ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

ХҮМҮҮЖИГЧДИЙГ ШАТРЫН ТЭМЦЭЭНД БЭЛТГЭСЭН Т.Батчимэг | Оюун санаа торонд хоригддоггүй

Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүжигчид эх орныхоо нэрийг тив дэлхийд дуудуулж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд болсон энэхүү тэмцээнд 31 орны 43 баг оролцож, Монгол Улсын баг тэргүүлсэн юм. Ял эдэлж буй хүмүүжигчдийн дунд зохиогдсон тив хоорондын аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон баг нэгт орсон нь түүхэн үйл явдал билээ.

Уг тэмцээнд хорих 415, 423, 427, 435 дугаар ангийн есөн хүмүүжигч оролцсон бөгөөд тэдгээрийг МУГТ, Их мастер Түвшинтөгсийн Батчимэг удирдан, бэлтгэжээ. Бид түүнтэй энэхүү тэмцээний талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа ”Сүлд” спорт хорооны тамирчин юм.


-ХҮМҮҮЖИГЧИД ЭНЭ ТЭМЦЭЭНЭЭС ЖААХАН Ч ГЭСЭН УРАМ АВСАН БАЙХ-

-Таниар удирдуулсан хүмүүжигчид тив хоорондын аварга шалгаруулах шатрын анхдугаар цахим тэмцээнд оролцож, алтан медаль хүртлээ. Юуны өмнө багт халуун баярыг хүргэе ээ.

-Баярлалаа. Шатар гэдэг бол нас, хүйс боловсрол, өндөр намын ялгаагүйгээр оролцож болдог оюуны спорт. Тиймдээ ч энэ тэмцээн зохион байгуулагдаж, бид амжилттай оролцсондоо үнэхээр их баяртай байна. Ялангуяа оролцсон хүмүүжигчдийнхээ өмнөөс баярлаад ч ханашгүй нь. Учир нь хүмүүжигчид урам зориг, амьдралын эрч хүчээр дутаж яваа. Харин тэд энэ тэмцээнээс жаахан ч гэсэн урам авсан байх. Бусад хүмүүжигчид ч урам авсан гэж чин сэтгэлээсээ найдаж байна.

-Хүмүүжигчдийг хэрхэн шалгаруулж, тэмцээнд бэлтгэсэн бэ?

-Тэмцээний зарыг харснаас хойш сарын хугацаанд бэлтгэлээ хангаж, оролцсон. Наана нь нийгэм сэтгэл зүйн хэлтсээс чиглэл өгч хорих ангиудад шатар тоглодог, цол зэрэгтэй хүмүүжигч байгаа эсэхийг судлуулж, мэдээлэл авсан. Шатар тоглодог 35 хүмүүжигч байгаа гэх мэдээлэл ирж,  тэдгээрээс 20-ыг нь шалгаруулж авч үлдсэн.

-Шалгаруулалтаа хэрхэн явуулсан бол. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хооронд нь тоглуулах гэхээс илүү тухайн хүмүүжигчийн ур чадварыг харах үүднээс chess.com сайт руу орж, дэлхийн бусад орноос холбогдож буй хүмүүстэй тоглуулсан. Зөвхөн нэг удаагийн шалгаруулалтаар хүнийг дүгнэхэд хэцүү байдаг. Заримдаа сандраад сул тоглоно. Тиймээс хэд, хэдэн өрөг тоглуулаад ямар алдаа гаргаж буйг, суурь нь ямар байна гэдгийг харж байгаад есөн хүмүүжигчийг тэмцээнд оролцуулахаар сонгосон. Шатар тоглоогүй олон жил болсон тул бэлтгэл сургуулилт сайн хийх шаардлагатай байсан. Тиймээс бид skype-ээр холбогдон, сургалтаа явуулж, тоглох үндсэн сайт болох chess.com дээр дадлагажиж байсан.

-Өдөрт ойролцоогоор хэдэн цагийн бэлтгэл хийдэг байсан бэ?

-Бид үдээс өмнө 2-3 цаг, үдээс хойш 2-3 цаг бэлтгэл хийж байсан.

-Бэлтгэл хийх явцад болон тэмцээний үеэр ямар нэгэн хүндрэлүүд гарч байв уу?

