УРЛАГЯрилцлага

“Tippy top”-ийн Э.Гантулга: Часхийсэн, супер эсрэг дүр бүтээхийг хүсдэг

“Tippy top” контентын уран бүтээлч, жүжигчин Э.Гантулгатай ярилцлаа. “Гэнэтийн зочид” олон ангит киноны Даймаагийн дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр олон, олон хөгжилтэй контентоороо олны талархлыг хүлээн, гялалзаж яваа залуу уран бүтээлч. Э.Гантулга хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ.

-Зарим хүн Эгшиг бид хоёрыг жинхэнээсээ хос гэж одоо ч андуурдаг-

-Өдөр бүр шахуу хуваарийн дагуу ажилладаг юм билээ. Та шинэ өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ?

-За, ямар ч байсан сэрүүлгийн дуугаар сэрдэг. Манайх одоо нэлээд шахуу хуваарийн дагуу ажиллан, өдөр бүр нэг шинэ контент гаргаж байгаа. Ер нь энгийн үед долоон хоногт 3-4 бичлэг гаргадаг.

-Цаг үеийн трэнд сэдвийг мэдрэх, богино хугацаанд шуурхай хийх чухал. Контентын санаагаа хэрхэн гаргадаг вэ?

-“Ямар сэдэв трэнд болж байна вэ. Юу хийх вэ” гэж бүгдээрээ ярилцан, зөвлөж байгаад гаргадаг.  Гаргасан ерөнхий санаагаа зохиолчдоо өгдөг. Зохиол бэлэн болонгуут зураг авалтандаа шууд гардаг.

Бид үргэлж цаг хугацаатай уралддаг. Контентоо аль болох богино хугацаанд, шуурхай хийх чухал. Тэгж байж олон хүнд хүрнэ, илүү үнэ цэнэтэй. Нийгэмд трэнд болж буй сэдвийг гялс мэдрээд, шуурхай хийхийг ямагт чухалчилдаг. 

-Та ажлаа хэдий хугацаагаар төлөвлөдөг вэ. Жилээр үү, сараар уу, өдөр өдрөөр үү?

-Янз бүр. Тухайн хийх гэж буй ажлаас шалтгаална. Долоон хоногийн хугацаанд төлөвлөөд хийх ажил байна. Урт хугацааных, өдөр өдрөөр төлөвлөөд хийх зүйл ч бий. Ер нь өдөр, өдөрт нь төлөвлөөд хийх ажил ховор. Богино хугацаандаа долоо хоногийнх бий.

-Жүжигчин мэргэжлийг сонгосон дурсамжаасаа хуваалцана уу. Багаасаа мөрөөдөж байгаад жүжигчин болсон уу. Эсвэл хэн нэгэн энэ мэргэжлийг сонгохыг зөвлөсөн юм уу?

-Би багадаа их хөдөлгөөнтэй, өрөмний өт шиг хүүхэд байсан. Арван жилд байхад манай ангийнхан “Чи тэр жүжигчинтэй адилхан, түүнтэй төстэй” гэдэг байлаа. Тухайн үед “Нээрэн жүжигчин болчихдог юм бил үү. Би яагаад чадахгүй гэж” гэсэн бодол төрсөн юм. Тэгээд жүжигчин болохоор шийдэн, “Сити” их сургуулийг төгссөн.

Сургуулиа төгссөнийхөө дараа цөөнгүй киноны олны хэсэгт тоглосоон. Тэр олон хүний дундаас товойж гарах амаргүй.

“Драмын театрт орвол жинхэнэ жүжигчин болно. Хошин урлагт орвол хөгжихгүй” гэж багш нар хэлдэг. Өнөө цагт өөр болсон. Сошиал ертөнц бүхий л салбарт том боломж олгож байна. Хүссэнээ хийгээд, цацах том орон зай. Заавал ямар нэгэн байгууллага, продакшн, студид харьяалагдалгүй, хувиараа, утсаараа ч бичлэг хийгээд цацах боломж бий.

-TUG network” компанид хэзээ орсон билээ?

-Энд 2019 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна.

-Багш нарынхаа зөвлөсний дагуу Драмын театрт орох, кинонд тоглох зэрэг олон сонголтын өмнө зогссон уу. Тухайн үед “Яах вэ” гэж хэр эргэлзэв?

-Ёстой тэгсэн, сошиал контент, кино урлаг, драм гээд олон сонголтын өмнө би зогссон. Сургуулиа төгсөнгүүтээ ажилд орох боломж хомс. Үнэхээр авьяастай, супер оюутнууд төгсөнгүүтээ продакшнд харьяалагддаг. Надад тийм боломж байгаагүй. Би жил гаруй ажилгүй явсан. Ажил хийхийн бөөн хүслэн л яваад байлаа. “Ажил олдохгүй нь, яана аа” гэж нэг их айхтар санаа зовоогүй.

