УЛС ТӨР

Б.Бейсен: Д.Ганбат гишүүн бидний гарын үсгээр гурван сайдын суудал авахаар тохирсон байсан

АН-ын бүлэгт томоос том ангал үүсэв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэд хоногийн өмнө Ц.Тувааныг өчигдөр Н.Ганибал, Ж.Батсуурь нарын гишүүдийг намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан. Тус намын дотоодод үүсээд буй асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.

-С.ЭРДЭНЭ ДАХИН ИРЖ “БИ НАМЫН ДАРГА” ГЭЖ БУЛААЦАЛДСАНААС ЭНЭ БҮХ АСУУДАЛ ЭХЛЭЛТЭЙ-

-АН-ын бүлэгт их том ангал үүсчихлээ. Хагарал тартагтаа тулаад өнөөд дэлбэрчих шиг боллоо. Энэ ангал хэзээнээс хэнээс үүсчихэв ээ?

-Энэ зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Ардчилсан намын бүлэгт бүлгийн даргатай холбоотой асуудал үүслээ. Бүлгийн дарга Д.Ганбат асуудлыг ганцаарчлан шийдэж, гишүүдийн эрхэд халдах ёсгүй. Тийм эрх ч байхгүй. Бүлгийн хоёр дэд дарга болох миний бие болон Д.Ганибал гишүүнийг дуудаад ядахдаа 50 хувийн ирцтэйгээр асуудлаа ярилцаж болно доо. Намаас гишүүн хөөх, бүлгээс хүн хасах эрх бүхий субъект биш. Гишүүн өөрөө хүсэлт гаргасан, сонгогчид эргүүлэн татсан нөхцөлд л бүлгээс хасах хуультай. Хоёрдугаарт, жирийн иргэд, намын дэмжигчдэд буруу байхгүй. Намын удирдлагуудаас болж ийм байдалд хүрчихлээ. С.Эрдэнэ сонгуульд намаа ялагдуулж даргын албан тушаалаа өгөөд явчихсан. Гэхдээ дахин ирж “би намын дарга” гэж булаацалдсанаас өнөөдрийн энэ асуудал эхлэлтэй. 

-Танай намын гишүүдийг яагаад намаас хасч, бүлгээс хөөх болов. Бүлгийн хуралдаанаар ийм шийдвэр оруулж, ярьж шийдвэрлэв үү?

-Бүлгийн хуралдаанаар огт тийм зүйл яриагүй. Гэнэт л мэдэгдэл хийсэн. Бидэнд огт хэлээгүй. Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарын гишүүдийг уг нь Д.Ганбат гишүүн өөрөө татаж бүлэгт оруулж ирсэн. Албан ёсоор зарлаж, бичгийг нь өгсөн. Тэгсэн мөртлөө хөөж буй тухай мэдэгдэл өөрөө хийлээ. Тэр байтугай уг нь анх “намын дарга бүлэг дотор байх ёстой” гээд О.Цогтгэрэл гишүүнийг намын дарга болгосон юм шүү дээ. Түүний эдгээр үйлдлүүдийг 21 аймгийн жирийн гишүүд сум, аймгийн намын дарга нар эсэргүүцэж байгаа. Үүний дагуу өчигдөр бүлгийн даргаас огцруулах гэх мэтээр эсрэг хөдөллөө.

-Уг нь бүлгээс гишүүн хасахын тулд эхлээд УИХ-ын даргад өргөн барих хуультай. Энэ дагуу Г.Занданшатар даргад бичгээр мэдэгдсэн юм болов уу?

-Тийм зүйл байхгүй. Өргөн барилаа гэхэд эхлээд бүлгийн гишүүдийн 50-иас дээш хувь нь хуралдаж байж шийдвэр гаргана биз дээ. Мөн өөрийн саналаар татгалзах, сонгогчид нь эргүүлэн татах, ёс зүйн алдаа  гаргах, эрүүгийн хэрэгт холбогдох зэрэг хэд хэдэн тохиолдолд л бүлгээс гаргах ёстой. Түүнээс биш “надад таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр хэн нэгэн дураараа шийдвэрлэнэ гэж байхгүй. Энэ бол хууль бус үйлдэл.