-Бэлтгэл хийх явцад ганц хоёр удаа интернет тасарч, гацсан. Учир нь тэмцээнд оролцох гэж буй хүмүүжигчдийн ихэнх нь хөдөө орон нутгийн хорих ангиас холбогдож байсан юм. Гэхдээ бид зохицуулалт хийгээд  бэлтгэлээ хийсэн. Харин ШШГЕГ-аас чиглэл өгч, тэмцээн болох гурван өдөр интернетийн хурдыг нэмж өгсөн. Хэрэв интернетийн хурд муу, гацсан бол бид тэмцээнд шууд хожигдох байсан. Хорих ангиудын нийгмийн ажилтан, ангийн дарга нар, ШШГЕГ маш их ач холбогдол өгцгөөсөн. Үүний ачаар бид санаа зовох зүйлгүйгээр тэмцээндээ оролцсон.

-Тэмцээнд оролцсон хүмүүжигчдийн дунд шатрын цол, зэрэгтэй хүн байсан уу?

-Тэмцээнд оролцсон хүмүүжигчид 21-35 насныхан байсан. Нэг хүмүүжигч өсвөр насандаа их сайн тоглодог байсан. Дэд мастерын түвшиний залуу. Бусад хүмүүжигч бол цол, зэрэггүй.

-АНХНЫ ТЭМЦЭЭН ГЭДЭГ ТҮҮХЭНД ТОД ТОМРУУНААР ҮЛДДЭГ-

-Таны зүгээс хүмүүжигчдэд ямар зөвлөгөө өгч байв. Арга тактикаасаа хуваалцаач?

-Хүмүүжигчид бүгд өөр, өөрийн онцлогтой байсан. Түүнийг нь шатраар дамжуулаад “уншчихсан”. Зарим нь их хурдан нүүдэг. Хурдан шийдвэрээ гаргадаг. Харин зарим нь намбатай, удаан тоглож байсан. Тэдгээрийг ажиглаж, өргүүдийг нь харж байгаад анализ хийж, маргааш өдөр нь тус бүрд нь зөвлөгөө өгдөг байсан. Хүн өөрийгөө голомтгой. Тиймээс аль болох сэтгэл санааг нь өргөж, “Чадна. Чадаж байна. Үүнийгээ засчих юм бол тоглолт нь их сайн болж байна” гээд урам зориг өгөх талаасаа зөвлөж ажилласан. Энэ маань бас зөв байсан болов уу гэж харж байгаа. Угаас алдаа гаргахгүй хүн гэж байхгүй. Ялангуяа энэ хүмүүсийн хувьд амьдралдаа анх удаа олон улсын тэмцээнд оролцож үзэж буй тул сэтгэлзүйн талаас нь бодсон ч маш их сандрах магадлалтай. Үүнийг сайн бодолцож үзээд тэмцээн эхлэхээс өмнө аль болох сэтгэл санаагаар дэмжсэн.

Багаараа эх орноо төлөөлж тоглож байгаа тэмцээнд нэг хүний оноо гэдэг маш чухал. Нэг хүний онооноос маш их зүйл шалтгаалж байдаг. Үндсэн дөрвөн ширээтэй, нэг хүний хагас оноо ч гэсэн чухал. Тиймээс бид бусад багуудын өргүүдийг явцын дунд харж, судлаад өрсөлдөгчдийнхөө эсрэг тактикуудыг явцын дунд боловсруулж байсан. Бидний хамгийн чухал өрөг бол ОХУ-тай хийсэн өрөг. ОХУ шатраар дэлхийд тэргүүлдэг. Тэдний багийг хожно гэдэг нэр хүндтэй үйл хэрэг байсан. Манай хүмүүжигчид их тэмцэж, хичээсэн. Тэдний хичээл зүтгэлгүйгээр бид ялахгүй байсан.

-ОХУ-ын багтай хийсэн тоглолт ширүүхэн өрсөлдөөний нэг байсан гэлээ. Өөр хүчтэй өрсөлдөгчид байсан нь мэдээж. Энэ талаар ярихгүй юу?

-Тэмцээнд оролцсон бүхий л багууд хүчтэй байсан. Энэ улсын баг сул байсан гэж ярих нь зохисгүй болов уу. Учир нь дэлхийн шатрын хөгжлийг тодорхойлдог улсаас хүмүүжигчид оролцсон. Хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол яахын аргагүй Филиппин улсын баг байсан. Гэхдээ бид ОХУ-ын багийг хожно гэж санаагүй. Учир нь орос орон маш олон хүмүүжигчтэй, шатарын агуу түүхтэй. ОХУ-тай хийсэн тоглолт бидний хувьд үнэхээр чухал байсан. ОХУ-ыг хожиж, аваргын төлөө тоглох үүдийг нээсэндээ бид баярласан.