Тухайн үед Драмын театрт ороход надад хол байсан л даа. Би өөрийгөө чадахгүй байх гэж бодсон юм. “TUG network” сошиал компанид орохдоо огт эргэлзээгүй.

Огт эргэлзэлгүйгээр энд ажилд орон, хамт олонтойгоо нэгдэж байлаа. Үнэхээр зөв сонголт хийсэндээ үргэлж сэтгэл хангалуун явдаг. Манайх 10 гаруйлаа, бүгд миний үеийн залуус. Үеийн олон залуустай гар нийлэн ажиллах сайхан. Мэдээж үл ойлголцох, санаа зөрөх үе гаралгүй яах вэ. Ажлын төлөө, ажлаа чанартай, чин сэтгэлээсээ хийе гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн залуус манайд ажилладаг.

-Та бүхэн үргэлж шинэ санаа, шинэ контентоор “цангаж” явдаг байх. Шинэ санаа, шийдэл ямар үед танд илүү их төрдөг вэ?

-Өнөөдрийн трэнд, цаг үеийн сэдэв юу байна вэ гэж үргэлж шинэ санааны эрэлд гарч явдаг.

Цаг үеэ, юу трэнд болж байна, юуны талаар хийвэл хүмүүст илүү сонирхолтой байгааг шуурхай мэдрэх их чухал. Тэгж мэдэрснийгээ шуурхай хийх бүр ч чухал. Өнөөдрийн трэнд сэдвийг хуучрахаас нь өмнө, өнөөдөр амжаад хийвэл хүмүүст илүү хүрнэ. Гялс л хийхгүй бол дараагийн дуулиан, өөр трэнд сэдэв гараад ирчихнэ. Тэгвэл тэгээд л үнэ цэнэгүй болно.

-Түрүүн ярилцлагын эхэнд “Ойрд шахуу хуваарьтай, өдөр бүр нэг контент гаргаж байгаа” гэсэн. Дунджаар хэдийнх нь санааг та гаргадаг бол?

-“Би тэр санааг гаргачихлаа, ийм зүйл санаачилчихлаа” гэж бодож байгаагүй. Бүгд суун, ярилцаж байгаад л санаагаа гаргадаг. “Надад нэг ийм санаа байна”, “Ингээд хийвэл илүү сонирхолтой” гээд бүгдээрээ ярилцаад хийдэг.

Үнэхээр их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулаад хийсэн контент “явахгүй” байх үе байдаг. “Өнөөдөр видео хийгээгүй. За, яах вэ, энийг оруулчих” гээд санамсаргүй нийтлэсэн контент тэсрэлт хийх үе ч бий. Одоо манай “Хадам ээж” контент ёстой тэсрэлт хийн, шуугиулж байгаа. Түүнээс өмнө “Хүүгийн бодол”, “Хосын влог” гэх мэт контентууд ёстой супер байсан.

-Уран бүтээлчийн хувьд танд үнэхээр их урам өгсөн, одоо ч дахин, дахин үзээд уйддаггүй контент аль нь вэ?

-“Tippy top”-ийн хамгийн анхны пранк. Одоо 70-аад мянган лайктай. Ямар ч тавилтгүй, шууд хийсэн контент. Тэгж их хүмүүсийн анхаарлыг татна, “бүүм” болно гэсэн хүлээлт бидэнд байгаагүй.  “Хийсэн контентыг хүмүүс хэр их сонирхож байна, хэдэн хүн үзэж вэ” гээд харах боломжтой нь сошиал контентын давуу тал.

-Сошиал контентын доор үзэгчид төрөл бүрийн сэтгэгдэл бичдэг. Магтаал, шүүмжлэлд хэр их ач холбогдол өгдөг вэ?

-Анх контент бүрээ үзэн, сэтгэгдэлүүдийг нь уншдаг байсан. Одоо тэгж уншихаа больсон. Би бусдын шүүмжлэлийг хүлээж авдаг. Гэхдээ шүүмжлэлд цензури тавьдаг. Үнэхээр зөв, намайг алдаагаа засаасай гэсэндээ хэлсэн шүүмжлэл байвал би хүлээж авдаг.

-Та “Гэнэтийн зочид” олон ангит кинонд Даймаагийн дүрийг бүтээсэн. Таны анхны гол дүр үү?

-Тийм ээ. Өмнө нь киноны олны хэсэгт тоглож байлаа. Даймаагийн дүрд тоглуулах санал надад тавьсан, би очиж проб өгсөн. Би өөрийгөө тэнцэхгүй байх гэж бодож байсан юм.  “Гэнэтийн зочид”-д тоглохоор болсноо дуулаад баярлаагүй, харин айсан. “Болих уу. Би дүрээ сайн бүтээж чадах болов уу” гэж өөртөө эргэлздэг юм билээ.

