Нийгмийн

ХӨНДӨХ СЭДЭВ: "Ковид”-оор нас барагсдын цогцсыг хадгалах байр ачааллаа дийлэхгүй шууд чандарлаж байна

Коронавирусийн халдварын улмаар долоо хоног бүр зуу зуун иргэн хорвоог орхиж, ар гэрийнхэн нь гашуудлаа дарж ядан, эмнэлгийн үүдэнд уйлалдана. Тэд гэр бүлийн гишүүнээ халдвараар үгүй болсныг мэдсэн ч итгэж ядан харахыг хүснэ. Гэвч гашуун бөгөөд хатуу хууль бол "халдвараар нас барсан иргэнтэй салах ёс хийх боломжгүй. Эмнэлгийн улаан бүсийн ажилчид л нас барагсдыг "зохицуулжбайгаа.


ХАЛДВАРААР ХОРВООГ ОРХИСОН ИРГЭД ЯМАР ДАМЖЛАГААР ЧАНДАРЛАХ БАЙРТ ОЧДОГ ВЭ

Халдвар нь хүндэрч эмнэлгийн орон дээр нас барвал гэр бүлтэй нь уулзуулдаггүй. Шууд л битүүмжлээд, уутанд боож цогцос хадгалах хөргүүртэй байр руу зөөх процесс явагддаг. Хэрэв нас барахаас өмнө хэвтэж байсан байр нь цогцос хадгалах байргүй бол "Улаанбаатар Буян” компанид өгч хариуцуулж буй. Мөн халдварын улмаас гэртээ нас барвал дүүргийн онцгой комисс нь хариуцан бүртгэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ариутгал халдваргүйтгэлийг хийж "Улаанбаатар Буян” төвд хүлээлгэн өгч байгаа. Тэд чандарлах үйл явцыг нь гүйцэтгэнэ.


МАНАЙ УЛСЫН ЦОГЦОС ХАДГАЛАХ БАЙРНЫ АЧААЛАЛ "ӨНӨӨДӨР...

Тэгэхээр цогцос хадгалах байрны асуудал хамгийн түрүүнд хөндөгдөх юм...

Хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотод ердөө л арван цогцос хадгалах байр байдаг аж. Эдгээр нь улсын томоохон эмнэлгүүд болох ХӨСҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт байдаг.

Халдварын улмаас хоёрхон хоногт 35, долоо хоногт 100 гаруй хүн амиа алдаж байна. Хэвийн үед цогцос хадгалах байр нь нас баралтууддаа яг тулаад таардаг байсан бол коронавирусийн цар тахлын онцгой энэ үед ачаалал нь хоёр дахин нэмэгдэж цогцос хадгалах байргүй болж тэвдэхэд хүрчээ.


ЦОГЦОС ХАДГАЛАХ БАЙРГҮЙ ЭМНЭЛГҮҮД "УЛААНБААТАР БУЯН КОМПАНИД ЦОГЦСЫГ ХАДГАЛУУЛЖ, ЧАНДАРЛУУЛЖ БАЙГАА

Цогцос хадгалах байрны ачааллын асуудал, бодит нөхцөл байдлын талаар бид Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулсан юм.

Тэрбээр, "Нийслэл дэх улсын томоохон эмнэлгүүдийн цогцос хадгалах байр байгаа. Ачаалал нь мэдээж хэвийн үеэс хэтэрсэн. Тэр арван эмнэлгээс бусад эмнэлгүүдэд халдвартай иргэн тахлаар нас барвал цогцсыг хадгалах байргүй. Тиймээс Эрүүл мэндийн яам, УОК зөвлөлдөж "Улаанбаатар Буян” компанитай хамтарч цогцос хадгалах болон чандарлах байрны асуудлыг шийдсэн. Цогцос хадгалах, чандарлах асуудлыг тус команиас илүү дэлгэрүүлж мэдэх боломжтой” гэх мэдээллийг өгсөн юм.


Халдвараар нас барсан иргэдийг эрсдэлтэй хэмээн үзэж хөрсөнд нутаглуулахгүй байхыг УОК-оос үүрэгдсэн. Тиймээс гэр бүлтэй нь уулзуулахгүйгээр шууд чандарлаж буй. Гэхдээ талийгчийн ар гэр, шашны ёсыг хүндэтгэн, галд харш иргэнийг УОК-ын зөвшөөрлөөр хөрсөнд нутаглуулах боломжтой болсон.

