Нийгмийн

“Бээжин-2022” паралимпийн эрх авсан Б.Ганболд | Монголын цорын ганц пара цаначин

Монголын өвлийн спортын пара тамирчдыг тив, дэлхийд тахалж, улсынхаа нэрийг дуурсгаж яваа хуруу дарам шилдгийн нэг нь Батмөнхийн Ганболд. 30 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2022” өвлийн паралимпийн наадамд оролцох эрх өвөртөлж, монгол түмнээ баярлуулав.

ӨВЛИЙН ПАРАЛИМПЭД ГУРАВ ДАХИА ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН

Монгол Улс өвлийн паралимпийн наадамд анх 2006 онд оролцсон түүхтэй. “Турин-2006”-д Н.Сүхбаатар өрсөлдөн, анхны жимийг гаргасан юм. Түүнээс хойш Монголын тамирчид өвлийн паралимпэд тав дахь удаагаа оролцох гэж байгаа нь энэ. Пара тамирчдын амжилтын жимийг Б.Ганболд  паралимпийн наадамд гурав дахь удаагаа гаргахаар бэлтгэлээ базааж байна. Паралимпэд гурван удаа хурд сорьсон түүнээс өөр монгол тамирчин үгүй. Ингэснээр тэрбээр бас нэгэн түүхийн шинэ хуудсыг нээх нь тодорхой болов.

Ер нь Монгол Улс паралампийн наадамд өрсөлдсөн гуравхан (Б.Ганболд, Н.Сүхбаатар, Э.Зориг) цаначинтай. Хоёр удаа оролцсон ганцхан тамирчин байдаг нь Н.Сүхбаатар. Ингэснээр Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022” гэсэн гурван паралимпэд дараалан оролцохоор болж, амжилт нь ахьсаар буй шилдэг тамирчин гэдгээ баталлаа.

ХУРДАН МОРЬ УНАЖ ӨССӨН БАГА НАС

Б.Ганболд Сүхбаатар аймгийн Онгон сумынх. Багадаа хөдөөгийн бусад хүүхдийн адил хурдан морь унан, дээл, хувцсаа ханзартал барилдаж өсчээ. Түүний аав Батмөнх Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, цэргийн хүн. Батмөнх том хүүгээ багаас нь эрүүл чийрэг, шударга эр хүн болгон хүмүүжүүлжээ. Б.Ганболд айлын ууган хүү, хоёр эмэгтэй дүүтэй. Тэрбээр уг нь Дорноговь аймагт мэндэлсэн юм билээ. Өссөн, одоо амьдарч буй тул Сүхбаатарынх гэж хэлэх дуртай гэнэ.

АХУЙН ОСЛООР ГАРАА ТАЙРУУЛЖЭЭ

Монголын цорын ганц пара цаначин Б.Ганболдын багад гар нь хугарчээ. Харамсалтай нь гарынх нь бэртэл өдрөөс өдөрт ужгирч, тайруулахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тиймээс аргагагүйн эрхэнд 15 насандаа гараа тайруулжээ.

Энэ тухай дурсахдаа “Гараа эмчлүүлчих юм сан гээд эрвийх дэрвийхээрээ хөөцөлдсөн ч санаснаар болоогүй. Аав, ээж хоёр минь аль л сайн гэсэн эмнэлэг, эмч, домч дээр аваачсан. Би багын спортод дуртай, сонирхолтой байсан. Тиймээс өрөөсөн гартай болсон ч спортоо орхихыг хүсээгүй. Харин ч өөрийгөө бусдаас эрхтэн дутуу гэж бодохгүй, бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүчийг спортоос авсан” гэсэн юм.

Б.Ганболд анхандаа хөнгөн атлетикаар хичээллэжээ. Түүгээр ч үл барам Монголын бүх ард түмний XII дугаар наадмаас хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.

БАГШИЙНХАА ЗӨВЛӨСНӨӨР ЦАНАЧИН БОЛЖЭЭ

Тийнхүү тус наадамд оролцож байхдаа Ж.Дашдондог багштайгаа анх учиржээ. Тухайн үед багш нь цанаар хичээллэхийг түүнд зөвлөсөн байна. Улмаар 2012 оны аравдугаар сард Ж.Дашдондог багшийнхаа шавь болж, цанаар хичээллэжээ. Тэр өвлөө цанаар гулгаж сураад, дараа жил нь АНУ-д болсон Сочигийн өвлийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс спринт (1.5 км) төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Цанаар гаргасан анхны амжилт нь энэ. Дараа нь ДАШТ-д хурд сорихдоо 60 тамирчнаас 18 дугаар байранд орчээ.

