ДЭЛХИЙ

Сургуулийн орчин дахь зэвсэгт халдлагын тоо энэ онд 15 хүрчээ

АНУ-д 2019 он гарснаас өнөөдрийг хүртэлх хугацаанд сургуулийн орчимд гарсан зэвсэгт халдлагын тоо 15 хүрчээ. Халдлага бүрийн ард хүндээр гэмтсэн буюу амь нас нь хохирсон бага насны хүүхдүүд үлдсээр байсан юм. Бага, дунд, ахлах болон их сургуулийн орчимд халдлагууд болсон бөгөөд бүс нутгийн хувьд Жоржиа мужаас Калифорни хүртэл өргөн тархалттай байгаа. 

Америкийн аюулгүйн алба уг асуудал дээр мөрдөх баг томилон ажиллуулж буй. Сургуулийн орчин дахь зэвсэгт халдлага ийм хэмжээгээр үйлдэгдэж байсан тохиолдол тус улсын түүхэнд байхгүй.  Мөрдөгчид үүнийг төлөвлөгөөний дагуу хийж буй нэг юмуу тодорхой хэдэн этгээдийн зорилтот үйлдэл гэдэг хардлагыг анхааралдаа аван ажиллаж байгаа аж.

-Халдлага бүр заавал дор хаяж нэг гэмгүй хүнийг буудан хохироож байна

-Халдлагуудын болж буй газар заавал сургуулийн эзэмшилд хамаарах бүсүүд байна (зөвхөн хичээлийн байр биш, дотуур байр, автобус, спортын талбай, урлагийн заал г.м)

-Халдлагын зэвсэгт хийн буунуудыг оруулан тооцож байгаа бөгөөд бүгд Хэрэглэгчийн аюулгүй байдлын газраас амь насанд хөнөөл учруулахуйц гэсэн дүгнэлтийг авсан байна

5 сарын 7: Саванна, Жоржиа

Саваннагийн их сургуульд нэг сурагч халдлагад өртөн буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн. Сургуулийн зүгээс хүүхдийн биеийн байдлын талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа.

5 сарын 7: Хайландс Ранч, Колорадо

STEM ахлах сургуульд нэг сурагч нас барж, найман сурагч хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн. Халдлагыг үйлдсэн хоёр этгээдийг баривчилсан бөгөөд нэг нь насанд хүрсэн эр, нөгөө нь 17 настай сурагч байсан.

5 сарын 4: Южин, Орегон

Орегоны их сургуулийн хөвгүүдийн дотуур байрны орчимд халдлага болж гэмгүй 21 настай иргэн буудуулан нас барсан. Тэрбээр их сургуультай ямар нэг хамааралгүй хүн байжээ.

4 сарын 30: Шарлот, Хойд Каролина

Хойд Каролинагийн их сургуульд хичээлийн сүүлчийн өдөр гар буугаар зэвсэглэсэн этгээд нэвтэрч гал нээсэн. Хоёр хүн нас барж, дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмт хэрэгтэн тус сургуульд өмнө нь сурч байсан 22 настай нэгэн байжээ.

4 сарын 1: Прескотт, Арканзас

Прескотт ахлах сургуулийн коридорт наймдугаар ангийн сурагч наймдугаар ангийн сурагчаа буудаж хөнөөсөн. Цагдаагийн ажилтнууд энэ хэргийг урьдчилан бэлдсэн байж хэмээжээ.

3 сарын 27: Холмс, Миссиссипи

10 настай сурагч Холмс бага сургуулиас автобусанд суун харьж явахдаа зүүн гартаа буудуулжээ. Сум хаанаас ирснийг хэн ч тогтоож чадаагүй. Тавдугаар ангийн сурагч, автобусан дотор сууж явсан өөр нэг сурагч гал нээсэн гэж мэдэгджээ.

3 сарын 7: Грамлин, Луизанна

Грамлин их сургуульд санамсаргүй байдлаар гал нээгдэж, нэг сурагч гэмтсэн.

2 сарын 26: Монтгомери, Алабама

Роберт Э.Лий ахлах сургуулийн 17 настай сурагч бялдаржуулах зааланд бэлтгэл хийж байхдаа буудуулсан. Хүүгийн шарх амь насанд халгүй байжээ. Сэжигтний нэр, зургийг цагдаа нар ил болгоогүй бөгөөд хэвлэлүүд түүнийг тус сургуулийн сурагч байсан гэх мэдээллийг өгч байгаа.

2 сарын 12: Канзас хот, Миссури

Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр гадаах талбайд 15 настай охин буудуулсан.  Хүн буудсан хэргээр өмнө нь сэжиглэгдэж байсан 21 болон 28 настай этгээдүүдийг тэмцээний үеэр олж баривчилсан бөгөөд тэднийг Стадионоос хамгаалалтын дор албадан гаргаж байх үеэр нэг нь огцом гал нээж мөнөөх охиныг буудсан байна.

2 сарын 8: Балтимор, Мэрилэнд

Фредерик Дуглас ахлах сургуулийн ажилтан 25 настай этгээдэд буудуулж эмнэлэгт хүргэгдсэн. Цагдаа нарын мэдээлснээр гэмт хэрэгтэн хохирогчийн гэр бүлийн хүн байсан.

1 сарын 31: Хамбл, Техас

Атаскочита ахлах сургуульд 16 настай сурагч 17 настай сурагчаас марихуан худалдаж авж байх үйлдэл дээрээ буудуулсан. Гэмт хэрэгтэн үйл явдлын тухай энгийн иргэний зүгээс пост бичиж SnapChat –д байршуулжээ.

1 сарын 31: Мемфис, Тэннэсий

Маннасас ахлах сургуулийн 14 настай сурагч хийн буугаар буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн.

1 сарын 30: Литони, Жоржиа

Миллер Грөүв ахлах сургуулийн орчимд хичээлийн цаг дууссан байхад нэгэн эр буудуулсан. Гэмт хэрэгтэн сургуулийн сурагч биш байсан, зам дээр хэн нэгэн түүний автомашины хаалгыг эвдэх гэж буйг хараад гал нээсэн гэж цагдаа нар тэмдэглэжээ.

1 сарын 25: Мобайл, Алабама

Дэвидсон ахлах сургуулийн гадаа 17 болон 20 настай хоёр эрэгтэй маргалдаж, сүүлдээ бие биерүүгээ гал нээн хоюул эмнэлэгт хүргэгдсэн. Тэдний аль нь ч тус сургуулийн сурагч биш байсан гэх мэдээлэл байна.

1 сарын 7: Белмонт, Калифорни

Төв бага сургуулийн үүдэнд 17 настай ахлах сургуулийн сурагч амин тус газраа буудуулсан. Цагдаа нар хохирогч гэмт хэрэгтнийг таньж байсан гэдгийг хэлээд, санамсаргүй явдал биш гэж мэдэгдсэн.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button