Зохиолоо сайн уншаад, дүрээ судлав. Даймаа бол орон нутгаас хотод анх ирж буй залуугийн дүр. Миний анхны гол дүр. Киноны зураг авалт цар тахалтай хүнд үед хийгдсэн тул амаргүй байлаа. Зураг авалт 5-6 сар үргэлжилсэн.

Даймааг өнгөц харвал санаатай, муухай дүр. Яг цаанаа гэнэн, цайлган, юмны учрыг сайн мэдэхгүй ч юм шиг дүр л дээ. Нэг зүйлээрээ надтай их төстэй.

-Юугаараа?

-Даймаа “Ингээд хэлчихвэл юу гэх бол, гомдчих вий” гэж бодолгүй хэлчихдэг. Дараа нь “Яах гэж тэгж хэлэв ээ” гээд харамсдаг байхгүй юу. Тэр нь надтай төстэй. Би шударга. Хэлэх гэснээ шулуун хэлчихдэг.

-Гол дүрд нь тоглосон киногоо дараа нь үзэхэд ямар мэдрэмж төрөв. Өөртөө ямар дүн тавив?

-Ёстой эвгүй юм билээ. Эхний хэдэн ангийг нь үзээд өөрөөсөө ичсэн, тэгээд дуустал нь үзэж чадаагүй. Үзэгчид миний дүрийг их сайхнаар хүлээж авсан.

Үзэгчид эхэндээ “Хөдөөнөөс ирчихээд ямар муухай санаатай юм бэ” гээд Даймааг үзэн ядна. Дараа нь хайрыг татдаг дүр.

-Олон ангит кинонд тоглуулах санал дахиад ирвэл зөвшөөрөх үү?

-Харин ээ. Олон ангит кинонд тоглох хэцүү юм билээ шүү.

-Жүжигчин П.Хишигбуянтай хамтран “Эгшиг&Ганаа хосын влог” контент хийдэг байсныг тань манай уншигчид сайн мэднэ. Тус контентын санааг анх хэрхэн гаргаж байв?

-“Molpedia”-гийн ерөнхий захирал, продюсер, найруулагч Мөнхтулга ах анх санааг нь гаргасан юм. Нэг өдөр бидэнтэй уулзаад “Хосын влогууд ахад нь худлаа санагдаад байна. Камерны өмнө жүжиглээд байгаа ч юм шиг. Яг цаанаа өөр амьдрал өрнөдөг байх” гэв. Тэгээд Эгшиг бид хоёр гол дүрийг нь бүтээгээд хийсэн юм.

-Одоо үргэлжлүүлж хийх бодол бий юү?

-Байхгүй. Одоо манайх “Балдан, Должин хоёрын блог” гэдэг нэртэй контент хийж байгаа.

“Эгшиг&Ганаа хосын влог”-ийг зохиолын дагуу хийдэг байсан, пароди, жинхэнэ биш. Гэтэл зарим хүн жинхэнэ, бодитоор хүлээж аван, Эгшиг бид хоёрын хувийн амьдрал руу хэтэрхий ороод байсан юм. Тийм хандлага дарамт болдог юм билээ. Эгшиг бид хоёрыг жинхнээсээ хос гэж андуурдаг хүмүүс одоо ч бий. Гэтэл бид хоёр хоёулаа хувь, хувийн амьдралтай. Тиймээс үргэлжлүүлж хийхээ больчихсон юм.

-Хосын влог гэснээс та одоо ханьтайгаа хамт контент хийж байгаа. Ханьтайгаа хамт видео контент хийхийн юу нь хамгийн гоё вэ?

-Би ханийнхаа хажууд дарцаг болоод л сууж байгаа (инээв). Манай эхнэр бичлэгийнхээ санааг гаргаад, монтаж, найруулгаа хийчихдэг. Ханьтайгаа хамт бичлэг хийхэд гоё зүйл олон. Ямар ч жүжиглэлтгүй, зүгээр л өөрийнхөөрөө, байгаагаараа.

-Хань нь ямар мэргэжилтэй билээ?

-Архитектур. Би хэн ч биш байхад манай эхнэр од, инфльюсер аль хэдийнэ болчихсон байсан. Ханиасаа сурах юм их бий.

Цаашид хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгсөн контент хийх бодол бид хоёрт бий. Адаглаад хүүхдийн шарлалт, хэрхэн өлгийдөх вэ гэдэг ч юм уу тиймэрхүү хүн бүхэнд хэрэгтэй зүйлсийн талаар хийх төлөвлөгөөтэй байгаа. “Хүүхэд хэрхэн өлгийдөх вэ” гээд хайхаар цахим орчинд юу ч байдаггүй юм билээ.

