НИЙГЭМ

Иргэд зээлийн түүхээ оноогоор хянадаг болно

Монгол Улсын  хоёр сая иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд байдаг ч зээлийн түүх, ирээдүйд зээлжих чадамжийнхаа талаар ихэнх иргэд огт мэдлэг, ойлголтгүй явдгаас үүдэн зохисгүй хэмжээгээр өндөр хүүтэй зээл авч санхүүгийн эрсдэлд орох, нөгөөтэйгөөр ирээдүйд учирч болох санхүүгийн таатай боломжуудаа алдах зэргээр хохирдог. Өөрөөр хэлбэл, иргэд өөрт хамгийн ашигтай санхүүгийн нэн чухал мэдээллийг огт авдаггүй, хянадаггүй бол нөгөө талд зээлдүүлэгчид мэдээллийн хэт давуу эрхтэй байдгаас санхүүгийн харилцаа тэнцвэргүй, шударга бус байдаг.

Цахим шилжилт, мэдээллийн эрин зуунд энэ асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь иргэн бүр хувийн зээлийн түүхийн мэдээллээ ил тод, нээлттэй хүлээж авдаг болох юм. Ийнхүү зээлдэгч, зээлдүүлэгч талуудад мэдээлэл тэгш хүртээмжтэй очсоноор санхүүгийн үйлчилгээ илүү бодит хэлбэрээр хүрэх боломжтой болж, улмаар нийт санхүүгийн зах зээлд зээлийн хүү буурах эхлэл тавигдана. Мөн иргэдийн санхүүгийн хариуцлага боловсрол тогтмол нэмэгдэхээс гадна санхүүгийн үйлчилгээний олон шинэлэг боломж үүснэ гэсэн үг.

“Бүрэн Скор” компани нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас нийт 500 орчим банк, санхүүгийн байгууллагад очдог иргэдийн зээлийн түүхийн мэдээллийг оновчтой, ялгаварлалгүй аргачлалаар тооцоолох хувь хүний “Кредит Скор” буюу “Зээлийн Оноо”-нд хувиргаж, иргэн бүрийг оноогоо хянах, удирдах боломжоор хангах финтек үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  Мэдээллийн аюулгүй байдлын өндөр стандартын дагуу тасралтгүй ажиллах уг үйлчилгээ нь иргэдийг, тэр дундаа санхүүгийн харилцаанд хараахан бэлтгэгдээгүй залуу үеийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгон төлөвшүүлэх гол хөтөч болох юм.

Зээлийн мэдээллийн энэ төрлийн үйлчилгээг өндөр хөгжсөн орнуудад өргөнөөр ашигладаг ба мэдээллийн тэгш хүртээмж сайжирснаар зээлдэгч иргэд илүү өндөр дүнтэй, хүү багатай, үр ашигтай, барьцаагүй зээлийг хурдан шуурхай авах боломж нөхцөлөөр хангагддаг.


Зээлийн мэдээллийн түүх буюу лавлагаа гэж юу вэ?

Зээлийн мэдээллийн тухай хуулиар “зээлийн лавлагаа” гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг хэлнэ.

Товчдоо, Зээлдэгч, зээлдүүлэгч талуудын өр төлбөртэй холбоотой харилцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан, зээлдэгчийн зээлжих чадварыг тодорхойлоход ашигладаг өр төлбөрийн мэдээллийг багтаасан баримт бичиг юм. Үүнд зээлийн төрөл, эргэн төлөлт, ангилал, үлдэгдэл болон барьцаа хөрөнгө батлан даагч, хамтран зээлдэгч нарын мэдээллийг агуулдаг болно.

Зээлийн оноо гэж юу вэ?

Зээлийн оноо нь зээлдэгчийн зээлжих чадвар, зээлийн эрсдэлийн үнэлгээг хийхэд зориулж боловсруулдаг ба энэ нь стандартчлагдсан хэмжигдэхүүнээр илэрхийлэгддэг. Зээл олголтын шийдвэрийг хялбар, хурдан болгох улмаар зээлийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг болон зээлийн эрсдлийг бууруулах, зээлдэгчийн зээлийн төлбөрөө хугацаандаа төлөх эсвэл хугацаа хэтрэх магадлалыг урьдчилан таамаглахад ашигладаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button