
Умард Солонгос 2022 онд алсын тусгалтай баллистик пуужингийн туршилтаа сэргээж магадгүй байна. “Кёодо Ньюс” /Kyodo News/ энэ талаар аравдугаар сарын 17-ны ням гарагт АНУ-ын Цэргийн Тагнуулын Албаны тайланд үндэслэн нийтэлжээ.
“Ирэх жил бид алсын тусгалтай пуужингийн туршилт хийхийг үгүйсгэхгүй” гэж баримт бичигт дурьджээ.
Умард Солонгос шингэн түлшээр ажилладаг пуужингаас илүү хурдан хөөргөхөд бэлтгэж болох хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг сайжруулахын төлөө ажиллах болно гэжээ.
“Ким Жон Ун улс орон, ард иргэдээ Өмнөд Солонгос, Япон, АНУ руу ч хүрэх боломжтой цөмийн зэвсэгийг баллистик пуужинтай хослуулан бүтээх ажил рүү түлхэн оруулсан” гэж уг тайланд мөн дурьджээ.
Пхеньяны тив алгасах баллистик пуужингийн хамгийн сүүлийн туршилт дөрвөн жилийн өмнө 2017 оны арваннэгдүгээр сард болсон. Ийм төрлийн пуужин нь цөмийн цэнэгт хошууг АНУ-д ч хүргэх хүчин чадалтай.
2020 оны аравдугаар сард цэргийн парадын үеэр Умард Солонгос тив хоорондын шинэ төрлийн баллистик пуужингаа дэлхий нийтийн өмнө дэлгэн харуулсан. Мөн онд ойрын тусгалын баллистик пуужинг ч туршсан.
Энэ оны есдүгээр сарын 29-нд Умард Солонгос шинэ төрлийн дуунаас хурдан пуужин болох “Хвасон-8”-ийг туршсан. Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын албад пуужингийн илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авахын тулд пуужин хөөргөсөн үйл явцад дүн шинжилгээ хийсэн.
Есдүгээр сарын 30-нд Пентагон тус пуужинг АНУ-д ямар ч аюул заналхийлэл учруулахгүй гэж мэдэгдсэн. Мөн өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын яриа хэлэлцээ хийх саналыг хүлээж авахаас татгалзаж АНУ-ын явуулж буй бодлогыг дайсагнасан бодлого гэж буруутгасан.
(Эх сурвалж: Iz.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.