-БИД Д.ГАНБАТ ГИШҮҮНД АНХНААСАА Л “ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ ХИЙХГҮЙ”-Г САНУУЛЖ Л БАЙСАН-

-Сахилгын шийтгэл оногдуулсан шүү дээ. Хөөгдсөн гишүүд чухам ямар асуудал гаргасан юм бэ?

-Юун сахилгын шийтгэл байдаг юм бэ. Хасагдсан, хөөгдсөн гээд байгаа гишүүд сахилгын шийтгэл хүртэхээр зүйл хийгээгүй. Алдаа гаргаагүй. Дарга нар нь зохицохгүй байгааг гишүүд рүү бурууг чихэж болохгүй. Эхэндээ надад ч хариуцлага тооцсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар би манай намаас нэр дэвшигч С.Эрдэнийн талд ажиллахаар гар барьсан. Орон нутагт байршуулах самбар зэргээ ч аваад явсан. Гэтэл намайг явснаас хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 26-нд АН-ын Цэрэнбат гэх нөхөр “Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Б.Бейсен биш н.Зангар” гэсэн бичиг явуулж байлаа. Сонгуульд ялагдсан дараа намын хороо хуралдаж Баян-Өлгий аймгийн намын даргаар намайг сонгож байсан юм л даа. Тухайн үед. Гэтэл намайг намын даргаар ажиллаагүй мэтээр харлуулсан. Дараа нь дахиад нэг тушаал очсон. Ингээд сонгуулиар бид ажиллах ямар ч боломжгүй болж, аргагүйн эрхэнд шахагдаж гарсан даа. Гэхдээ аймгийн намын даргаар  одоо ч ажиллаж байна.

-Ганц хүний хувийн тоглолт танай бүлгийг “самарчихсан” болж таарав уу?

-Бид эхнээс нь сануулж л байсан. “Ганцаарчилсан тоглолт хийхгүй, бүлгийн гишүүдтэйгээ хамтран ажиллана” гэж хэлж байсан. Хүлээж авахгүй явсаар өнөөдөр ийм асуудал гаргалаа. Өнгөрөгч хавар зохион байгуулсан өлсгөлөнг Д.Ганбат гишүүн санаачилсан. Өөрөө уриалчхаад, өөрөө болиулсан.   

-Бүлгийн хуралдаан дээр маргалдах, таарамжгүй харилцаанаас үүссэн асуудлууд үргэлжилж байна уу?

-Үүнд хувийн ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Долоо хоногийн өмнө асуудлуудаа хэлэлцсэн. Тухайн үед бид “Та ажлаа өг, бид хамтарч ажиллаж чадахгүй юм байна. Яагаад бүлэгтээ мэдэгдэхгүйгээр мэдээлэл хийж байгаа юм бэ” гэж хэлсэн. Үүний хариуд “Ажлаа өгөх хугацааг долоо хоногоор хойшлуулж өг” гэсэн л дээ. Гэтэл долоо хоногийн дотор гишүүдийг дахиж халах, хөөх тушаал гаргах зэргээр буруу юм хийж байгаа байхгүй юу. Хувь хүн бусадтайгаа нийцгүй үйлдэл гаргаснаас ийм асуудал үүслээ. Тиймээс бид өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргыг сольж, дүрмийн дагуу дэд даргаа түр томилсон юм.  

-Өнгөрсөн хугацаанд бүлгийн дарга тань хэр ажилласан гэж хэлэх вэ?