-Аваргын төлөөх тоглолтын талаар яриач. Сэтгэл догдлуулж, дэнслүүлсэн хором байсан нь мэдээж?

-Бид аваргын төлөө Зимбабве улсын багтай тоглож, хожсон. Улмаар Зимбабве хоёрт, ОХУ гуравт орсон. Зимбабве гэдэг Африкийн орон боловч Африк дотроо шатрын спорт хамгийн сайн хөгжсөн улс. Тоглолтын түвшин шаггүй сайн байсан. Тиймээс бид маш сайн бэлтгэлтэйгээр, басахгүйгээр тоглох хэрэгтэй байсан. Эхний өрөг дээр манай гурав, дөрөвдүгээр ширээний тоглогч сандараад таван минутын дотор хожигдчихсон. Хүн л юм чинь аваргын төлөө тоглоно гэхээр сандарна. Мэргэжлийн тамирчид ч сандардаг. Сандралаас үүдээд маш хурдан хожигдчихсон тул манай нэг, хоёрдугаар ширээний тоглогчдод их ачаалал ирсэн. Нэгдүгээр ширээний тоглогч маш сайн тоглож, хожсон. Хоёрдугаар ширээний тоглогч маань чанга тоглогчтой өрсөлдөж, тэнцсэн. Ингээд бид эхний өрөг дээр хожигдсон тул хоёр дахь өрөг дээр өндөр оноогоор хожих шаардлагатай болсон. Тиймээс хоёр дахь өрөг эхлэхээс өмнө хоёр минутын завсарлага авч, хожигдсон хоёр хүмүүжигчтэй ярьсан.

-Сэргээх хоёр минут байж...

-Яг тийм. Хоёрхон минутын дотор хоёр тоглогчоо сэргээх хэрэгтэй болсон. Хорих ангийг нь хариуцаж буй нийгмийн ажилтан руу утастаж, чанга дээр нь тавиулаад “Бүү сандар. Сая гаргасан алдаануудаа битгий гаргаарай. Сэлгээгээ сайн хий, хаа хамаагүй хүүгээ түлхээд байна. Хожихоос өөр арга байхгүй шүү” гэж хэлсэн. Хоёр тоглогч маань ч “Заавал хожно оо. Хичээнэ ээ” гэсэн. Хэлсэндээ хүрч, хоёр дахь өрөг дээрээ ёстой нэг сайхан тоглосон. Хийх ёстойгоо хийсэн. Зөв нүүсэн. Дөрвөн тоглогч маань хожиж, хоёр дахь өрөг дээрээ өндөр оноо авч, аварга болох үүд хаалга маань нээгдсэн. Өрсөлдөгч баг маань эхний өрөг дээр хожчихсон болохоор сэтгэл хөдлөлтэй хөөрөлтэй орсон байхыг ч үгүйсгэхгүй.

Анхны тэмцээн гэдэг түүхэнд тод томруунаар үлддэг. Анхны тэмцээнд Монгол Улс түрүүлсэн нь нэр төрийн хэрэг. Хүмүүжигчдийнхээ өмнөөс үнэхээр их баяртай байгаа. Хамгийн гол нь энэ хүмүүсийн өөрсдийнх нь хичээл зүтгэл нөлөөлсөн. Бүх тоглолтууд дээр өөртөө байгаа бүхий л хүчээ гаргасан. Дээрээс нь миний зөвлөгөөг маш сайн сонсож, алдаануудаа явцын дунд засаж, өөртэйгөө ажилласан.

-Хэдий гэмт хэрэг үйлдэж, хоригдож буй ч сэтгэл зүрхэнд Монгол гэдэг нэр оршиж буй. Тэмцээнд ялалт байгуулж, Монголын Төрийн дуулал эгшиглэсний дараа хүмүүжигчид баярын сэтгэгдлээ хуваалцсан л байх. Тэр мөчийг үгээр дүрслээч?

-Тэгэлгүй яахав. Ялалт байгуулсны дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, цахимаар болсон ч гэсэн бүгдээрээ босож зогсож буй нь үнэхээр сайхан санагдсан. Хаалтын ажиллагааны дараа бүх хорих ангиуд руугаа зэрэг холбогдож, оролцсон хүмүүжигчид баяр хүргэж, бахархаж буйгаа хэлсэн. Оролцсон хүмүүжигчид ч баярласан, талархсанаа илэрхийлж байсан. Мөн хорих ангийн дарга нар, нийгмийн ажилтнууд бүгд дор дороо баярлаад л. Ард түмэн маань ч эерэгээр хүлээж авч байгааг харах сайхан байсан.