ХОЁР ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЭД АНХНЫХАА ПАРАЛИМПЭД ОРОЛЦОВ

Багш, шавь хоёр хичээсээр, амжилт нь өдрөөс өдөрт ахисаар. 2014 оны Сочигийн өвлийн паралимпийн эрх авсанаа тэд үнэхээр урамшжээ. “Сочи-2014” наадамд Монголоос ганцаараа оролцон, улсаа төлөөлөхөд зүүдэлж буй мэт санагдсан гэнэ. Улмаар спринт төрөлд 32, 10 км-ийн зайд 37, 20 км-ийн зайд 38 тамирчинтай хурд сориод XIV байрт шалгарсан юм.

Сочигоос Пёнчаны паралимпын мөчлөгт болсон найман тэмцээнд өрсөлдөн, 586 оноо авсан төдийгүй ДАШТ-д IX байрт шалгарснаар “Пёнчан-2018” паралимпэд оролцох А зэргийн болзол хангажээ.

Улмаар өмнөх буюу Пёнчаны паралимпэд өрсөлдөхдөө 20 км-ийн тэшилтийн төрөлд XIV байрт шалгарч, өмнөх амжилтаа хараахан ахиулж чадаагүй.

МОНГОЛ УЛСАА ГАНЦААРАА ТӨЛӨӨЛСӨН ХОЁР ПАРАЛИМП

Монголчууд зуны олимп, паралимпийн наадамд ямар өндөр амжилт гаргадгийг манай уншигчид сайн мэднэ. Энэ жил л гэхэд “Токио-2020” олимпоос нэг мөнгө, гурван хүрэл, паралимпээс нэг алтан медаль хүртсэн. Харин өвлийн олимп, паралимпэд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй. Сүүлийн хоёр өвлийн паралимпэд Б.Ганболд улсаа ганцаараа төлөөлснөөс үүнийг харж болно. Паралимпын наадмын нээлтэд тэрбээр ганцаараа гарч ирэн, Монгол Улсынхаа далбааг барин алхдаг түүгээр монголчууд бид их бахархдаг.

Б.ГАНБОЛД МОНГОЛДОО ЭРҮҮЛ ТАМИРЧИДТАЙ ӨРСӨЛДДӨГ, ШИГШЭЭГИЙНХЭНТЭЭ БЭЛТГЭЛЭЭ ХИЙДЭГ

Пара цанаар хичээллэдэг, амжилтын төлөө хамт зүтгэдэг түүнээс өөр тамирчин Монголд үгүй. Тиймээс Б.Ганболд бэлтэгэлээ үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт хийдэг. Энэ нь түүний амжилт хурдан ахих, ур чадвар нь өсөхөд их нөлөөлдөг гэнэ. Б.Ганболд Монголынхоо тэмцээнд эрүүл тамирчидтай өрсөлддөг.

2017 оны нэгдүгээр сард Хэнтий аймагт болсон “Чингис хаан” цомд өрсөлдөхдөө л гэхэд 15 км-т хурд сорин, V байрт шалгарсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй гэж өөрийгөө гололгүй, паралимпын аварга болох мөрөөдөлдөө хүрэхийн төлөө ийм нэгэн тамирчин зүтгэж явна.

Өвлийн паралимпэд оролцсон монгол тамирчид:

“Турин-2006”: Н.Сүхбаатар (гүйлтийн цана)

“Ванкувер-2010”: Н.Сүхбаатар, Э.Зориг (хоёул гүйлтийн цана)

“Сочи-2014”, “Пёнчан-2018”, “Бээжин-2022”: Б.Ганболд (гүйлтийн цана).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

4 Сэтгэгдэл

  1. Чин сэтгэлээсээ амжилт хүсэн ерөөе!!!!!!!!!. Өвлийн олимпоос мед####ь авсан анхны хүн болж түүхэнд нэрээ үлдээгээрэй. Хорооллын 96 дугаар сургуулийн биеийн тамирын т####байд өвлийн хүйтэнд бэлтгэлээ өдөр бүр өглөөнөөс оройн харанхуй болтол хийдэг байсныг чинь санаж байна. Тэр сайхан сэтгэл, зүтгэлийн чинь хариу болж амжилт чинь олимпын тэнгэрт цуурайтах болтугай!!!!!!!!!!. Хурай хурай хурай!!!!!!!!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button