-Хүмүүсээс асуухаар “Амархан шүү дээ” гэдэг.

-Ёстой тэгдэг. “Ийм юм сурахгүй, мэдэхгүй хаагуур явж байсан юм бэ” гэдэг.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу. Ер нь өөрийгөө хэр сайн хань, аав гэж боддог вэ?

-Би ажлын цагаар л ажлаа амжуулах, хийхийг хүсдэг. Бусад үед, ажлын бус бүх цаг хугацаагаа гэр бүлдээ зориулахыг хичээдэг. 18.00 цаг болонгуут гэр рүү чавхаддаг, эхнэр, хүүхэд хоёр руугаа яардаг. Амралтын өдрүүдэд их харам. Хэчнээн өндөр хөлстэй контент, ажлын санал ирсэн ч татгалздаг.

-Энэ их чухал. Өнөө цагт хүн бүхэн гэр бүлдээ цаг гаргахыг, хамт байхыг хүсдэг. Гэвч ажлын ачаалал, нөхцөл байдлаас шалтгаалан санаснаар нь болохгүй яваа залуус олон. Ажлаа зөв зохицуулж, ажлын цагт амжуулж сурах их чухал байх, тийм үү?

-Тийм ээ. Би 09.00-18.00 цаг бүх ажлаа амжуулдаг. Би шинэхэн аав. Хүүхэдтэй болсны дараа хүний амьдралд олон өөрчлөлт гардаг юм билээ. Миний амьдрал илүү их утга учиртай болсон. Өмнө нь хэцүү санагддаг байсан зүйлс хүүхэд уйлах, өвдөхийн дэргэд юу ч биш.  

Өмнөх Ганаа, одоогийн Ганаа хоёр тэс өөр. Өмнө нь дансанд хэдэн төгрөг байвал хэрэглэчих гээд л, хэр баргийн мөнгөөр юм авчихаад тоодоггүй байлаа. Одоо тэгсэн чинь “За, ийм юманд мөнгө үрж байхаар хүүхэддээ л юм авъя. Хүүхэддээ хадгалъя” гэдэг болсон. Хүүхэд минь хань бид хоёрт хамгийн эрхэм. Өдөржин зураг авалтанд ороод, шөнө хэчнээн ядарч харьсан ч хүүхдээ, ханиа хараад сайхан болдог, эрч хүч авдаг.

-Хос бүхэнд биенээ хайрладаг, халамжилдаг жор бий. Таны жор юу вэ?

-Эхнэр бид хоёр бүр багаасаа биенээ мэднэ. Анхандаа нэгнээ сайн ойлгохүй, үл ойлголцох үе байсаан байсан. Одоо ёстой харцаараа ойлголцдог болсон. Үл ойлголцсон, маргалдсан үедээ би түрүүлж буулт хийдэг. Тэр нь зөв байдаг байхгүй юу. Олон жил ханилж, хамт байхын хэрээр нэгнээ илүү сайн ойлгодог болдог юм билээ.

Зарим залуус үерхэл, хайр дурлал дээр ялархаад байдаг байхгүй юу. Тэгвэл дэмий шүү дээ. Халамж, чин сэтгэл хамгийн чухал. “Эмэгтэйчүүдийн баяраар баярлуулахгүй, цэцэг өгөхгүй бол гомдчихно” гэж бус гоё баярлуулах юм сан гэдэг чин сэтгэл хэрэгтэй. Зүгээр л хамтдаа сайхан алхаад, цаасан дээр чин сэтгэлийн захиа бичээд өгөхөд эмэгтэй хүн баярлана. Ямар ч бэлэг, 1000 ширхэг сарнайгаас илүү үнэ цэнэтэй санагдана.

-Одоо кинонд тоглуулах, жүжигчнээ болгох санал хэр их ирж байна вэ?

-Одоохондоо жүжигчнээ болгох санал ирээгүй байна. Манайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг ганц хоёр газраас зөвлөхөөрөө ажиллуулах санал ирсэн. Одоохондоо зөвлөх хэмжээнд би арай хүрээгүй.

-Жүжигчин бүхэнд тоглохыг хүсдэг дүр байдаг гэдэг. Танд тийм дүр бий юү?

-Байлгүй яах вэ. Би Ромео энэ тэр ч юм уу тийм цайлган, цагаан морьтой дүр бүтээхийг хүсдэггүй. Харин эсрэгээрээ эсрэг талын дүр бүтээхийг хүсдэг. Би Монголын эсрэг талын №1 жүжигчин Төмөрхуяг багшийн шавь. Эсрэг талын часхийсэн, супер дүр бүтээх хүсэлтэй.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй
2021-10-15 08:07

Инээдтэй з�##�уу шүү.

Холбоотой мэдээ

Back to top button