-Зарим асуудлуудыг гишүүдтэйгээ зөвшилцөхгүй өөрөө дур мэдэн шийдчихдэг. Буруу шийдвэр гаргасан нь бий. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л бүлгийн гишүүдтэйгээ зөвшилцөж, ярилцалгүй хоёр гурван гишүүнийг хөөсөн явдал. Жирийн гишүүдийнхээ итгэл алдах шалтгаан боллоо.

-ГИШҮҮДИЙНХЭЭ ГАРЫН ҮСГЭЭР “ГУРВАН САЙДЫН СУУДАЛ АВАХ ТОХИРОО ЯРЬСАН БАЙСАН-

-Засгийн газрыг огцруулах бичигт танай бүлгийнхэн гарын үсэг зурж байсан ч, тэгсхийгээд намжсан. Д.Ганбат гишүүн МАН-тай гурван сайдын суудал авахаар тохирсон гэдэг яриа байдаг. Ийм тохироо явагдсан нь үнэн үү?

-Д.Ганбат гишүүн бидний гарын үсгийг цуглуулсан. “Гурван сайдын суудал авна, хамтарсан засаг байгуулна. Та нар зур” гэж шахсан. Ингэж зуруулчхаад хамгийн сүүлд биднийг буруутгаад алга болсон доо.

-Та нарын гарын үсгээр тоглолт хийчихсэн юм биш үү?

-Тэгж ойлгож болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш л С.Эрдэнийн дэглэсэн жүжгээр бүх зүйл өрнөж, Д.Ганбат түүгээр нь ажиллаж байна гэх хардлагыг танай намынхан хэлж байна?

-Д.Ганбат Ерөнхийлөгч Х.Баттулгатай тааруу харилцаатай байж болно. Гэхдээ Х.Баттулга улстөрчийнхөө хувьд рейтинг өндөртэй байсан нь үнэн. Энэ утгаараа Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлье гэхэд дэмжээгүй. Тэгэхээр нь ядаж “Р.Амаржаргалыг дэвшүүлж, намаараа дэмжье” гэх санал гаргасан ч бас л хасчихсан. Улмаар С.Эрдэнэ гуай өөрөө нэр дэвшсэн. Уг нь намаа ялагдалд хүргэсэн хүн нэр дэвших ёсгүй юм байгаа биз дээ. Үүний хажуугаар Д.Ганбат гишүүн хоёр талын АН-д хоёуланд нь бүртгүүлж нэрээ дэвшүүлсэн. Ийм асуудлууд өрнөсөн.

-Хоёр намд зэрэг бүртгүүлээд нэрээ дэвшүүлэхэд та бүхэн чимээгүй л байсан шүү дээ. Тухайн үед нь яагаад дуугарч болоогүй юм бэ?

-Тухайн үед нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуульд ажиллах гээд хөдөө явчихсан байсан шүү дээ. Үүгээр чухам юу болж байсныг мэдээгүй байхгүй юу. Ялангуяа хоёр АН-д бүртгүүлснийг нь. Сонгууль дуусаад л хөдөөнөөс ирж байгаа юм чинь.

-БИДНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГАТАЙ ХОЛБОДОГ Ч, НЭГ Ч УДАА УУЛЗАЖ ЗӨВШИЛЦӨЖ БАЙГААГҮЙ-

-Та бүхнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын халаасанд орсон. Түүний үгээр явж, ёсчлон биелүүлдэг гэх хардлага дагадаг шүү дээ?

-Х.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй хамаатуулаад байгаа. Гэвч тэр хүний ямар ч оролцоо байхгүй. Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш бидэнтэй нэг ч удаа уулзаагүй. Ганц ч удаа зөвлөлдөж байгаагүй. Тааралдаж ч байсангүй. Бүлэгт, намд нөлөөлсөн зүйл байхгүй. Худал зүйлийг хардаж, дуулиан дагуулаад буруу ойлголт өгч байна л даа. Нөгөө талаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон гээд шуугиад байгаа. Тэр хүн зөвлөх болоогүй юм билээ. “Жүдо бөхийн холбоо”, “Самбо бөхийн холбоо” гэхчлэн төрийн бус байгууллагууд автоматаар Ерөнхий сайдын зөвлөхөөр харьяалагддаг. Энэ утгаараа зөвлөх гээд шуугиад байгаа.

-Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Гишүүнээр сонгогдож ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Ямар ажлууд амжуулав?

-Орон нутагтаа улирал бүр очиж ажилладаг. Хөдөөгийн бүх сумдын сургууль, цэцэрлэг аймгийн төвийн захиргаа, эмнэлгүүдээр орлоо. Аймагтаа зургаан түргэний машин шийдүүллээ. Удахгүй долоо дахь нь очно. Таван сумыг эко аппараттай болголоо. Гурван том сумын оношилгооны тоног төхөөрөмжийг бүрэн шийдсэн. Есөн сумын сургуулийн компьютер, ширээ сандал, тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.

-Ажигласан, тулгарсан бодит бэрхшээлийг дурдвал?

-Орон нутгийн тендер шалгаруулалтын асуудалд ихээхэн “но” байна. Сумдад өгсөн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машинд гэхчлэн асуудал гарсан. Үүнийг аудит, АТГ-аар шалгуулна гэж бодож байгаа.

-Ялангуяа эрүүл мэндийн байгууллагыг олон жил удирдаад төрийн албыг төрлийн алба болгочихсон сумын эмнэлгийн дарга нар олон байдаг. Энэ тухай гомдол мэдээлэл хэр их ирж байна. Хэрхэн анхаарч ажиллана гэж бодож байгаа вэ?

-Тийм асуудлууд бий. Хөх хөтөл баг гэхэд л 3800 хүн амтай, 640 сурагчтай. Сум дайтай баг шүү дээ. Цэнгэл суманд гэхэд сумын эмчээр олон жил ажилласан хүн өөрийн гэсэн хоёр давхар хувийн эмнэлэг барьж байдаг. Шинээр олгосон тоног төхөөрөмжийг эмнэлэгт байршуулаагүй. Ажилчид нь эсэргүүцсээр байхад эргүүлж томилсоор байдаг гэхчлэн гомдлууд ирсэн. Сумдад асуудал олон. Ийм гомдол мэдээлэл ирвэл Эрүүл мэнд болон БШУ-ны сайдтай хамтран ажиллаж шийдвэрлэж байгаа. Мөн аймгийн Засаг дарга хамтран ажиллаж байна. Гомдол мэдээллүүд илт хууль зөрчсөн шинжтэй байвал хууль хүчний байгууллагад нь шилжүүлж, шалгуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-10-19 09:13

Erdeneegiin hyyheldeinyydiig namaas estoi huuh heregtei.odoo hen ne daisan be gedeg ne il bolj baina.shudarga es ya##aa.

анархист
анархист
2021-10-19 17:25

солиотой хасаг. чи тэр улсын мөнгө хулгайлсан ялаа үүрч бушуухан тэр шорондоо очоочээ???!!!ганбат чамайг бодвол юу хийж байгаагаа мэднэ. чам шиг баянөлгийн эмч нарыг толгойлон улсын мөнгө ид чимээгүй байна.а.нам чам шиг хасагаар дутав гэж

АН-Н гишүүн,
АН-Н гишүүн,
2021-10-19 17:36

архи уусаар бгаад өвчтэй солиотой болсон юм шиг бна аа ганбат гишүүн намынхаан наадахаа шар хаданд хэвтүүл

Хүн
Хүн
2021-10-20 11:17

Ан болон ганбат гишүүд нь ямарч тэнэг юм бэ хүн гэхэд хэцүү м�##� гэхэд бас гэж их овжин юу ч гэмээр юм дээ ан гэдгииг бүр арчиж хаяач ээ

Иргэн
Иргэн
2021-10-20 19:07

МАНам 3 сайдын сууд�##� өгнө гэж юу байхав дэ, хүүхэд шиг юм яриад байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button