-Тэмцээнд оролцсон хүмүүжигчдийн ар гэрт баярт мэдээг хүргэсэн болов уу?

-Мэдээллийн сайтуудаар мэдээллүүд маш сайн цацагдсан байна лээ. Тэгэхээр ар гэрийнхэн нь бүгдээрээ дор бүрнээ мэдсэн болов уу гэж бодож байна. Дор бүрнээ баярлаж, бахархаж байгаа байх. Түүнийгээ эргэлтээр ирэх үедээ хэлэх биз ээ.

-ТЭМЦЭЭНИЙ ЗАР ЭРТ ТАВИГДААГҮЙ, БИДЭНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХИЙХ ХУГАЦАА БАГА БАЙСАН-

-Тэмцээний тэргүүн байранд орсон багийг ямар шагнал хүлээж байсан бэ?

-Дэлхийн шатрын холбооноос өнөө, маргаашгүй түрүүлсэн гэсэн сертификат, медаль ирнэ. Бид хүлээж байгаа. Энэхүү тэмцээн хүмүүнлэгийн гэдэг утгаараа өөр шагналгүй. Нэгдүгээрт, нэр хүндийн асуудал. Хоёрдугаарт, сургалт хүмүүжлийн нийгэмших талаас нь ач холбогдолтой .

-Улсынхаа нэрийг гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн хүмүүжигчдийг ШШГЕГ-аас хэрхэн шагнаж, урамшуулахаар ярьж байгаа бол?

-Өчигдөр бид ерөнхий газартаа ажлаа тайлагнаж, тэмцээнд оролцсон хүмүүжигчдийг урамшуулж, “Тэргүүний хүмүүжигч” гэрчилгээ олгох хүсэлт өгчихсөн байгаа. Ерөнхий газраас удахгүй шийдэх байх. Тэгээд хорин ангийн дарга нар эрх үүргийнхээ хүрээнд шагналаа гардуулна байх.

Мөн Монголын шатрын холбооны зүгээс амжилт гаргасан тамирчдаа урамшуулах, дээрээс нь шатрын сурах бичиг өгөхөөр ярилцсан байгаа.

-Манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж, ийнхүү амжилт гаргалаа. Цаашид уг тэмцээнд эмэгтэй хүмүүжигчид оролцох боломж бололцоо байгаа гэж харж байна уу?

-Энэ удаагийн тэмцээний зар эрт тавигдаагүй, бидэнд сонгон шалгаруулалт хийх хугацаа маш бага байсан. Түүнээс биш өсвөрийн болон эмэгтэй хүмүүжигчид оролцох боломжтой ч байсан. Ирэх жилээс энэхүү тэмцээн уламжлал болж зохиогдох юм билээ. Тиймээс бид хорих ангиудад аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, бэлтгэлээ наана нь хийж байгаад бүх ангилалд нь оролцоно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-20 08:19

Гайх�##�тай.

мөнхнаран
мөнхнаран
2021-10-20 09:04

баярл�##�аа танд

Зочин
Зочин
2021-10-20 10:13

Гоё хэлсэн байна

зочин
зочин
2021-10-20 13:31

Баяр хүргэе Энэ үйл ажиллагаа Монголын бүх хүмүүжигч нарт маш том урам өгөх байх.
Бас цаашдаа лотроо зөв өрсөлдөж тэмцээнд орох гээд зүтгэх болов уу Сайн багш байна, харваас уха�##�аг эмэгтэй байна баяр хүргэе. Эдгээр хүмүүжигчдээ бас дахин баяр хүргэе .

Эба
Эба
2021-10-20 13:43

Харанхуй газар ч гэрэл байдаг. Гүээ мөн их хичээл зүтгэл шүү. Ухаарагчдаас сайхан зүйлийг нь олж харж чадаж байна мундаг2

Дээгийййй
Дээгийййй
2021-10-20 14:21

Ямар саыхан амьтан бэ яаанаааа! Нөхөр нь муухай азтай хүүр вэ чи.тэгээд зогсчоорой. Амжилт

Дээгийййй
Дээгийййй
2021-10-20 14:21

Ямар саыхан амьтан бэ яаанаааа! Нөхөр нь муухай азтай хүүр вэ чи.тэгээд зогсчоорой. Амжилт.

Шавь
Шавь
2021-10-20 15:33

Үнэхээр мундаг сэтгэлтэй багш шүү

Холбоотой мэдээ

Back to top button