдаг монгол түмэндээ баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-14 08:32

Хөөрхий минь нилээн ядарсан шинжтэй байх чинь ээ

Зочин
Зочин
2021-10-16 01:45

Хунд жин болохоор л болж байдаг юм байлгуй, тэрнээс хеделгеен муутай, жингуйдэж байгаа юм шиг л нехер байна лээ ш дээ

Зочин
Зочин
2021-10-16 10:52

Арай л ноомой мэт, жаахан цовоо гял�##�зуур байв�##� зүгээрсэн.

Холбоотой мэдээ

Back to top button