Ийн манай сурвалжлах баг холбогдох албаныхнаас тодруулсны дараа бодит байдлыг сурвалжлахаар Улаанбаатар хот дахь улсын томоохон эмнэлгүүдийн цогцос хадгалах байр болон чандарлах байрыг зорьсон юм. Улмаар эрсдэл маш өндөртэй улаан бүсэд нэвтрэх ямар ч боломжгүй байдаг тухай албаныхан хэлж байлаа. Мөн цогцсыг чандарлаж буй "Улаанбаатар Буян” компанийн ажилчид ч нэвтрэх эрхгүй байдаг гэж тайлбарлаж байв. Зөвхөн зөөвөрлөгч, ариутгагч, мэргэжлийн хяналт, зооноз зэрэг гар бие хүрдэг хүмүүс нэвтэрдэг аж.


ЦОГЦОС "УЛААНБААТАР БУЯН ТӨВД ОЧСОНООС ХОЙШ...


Улаанбаатар дахь цогцсыг "Улаанбаатар Буян” төвд хүргэснээс хойш ямар үйл явц болдог талаар тус буяны компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Түвшинбаяраас тодрууллаа.

-Цар тахлаас үүдэн нийслэлийн халдвараар нас барсан иргэний цогцсыг хадгалах, чандарлах ажлыг танай байгууллага хариуцан хийж байгаа. Ачаалал ямар байгаа вэ?

-Өдөрт ЭМЯ-ны мэдээгээр нас баралт хэд байснаас шалтгаалж Улаанбаатар хот дахь нас барсан иргэдийн цогцос манайд зөөвөрлөгдөн ирж байна. Улсын томоохон 10 эмнэлэг л моргтой. Тэр хэсгээ улаан бүс болгоод сайн өдөр хүртэл нь хадгалж байгаа. Морггүй эмнэлэгт хүн нас барлаа гэж дуудлага ирвэл шууд очоод авч байна.

Ачаалал энгийн үеэс хамаагүй ихэссэн. Гэхдээ ачааллаа дийлж байгаа. Учир нь манай цогцос хадгалах хоёр байр маань тус тусдаа 30 орчим хөргүүртэй.

Өмнө нь өглөөгүүр оршоох үйлээ хийчхээд үдээс хойш дуусчихсан байдаг. Харин одоо хамгийн сүүлийн үйлчлүүлэгчээ 18:30-аас буюу гэгээ тасрахаас өмнөх сайн цагт зан үйлийг хийж гашуудал тохиосон айлдаа хүндэтгэлтэйгээр хандаж буй.

-Хотын хоёр захад байрлах хөргүүрт байранд чандарлах зуух хэчнээн байдаг вэ, хүчин чадлын хэмжээ хэр бол?

-Манайх хотын баруун зүүн хэсэгт буюу Гачуурт, 22-ын товчоодын хоёр цогцолборт маань нийт долоон чандарлах зуух ашигладаг. Хүчин чадлын тухайд цельсийн 700-1000 хэмд чандарладаг. Тиймээс эмнэлгээс ирсэн баглаатай нь ч чандарласан болно, ар гэрийнхэн нь цогцос агуулах сав буюу авсанд хийж чандарлах хүсэлтийн дагуу үйлдсэн ч болно. Энэ нь ялгаагүй үнс болдог. Ар гэрийнхэн нь бүрлээчээ сүүлийн замд нь хэрхэн үдмээр байгаа яг түүнийх нь дагуу хүндэтгэл үзүүлж, сэтгэл гаргадаг. Хүсвэл цогцос агуулах хайрцагт хийгээд ч чандарлуулж болно.

Чандарлах байр баруун, зүүн гэсэн хоёр зүгт байгаа нь хөдөөлүүлэх шашны зүг чигийг дагах зорилготой. Хэрэв зүүн зүгт нутаглуул гэвэл талийгчийг зүүн байртаа чандарлах чиг юм.

-Ковидын бус шалтгаанаас нас барсан иргэдэд үйлчилж байгаа юу?

-Энгийн үйлчлүүлэгчийг халдвартай үйлчлүүлэгчтэй холилдуулахгүйгээр тусад нь чандарлаж байгаа. Үдээс өмнөх сайн цагт энгийн үйлчлүүлэгчээ авч байгаа бол үдээс хойш сайн цагтаа халдвартайг нь авч байна. Ингэхдээ хооронд нь 30 минутын зай завсартай үйлдэх бөгөөд энэ хугацаандаа ариутгал халдваргүйтгэлийг хийдэг.

Бид үйлчлүүлэгчийнхээ бүх саналын дагуу ажиллаж байгаа ч ганцхан салах ёсыг л хийлгэдэггүй.

-Цогцсыг танай дээр ирсэн даруйд чандарладаг уу, өдөр судар тогтдог юм болов уу?

-Эмнэлэг дээр ковидын улмаас хүн нас барвал бурхан болоочийн ар гэрийнхэн алтан савыг нь нээлгэдэг. Лам нутаглуулах өдрийг хэлээд, дуудлага өгсөн даруйд очиж авдаг. Морггүй эмнэлгүүдээс болон гэртээ нас барсан иргэдийг мэдээллийн дагуу манайх шууд очиж аваад чандарлах хүртлээ үнэгүй хадгалдаг. Харин моргтой эмнэлэг чандарлах хүртлээ өөрийн байрандаа хадгалах нь бий.

Монголчууд бурхан болоочийг таваас дээш өдөр хадгалдаггүй заншилтай. Ар гэрийнхэн сайн цагаа хэзээ гэж хэлнэ шашны ёсын дагуу чандарлана. Мөн монгол ёсонд нэг, гурав, тав дахь өдрүүдэд л бурхан болоочийг нутаглуулдаг. Яг үүний адилаар чандарлах үйл болдог. Хэзээ ч хоёр, дөрөв дэх өдрүүдэд чандарлаагүй. Цаашид ч тэгэхгүй.

-Оршоох үйлийн үнэ ханш ямар байдаг вэ?

-Чандарлах зан үйлийн зардлыг бурхан болоочийн ар гэрийнхэн бүрэн дааж байгаа. Тодорхойлсон багц гэж байхгүй. Үйлчилгээний сонголтоос хамаардаг. Хаана залахаас шалтгаалдаг. Хөрсөнд, суваргад, хананд гэсэн сонголттой. Бид амьдралын боломж тааруу хүмүүстээ зориулж 1,150,000 төгрөгний багцыг гаргасан. Үүнд бурхан болоочийн тээвэрлэлт, ариутгал халдваргүйтгэл, чандарлах, чандарлаад залах зэрэг бүгд багтсан. Цайллагаас бусад зардал багтдаг юм.

Мөн төрийн байгууллагад ажиллаж нийгмийн даатгал төлсөөр ирсэн бол нийгмийн даатгалын сангаас сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Үүнд нь тааруулан оршоох үйлийг бас хийдэг.

Иргэд чандарлах нь хөрсөнд нутаглуулахаас илүү өртөгтэй хэмээн үздэг. Гэвч зардал мөнгөнд наана тусдагаас гадна, байгаль экологид хоргүй. Гэхдээ иргэдийн маань ухамсар нэг үеэ бодвол их эерэг болсон байна лээ.

Улаанбаатар хотод цогцос хадгалах байр, чандарлах процессын хувьд ийм байна. Харин орон нутагт ямар байгаа вэ гэдгийг одоо дурдья.

ОРОН НУТАГТ ХАЛДВАРААР НАС БАРАГСДЫГ...

Орон нутагт нас барагсдад зориулсан чандарлах зуух байдаггүй. Энэ цаг үед халдвартай биеийг хотруу зөөвөрлөх боломжгүй. Тиймээс УОК-ын зөвшөөрсөн бүсэд булшны нүхийг гүн ухаж, ханыг нь халдвар тараахаас хамгаалж шохойдож буй. Ийн ухсан булшны нүхэнд талийгчийг оршоож байна.

Нас барсан хүний цул бие 3-5 жилд хөрсөн дор задралаа явуулдаг. Харин ясан биеийн задрал таваас дээш жилийн дараа болдог аж. Ингэхдээ олон төрлийн хорт зүйлийг хөрсөнд ялгаруулж, бохирдуулдаг хэмээн судлаачид үздэг. Тэгвэл коронавирусээр халдварлаж нас барсан иргэн энгийн хүнээс бүр илүү хортой зүйлийг ялгаруулдаг аж.


Манай улсад халдварын гурав дахь давлагаа өнгөрсөн өдрүүдэд өрнөж сая нэг халдварын тохиолдол буурч байна. Гэлээ ч нас баралт буурахгүй, нэмэгдсээр байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 10 цогцос агуулах байртай манай улс цогцосонд дарагдах нь энүүхэнд болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2021 09:33

Иргэд хариуцлагатай байхгүй бол эмнэлгүүд ачооллаа дийлэхээ болж моргууд дүүрнэ гэж ноднин хэлж байсан даа

Зочин
Зочин
10 сар 21, 2021 10:31

Эргүү админ нь энэ системээ янзлаасай. Зүгээр байсан үгнээс А Л гэснийг нь арилгаад дараад байх. Зүгээр байсан бидэнд А Л гэсэн үгийг хүчээр уншуулаад байх. Ямар утга учир байна аа.

Зочин
Зочин
10 сар 21, 2021 15:31

Чандарладаг ёсоо буцааж дэлгэрүүлж байгаа нь сайн зүйл. Оросуудаас сур�##�цсан ёсоор газарт булдаг болоод 70 жил болсон. Хөрс бохирдуулна, амьдад нь ч газар олдохггүй хорвоо дэлхийд бас зай эзлүүлж оршуулах буруу

Холбоотой мэдээ

Back to top button